АНУ, Ираны сөргөлдөөн ба дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдал

АНУ-ын арми 2020.1.2-ны орой дроноор 3 пуужин илгээн цохилт өгсний улмаас Иракийн Багдад хотод Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга генерал Касим Сулеймани болон түүнийг тоссон Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн мөн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл түгэж байна.

/Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпус нь 125000 дайчид, хуурам замын 17 дивизтэй, 300 байлдааны, 100 цэргийн тээврийн онгоц, өөрийн мэдлийн далайн цэргийн флот, шумбагч онгоцууд, корвет, фрегат, пуужин харвагч катерууд, тусгай хүчнийхэнтэй, Ираны гадна нутаг дэвсгэр улсуудад өөрийн бүлэглэл, салбаруудтай цэрэг улс төрийн том хүчин юм. Харин генерал Сулейман нь 1997-2020 оны хугацаанд “Кудс” тусгай анги нэгтгэлийг удирдан Ирак, Сири, Ливан, Палестин, Афганистан зэрэг улсуудад цэргийн тусгай үйл ажиллагаа явуулан Хамас, Хезболла бүлэглэлийг дэмжин суннит мусальманчуудын эсрэг Иран улсын гадаад геополитикийн бодлогыг хэрэгжүүлж байсан туршлагатай командлагч, Иран улсдаа нэр хүндтэй бөгөөд Сирийн ерөнхийлөгч Басар Асадыг дэмжиж, ОХУ-ын Москвад Сирийн асуудлаар хэлэлцээ хийж байсан ба НҮБ-ын хар жагсаалтад оруулсан Ираны 15 цэрэг улс төрчдийн нэгэн./

Дэлхийн зовнил:

Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн үүнийг дэлхийн халуун тогоо болсон Ойрхи Дорнодын хямралыг улам гүнзгийрүүлнэ, дэлхийн 3 дугаар дайн гарах нь гэж зовниж байна. АНУ, Израйлын талууд болохоор  алан хядагчдын эсрэг том цохилт өглөө гэж тайлбарлан дахин том арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна. Харин Ираны шашны удирдагч Хомейни өс авах болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Маджид Тахт-Раванчи ...дайн зарласантай адил төрийн терроризмыг АНУ үйлдлээ.. гэж мэдэгдэн НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны нормыг зөрчсөн тул яаралтай арга хэмжээ авахыг сануулсан байна. ОХУ, Франц, Герман, Хятад улсууд санаа зовниж буйгаа илэрхийлэн энх тайвны аргаар зохицуулахгүй бол томоохон хямрал үүсэх нөхцөл бүрдлээ гэж үзжээ.

Ираны шашны удирдагч Хомейни бол зүгээр нэг Иран улсын төрийн тэргүүн, улс төрч ч биш шийт мусульманчуудын хувьд том нөлөөтэй оюун санааны удирдагч бөгөөд түүний хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа өс авах мэдэгдлийн улмаас Израйль, АНУ-ын арми байлдааны бэлэн байдалд шилжжээ. АНУ мөргөлдөөний бүс нутагт нэмж 3 мянган цэрэг илгээнэ гэжээ. Мөн АНУ-ын талыг баримтлагч Саудын Араб болон ер нь Ойрхи дорнодын орнууд зэвсэглэж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж эхэллээ. Үүний ард цэрэг, тагнуул, зэвсэглэл,  арабын хавар мэтийн  хагалан бутаргах үйл ажиллагаа, улс төр, эдийн засаг, нийгэм соёл, итгэл үнэмшил, байгаль экологийн, геополитикийн томоохон асуудлууд үүснэ. Ираны зүгээс АНУ-д ямар хариу өгөх талаар ч шинжээчийн таамаглалуудыг гаргаад эхэллээ. Үүнд АНУ-ын цэргийг Иракаас гаргах, Цөмийн хэлэлцээрээс Иран шууд гарах, Израйльд цохилт өгөх, Саудын Арабын эсрэг Иемений босогчид болон бусад хүчнүүдийг ашиглах, америк түүний холбоотнуудын цэргийн баз, элчин садйн яамдууд, компаниудад цохилт өгөх, Исламын шашны шийт, суннит урсгалуудын мөргөлдөөнийг нэмэгдүүлэхэд олон талыг хамруулах гэхчлэн олон таамаглалуудыг дэвшүүлж байна.

