The New York Times: Оросын гипер зэвсэг ба зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн

Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд баригдалгүйгээр түүнийг хялбархнаар тойрон гарч чадах  дуунаас хэт хурдан /hypersonic/ зэвсгийг байрлуулж эхэлсэн гэдгээ Оросын зэвсэгт хүчний удирдлага баасан гарагт /12-р сарын 27/ мэдэгдлээ. Оросын энэ алхам нь цөмийн зэвсэгтэй хамгийн том хоёр гүрний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шатны эхлэл болж магадгүй гэсэн дүгнэлтийг Жулиан Барнс, Дэвид Сангер нар хийжээ. 

Шинэчлэн сайжруулсан пуужинд суурилуулсан, цагт 6 мянган км хүртэл хурдлахаас гадна цөмийн цэнэгт хошуу тээж чадах гипер зэвсэг оросуудад бий гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Америкийн албаны хүмүүс мөн өдөр мэдэгдлээ.

Оросууд шинэ зэвсгийн технологийг бий болгохын тулд олон жилийн турш асар их хөрөнгө мөнгө зарцуулсан байна. Тэд Хүйтэн дайны үйл явцыг дахин давтахгүйн тулд, өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн шинэ системүүдийг зохион бүтээх тал дээр Америкийг гүйцэх гэж байнга оролдсоор ирсэн тэр үеийг дахин давтахгүйн тулд эрс шийдэмгий алхам хийлээ. Нэг жилийн өмнө Оросын Ерөнхийлөгчийн ярьж байсанчлан “Авангард” хэмээх шинэ систем нь ажиллаж эхлэх аваас тэртэй тэргүй хүчирхэг байгаа Оросын цөмийн зэвсгийн чадавхи мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж Америкийн албаны хүмүүс үзэж байна.

 

Гипер зэвсэг нь асар их хурдтайгаас гадна урьдчилан таамаглахын аргагүй чиглэлд маневр хийдэг учраас түүнийг устгах нь байтугай байрлалыг нь тогтоох ч хэцүү. АНУ-ын зэвсэгт хүчний дээд албан тушаалтнуудын ярьснаар бол, тус улс 2022 он гэхэд өөрийн гэсэн гипер зэвсэгтэй болохоор төлөвлөж байгаа аж. Гэвч энэ нь хэтэрхий өөдрөг зорилт гэж зарим шинжээчид үзэж байна.

Үүний сацуу одоо ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан дипломатчдын үзэж байгаагаар, Орос улс дуунаас хэт хурдан гипер зэвсгээ байрлуулж эхэлсэн тухайгаа зарлан мэдэгдсэн нь зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шатыг эхлүүлэх гэсэндээ бус харин дипломат хэлэлцээг эхлүүлэх зорилго агуулж байгаа бололтой.

Зэвсэглэлд хяналт тавих тухай АНУ, ОХУ-ын хооронд байгуулагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй цорын ганц гэрээ болох Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээг /цаашид СНВ-3/ сунгахыг Трампаар зөвшөөрүүлэх гэж Москва маш их хүсч байгаа. Уг гэрээний дагуу цөмийн цэнэг, тив алгасах баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцноос харвадаг баллистик пуужин ба хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тоог хязгаарласан билээ. Гэрээний хүчинтэй хугацаа нь 2021 онд болох Америкийн Ерөнхийлөгч албан тушаалдаа орох ёслолын дөнгөж дараахан дуусгавар болох юм.  

Харин Трампын засаг захиргаа гэрээг сунгах талаар одоогоор ямар ч амлалт өгөөгүй бөгөөд Америкийн Ерөнхийлөгч хэдэнтээ давтан хэлэхдээ “Хятад болон бусад цөмийн зэвсэгтэй гүрнүүд гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд л гэрээг сунгахыг зөвшөөрнө” гэж байсан юм. Гэтэл Америк болон Оросын тус бүрийнх нь цөмийн зэвсгийн нөөцийн 1/5-тэй тэнцэх хэмжээний цөмийн цэнэгтэй Хятад улс өөрийнх нь нөөцөд ямар нэгэн хязгаарлалт тогтоохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн.  

