Буруу үлгэр дуурайл бусдадаа халгаатай
- 2019-12-20
- Үнэн
- 0
Хар тамхитай холбоотой асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандах болов. Ялангуяа урлагийн салбарын олонд танигдсан эрхмүүдийн холбогдсон хэрэгт асуудлын учир бий. Тэдэнд ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлдэг аль эсвэл хэрэгсэхгүй болгодог жишиг тогтов. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгэлээсээ мултарч, бидний дунд гэм зэмгүй явах боллоо. Тодруулбал, анхан шатны шүүхээр хоёр жилийн хорих ял авсан ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг нийслэлийн давж заалдах шатны шүүхээс батлан даалтад гаргаж, хэргийг нь прокурорт буцаасан. -Б.Амархүүг өнгөрсөн есдүгээр сард хар тамхи хэрэглэсэн, хадгалсныг тогтоосон учраас шүүхээс хорих ял ногдуулсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр ял ногдуулсан. Ингэхдээ Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар хоног хорихоор болсон. Гэтэл үүнээс хойш төд удалгүй дээрх шийдвэрийг гаргасан учраас тэр бидний дунд алхаж явна.
Хэн нэгэн хар тамхитай холбогдож, ял шийтгэл авч буйгаас сургамж авах атал харин ч энэ төрлийн хэрэг газар авсаар байна. Дуучин Б.Амархүүгийн асуудал намжаагуй байхад дараагийнх нь гарч ирэв. Тодруулбал, энэ сарын 16-нд ‘‘Мотив’’ хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг мөс хэрэглэж, мансуурсан байдалтай байхад нь барьж, саатуулсан. Гэтэл хилээр гарахыг хориглож, суллах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргав. Дуучин Г.Эрдэнэбаяр өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байсан юм. Гэтэл дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг харахад өмнөхөөсөө сургамж аваагүй бололтой. Үүний нэгэн жишээ бол өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулсан бөгөөд одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
ЯЛ ЭДЭЛСЭН НЭР ЗҮҮДЭГ НЬ НУУЦ БИШ
Эдгээр хэргээс өмнө урлагийн салбарынхан ийм төрлийн хэрэгт холбогдсон тохиолдол цөөнгүй гарсан ч тэд олон жилийн ял сонсоогүй. Зарим хэргийг товчхон эргэн сануулъя. Жишээлбэл, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, С.Чулуунбаяр нар өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Ингэснээр С.Чулуунбаярт нийслэлийн Прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял оноосон. Харин дуучин Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүйг тогтоосон юм. Мөн “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппэр Don Dior тэргүүтэй урлагийнхан нэр холбогдон шалгагдаж, тэнсэн харгалзах ял тус тус авч байв. Түүнчлэн Монголын Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан.
Мөн хэдэн жилийн өмнө “Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, арван жилийн ял сонссон Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан билээ. Энэ мэтчилэн урлаг соёлынхон хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, зарсан, дамжуулсан гэмт хэрэгт холбогддог ч заримынх нь хэрэг удалгүй “замхардаг” бол нэг хэсгийнх нь хөнгөрч, ялаа эдэлсэн нэр зүүдэг нь нууц биш болов.
ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ 32, ХОЛБОГДОГЧДЫН ТОО 21 ХУВИАР ӨСЧЭЭ
Хар тамхины хэрэглээ улам ихэсч, цагдаагийн байгууллагаас түүний эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлсэн ч энэ төрлийн хэрэг Монголд “цагаан тахал" хэвээр байна. Одоогоос долоон жилийн өмнө Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхний хийсэн судалгаагаар 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байх магадлалтайг тогтоожээ. Мөн мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг аж. Судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан байна. тэгвэл цагдаагийн байгууллагаас саяхан Улаанбаатар хотын таван дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нийт 1067 сурагчийг хамруулан судалгаа явуулж, 26 хувь нь уг бодисыг нэг ба түүнээс дээш удаа хэрэглэсэн гэдгийг тогтоожээ. Энэ нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ өсвөр үеийнхний дунд ч өндөр түвшинд байгааг харуулж байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт ял шийтгэл сонссон болон одоо шалгагдаж буй хүмүүсийн 85 хувь нь 35-аас доош насныхан ба хоригдогчдын дундаж нас 25-30 байгааг албаныхан тодотгож буй. Эдгээр залуучуудын олонх нь 16-25 насандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг анх хэрэглэжээ. Иймд энэ төрлийн гэмт хэрэг цаашид буурах хандлага ажиглагдахгүй байгаад мэргэжилтнүүд шүүмжпэлтэй хандаж байна. Үүнийг хамгийн сүүлд гаргасан мэдээлэл нотолж байгаа юм. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар, холбогдогч нарын тоо 21 хувиар өсчээ.
87 ХҮНИЙ 25 НЬ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭСЭН БАЙЖЭЭ
1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг байсан бол энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нийслэлийн Прокурорын газартай хамтран шүүхээс хорих ял ногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авахуулсан 64 этгээдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж, 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэснийг тогтоожээ.
Эдгээрийн дөрөв нь биедээ мансууруулах бодистой явсныг илрүүлж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн 16 этгээдэд “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял ногдуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд буй. Шүүхээс энэ төрлийн хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн этгээдэд засрал хүмүүжил олгох үүднээс “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадпагын арга хэмжээг давхар ногдуулж байгаа ажээ. Хар тамхийг хэрэглэх эсэх нь хувь хүний ухамсрын асуудал. Өөрөөр хэлбэл, бидний хөрш улс орны залуус хар тамхи хэрэглэдэг байлаа гээд бид даган дуурайх шаардлагагүй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах хуулийн зүйл заалт зөөлдөж байна уу гэдгийг ч хөндөж буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Иймд энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааран ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж буй.
C.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)