Орос-Украины “хийн дайн” дууслаа
- 2020-01-07
- Дэлхий
- 0
Орос, Украин хоёр улс эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу “Газпром” компанийн эсрэг авсан монополийн эсрэг 7,4 тэрбум долларын хоригийг цуцаллаа. Түүнчлэн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Оросын хийг Украины нутгаар дамжуулан тээвэрлэх /транзит/ тухай баримт бичгүүдэд 30-ны өдрийн орой талууд гарын үсэг зурсан байна.
Хий нийлүүлэлт, транзитийн асуудлаарх хэлэлцээ хэдэн долоо хоногийн турш үргэлжилжээ. Талууд бие биенийгээ хэлэлцээнд саад учруулсан, удаашруулсан гэж буруутгасаар байсан бөгөөд энэ бүхэн нь нийлүүлэлт зогсож, хийн шинэ дайн дэгдэхэд хүргэж мэдэхээр байв. “Вена хотод 5 хоногийн турш тасралтгүй хэлэлцээ хийсний үр дүнд эцсийн шийдвэрийг гаргаж, эцсийн тохиролцоонд хүрч чадлаа. Бүхэл бүтэн багц гэрээ хэлцлүүд байгуулсан нь талуудын эрх ашгийн тэнцвэрийг сэргээлээ” гэж “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер онцлон тэмдэглэсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский фэйсбүүк хуудсандаа бичсэнийг үзвэл, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар Украины тал эл хугацаанд хамгийн багаар бодоход 7 тэрбум долларын орлого олохоор байгаа бөгөөд хэлцлийг 10 жилээр сунгаж болох аж.
Орос-Украины хэлэлцээ нь Стокгольмын Арбитрын шүүхэд “Газпром”, “Нафтогаз” компаниудын заргыг хэлэлцэж байх үед болж байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Газпром” компани Украины “Нафтогаз”-ад 2,9 тэрбум долларыг шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн байна.
Бүгдэд хожоотой
Хийн асуудлаарх шинэ тохиролцоо нь бүх талд ашигтай гэдэгт хэлэлцээнд оролцсон Европын Комиссын Эрчим хүчний холбооны дэд ерөнхийлөгч Марош Шефчович итгэлтэй байна. “Оросын хийг Украины нутгаар 15 хүртэл жилийн хугацаанд тасралтгүй дамжуулан тээвэрлэх боломжийг бид хангаж чадлаа” гэж тэрбээр өөрийн бичсэн “Хийн хэлэлцээнээс бүгд хожно” гэдэг нийтлэлдээ онцлон дурджээ.
Гэрээ байгуулсны ачаар Украин улс стратегийн дамжуулан тээвэрлэгч улс болсон бол харин Оросын тал нийлүүлэлтийн сувгаа төрөлжүүлэн олон болгож, “Нафтогаз” компанитай хийж байсан заргаа дуусгалаа. Тэр тусмаа “Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтанд оруулах хугацаа сунжирч буй энэ үед “Газпром” компани нь эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай нийлүүлэгч гэдгээ харуулах боломж олдлоо гэж “БКС Премьер”банкны ахлах шинжээч Сергей Суверов үзэж байна.
“Нафтогаз”-ад 3 тэрбумыг төлсөн нь “Газпром”-ын ашиг, ногдол ашигт нөлөөлөхгүй, учир нь, ийм хэмжээний алдагдал учирна гэдгийг 2017 онд тооцоолсон байсан гэдгийг шинжээч дурдлаа. Мөн Moody's агентлагийн хийсэн дүгнэлтээр, Украины талд мөнгө төлсөн нь “Газпром”-ын төлбөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд талууд нэхэмжлэлүүдээсээ татгалзсан нь “Газпром”-ыг гадаад дахь хөрөнгөө хураалгах эрсдэлээс аварч байгаа юм.
Арбитрын шийдвэрийн дагуу төлөх мөнгийг “Газпром” эртнээс нөөцөлж байсан гэдгийг Москвагийн “Сколково” удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн хийн шинжээч Сергей Капитонов дурдлаа.
