Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа

“Эрдэнэс-Tавантолгой” XK-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсээс 2019 оны оны 11  дүгээр сарын 29-ний өдөр компанийн байгаль орчин, нийгмийн хариуцлагыг сурталчлах нээлттэй өдөрлөгийг Цогтцэций суманд зохион байгууллаа.

Энэ үеэр компанийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлаа орон нутгийн иргэдэд тайлагнасан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч, албаны хүмүүс, тус сумын дөрвөн багийн 80 гаруй малчин, компанийн ажилтнууд оролцож, асуулт хариулт өрнүүлж, санал солилцлоо.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа оролцогчдод мэдээлэл өглөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас  2014-2019 онд Цогтцэций сумын нутагт 27 худаг сэргээн засварлан, усны ундаргыг нь сайжруулж, түвшнийг нь хэмжих багаж суурилуулаад байна. Түвшин хэмжигч суурилуулснаар тухайн худгийн усны зарцуулалтыг тооцон, шаардлагатай тохиолдолд ашиглахаа зогсоон, өөр талбайд худаг гаргах боломж хайх бололцоотой юм.

Компаниас “Ногоон говь” төсөл санаачлан, 10-15 га талбайд мод үржүүлэхээр төлөвлөн, урьдчилсан байдлаар 60 000 ширхгийг тарин, орчныг нь зүлэгжүүлэх ажил эхлүүлээд байна. Одоогоор 20 000 мод тарьсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард уурхайн хамт олон 3000 орчмыг нэмж суулгасан. Түүнчлэн энэ оны зургадугаар сард 120 ам метр талбайтай өвлийн хүлэмж байгуулан, нарийн ногоо тариалж, 3-4 төрлийн, 250 орчим кг хүнсний ногоо хураан авсан нь говьд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх загвар болж буй бөгөөд ирэх жил хүлэмжийн тоог нэмэгдүүлэн, тариалалтаа эрт эхлүүлснээр хураах ургацынхаа хэмжээг 2-3 дахин өсгөх боломжтойг танилцууллаа. 

Мөн  Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэклогийн сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран нүүрс олборлолтын явцад хөрс болон нүүрсэн давхарга хоорондын биогений гаралтай тунамал чулуулгийн хаягдал хурдсаас гумины бордоо гарган авах судалгааг эхлүүлж, бордоо хийх ашигт түүхий эд хангалттай, үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж урьдчилан дүгнэснаа танилцууллаа. Улмаар бордоо үйлдвэрлэж эхэлбэл “Ногоон говь” төслийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн өвсний ургацыг сайжруулахад их дэмжлэг болох юм. Түүнчлэн байгаль орчны үнэлгээг тогтмол хийлгэн, авто замын сул шороог хусах хуваарийг мөрдүүлж эхэлснийг хэллээ. 

Мөн Цогтцэций сумын төвд, хоёр га талбайг тохижуулан, 730 мод тарин, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулж буйгаа дуулгав. Уг цэцэрлэгт хүрээлэнг 2020 оны эхний хагаст багтаан ашиглалтад оруулах юм.

Уузалтын үеэр малчид өвс авахад, өвөлжөөгөө тохижуулж, хашаа хороо барихад, залуусыг малжуулахад туслах, худаг бүрийг нэг айлд хариуцуулах зэрэг санал гаргаж байлаа. Мөн арга хэмжээний үеэр малчны худгуудад суурилуулсан усны автомат түвшин хэмжигчийн ач холбогдлын талаарх мэдээллийг “Гурван толгой”-н худагт очин жишээ болгож үзүүллээ.  Цаашид жил бүр сумын малчид, иргэдийг дээрх арга хэмжээнд өргөн хүрээгээр оролцуулж, санал хүсэлтийг нь төлөвлөгөөнд тусган, байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэж ажиллахаар санал нэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)