2019 онд дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлууд

НЭГ. ДОНАЛЬД ТРАМПЫН ИМПИЧМЕНТ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Нэнси Пелозигаар удирдуулсан Ардчилсан намынхан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахын тулд Үндсэн хуулинд заасан импичмент хэмээх тусгай механизмыг авч хэрэгжүүллээ. Конгрессын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгч Дональд Трампад албан тушаалаа буруугаар ашигласан, Конгрессын танхимын мөрдөн байцаалтанд саад учруулсан гэдэг хоёр ялыг тулгажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп улстөрийн гол өрсөлдөгч болох Ардчилсан намын Жозеф Байденыг замаасаа зайлуулахын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд дарамт шахалт үзүүлсэн гэж Ардчилсан намынхан үзжээ. Ардчилал өндөр хөгжсөн АНУ-д ийм үйлдлийг хамгийн том гэмт хэрэгт тооцдог ажээ. Конгрессын Төлөөлөгчдийн танхимд болсон санал хураалтаар Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутай гэж үзсэн боловч Сенатад Бүгд Найрамдах намынхан зонхилдог учраас импичмент хэмээх эл үйл ажиллагаа бүрэн хэрэгжих магадлал багатай юм. Гэсэн хэдий ч энэхүү импичментийн улмаас 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампыг дэмждэг сонгогчдын тоо эрс буурч болзошгүйг зарим ажиглагчид, улстөрчид тэмдэглэж байна.

 

ХОЁР. ИХ БРИТАНИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРГАНА

 

2019 оны эхээр бүрэн мухардалд ороод байсан Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явц 2019 оны 12-р сарын 12-нд тус улсад болсон Парламентын сонгуулийн дараа эрс идэвхижлээ. Уг сонгуулийн үеэр өмнө нь сөрөг хүчний лейборист намыг дэмждэг байсан Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид хүртэл эрх баригч Консерватив намыг дэмжжээ. Сонгуулийн үр дүнд Ерөнхий сайд Борис Жонсон шинээр бүрэлдсэн Парламентын ихэнх гишүүдийн дэмжлэгийг олж авсан учраас Европын Холбооны удирдлагатай өөрийн хүссэнээр яриа хэлэлцээ хийж чадах нөхцөл бүрдсэн байна. Борис Жонсон зохих хуулийн төслийг батлуулж авсныхаа дараа 2020 оны 1-р сарын 31-нээс өмнө Их Британийг Европын Холбооноос гаргах тухай мэдэгдэл хийлээ. Европын Холбооны удирдлага нэг талаас, Их Британийг Европын Холбооноос гаргах хугацаа ойртсон явдалд самгардаж байгаа боловч, нөгөө талаас бүх зүйл тодорхой болсонд сэтгэл амарсан байдалтай байгаа юм.

 

ГУРАВ. ГОНКОНГИЙН БОСЛОГО ХӨДӨЛГӨӨН

 

Гонконг дахь засгийн газрын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хагас жилийн турш үргэлжилж байна. Дэлхийн хамгийн амар тайван, эрх чөлөөтэй, аз жаргалтай газарт тооцогдож байсан Гонконг арал энэхүү тэмцэл хөдөлгөөний явцад танигдахгүй болтлоо өөрчлөгдлөө. Аль нэг шүүгчийн шийдвэрээр гэмт хэрэгтнийг баривчлан эх газрын БНХАУ-д хүргүүлэх тухай хуулийг батлахыг  эсэргүүцсэн анхны жагсаал 2019 оны 6-р сарын 7-ны өдөр эхэлж байхад нөхцөл байдал ингэтлээ хурцадна гэж хэний ч санаанд ороогүй юм.

Эрх чөлөөт байдлаа хамгаалах иргэдийн тэмцэл тайван жагсаалын байдлаар анх эхэлсэн ч эдүгээ эрх баригчдын эсрэг чиглэсэн жинхэнэ хувьсгал болж хувираад байна. Гонконгт болж байгаа үйл явдлын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын удирдлага яахаа мэдэхгүй хүнд байдалд орсныг дэлхий нийтээрээ харлаа. Хятадын удирдлага 10-р сарын 1-нд болсон Үндэсний Баярын өдрийг хүртэл Гонконгт болж байгаа үйл явдлыг тэсвэртэй ажигласан боловч 11-р сарын эцсээр тэвчээр алдагдаж эсэргүүцлийн жагсаал цуглааныг нухчин дарах замыг сонгосон ч Гонконг дахь эсэргүүцэл тэмцэл  намжих шинжгүй байна. 11-р сарын 24-нд Гонконгод болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Ардчилсан хүчний нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан нь тус арлын иргэдийн хагас жилийн турш хийсэн тэмцэл хөдөлгөөний гол үр дүн болов. Гонконгийн бослого хөдөлгөөн иргэдийн сэтгэл санаанд том өөрчлөлт гаргасныг энэ үйл явдал дэлхий дахинаа харуулав. АНУ-ын Когресс Хүний эрхийн төлөөх Гонконгийн тэмцэгчдийг дэмжсэн шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Доналд Трамп баталгаажуулсан гарын үсэг зурав.

