"Эрдэнэт" үйлдвэр түүхэндээ байгаагүй хэд хэдэн амжилт тогтоожээ
- 2019-12-31
- Үнэн
- 1
“Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрт Засгийн газраас өнгөрсөн З дугаар сард онцгой дэглэм тогтоосноор 2019 он Монголын Үндэсний, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр түүхэндээ байгаагүй хэд хэдэн амжилт тогтоожээ.
Эдгээрээс дурдвал: Үндэсний 100 хувийн мэдлийн үйлдвэр болсноор тус хамт олон өнгөрч буй онд 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулжээ. Түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажиллаж, Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн татвар төлсөн байна. 2016 онд тус үйлдвэр 126 тэрбум төгрөгийн алдадалтай, төсөвт 184 тэрбум төгрөг төлж байсан юм. Онцгой дэглэмийн үр дүнд үйлдвэрийн ашиг эрс нэмэгдэж улсад төлөх татвар 5 дахин өсчээ. Энэ бол газрын баялагийн орлого төсвөөр дамжин нийт иргэдэд тэгш хүртэх боломж гэсэн үг.
Үнэндээ Оросууд тус үйлдвэрийг Монголчууд дангаараа аваад явж чадахгүй, удахгүй дампуурна гэж тооцож өөрийн хувь эзэмшлээ зарсан хэрэг. Гэтэл мэргэжсэн удирдлагууд зэсийн баяжмалын үнэ 10 мянган ам доллар хүрч байхад ч ийм ашигтай ажиллаж байгаагүй хэмжээнд ажиллажээ. Учир нь өнгөрсөн жилийн зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 6000 орчим ам доллар буюу 40 хувь бага байсан билээ. Үүний шалтгаан нь ердөө нь шахаа, хулгайтай хатуу тэмцсэнийх ажээ. Чухам энэ шахаа, хулгайн улмаас үйлдвэрийн ашиг багасаж, бүр алдагдалд ороод зогсохгүй 49 хувийг эзэмшигч Оросуудад сохор зоос ч оногдоогүйгээс зарсан юм.
Үйлдвэрийн санхүүд дарамт болдог шахаа, хулгайтай шийдвэртэй тэмцэж, өнгөрсөн онд 460 гаруй тендерийг “шилэн зарчмаар” нээлттэй, ил тод, цахимаар зарласан байна. Засгийн газраас онцгой дэглэм зарлахдаа Ерөнхий захирлыг л томилоод бусад удирдлагыг үйлдвэрээс нь сонгож томилохыг зөвшөөрснөөр ажлаа мэддэг, үйлдвэртээ сэтгэлтэй ажилтнууд хулгай шахааны бүх нүх сүвийг хааж эхэлжээ. Ингэснээр үйлдвэрт шаардлагагүй, ашиггүй худалдан авалтыг хянаснаар 53 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Ганцхан жишээгээр жишихэд энэ бол 280 хүүхдийн ортой 10 цэцэрлэг барих мөнгө л дөө. Энэ нь өнөө шахаа хийгчид, зувчуулагчдад огтхон ч таалагдаагүй бололтой.
Энэ бүхний эцэст шахаачид Үйлдвэрийн удирдлагыг хэвлэлээр дарамтлан шантаажилж хулгайн ашгаа салгаж авахаар улайрч эхэлсэн байна. Ингэхдээ нааштай үзүүлэлт болгоныг харлуулж, үйлдвэрийн голлох удирдлагууд ялангуяа санхүүгийн удирдлагыг онилон гүтгэлэг тарааж, түүнийгээ батлагдахгүй болмогц огт өөр асуудлуудтай холбон өргөжүүлэхээр төлбөртэй мэдээ тарааж эхэлсэн байна. Гэвч тэр бүх мөнгө тэднийг араас алдагдаж одсон нь тодорхой болмогц шантаажиндаа улс төрчдийг ашиглахыг оролдож, төр засаг солигдмогц хариуцлага тооцно гэхчлэн заналхийлж эхэлсэн байна. Хулгайчид илүү зальтай учраас энэ талаар мэдээ ч үгүй, хаа хамаагүй намын даргыг хүртэл “зохион байгуулсан ёолк”-ондоо урьж аймгийнхаа “Шилдэг улстөрч” болгон ичээж байх юм.
Өнөө цагт шударга, зарчим ч байж, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалтаа сайжруулснаар сайн нэр дуулна гэж байхгүй. Ялангуяа тэд Монголд ихээхэн тархмал баялгийн үндсэрхэлийг ашиглах гэж оролдохдоо худалдан авалтыг хятадуудтай хийж байна гэх цуурхал дэгдээжээ. Үнэндээ энэ цуурхалыг дэгдээгчид өөрсдөө томоохон тендерийг буруу аргаар аваад Хятадын компанид дамжуулан гүйцэтгүүлж, дундаас нь хий ашиг олох гэж байсан нь илэрч тендер нь буцаад байгаа юм байна. Илэрсэн шалтгаан нь уг компани авсан ажлаа хийж гүйцэтгэх ямар ч чадамжгүй, хэдэн бөхчүүл нийлсэн жижиг компани байж л дээ... Тэр “жижиг” компани “том” улстөр хийж хулгай хийх санаархлаа оны өмнө, улсын төсвийн дансанд татварын орлого төвлөрөхөөс өмнө хэрэгжүүлэхээр хичээсэн ч амжсангүй.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 12 сарын 22 гэхэд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлээд 25-наас өмнө бүх татвараа улсын төсвийн дансанд шилжүүлжээ. Бодит байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 17 хувь л БНХАУ-д оногддог бөгөөд 70 орчим хувь нь дотоодын компаниудад үлдсэн нь ОХУ болон бусад хөгжингүй орнуудад оногддог ажээ. Ямар боловч асар их мөнгө хулгай шахаанаас алдуурч улсын санд оржээ. Ашиг алдагдсан бачимдаж байгаа ч үйлдвэр хэвийн ажиллаж байна. Тус үйлдвэр өнөөгийн жишгээр хоногт 3,7 тэрбум төгрөгийн баяжмал үйлдвэрлэж, 5,5 тэрбум төгрөгийн баяжмалын орлого хүлээн авч, 2,6 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт оруулж байна.
Сэтгэгдэл (1)
Монгол улсын иргэн (202.21.119.54)
Угаасаа хулгайч хүн хулгайгаа хийж чадсан ч чадаагүй ч жаргал гэдгийг хэзээ ч үзэхгүй. Яагаад гэвэл дотор нь ялзарсан, байнга дүр эсгэж явах, гэх мэт амар тайван байж чаддаггүй.