“Украинд ашигтай байх нь мэдээж. Одоогийн үнэ хэвээр байх аваас ирэх онд тус улс транзитаас бараг 2 тэрбум доллар олно. Дараагийн 4 жилийн хугацаанд жил бүр 1 тэрбумаас бага зэрэг илүү мөнгө олно. Энэ мөнгийг Украин улс хийн дамжуулах хоолойгоо шинэчлэхэд зарцуулж болох бөгөөд ингэснээр 2024 оноос хойш сонирхол татахуйц транзитын нөхцлийг санал болгох боломжтой” хэмээн Капитонов ярилаа. Шинжээчийн дүгнэснээр, энэ удаагийн гэрээ хэлцэл нь ээлжит хийн дайнаас зайлсхийх боломжийг олгосноороо “Газпром”-д чухал юм.
Стокгольмд “Нафтогаз” ялсан нь
2014 оны хавар оросууд Крымыг өөртөө нэгтгэснээс хойш хийн салбар дахь Орос-Украины харилцаа ээлжит удаагаа дахин хурцадсан билээ. 2014 оны 3 дугаар сарын мэдээллээр, 2013 онд Украинд нийлүүлсэн хийн төлбөрийн үлдэгдэл 2 тэрбум орчим долларт хүрснийг “Газпром” компанийн тэргүүн А.Миллер мэдэгдэж байв.
4 дүгээр сарын эхээр “Газпром” хөнгөлөлтөө цуцалснаар Украинд нийлүүлэх хийн үнэ 258 доллароос 485 доллар /1000 шоо метр/ болж өссөн нь тухайн үед Европ тивд хамгийн өндөр үнэ байлаа. Киевийн эрх баригчид ийм өндөр үнээр хий худалдан авахгүй гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн байна.
2014 оны 6 дугаар сард Оросын тал Украинд хий нийлүүлэхээ зогсоож, Стокгольмын Арбитрын шүүхэд хандан, 4,45 тэрбум долларын өрийг Украинаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргалаа. Үүний хариуд “Нафтогаз” компанийн зүгээс хэлцлийн үнийг дахин авч үзэх, “Газпром”-оос 6 тэрбум доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
“Ав эсвэл төл” гэсэн нөхцлөөр 2012-2013 онд хий дутуу авсных нь төлөө “Газпром” компани Украины талд 18 тэрбум долларын торгууль ногдуулсан аж. “Газпром”-ын экспортын хэлцэлд тусгагддаг дээрх нөхцлийн дагуу худалдан авагч нь хэрэглээгүй байсан ч гэсэн тодорхой хэмжээний хийний төлбөрийг төлөх ёстой аж.
Талууд бие биенийхээ эсрэг нэхэмжлэлүүдийг Стокгольмын Арбитрын шүүхэд гаргасаар байлаа. 2014 оны байдлаар, “Газпром”-ын зүгээс “Нафтогаз”-аас нэхэмжилсэн мөнгөний хэмжээ 23,8 тэрбумд хүрсэн бол Украины тал 16 тэрбумыг нэхэмжилжээ.
“Нафтогаз” компани хийг буцаан нийлүүлэх /реверс/ асуудлаар Европын орнуудтай тохиролцоо хийж эхэлсэн ба 2015 оны 11 дүгээр сараас тус компани Оросын хийг худалдан авахаа зогсоожээ.
2017 оны 5 дугаар сард Стокгольмын Арбитрын шүүх хоёр талын маргаантай асуудлаар анхны шийдвэрээ гаргалаа. Уг шийдвэрийн дагуу Украины тал 47 тэрбум долларын торгуулиас чөлөөлөгдсөн байна.
Үүнээс хойш маргаан хоёр жилийн турш үргэлжилсэн байна. 2019 оны 11 дүгээр сард “Газпром” компани “Нафтогаз”-ад 2,9 тэрбум доллар төлөхөөр болжээ.
