В.Путин: "ВАДА" олимпын дүрмийг зөрчсөн шийдвэр гаргасан
- 2019-12-23
- Үнэн
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгчийн уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын онцлох асуултыг Кремлийн сайтад нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.
-“Маяк” радио станцын В.Санфиров: Өнөөдөр цаг агаарын мэдээ сонсоход Москвад энэ сар дуустал цас орохгүй гэсэн. Энэ мэт уур амьсгалын өөрчлөлт Орост ямар хор хөнөөл учруулах вэ?
-Орос улс Парисын хэлэлцээрт нэгдсэн. Манай улс СO2 их хэмжээгээр ялгаруулдаг орны тоонд ордоггуй. НҮБ- ын мэдээлснээр, АНУ, Хятад улс нийт утааны 16, Европын холбоо 11, Орос зургаан хувийг эзэлдэг. Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 хувиас дээш гарахаас урьдчилан сэргийлэх зорилт тавин ажиллаж байна. Бид үүнийг хамтдаа хийж чадах эсэхээ мэдэхгүй. Хүн төрөлхтөн дэлхийн цагуурын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолоход хэцүү. Температурын өсөлт нь дэлхийн дунджаас 2.5 дахин их байна. Манай улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь хойд өргөрөгт байрладаг. Оросын хотын ихэнхийг Арктикийн тойргийн мөсөн цэвдэг дээр барьсан. Тиймээс Оросын хувьд энэ үйл явц тун ноцтой үр дагавар авчирна.
-“ТВ ЦЕНТР” ТЕЛЕВИЗИЙН М.ШЕСТАКОВ: Манай эдийн засгийн бодит салбар Зөвлөлтийн үед суурилсан гэж шүүмжилдэг. Томоохон үйлдвэр, хурдны зам, уурхайг тэр үед барьж, байгуулсан. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар бүтээн байгуулалт хийв. Засгийн газарт бүтээн байгуулалтын хөтөлбөр бий юү?
-Шүүмжлэл үргэлж муу байдаггүй. Бид Зөвлөлт засгаас өвлөсөн зүйлээ ашиглах нь зүйн хэрэг. ЗХУ-ын үед бид Аугаа их эх орны дайны ялалт, сансар огторгуйн нээлт гэх мэт олон амжилтад хүрсэн. Өвөг дээдэстээ бид талархах ёстой. Гэхдээ юу ч өөрчлөөгүй гэж шүүмжилдэг хүмүүст хэдхэн үг хэлэхийг хүсч байна.
Нэгдүгээрт, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2000 оноос хойш 75 хувьд хүргэсэн. Боловсруулах салбарын машин, тоног төхөөрөмжийн дундаж нас 12 жил байна. Шинэ нисэх онгоцны гурван буудал барьж, 39 мянган километр хурдны замыг ашиглалтад оруулсан. ЗХУ үр тарианы худалдан авагч байсан бол одоо Орос улс дэлхийн зах зээлд улаан буудайн хамгийн том ханган нийлүүлэгч болсон. Бид энэ салбарт АНУ, Канадыг ардаа орхисон. ЗХУ-ын бүх боомт жилд 600 сая тонн ачаа тээвэрлэдэг байв. Харин өнөөдөр нэг тэрбум, 104 саяд хүрлээ. Бид энэ жил уул уурхайн салбарт 600 орчим шинэ орд илрүүлснээс 57-г нь ондоо багтааж ашиглалтад оруулах гэж байна. Шингэрүүлсэн байгалийн хий гэх мэт эрчим хүчний салбарт шинэ үйлдвэрүүд байгууллаа. Энэ бол бүтээн байгуулалт юм.
-“URA.RU” мэдээллийн АГЕНТЛАГ А.ОЛШАННИКОВ: Та эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үр өгөөжтэй байх ёстой гэсэн. Гэхдээ цалин нэмэх ч юм уу эрүүл мэндийн менежментийн өөр загвар хэрэгтэй гэж бодож байна уу?
-Бидэнд ямар нэгэн загвар хэрэггүй. Эмнэлгийн байгууллагын цалин нийгмийн бусад салбараас өндөр. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд зориулж улсаас 550 тэрбум рубль төсөвлөсөн. Энэ бол эмнэлгийн өнөөгийн зардал болон “Эрүүл мэнд” үндэсний төсөлд тусгасан гадна нэмэлт төсөв юм. Уг төсвийг тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулна. Тухайлбал, 37 мянган тээврийн хэрэгсэл худалдаж авах, 10 мянга хүртэлх нэгж янз бүрийн тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай. Тиймээс маш богино хугацаанд бид эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүмүүс өөрчлөлтийг мэдрэх байх гэж найдаж байна.
