Т.Ичинхорлоо: Болор цом наадмын нэрийг сэвтээж боломгүй санагддаг

Асанхан дүрэлзэж явах залуу насанд айх зүйл алгаа, гэрэлтэнхэн дэлгэрч яваа сэтгэлд сүүдэр буух зай алгаа...гэж нүүр бардамхан инээмсэглэж зогсох нэгэн бүсгүйтэй танилцлаа. Түүнийг утга зохиолын хүрээнийхэн жижиг Ичинхорлоо гэж дуудна. Өөрийнхөөрөө асаж унтрах дуртай энэ бүсгүйн шүлгээс хайр, нутаг, ээж, аав нь үнэртэнэ. Бас өөрөө ч үнэртэнэ. Ингээд шинэ оны босгон дээр “Болор цом -37” яруу найргийн өмнөхөн Говь-Алтай аймгийн уугуул яруу найрагч Төмөр-Очирын Ичинхорлоотой ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэе.

-  “Болор цом” яруу найргийн наадам хаяанд ирлээ. Энэ жил шүлгээ сойгоогүй юм уу?

-  Би эхлэн бичигч. Миний шүлгүүд бусдад таалагдах хэмжээнд очсон эсэхийг мэдэхгүй байна. Бас миний хамгийн их мөрөөддөг зүйл “Болор цом” яруу найргийн наадам. Энэ наадамд орохын хүслэн их бий. Гэхдээ цаг нь болоогүй. Би илүү чанаржих ёстой. Бас унших зүйл ч их байна. Өөрийгөө чамлах үе ч байна. Тиймээс энэ жил “Болор цом”-д шүлгээ өгч зүрхэлсэнгүй. Муу шүлэг уралддаг наадам биш байх. Би “Болор цом” яруу найргийн наадамын нэр хүндэд сүүдэр битгий унаасай гэж боддог.

- Өөрийн чинь хүндэлдэг уран бүтээлч хэн бэ?

-  Энэ их өрөөсгөл бодол байх. Хувь уран бүтээлчийг хайрлах нэг өөр. Уран бүтээлийг нь шимтэн хүндлэх бас өөр байх. Манай Говь-Алтай аймгаас олон сайхан уран бүтээлч төрсөн. Тэр бүх хүмүүсийн уран бүтээлийг нь бүрэн уншиж дуусгахыг хичээж явна. Мөн Д.Урианхай гуайгаас эхлээд маш олон хүний бүтээлийг унших хэрэгтэй. Хамгийн их хүндэлдэг уран бүтээлч гэвэл одоогоор би өөрөө л байна даа. /Инээв/ Өөрийгөө хүндэлж зөв зүг чигт зөв алхах ёстой биз дээ.

 

-  Инээд нулимс хоёрын аль нь амттай санагддаг уу ?

- Би инээдэнд дуртай. Инээд, инээмсэглэл бол хамгийн амттай зүйл. Тиймээс би инээмсэглэж яваа бүхэнд хайртай. Инээд бол чин сэтгэлийн мэдрэмж, хүч, аз жаргал болоод гайхам сайхан амттай байдаг.  Сайхан бүхнийг дагасан хуурамч зүйл байдаг биз дээ. Үүнтэй ижил инээд амтлаг болохоор бас хуурамч, худлаа инээд бий болсон байх. Үүнийг л бид ялгаж амлаж сурах ёстой байх.

- Тэгвэл хайр ямар өнгөтэй вэ?

- Ямартай ч цэнхэр өнгөтэй биш. Хоосон чанарын өнгөнд би дургүй. Дурлал хайр хоёр маш том ялгаатай санагддаг. Тиймээс өнгө нь өөр байх. Миний хувьд хамгийн том хайр бол эцэг, эх, ус нутгаа гэсэн сэтгэл байх. Өөрийнхөө хайрын өнгөөр хэн нэгнийг гоёх л жаргал болж харагддаг байх.

-  Чи ямар мэргэжилтэй билээ?

- МУИС-ийг Солонгос орон судлаач, орчуулагч мэргэжлээр төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажлаагүй байна. Сурын харваагаар хичээллэж байгаа. Бас өврийн дэвтрүүдээ шүлгээрээ дүүргэх хүсэл их байна.

 

- Анхны шүлэгээ хэзээ бичиж байв?

-Арван жилийн сурагч байхдаа бичиж байсан. Хүүхэд л юм чинь анх багш нарын баяраар багшдаа зориулж дөрвөн мөрт бичиж өгч байлаа. Шүлэг бол сэтгэл юм билээ. Нэг тийм гоё мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг. Яах л аргаггүй бороо орох шиг, салхи сэвэлзэх шиг. Тийм л үедээ энгэртээ дэвтрээ тэврээд балаа бариад зогсох сайхан. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн үзэл бодолтой Түүнийхээ төлөө тэмцэж хөдөлмөрлөж чаддаг байх ёстой. Шүлэг бол бодлын тэсрэлт сэтгэлгээний эрх чөлөө.

-Үнсэлт бол аз жаргал гэж хэлэхийг чинь сонссон. Үнэхээр аз жаргал мөн үү?

-Үнэсэлт бол хайрын хамгийн сайхан илэрхийлэл.Олон юм ярихаасаа илүү нэг сайхан тэврэлт эсвэл нэг сайхан үнэсэлт хүнд хамгийн сайхан хүч, аз жаргалыг  өгдөг байх аа.

 

-Аав, ээжийнхээ тухай?.

-Миний аав Бурхан буудай уулынхаа өвөрт хурга тугал хариулж өссөн. Насаараа радио өргөн нэвтрүүлэх станцад ажиллаж байгаад насныхаа буянд суусан. Ээж минь Сутай уулын өвөрт өссөн охин. Аймгийнхаа музейд 39 жил ажилласан сайхан буянтай хүн дээ.

 

-Ямар улиралд илүү их гэгэлздэг вэ?

-Би хаварт дуртай. Бүх зүйл урган төлжиж эхэлдэг. Ирж буй шувуудын ганганаа, цөн түрж буй гол ус, хайлан урсаж буй цасны чимээ. Энэ бүхэн нэгэн шинэ ертөнцийг бий болгож шүлэг төрж байгаа юм шиг  мэдрэмж төрүүлдэг.

 

-Анх утга зохиолын хүрээнд хэрхэн хөл тавьж байв. Алтайнхаа утга зохиолын хүрээнд чамгүй их зүйл хийсэн гэх мэдээ сонсогдож байсан?

-Үг амилж бодол биелдэг гэдэгт би үргэлж итгэдэг. Түүний нэгэн адил тэмцэн итгэж, тууштай зүтгэсэнд яруу найргийн гайхамшигтай ертөнц намайг маш сайхан өлгийдөн авсан. Хуур уянгалж, ятга хөгжимдөх мэт аялгуунд өөрөө хийгээд өрөөлийг гэгээрүүлэх их аян минь өдрөөс өдөрт гэрэлтсээр байна. Үүсгэн байгуулсан хөх салхи бүлгэмээс минь олон сайхан ном төрөн гарлаа. . Би ганцаараа хийгээгүй. Манай аймгийн утга зохиолын нэгдэл жил болгон зохиогддог нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, орчуулагч М. Цэдэндоржийн наадмаа амжилттай зохион байгууллаа. Бидэнд хийсэн зүйлээс илүү хийх зүйл их байна.

Б.Саруул 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)