Хийн хямрал үргэлжилсэн он цагийн дараалал
1993 он
Хийн хямралын эхлэл
1993 оны 2 дугаар сард “Газпром” компани өрийн асуудлаас үүдэн Украинд хий нийлүүлэхээ зогсооно гэж сүрдүүлж эхлэв. Хариуд нь украинчууд Европт нийлүүлж буй хийн транзитийг зогсооно гэж мэдэгдлээ. Мөн оны 6 дугаар сард хоёр тал газрын тос ба байгалийн хийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулжээ. Хий дамжуулах хоолойн тасралтгүй ажиллагааг хангахын тулд тодорхой арга хэмжээнүүд авахаар талууд тохиролцсон байна.
1994 он
Хийн асуудлаарх анхны хэлэлцээр
2005 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх хэлэлцээрийн дагуу Орос улс жил бүр 50-70 тэрбум шоо метр хийг Украинд нийлүүлэх үүрэг хүлээжээ. Түүнчлэн Украины нутгаар дамжуулан Европт нийлүүлэх хийн хэмжээг тохиролцсон байна. Харин хийн үнэ ба нийлүүлэх хийн хэмжээг “Газпром”, “Укргазпром” хоёр жич тохиролцохоор болжээ.
1995-1996 он
Украины эрчим хүчний нэгдсэн систем ба “хийн гүнж”
1995 онд гэр бүлийн хоёр болох Юлия, Александр Тимошенко нарын байгуулсан “Украины бензин” корпорацийн нэрийг “Украины эрчим хүчний нэгдсэн систем” /ЕЭСУ/ болгон өөрчилсөн ба мөн онд Ю.Тимошенко корпорацийн ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Улмаар тус компани Украин дахь байгалийн хий импортлогч хамгийн том аж ахуйн нэгж болж өргөжжээ.
1997 он
Найрамдлын /том/ гэрээ
Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн тухай Украин-Оросын гэрээнд зааснаар, талууд харилцаагаа хүч хэрэглэхгүйгээр, эдийн засгийн болон бусад дарамт шахалтгүйгээр цогцлоон хөгжүүлэхээр тохиролцсон байна. Гэвч үүнээс хойш 10 жил өнгөрөөгүй байхад Киевийн эрх баригчид “хийн дарамт шахалт”, “хийн зэвсэг”, “хийн дайн”-ы тухай ярьж эхэлжээ. Улмаар Украины тал 2018 онд гэрээнээс гарсан байна.
1998 он
“Нафтогаз” үндэсний хувь нийлүүлсэн компанийг байгуулсан нь
Украинд үндэсний хувь нийлүүлсэн “Нафтогаз” гэдэг компани байгуулагдлаа. Тус компани хий импортлох, хий дамжуулан тээвэрлэх төдийгүй хий болон газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлнэ. “Нафтогаз” компани Оросын “Газпром”-той хийж буй хэлэлцээрүүдэд оролцож эхэллээ.
2001 он
Алексей Миллер ба хий нийлүүлэх шинэ гэрээ
2001 онд “Газпром”-ын тэргүүнээр Алексей Миллер томилогдлоо. Мөн онд хоёр орны засгийн газрууд 2013 он хүртэлх хугацаанд хий дамжуулах тухай шинэ гэрээг байгуулсан ба Украины төлөх өрөнд бүтцийн өөрчлөлт хийх талаар тохиролцсон байна.
2004 он
Сонгууль ба хөнгөлөлт
2004 оны Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Виктор Янукович ялна гэж найдаж байсан Орос улс Украинд нийлүүлж буй хийндээ хөнгөлөлт үзүүлсэн ба талууд Украины нутаг дахь хий дамжуулах хоолойг ашиглах хамтарсан консорциум байгуулав.