2019 оны 11 дүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэхдээ “Обамагийн засгийн газар СНВ-3 гэрээг байгуулснаас хойших 10 жилийн хугацаанд дэлхий ертөнц өөрчлөгдсөн, ийм учраас зэвсэглэлд хяналт тавих гэрээнүүдэд АНУ, ОХУ-аас гадна бусад улс оролцох ёстой” гэсэн байна. 

Харин Орос улс шинэ зэвсгээ танилцуулахдаа Ерөнхийлөгч Трампыг хэлэлцээний ширээний ард суулгахыг хүсч байж тун магадгүй. Өнгөрсөн долоо хоногт Путин хэлэхдээ, гипер зэвсгийн технологийн салбарт Орос улс бусад бүх улсаас давамгайлж байна гэсэн бөгөөд Оросын технологи Америк, Хятадын технологиос давуу байгаа ховорхон үеийг жинхэнээр мэдрэн баясч байна.

Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үеийг эхлүүлэхийг Трамп хэдэнтээ уриалж байсан бөгөөд эцсийн эцэст Америкийн зэвсэг ялан давамгайлна гэж мэдэгдэж байсан билээ. Хэдэн жилийн өмнө АНУ гипер зэвсгийн технологийн салбарт маргашгүй манлайлагч байсан бол сүүлийн үед зохион бүтээх ажлын эрч илт саарчээ.

“Орос, Хятад хоёр гипер зэвсгийг үндэсний хэмжээний тэргүүлэх зорилт болголоо. Харин бид ингэсэнгүй” гэж Америкийн зэвсэгт хүчний худалдан авах ажиллагаа, технологи хариуцсан албан тушаалтан Уильям Роупер ярьж байна.

Америкийн зэвсэгт хүчин дуунаас хэт хурдан зэвсгийн хоёр ч загварыг туршиж байгаа аж. Зохион бүтээх ажил эрчимтэй явагдаж байгаа боловч шинэ зэвсгийг 2022 оноос нааш зэвсэглэлд нийлүүлж амжихгүй бололтой. Пентагоны бусад салбар нэгжүүд, тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Ирээдүйтэй судалгааны төслүүдийн газар нь гипер зэвсэг зохион бүтээхээр шаргуу ажиллаж байгаа хэдий ч хүссэн үр дүнд хүрэхэд нэлээд олон жилийн хугацаа шаардагдахаар байна.

Гэхдээ оросууд шинэ зэвсгээ байрлуулснаас үүдэн АНУ-д учрах аюул тийм ч  ноцтой биш гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд Орос улс цөөн тооны цогцолбор /20-аас цөөн/ байрлуулсан гэж АНУ дахь Зэвсэглэлд хяналт тавих холбооны гүйцэтгэх захирал Дэрил Кимбалл ярилаа. Түүний хэлснээр, Орос, АНУ хоёр зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх шинэ хэлэлцээний явцад дуунаас хэт хурдан зэвсгийн талаар хөндөн ярилцах нь зүйтэй ажээ.

Оросын шинэ зэвсэг гэдэг нь дуунаас хэт хурдан, далавчит блок /салдаг хэсэг/ бүхий стратегийн зориулалттай пуужингийн цогцолбор бөгөөд эсрэг талын пуужингийн довтолгооноос хамгаалах радарт баригдалгүйгээр агаар мандлын доод давхаргад нисэж чадах аж. 

Дуунаас хэт хурдан байлдааны блок /салдаг хэсэг/-ийг тив алгасагч баллистик пуужинд суурилуулсан бөгөөд уг блокийг эхлээд ердийн пуужингаар байнд хүргэнэ. Бай ойртох тусам уг блок урьдчилан тооцоолохын аргагүй траекториор дуунаас хурдан нисэж эхлэх учраас түүнийг илрүүлэн устгах нь маш хэцүү. Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн цогцолборуудын ажиллах зарчим нь эхлээд дайсны пуужингийн нислэгийн траекторийг тооцоолж тодорхойлсны дараа түүн рүү амдан сөнөөх пуужин харвахад оршдог.  