АНУ, Ираны энэхүү сөргөлдөөн нь дэлхийн энх амгалан, улс төр, эдийн засагт маш хортой нөлөөлнө.  

Геополитикийн хувьд

Исламын шашинт улсуудын шашны урсгалын мөргөлдөөн гаарах нь зөвхөн Ойрхи дорнодоос гадна эхний ээлжинд Европ, Төв Ази, Африк, Америкт хүчтэй нөлөөлнө. Исламын шашны шийт, суннит урсгалуудын мөргөлдөөнөөс зугатсан цагаачид эхний ээлжинд Европыг хүндрүүлнэ. Цагаачдыг ашиглан гаргах терроризм, шашин соёлын мөргөлдөөн, ажлын байр, ажиллах хүч, цалин хөлсний асуудал европчууд, Төв азийн улсуудыг хүндрүүлнэ. Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал нефть түүхий эдийн нийлүүлэлт, дэлхийн худалдаанд хүндрэл үүсгэн Африк, Америкийн болон  нефть экспортлогч улсуудад түрдээ ашигтай байх авч дэлхийн эдийн засагт алсдаа томоохон асуудал үүсгэнэ.

Дэлхийн цэрэг улс төрийн томоохон гүрнүүдийн нууц дайн /тагнуул, кибер халдлага, эдийн засаг, улс төр, эдийн засаг гм/ улам ширүүснэ. Үүссэн нөхцөл байдал нь зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг гааруулж зэвсэглэлийн шинэ хэлбэр, технологийг нэвтрүүлэх ашиглахад маш их хөрөнгө хүчийг зарцуулахад хүргэнэ. Тэр тусмаа АНУ, ОХУ-ууд стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээнээс гарч буй болон Өмнөд хятадын тэнгис дэх АНУ Хятадын сөргөлдөөн ширүүсч, Хонконгод асуудал үүссэн нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудыг цэргийн зардлаа яаралтай өсгөхөд хүргэнэ. Иран болон Ойрхи дорнодын орнуудад зэвсэг, пуужингийн технологи нийлүүлдэг байсан Хойд Солонгост нэмэлт боломж үүсгэх нь АНУ, Хойд, Өмнөд Солонгос, Япон, Тайвань Хятад улсын бүсэд үүсээд буй асуудлыг улам хурцатгана. Тэгээд ч энэ бүсэд маргаантай асуудал зөндөө үүссэн. Үндсэндээ АНУ-ыг олон фронтод зэрэг дайтахад хүргэж болзошгүй.

Харин Хятад энэ боломжийг дэлхий дахинд нөлөөгөө бэхжүүлэхэд ашиглах нь дамжиггүй. Тэгээд ч худалдааны маргаанаас үүдсэн геополитикийн ноёрхлын тэмцэлд АНУ-ыг бүхий л боломжоор сулруулах нь хятадад ашигтай. ОХУ-ын хувьд Ойрхи Дорнод, Төв Азийн орнууд, Европ, Өмнөд америкад улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх, зэвсэг, нефть, хий, үр тариа зарах таатай боломж үүсч мэдэх, хэрэв энэ сөргөлдөөнд өөрөө хүчтэй татагдахгүй бол шүү. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй оросын зэвсэгт хүчний хөгжлийн хурдац нь ОХУ-д шинэ зэвсэг зарах, технологийн нөлөөллөө бэхжүүлэх, өөрийн орбитод арабын улсууд, НАТО, америкийн улс орнуудаас элсүүлэхэд ашигтай байдал үүсгээд байгаа.  Европын хувьд бол ерөнхийдөө таагүй нөлөөтэй. Дүрвэн ирэх цагаачид, түүхий эд,нефть энергийн хомсдол, үнийн өсөлт, зах зээл хумигдах нь улс болгон үүдээ хаах, европын холбоог задраах процессийг түргэтгэх биз ээ. АНУ ч гэсэн өөрийн холбоотнууддаа эдийн засгаар боох хаах алхмууд хийснийг Францын дарсны татварыг нэмсэн, европд нийлүүлэх ОХУ-ын хийн хоолой, хүнс, хөдөө аж ахуй, технологийн бараанд хориг тавиулсан зэргээс санаж болох.