2005 он
Хийн 1-р дайн /шинэ жилийн/
Гэвч Виктор Ющенко сонгуульд яллаа. Хоёр орны хооронд хийн хямрал дахин дэгдэв. Европ руу нийлүүлж буй хийн үнээ эргэн харж үзэхийг “Нафтогаз” хүссэн бол “Газпром”-ын зүгээс хийн үнийг 50 доллароос /1000 шоо метр/ 230 долларт хүргэж өсгөхийг шаардав. Үүнийг Украины тал эсэргүүцлээ. 2005 онд хийн хэлцлийг дахин шинээр байгуулсангүй.
2006 оны 1 дүгээр сар
Оросын тал хийн хоолойгоо хаав
1 дүгээр сарын 1-нээс эхлэн Оросын тал Украинд хий нийлүүлэхээ зогсоолоо. Удалгүй хийн хоолойн даралт буурсан талаар Европын орнууд мэдэгдэж эхлэв. 1 дүгээр сарын 4-нд шинэ гэрээнд гарын үсэг зурсны дагуу "РосУкрЭнерго" гэдэг зуучлагч компани Оросын өндөр үнэтэй хий ба Дундад Азийн хямд хийний хольцыг 95 доллароор Украинд нийлүүлэх үүрэг хүлээжээ.
2009 оны 1 дүгээр сарын 1-9
Хийн 2-р дайн /шинэ жилийн/
2008 оны эцэс болоход Орос, Украин хоёр хий нийлүүлэх хэлцэл байгуулж чадсангүй. Оросын тал үнийг 235 доллароос буулгахгүй гэсэн хатуу байр суурьтай хэвээр байсан бол Украин үүнийг зөвшөөрөхгүй байлаа. 1 дүгээр сарын 1-нд оросууд Украинд хий нийлүүлэхээ зогсоож, 5-ны өдөр Европт нийлүүлж буй хийн хэмжээгээ бууруулав. Улмаар 7-ны өдөр Украины нутгаар хийгээ дамжуулан тээвэрлэхээ бүрмөсөн зогсоожээ. Үүний улмаас Дорнод Европын улсууд хохирол амслаа.
2009 оны 1 дүгээр сарын 7-19
Хийн 2-р дайн /шинэ жилийн/ - Онцгой нөхцөл байдал үүссэн нь
1 дүгээр сарын эхээр Украины тал агуулахад байгаа нөөцөөр хэрэглэгчдийг хангаж байлаа. 1 дүгээр сарын эхний хагаст талууд хэлэлцээ хийсэн бол 19-ний өдөр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан В.Путин, Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенко нар уулзжээ. Уулзалтын дараа “Газпром”, “Нафтогаз”-ын төлөөлөгчид шинэ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.
2009 он
Тимошенко-Путиний хэлэлцээр
Хэлэлцээрийн дагуу "РосУкрЭнерго" зуучлагч компанийг татан буулгаж, хийг “Газпром”-оос шууд “Нафтогаз”-ад нийлүүлэхээр болжээ. Оросын хийний үнийг нефть ба нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тогтоохоор тохиролцсон байна. 2019 оны эцэс хүртэл хүчинтэй байх гэрээнд “ав эсвэл төл” гэсэн нөхцлийг тусгажээ.
2010 он
Харьковын хэлэлцээр – Флот байрлуулсны хариуд хөнгөлөлттэй үнээр хий нийлүүлсэн нь
В.Янукович Украины Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. В.Янукович Оросын Ерөнхийлөгч Д.Медведев нар Харьков хотноо хийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт заасны дагуу Украин улс 100 долларын хөнгөлөлт /1000 шоо метр/ эдлэхээр болсон ба үүний хариуд Оросын тэнгисийн цэргийн флотыг Севастополь хотод 2017-2042 оны хугацаанд байрлуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх үеэр Украины парламентад зодоон болсон байна.