 

ДӨРӨВ. “БОИНГ” КОМПАНИЙН УНАЛТ

 

2019 оны 3-р сарын 10-ны өдөр нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотыг зорин нисэж явсан Этиопын Иргэний агаарын тээврийн “Боинг 737” нисэх онгоц осолдсоны улмаас дотор нь сууж явсан 157 зорчигч болон нисэх багийн хүмүүс бүгд амь үрэгдэв. Энэ үйл явдал дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн хувьд сүйрлийн үр дагаврыг авчирлаа. Учир нь яг ийм “БОИНГ 737 МАКС 8” загварын нисэх онгоц яг таван сарын өмнө буюу 2018 оны 10 сарын 29-ний өдөр Индонезийн нийслэл Жакарта хотын орчимд сүйрсэн юм. Дээрх хоёр ослын шалтгаан “Боинг” онгоцны техникийн онцлогоос болсон болохыг нисэхийг экспертүүд олж тогтоосны дараа дэлхий даяар энэ онгоцноос татгалзаж эхэлжээ. “Боинг” компанийн хувьцаа бирж дээр 10 хувиар унаж, тус компанийн Гүйцэтгэх Захирал Деннис Муйленбург албан тушаалаасаа огцроход хүрчээ.

 

ТАВ. АНУ ба Хятадын худалдааны дайн

 

АНУ ба Хятадын хооронд 18 сарын туршид үргэлжилж байгаа Худалдааны дайны улмаас 2019 онд Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдац мэдэгдэхүйц удаашрав. 12-р сарын 16-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон яриа хэлэлцээний үеэр АНУ ба Хятадын төлөөлөгчид цөөн тооны асуудал дээр тохиролцоонд хүрч чадсан нь энэхүү худалдааны дайныг зогсоож болох итгэл найдлагыг хөрөнгийн биржүүдэд төрүүлсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп 12-р сарын 15-наас эхлэн Хятадын импортын бараанд ноогдуулах гэж байсан гаалийн татваруудаа цуцалж, харин Хятадын тал АНУ-ын фермерүүдийн бүтээгдэхүүнийг илүү олон тоотой худалдаж авахаар болжээ. Гэхдээ эл тохиролцоо нь Ерөнхийлөгч Дональд Трампын хүсч байсан үр дүнд хараахан хүрээгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

ЗУРГАА. УКРАИНЫ СОНГУУЛЬ

 

2019 оны 4-р сарын 21-ний өдөр болсон Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенко ялагдаж, хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский гэдэг хүн ялсан нь энэ оны чухал содон үйл явдлын нэг боллоо. Украины сонгогчид Орос гаралтай Зеленскийг илүүд үзэж сонгосон нь сүүлийн жилүүдэд идэвхтэй явагдсан Оросын эсрэг үзэл суртлаас Украины иргэд залхаж гүйцээд байгааг харууллаа. 7-р сарын 21-нд болсон Украины парламентын сонгуульд Владимир Зеленскийн «Ард түмний зарц» гэдэг нам итгэлтэй ялалтыг байгуулж, нийт сонгогчдын 43,16 хувийн саналыг авч, парламентад 254 суудалтай болов. Энэ нь Украины иргэдийн дийлэнх Зеленскийг хүчтэй дэмжиж байгааг харуулж байна.

 

ДОЛОО. КАЗАХСТАНЫ СОНГУУЛЬ

 

2019 оны 3-р сарын 19-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев сайн дураараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын улс төрчдийн дунд томоохон шуугиан дэгдээлээ. Учир нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан аль ч улсад төрийн тэргүүн сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй билээ. Энэ оны 6-р сарын 9-нд болсон Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд Назарбаевын залгамжлагчаараа сонгосон Касым-Жомарт Токаев ялж тус улс дахь засгийн эрх мэдэл шилжүүлэх үйл явц тайван замаар үргэлжлэв.