Хэдийгээр Трампын засаглалын үед америкийн эдийн засаг сайжирсан ч амиа бодсон, хүчээр далайлгах АНУ-ын бодлого нь алсдаа холбоотноо гомдоон, дайснаа баярлуулж  нэгэн үе хүн төрөлтөний шинэ санаа, сэтгэлгээний манлай болж байсан агуу америкийг ганцаардуулахад хүргэж болзошгүй ээ. Хятадыг ганцаардуулах Обамагийн “Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа” /“Транстихоокеанское партнёрство”/ төлөвлөгөөнөөс буцсан нь хятадын эсрэг түүнд нэгдэн орсон олон улсыг эвгүй байдалд оруулсан бөгөөд харин Хятад түүнийг нь ашиглан “Нэг бүс нэг зам” санаачлагаа хэрэгжүүлж эхэлсэн нь амжилттай байгаа. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв аль хэдийнээ Ази номхон далайн бүсэд шилжсэн ба хятад улс одоо улам өргөжүүлэх замаар дэлхийд ноёлох санаагаа хэрэгжүүлж байна.

Алтны үнэ тогтмол өссөөр байгаа. Долларын дарамтаас гарах оролдлогыг хийснээр алуулсан Муамар Каддафи, Саддам Хусейн нарын үхлийг хэн ч мартаагүй байгаа бөгөөд дэлхийн олон туйлт төвийн үзлийг дэмждэг  БРИКС-ийн орнууд, түүн дотор ОХУ, Хятадын үндэсний валютаар наймаалцах хөдөлгөөн нь алтны үнийг нэмэгдүүлэн долларын байр суурийг муутгаж байгаа.

Мэдээж дэлхийн эдийн засгийг хянаж байдаг группынхэн байдлыг сайн мэдэж байгаа байх. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, хүн ам хэт өссөн, технологийн дэвшил санасан хэмжээнд гарахгүй байгаа, хөгжилд сөрөг нөлөөллүүд үүссэн, хөгжлийн хүндийн төв шилжсэн, санхүүгийн санаачлага өөр гарт шилжихэд ойрхон байгаа, шинэ гүрнүүд товойн гарч ирж буй ...зэрэг глобал асуудлуудыг өөрт ашигтайгаар шийдэх нэг гарцыг бүс нутгийн хэмжээний мөргөлдөөнүүд үүсгэн шийдэх гэж тэд харж байж мэдэх юм.

Шинжээчид Иран улсыг АНУ-тай шууд цэргийн мөргөлдөөн хийхгүй ч, өс хонзонгоо авах олон нарийн аргуудыг хэрэглэнэ гэдэг нь ойлгомжтой, удаан хугацааны хямрал болно гэж шинжиж байна.

Байдал үнэхээр дэлхийн нийтийн хувьд том хямрал, ангалын ирмэгт тулаад байгааг илтгэж байна.  Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр шууд өслөө. Брент Маркийн нефть 2,7 хувь өсч 1 баррелийн үнэ нь 68,9 долларт хүрэн, WTI маркийн нефть 2,75 хувиар өрч 62,86 долларт хүрчээ. Мөн банк санхүүгийн салбарынханд эрсдэл нүүрлэхээр байгаа. Болзошгүй эрсдэлээс үүдэн Ойрхи дорнодын бүсээс иргэд, компаниудаа гарч явахыг зөвлөж байгаа нь дэлхийн худалдаа, хүн төрөлхтөний нийгэмших, хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэх нь.

 

Дүгнэлт.

Харамсалтай нь хүн төрөлхтөн асар хөгжсөн гэх авч үнэндээ бол хөгжөөгүй, өмнөх гашуун туршлагуудаасаа сургамж аваагүй, сэтгэлгээ нь өнөөх араатан сүргийн шинжээсээ холдоогүй байгаатай холбоотой. Гаргасан гэх дэвшлүүд нь болох ГМО-той хүнс /хүний генид хортойгоор нөлөөлсөн/, технологийн дэвшлээс үүдсэн хохирол/ гар утас интернетэд донтох, хараат болох/, байгаль экологи, цаг уурт үзүүлсэн хор нөлөө /хуванцар, химийн бодис, нийлэг эд, байгалийн баялгийг эмх замбараагүй ашигласан/, зэрэг нь хүн төрөлхтөнийг БИ гэх сэтгэлгээнээс салж хүн байгаль салшгүй холбоотой, эх болсон зургаан зүйл, үйлийн үр гэх мэт буддын сэтгэлгээнд ойртохыг сануулаад байх шиг.

 

Ц.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)