“MATCH TV" СПОРТЫН СУВАГ ОЛЬГА БОГОСЛОВСКАЯ: Дэлхийн допингийн эсрэг агентлагаас манай тамирчдыг зуны болон өвлийн олимп, паралимпын наадамд оролцуулахгүй гэсэн урьд өмнө байгаагүй хатуу шийдвэрийг гаргалаа. Хоригийн хохирогчид болсон Оросын тамирчид юу хийх хэрэгтэй вэ. Ийм хүнд нөхцөлд дотоодын спорт хэрхэн хөгжих вэ?
-ВАДА-гийн шударга бус шийдвэр олон улсын нийтлэг ойлголт, хууль тогтоомжид нийцээгүй гэж би үзэж байна. Учир нь, допингийн тухайд сүүлийн олимпод манай тамирчдын төвийг сахисан туг дор оролцуулсан. Дэлхийн ямар ч хууль эрх зүйн тогтолцоонд хүн төрөлхтний түүхэнд ийм зүйл урьд өмнө тохиолдож байгаагүй. Аливаа шийтгэл нь тусдаа байх ёстой. Манайд уран гулгалтын тамирчин охид хүүхдээрээ байгаа. Тэд сэргээш хэрэглэвэл юу болох вэ. Энэ шийдвэр манай тамирчдыг шахаж, спортоос зайлуулах гэсэн оролдлого. Би энэ талаар Парист болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.
ВАДА-гийн шийдвэр нь олимпын дүрэмд харшилж байна. Олимпын хороонд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд тус улсын баг төвийг сахисан далбаан дор оролцох ёсгүй. Бид тамирчдынхаа төлөө бүх зүйлийг хийнэ.
-“НЭГДҮГЭЭР СУВАГ” ТЕЛЕВИЗ К.ПАНЮШКИН: “Нормандын дөрвөл”-ийн уулзалт Парист боллоо. Та Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан. Орос, Украины харилцааг шийдвэрлэх хэтийн төлөв бий юү?
-Минскийн хэлэлцээрийн шинэчилсэн найруулга эхэлбэл нөхцөл байдал өөрөөр эргэж магадгүй. Учир нь, Минскийн гэрээний гол түлхүүр нь Донбассын Онцгой байдлын тухай хууль юм. Үүнийг нэг жилийн хугацаатай сунгасан. Зөвхөн би ч биш "Нормандын дөрвөл"-ийн бусад оролцогч үүнийг байнгын шинж чанартай болгох хэрэгтэйг удаа дараа сануулсан. Гэхдээ Украины өмнөх удирдлага, одоогийн Засгийн газар үүнийг хийхийг хүсэхгүй байгаа бололтой. Донбасстай шууд яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. Төвлөрлийг сааруулахтай холбоотой зарим өөрчлөлтүүд орно гэж зарласан сайн хэрэг. Гэхдээ зөвшилцөлд хүрээгүй нь түгшүүр төрүүлж байна. Ирэх дөрөвдүгээр сард болох уулзалтаар ямар нэгэн эерэг өөрчлөлт гарна гэж найдъя.
-"КОММЕРСАНТЪ” СОНИН А.КОЛЕСНИКОВ: Та Владимир Ильич Ульяновын тухай урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ярьсан нь олны анхаарлыг татсан. Магадгүй зарим нь таныг Рамзан Кадыровт Улсын баатар цол өгснөөс илүү шүүмжилсэн шүү дээ?