 

НАЙМ. БОЛИВИЙН СОНГУУЛЬ

 

2019 оны 11-р сарын 10-нд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өөрийн эх оронд сарын өмнө явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хийх тухай зарлиг гаргажээ. 10-р сард болсон Боливийн Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдсан гэдэгт итгэх итгэл алдагдсан учраас тус улсад олон долоо хоногийн туршид эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Эцэстээ цэрэг цагдаагийн ажилтнууд сөрөг хүчний талд орсны улмаас Ерөнхийлөгч Эво Моралес Мексик улс руу зугтаахад хүрчээ. Боливийн сөрөг хүчний удирдагч Жанин Аньес Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаагаар гүйцэтгэх болсон байна. Боливи улсад гар утасны батарей хийхэд хэрэгтэй литий хэмээх газрын ховор элементийн томоохон орд байдаг нь эл үйл явдалд шууд нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Тус улсын Прокурорын байгууллага Ерөнхийлөгч асан Эво Моралест хэрэг үүсгээд байгаа билээ.

 

ЕС. ЭНЭТХЭГ ДЭХ ЛАЛЫН ШАШНЫ АСУУДАЛ

 

2019 онд Энэтхэг улс Лалын ертөнцийн гол дайсан болж хувирлаа. Энэ нь, нэгдүгээрт Кашмирын асуудал, хоёрдугаарт Энэтхэгийн парламентад саяхан баталсан Иргэншлийн тухай хуультай холбоотой юм. 2019 оны 8-р сарын 5-ны өдөр Энэтхэгийн эзэмшилд байдаг Лалын шашинт хүн ам бүхий Кашмир мужид тусгай автономит эрхийг олгосон Үндсэн хуулийн 370-р заалтыг Энэтхэгийн парламент хүчингүй болголоо. Засгийн газрын энэхүү мэдэгдлийн дараа Энэтхэгийн оюутнууд, ариун газарт мөргөхөөр очсон хүмүүс Кашмир мужаас ум хумгүй зугтааж эхэлсэн юм. Учир нь, Энэтхэгийн Засгийн газар Кашмир мужийг Жамму, Кашмир, Ладак гэдэг гурван хэсэгт хувааж, Кашмирт цэргээ оруулахаар шийдвэрлэжээ. Кашмирын автономит эрхийг эвдсэний дараа Энэтхэгийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Кашмирт тасралтгүй гарах болжээ. 12-р сарын эхээр эрх баригч Бхарата Жаната намын санаачилгаар гаргаж ирсэн Иргэншлийн тухай шинэ хуулийг тус улсын парламентын Доод танхимд баталлаа. Ийм хууль гарсны улмаас тус улсын Лалын шашинт иргэдийн эрх зөрчигдөх үндэс тавигдаж магадгүй юм. Учир нь энэхүү хуулиар Лалын шашинт цагаач дүрвэгчдийг Энэтхэг улсад оруулахыг хориглосон байна.

 

АРАВ. ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРНЫГ ХАМАРСАН ЭСЭРГҮҮЦЭЛ ТЭМЦЭЛ

 

2019 оны 10-р сараас эхлээд Ирак, Чили, Ливан, Иран зэрэг улс оронд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан удаа дараа гарав. Тухайлбал, 10-р сарын 1-ний өдөр Ирак улсын нийслэл Багдад хотод Төрийн түшмэдийн авилгалын эсрэг, ажилгүйдлын түвшнийг бууруулахыг шаардсан жагсаал гарчээ. Удалгүй хэдхэн хоногийн дотор дээрх жагсаал цуглаан Иракийн шийт шашинтай хүн ам амьдардаг бүхий л хотуудад дэлгэрсэн. Иракийн цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг хөөн тараах гэж оролдох үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 хол давжээ. 10-р сарын 17-нд Ливан улсад эхэлсэн жагсаал цуглаан олон долоо хоног үргэлжилсэн учраас Ливаны суннит шашинт Ерөнхий сайд Саад Харири огцрохоос аргагүйд хүрэв. Ираны засгийн газар тус улсын 100 гаруй хотуудад нэгэн зэрэг гарсан жагсаал цуглааныг дарахын тулд интернетийн үйлчилгээг хаав. Иранд болсон жагсаал цуглааны үеэр 200 гаруй хүн амь үрэгдсэн байна. Латин Америкийн Чили улсад метроны тээврийн тийзний үнийг нэмэгдүүлсний улмаас анх гарсан жагсаал цуглаан хоёр сар ужгирсан учраас Ерөнхийлөгч Себастъян Пинейро тус улсад болох гэж байсан дэлхийн уур амьсгал, дулаарлын асуудлаарх НҮБ-ын томоохон чуулганыг цуцлав. 1-р сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо гэгч өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласнаар Венесуэль улсад томоохон хямралын эхлэл тавигдав. Хуан Гуайдог АНУ болон Европын Холбоо дэмжсэний улмаас Ерөнхийлөгч Николаса Мадуро хүнд байдалд орсон ч Венесуэлийн хууль ёсны засгийн газрыг Орос, Боливи, Мексик, Сири, Турк, Иран улс дэмжсэн байна. 12-р сарын эхээр Франц улсын Үйлдвэрчний Эвлэлүүд Тэтгэврийн шинэ хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг улс орон даяар явуулж эхлэв. Олон  хотуудад иргэдийн амьдралын хэвийн нөхцөл алдагдаж одоо ч уг тэмцэл үргэлжилсээр байна. Энэхүү эсэргүүцэл тэмцэл нь Францын эдийн засагт хүнд цохилт болж аялал жуулчлалын салбар уналтад орж сүйрчээ. Эдгээрээс харахад 2019 он дэлхий дахиныг хамарсан эсэргүүцэл хөдөлгөөн, тэмцлийн жил болж өнгөрлөө гэж хэлж болохоор байна.

