Шинэ жилийн баяр тэмдэглэдэг улс орнуудын сониноос

Дэлхийн улс орнуудын ард түмэн шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг тухай сонин содон баримт зөндөө байдаг билээ. Тэр бүхнээс заримыг уншигч танаа өргөн барихын ялдамд сайхан баярлаарай хэмээн бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн үгээ ч дайя. Уншигч та болгоон таална уу. 

Шотландад хуучин оноо үдэж, шинэ оноо угтан баярлахад айл бүхэн “манайд хэн ч зочилж болно” гэсэн санаагаар хаалгаа цэлийтэл нээдэг гэнэ. Харин тэр айлд зочлон орох хүн бүр нэг нэг нүүрсний хэлтэрхий авч ороод галд нь нэмж “Гал нь мөнх бадраг” хэмээн ерөөдөг заншилтай ажээ. Болгар оронд шинэ жилийн баярын үед ширээний ард сууж байсан хүн найтаавал тэр хүнийг бидэнд аз жаргал авчирлаа хэмээн ихэд бэлгэшээн дайлж, цайлдаг гэнэ. Бас бэлэг сэлт ч амладаг ёсон бий билээ. Тэд шөнө дунд болж хонх дохио дуугармагц гэрлээ гурван минут унтраадаг байна. 

Болгарчууд энэ үйлдлээ бидний хамаг нууцыг хадгалан үлдэх “шинэ жилийн үнсэлтийн үе” гэж нэрлэдэг гэнэ. Японд шинэ жилийн баярыг нэг жилийн ажил, амьдрал өнгөрч дахин өөр нэг жилийн амьдрал эхлэх цаг тооллын баяр гэж үздэг гэнэ. 

 

Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүд хаалгыг бэрсүүт жүрж, нарсны төрлийн модоор чимэглэн гоёдог. Энэ нь урт насалж, удаан жаргахын бэлгэдэл болно. Он солигдох мөчид сүмийнхэн харанга болон хэнгэрээ 108 удаа дэлдэнэ. Хүүхэд багачууд санаа бодлоо илэрхийлэн зурсан зургаа дэрэн дороо хийж унтдаг заншилтай юм байна. 

 

Арлын кубачууд хоёр оны зааг 24 цаг болоход хувин дүүрэн ус газарт асгадаг юм байна. Энэ нь кубачуудын хувьд хуучин он дууслаа гэсэн утга санааг илэрхийлдэг гэнэ. Тэгээд л шинэ оныхоо баярыг тэмдэглэхдээ юуны өмнө “Аз жаргалынхаа төлөө” хүн бүр 12 ширхэг усан үзэм иддэг юм байна.

 

Индонезийн Бали арлынхан шинэ жилийн баяртаа бэлтгэн янз бүрийн өнгөөр будсан будаагаар хоёр метр өндөр багана босгон, бурханд өргөж байгаа өргөл гэж түүнийгээ нэрлэн дээдэлдэг гэнэ. Шинэ жилийн баяр ёслол дуусахад мөнөөх будаан баганаа нурааж “бурханы хишиг” хэмээн хувааж иддэг ёстой юм байна. 

 

Хятад оронд шинэ жилээр галын наадам зохиож, дэнлүү гялбуулан алиа салбайдай нар хөгжөөн энд тэндгүй цаасан пуужин пижигнэн өнгө бүрийн гэрэл цацран хөөрч баясан цэнгэдэг байна. Галын наадмаа айл өрх бүр муу муухай бүхнийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр хөөрийг орон гэртээ урин заллаа гэж бэлгэшээдэг ажээ. 

 

Энэтхэгийн баруун нутгийнхан шинэ жилээр өөрийн орны дэлхийд алдартай Рамаяна туулийг жүжигчлэн тоглож баясан цэнгэдэг ажээ. Мөн асар өндөр цаасан дүрс босгон түүнийгээ галт сумаар харван наадна. Цаасан дүрс галт суманд оногдож шатахад ихэд олзуурхан “Галын наадам” хийж дуу хөгжим болж бүжиглэн баясдаг байна. Галын наадам цэнгүүн дуусахад тэд гэр гэртээ очиж ахмад настандаа мөргөн адис авч ерөөлийн үгийг нь сонсдог заншилтай гэнэ.

 

С.ЧИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)