-Манай түүхэн дэх Лениний дүрийн тухайд миний үнэлэлт дүгнэлт төлөвшиж байна. Тэр бол төрийн түшээ биш харин хувьсгалч байсан. Владимир Ильич Ленин үнэндээ холбооны улс биш зүгээр л холбоо байгуулахыг санал болгосон. Түүний шийдвэрээр үндэстэн ястнууд тодорхой нутаг дэвсгэрт уялдаж, Зөвлөлт Холбоот Улсаас салах эрхийг авсан. Дашрамд хэлэхэд, И.Сталин ийм байгууллагын эсрэг байсан бөгөөд тэр ч байтугай бие даасан байдлын талаар нийтлэл бичсэн байдаг. Гэхдээ эцэст нь тэр ленинист томъёог дагасан. ЗХУ-ын үед "Украин дахь пролетариатын хувийг нэмэгдүүлэх" гэсэн хачин томъёоллоор Оросын уугуул газар болох Хар тэнгисийн бүс нутгийг Украинд шилжүүлсэн. Энэ бол Владимир Ильич Лениний өв уламжлал бөгөөд одоо бид үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Намын тогтолцоо нурж эхэлмэгц улс орон бутарсан. Түүнээс гадна би нэлээд улстөржсөн байгууллагын салшгүй хэсэг болох ЗХУ-ын КГБ-ын тагнуулын салбарт ажиллаж байсан бөгөөд манай удирдагчид болон бусад зүйлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байсан. Гэхдээ өнөөгийн туршлагаас авч үзвэл, үзэл суртлын бүрэлдэхүүнээс гадна геополитикийн нөлөө бий. Зөвлөлт холбоот улсыг байгуулахдаа тэдгээрийг бүрэн тооцоолоогүй. Энэ бол төрийн байгуулалтын үндсэн алдаа. Хувийн амьдрал, хувь заяагаа Зөвлөлтийн үеийн ололт амжилттай холбодог хүн олон. Улсын баатар Р.Кадыровын тухай би олонтаа ярилаа. Одоо давтахыг хүсэхгүй байна.
"ИТАР-ТАСС” АГЕНТЛАГ В.ИЧЁТКИНА: Та өнгөрсөн жилийн хурлаар үндэсний төслүүдийн талаар ярьсан. Иргэд үндэсний төслүүдийн хэрэгжилт зогсонги байдалд орлоо гэх боллоо. Төслийн хүрээнд тавьсан зорилгоо эргэн харах шаардлагатай юу. Эсвэл энэ ажлыг өдөөх нэмэлт арга хэмжээ авах нь зүйтэй болов уу?
-Манай улс урьд өмнө нь ийм далайцтай хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй. Мэдээжийн хэрэг анхны алхмаас эхлээд механизмыг бий болгох, зохицуулалтын хүрээг тогтоох шаардлагатай. Энэ жилийн хувьд төлөвлөгөөт 38 зорилтоос 26-ыг нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө нөхцөл байдал хэвийн үргэлжилж, бүх зүйл хяналтад байна.
-“ИНТЕРФАКС” АГЕНТЛАГ К.ГОЛОВАНОВА: Энэ жил шуугиан дэгдээсэн үйл явдлын нэг болох Иван Голуновын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч. Голуновын хэрэг бол манай хууль сахиулах тогтолцооны тусгал гэж шүүмжлэх боллоо?
-Би аюулаас хамгаалах байгууллагаас ажлын гараагаа эхэлснээ өнөөдөр дурслаа. Хууль сахиулах байгууллагуудын ажлыг сайжруулах, юуны түрүүнд олон нийт хяналт тавих шаардлагатай нь мэдээжийн хэрэг. Хууль сахиулах байгууллагуудад аюулгүй байдлын алба бий. Манай аюулгүй байдлын алба нэлээд үр дүнтэй ажилладаг. Голуновын хэргийн материалыг ангилахаар шийдсэн. Гэхдээ шүүх ажиллагаа зохих ёсоор үргэлжлэх ёсгүй гэсэн үг биш юм. Дотоод хэргийн яамны холбогдох албанаас таван хүнийг чөлөөлж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дашрамд дурдахад, мөрдөн байцаалтыг Дотоод хэргийн яам биш Мөрдөн байцаах хороо явуулдаг.
-“РИА НОВОСТИ” Е.ГЛУШАКОВА: Арван жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Та үүнд сэтгэл ханамжтай байдаг уу. Парламент, Засгийн газар тэр байтугай Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг талаар дахин өөрчлөлт оруулах шаардлагагүй юу?
-Үндсэн хууль бол амьд хэрэгсэл бөгөөд энэ нь нийгмийн хөгжлийн түвшинтэй тохирч байх ёстой. Бид Үндсэн хуулиа өөрчлөх ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа шинээр батлах шаардлагагүй гэж бодож байна. Бусад зүйлийг зарчмын хувьд өөрчлөх боломжтой. Мэдээжийн хэрэг, энэ талаарх хэлэлцүүлгийн талаар сонсдог. Эдгээрийг санал болгодог хүмүүсийн логикийг ойлгож байна. Энэ нь Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр өөрчлөх замаар парламентын эрхийг өргөжүүлэхтэй шууд холбоотой. Гэхдээ үүнийг сайн бэлтгэж, нийгэмд гүнзгий ярилцсаны дараа л хийх боломжтой.