 

АРВАН НЭГ. ТЕРРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

2019 онд олон хүний аминд хүрсэн хэд хэдэн ноцтой халдлага дэлхийн энд тэнд гарав. 2-р сарын 14-ний өдөр Кашмир мужид Энэтхэгийн цагдаагийн цуваа руу алан хядагчид дайралт хийснээр 41 хүн амь үрэгджээ. Энэхүү террорист ажиллагааны улмаас 2-р сарын 27-ны өдөр Энэтхэг ба Пакистаны байлдааны онгоцнууд агаарын тулалдаан хийсэн байна. 3-р сарын 15-ны өдөр Шинэ Зеландын Крайстчерч хотын Лалын шашны сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү зэвсэгт этгээд дайран орж гал нээн 50 гаруй хүн амь үрэгдэж, мөн төдий тооны хүмүүс шархаджээ. 4-р сарын 21-ний өдөр Улаан Өндөгний баяраар Шри Ланк арлын нийслэл Коломбо хотыг оролцуулаад олон газарт 8 удаа бөмбөг дэлбэлсний уршгаар нийтдээ 250 хүн амь үрэгдэж, 500 хүн шархадсан байна.

8-р сарын 3-ны өдөр АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээж 22 хүн амь үрэгдэж, 24 хүн шархдав.

 

АРВАН ХОЁР. БАЙГАЛИЙН ГАМШИГ, ТЕХНОЛОГИЙН СҮЙРЭЛ

 

2019 оны 1-р сарын 25-ны өдөр Бразилийн дорнод хэсэгт байдаг Минас-Жерайс мужид усан далан сэтэрсний улмаас дор хаяж 115 хүн амь үрэгджээ. 4-р сарын 15-ны өдөр Парис хотын алдарт Дарь эхийн сүмд түймэр гарав. 5-р сарын 5-ны өдөр Москва хотын Шереметьевогийн нисэх буудалд “Супержет-100” нисэх онгоц шатаж 41 хүн амь үрэгдсэн байна. 6-р сарын 28-ны өдөр Эрхүү мужийн Тулун хотын орчимд их хэмжээний бороо орсны  улмаас далан сэтрэхэд дор хаяж 25 хүн амь үрэгдэж, 3000 гаруй барилга байшин усанд автагдан нурж сүйрчээ. 11-р сарын 26-ны өдөр Албани улсад 6,4 баллын хүчтэй газар хөдөлж 27 хүн нас барсан байна.

 

АРВАН ГУРАВ. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ АМЖИЛТ

 

АНУ-ын Сансар Судлалын НАСА агентлагийн гариг хоорондын Нью Хоризонс автомат станц шинэ оны эхний өдөр манай нарны аймгийн хамгийн холын

эрхэс болох  “Ultima Thule” гэдэг бага гаригийн хажуугаар нисэн өнгөрөхдөө шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой үнэт мэдээлэл цуглуулав. Мөн оны 1-р сарын 3-ны өдөр Хятадын «Чанъэ-4» гэдэг сансрын автомат станц хүмүүсийн нүдэнд хэзээ ч харагддаггүй сарны эсрэг талд бууж чаджээ. Хятадын эрдэмтдийн энэхүү амжилтыг 2019 онд Израиль болон Энэтхэгийн эрдэмтэд давтах гэж оролдсон боловч амжилтанд хүрсэнгүй бүтэлгүйтэв. 11-р сарын 7-ны өдөр АНУ-ын “Abbott Laboratories” гэдэг эм үйлдвэрлэгч компанийн эрдэмтэд ХДХВ, ДОХ өвчний шинэ вирусыг олж илрүүлсэн нь анагаах ухааны түүхэн дэх шинэ хуудсыг нээв.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)