2011-2014 он
Ю.Тимошенкогийн хэрэг
2009 онд хий нийлүүлэх хэлцлүүдэд гарын үсэг зурсных нь төлөө Ерөнхий сайд асан, сөрөг хүчний удирдагч Юлия Тимошенкод 7 жилийн хорих ял оноов. Тимошенко шүүхийн шийдвэрийг “улс төрийн мөрдлөгө хавчлага” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Янукович Украинаас зугтан гарсны дараа Дээд Рад Тимошенког суллах тогтоолыг баталлаа. Хожим нь, Дээд шүүхээс Тимошенкогийн “хийн хэрэг”-ийг бүрмөсөн хаажээ.
2011 оны 11 дүгээр сар
Украиныг тойрч гарах замууд
Оросын хийг Балтийн тэнгисээр дамжуулан Европт нийлүүлэх зорилгоор “Умардын урсгал” хийн хоолойн эхний шугамыг “Газпром” компани барьж эхлэв. Хожим нь Украиныг тойрч гарах “Умардын урсгал”-ын хоёрдахь шугам ба “Туркийн урсгал” хоолойг барьж эхэлсэн байна.
2014 оны 4-6 дугаар сар
500 долларын үнэтэй хий
Крымыг өөртөө нэгтгэснийхээ дараа Орос улс 100 долларын хөнгөлөлтийг хүчингүй болгов. “Үнэгүй зүйл үгүй боллоо” гэж Оросын Ерөнхий сайд Медведев мэдэгдсэний дараа Украинд нийлүүлэх хийн үнэ 268 доллароос 485 доллар болж өсөв. Киевийн эрх баригчид ийм үнэ төлөхөөс татгалзсан байна. 6 дугаар сард Оросын тал хий нийлүүлэхээ зогсоож, урьдчилан төлбөрийн системийг нэвтрүүлжээ.
2014 оны 6 дугаар сарын 16
Бүгдээрээ шүүхэд хандсан нь
Нийлүүлэлтээ зогсоосныхоо дараа “Газпром” компани Стокгольмын Арбитрын шүүхэд хандан, Украинаас 4,5 тэрбум доллар нэхэмжилжээ. “Нафтогаз” сөрөг нэхэмжлэл гаргаж, “Газпром”-оос Украинд нийлүүлж буй хийнд зах зээлийн шударга үнэ тогтоох, гэрээнд зах зээлийн бус нөхцөл тулгасны төлөө 6 тэрбум долларын нөхөн олговор төлөхийг Оросын талаас шаардсан байна.
2014-2015 оны намар
“Өвлийн багц” ба реверс
2014 оны намар Киев, Москва хоёр Брюсселийн зуучлалтайгаар “өвлийн багц”-ийн хүрээнд хий нийлүүлэлтийг дараа жилийн хавар хүртэл түр сэргээх шийдвэр гаргалаа. Уг багц 2015-2016 оны өвөл мөн үйлчлэхээр болсон байна. Гэвч Европын буцаан нийлүүлэлт хийж эхэлсний дараа 2015 оны 11 дүгээр сард Украины тал Оросын хийг шууд импортлохоос татгалзжээ.
2018 оны 2 дугаар сарын 28
Стокгольмд ялсан нь
Стокгольмын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Газпром” компани “Нафтогаз”-ад 2,56 тэрбум доллар төлөхөөр болсон байна. Хэрвээ “Нафтогаз” Стокгольмд ялагдсан бол бараг 100 тэрбум долларын алдагдал хүлээхээр байлаа.
2019 он
Дороо эргэлдсэн хөдөлгөөн
Он гарснаас хойш “Нафтогаз”, “Газпром” хоёр одоогийн гэрээний хүчинтэй хугацаа дууссаны дараа хэрхэх вэ гэдэг талаар тохиролцохыг оролдсоор байлаа. Украины хувьд, Европын дүрэм журмын дагуу транзитын урт хугацааны шинэ гэрээ байгуулах сонирхолтой байсан бол Оросын тал өөрийнх нь эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Украин улс “тэглэх”, Оросын хийг Украинд шууд нийлүүлэх, транзитийн гэрээг богино хугацаатайгаар байгуулахыг хүсч байлаа.
Б.Адъяахүү
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-50907106
Сэтгэгдэл (0)