-“РОССИЯ” ТЕЛЕВИЗ А.ХРИСТЕНКО: Владимир Владимирович, манай үндэсний халамжийн сан өссөн. Таны бодпоор эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай юү?
-Бид инфляцаас айдаггүй ч бууруулах шаардлагатай гэж үздэг. Инфляц өсч байгаа нь иргэдийн бодит орлогыг бууруулна гэсэн үг. Энэ бол макро эдийн засгийн суурь нөхцөлийн нэг юм. Мөн инфляцын хүлээлт нь хөрөнгө оруулалтын үйл явцыг алдагдуулдаг. Гэхдээ бид энэ талаар сайн үзүүлэлттэй байгааг тэмдэглэхийг хүсч байна. Мэдээжийн хэрэг, Орос бол санхүүгийн болон төсвийн системийн байдлын талаар хөгжиж буй зах зээлийн тэргүүлэгчдийн нэг.
Нөөцийн сан болон Баялгийн үндэсний сангийн хөрөнгө энэ жил бараг хоёр дахин өсчээ. Энэ маш сайн үзүүлэлт юм. Эдгээрийн найман хувийг томоохон хэмжээний дэд бүтцийн төсөлд зарцуулсан. Жишээлбэл, Москвагийн төв тойргийн замыг Үндэсний халамжийн сангаас санхүүжүүлсэн.
-Хятадын ССТV телевиз Сун Яо: Та Хятад, Оросын олон талт арга хэмжээ тэр дундаа чөлөөт худалдааны системийг дэмжиж байна уу?
-Орос, БНХАУ-ын харилцаанд тоон үзүүлэлт биш итгэлцэл чухал. Үүний үндсэнд бид эдийн засгийн салбарт шинэ алхам хийж, өндөр технологийн, сансар, нисэх онгоцны үйлдвэр, тээврийн салбарт хамтран ажиллаж байна. Мэдээж Орос, Хятадын хамтын ажиллагаа олон улсын тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал хүчин зүйл болох олон улсын эрх зүй, түүний дотор олон өнцөгт ертөнцийг бий болгох явдал юм. Бид олон талт стратегийн харилцаагаа бэхжүүлнэ.
-“ШПИГЕЛ” СЭТГҮҮЛ КРИСТИАН ЭШ: Гүржийн иргэн Зелимхан Хангошвилиг хөнөөсөн хэргээр Москва, Берлиний мэдэгдэл зөрчилдөж байна. Хэн нь зөв ярьж байгааг хэлнэ үү?
-Энэ асуудлаар Германы Гадаад хэргийн яам, манай Дотоод явдлын яам албаны түвшинд олон удаа хэлэлцсэн. Прокурорын байгууллагаас ямар нэгэн албан хүсэлт ирүүлээгүй. Учир нь, манай эрх бүхий байгууллагууд сөрөг утгатай хариулт авснаас хойш энэ утгагүй гэж үзсэн. Тэр бол цуст алуурчин байсан. Кавказад зохион байгуулсан алан хядах ажиллагаанд нь гэм буруугүй 98 хүн өртөж, нас барсан. Москвагийн метронд дэлбэрэлт зохион байгуулахад оролцсон. Энэ бол түүний гэмт хэргийн жагсаалтын нэг хэсэг. Бид энэ асуудлыг тусгай албаны түвшинд шийдвэрлэнэ.
-РОСТОВ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Л.НОВОСЕЛЬЦЕВА: Зөвлөлтийн үеийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг шинэчлэхэд төрөөс нэмэлт арга хэмжээ авч байгаа юу?
-Батлан хамгаалах салбарын тухайд шинжлэх ухааны сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан шинэчлэл хийнэ. Энэ чиглэлээр хийсэн хамгийн эхний зүйл бол үйлдвэрлэлийн баазын шинэчлэлд зориулж гурван их наяд рубль хуваарилсан. Одоо гол асуудлын нэг бол батлан хамгаалах салбарын аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр юм. Энэ нь хэдэн зуун тэрбум рублиэр хэмжигдэж байна. Засгийн газар, Төвбанк идэвхтэй ажиллаж байгаа.
-“Лайф” сэтгүүл А.Юнашев: Владимир Владимирович, та жилийн өмнө хэзээ нэгэн цагт гэрлэх болно гэсэн. Энэ шийдвэрээ мартаагүй биз дээ?
-Гэр бүл бол нийгмийн нэг хэсэг юм. Би таны саналыг дэмжиж байгаа. Бас биелүүлнэ. Харамсалтай нь, энэ жил амжсангүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)