12 дугаар сарын 27-ны баасан гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Путинд илтгэхдээ, стратегийн зориулалттай, далавчит салдаг хэсэг бүхий пуужингийн цогцолбор болох “Авангард”-ыг байлдааны жижүүрлэлтэд гаргаснаа мэдэгдсэн байна. Стратегийн пуужинт цэргийн командлагч Сергей Каракаев-ын мэдээлснээр бол, шинэ пуужингуудыг Казахстантай залгаа хилээс холгүй орших Оренбург мужийн Ясный хотод байрлуулжээ.

 

Хурандаа генерал Сергей Каракаев 

Эдгээр мэдэгдэлд Пентагон тайлбар өгөхөөс цааргалсан боловч Америкийн бусад албан тушаалтнуудын тэмдэглэн хэлснээр бол, Москва шинэ зэвсгээ байрлуулсан гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй аж.

Зэвсэглэлд хяналт тавих тухай одоо үйлчилж буй гэрээнд тив алгасах пуужинд шинэ зэвсэг суурилуулахыг хориглосон заалт байхгүй юм.  Гэрээнд заасны дагуу 11 дүгээр сард Оросын цэргийнхэн шинэ зэвсгээ Америкийн албаны хүмүүст үзүүлж, шинэ технологио АНУ-д гайхууллаа.

Ерөнхийлөгч Путин 2018 оны 3 дугаар сард Холбооны хуралд хандан үг хэлэх үедээ танилцуулж байсан Оросын шинэ цогцолборуудын нэг нь “Авангард” юм. Тухайн үед Путин “энэ пуужин байндаа хүрэх үедээ сүүлт од мэт хурдалж, пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслүүдэд огт баригдахгүй” гэж байсан билээ. 2002 онд АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээнээс гарсны дараа ОХУ өөрийн стратегийн пуужинт цэргийн чадавхийг нэмэгдүүлэх арга замуудыг хайж эхэлжээ.

 

В.Путин "Авангард"-ыг танилцуулж байгаа нь 

Одоогоор Орос улс АНУ-ын баруун эрэгт цөмийн цэнэг хүргэж чадах алсын тусгалтай торпед, цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин зохион бүтээх зэрэг бусад төслийг хэрэгжүүлж байна. СНВ-3 гэрээгээр эдгээр зэвсгийн алиныг нь ч хориглоогүй, гэхдээ тэдгээрийг байрлуулахад нэг жилээс дээш хугацаа шаардлагатай.  

 

 

Америкийн гипер зэвсгийн хоёр загвар нь Оросын шинэ зэвсгээс ялгаатай бөгөөд тэдгээрийг тив алгасах пуужинд бус харин нисэх онгоцонд суурилуулдаг. Шинэ зэвсэг зохион бүтээх, дуунаас хэт хурдан зэвсгийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг зохион бүтээхийн тулд хангалттай их хэмжээний мөнгийг Америкийн цэргийн төсөвт суулгасан байна. Гэхдээ ямар үр дүнд хүрсэн вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

 

Пентагоны төлөөлөгч, хурандаа Роберт Карвер-ын ярьснаар, гипер шинэ зэвсгийг аль болох ойрын хугацаанд зохион бүтээхийн тулд АНУ-ын зэвсэгт хүчин маш шаргуу ажиллаж байгаа бөгөөд шинэ зэвсгийн загваруудыг бэлэн болголоо ч гэсэн үүнд тайвширч болохгүй, гипер зэвсгийн салбарт давамгайлахын тулд АНУ зохион бүтээх ажлыг тууштай үргэлжлүүлэх ёстой ажээ.  

 

Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://inosmi.ru/military/20191230/246547024.html

https://www.nytimes.com/2019/12/27/us/politics/russia-hypersonic-weapon.html

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)