Г.Отгонбаяр: 30 жил хийсэн аврагчийнхаа ажилд одоо ч гаршаагүй л явна
- 2020-01-09
- Өөр өнцөг
- 0
Шинэ оны босгон дээр Онцгой байдлын байгууллага 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа үнэлж дүгнэн, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, алба хаагчдыг шалгарууллаа. Аз, од нь гийсэн гэхээс илүү алдар гавьяагаа бодитоор үнэлүүлсэн аврагчдын нэг нь НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Гомбын Отгонбаяр байлаа.
Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байгаа түүний хувьд 1046 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 919 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 19 тэрбум төгрөгийг авран хамгаалж, 236 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гаргасан ачтан.
Уншигч танд ярилцлагаа хүргэхээс өмнө түүний үүрэг гүйцэтгэсэн ажиллагаанаас товчхон сийрүүлье. Ахлах ахлагч Г.Отгонбаяр 2005 онд Бөмбөгөр худалдааны төв, 2007 онд Монгол Ардын хувьсгалт намын төв байр, 2008 онд Анун худалдааны төвийн агуулах, 2014 онд Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний зах, 2017 онд “Говь” ХХК-ийн агуулах, 2019 онд БЗД-ийн “Е-Март” худалдааны төв, “Өнөр бүл” хүүхдийн төвд гарсан объектын гал түймрийн дуудлагаар ажиллан, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд 60 хоног үүрэг гүйцэтгэсэн. Мөн Туул гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийн үүргийг 110 гаруй удаа гүйцэтгэж, 60 гаруй эрдэнэт хүний амь насыг авран, буцалтгүй 40 нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх ажиллагаа явуулан гаргаж холбогдох байгууллага, ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.
– “Энэ жилийн хамгийн “нүдээ олсон” шагнал аврагчдад өгсөн 16 сая төгрөг байлаа” гэж хэвлэлийнхэн тэргүүн нүүрэндээ онцолж байна. Яг шагнал гардах мөчид танд ямар бодол төрж байв?
– Аврагч бидний ар талд найдвартай ар гэр байдаг учраас л бид ар гэртээ санаа зоволгүй үүргээ гүйцэтгэдэг. Яг энэ мөчид гэр бүл маань л их бодогдож байлаа. Ар гэрт ямар нэг санаа зовоосон асуудалтай, өвчин зовлонтой байвал ажил дээрээ ч тогтож суухгүй, үүрэгт ажлаа хийхэд хүндрэлтэй байдаг.
– Юм бүхэн учир шалтгаантай. Таны энэ байгууллагатай холбогдсон түүх уншигчдад маань сонин байх болов уу?
– Бага байхад шүхэр гэдэг зүйлд хачин сонирхолтой байв. Архангай аймаг ой мод ихтэй. Ой, хээрийн түймэр маш их гарна. Улсын иргэний хамгаалалтын газрын харьяанд явдаг найман салбарын нэг нь манай аймагт байдаг байсан. Нисэх онгоцны буудал дээр буудаг шүхэрчдийг байнга очиж хардаг байлаа. Шүхрээр бууж үзэхсэн гэдэг л мөрөөдөл байсан. Ингээд 10 жилийн дунд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн хөдөө аж ахуйн техниккумд автомеханикаар дөрвөн жил суралцаад төгсч ирээд шууд л аймгийнхаа байгалийн гамшигтай тэмцэх салбарт орсон. Ажлын байранд хүн бүртгэж байна гэсэн зар аваад бие бялдар, сэтгэл зүй гээд бүх шалгалтаа өгч тэнцсэн юм. Одоо би сайн санадаг. Нийтдээ 128 хүн шалгалт өгөөд тэндээс таван хүн л тэнцсэн. Тэр таван хүний нэг болж энэ албанд орсон доо.
– Ямар аавын хүү шагналын эзнээр тодров, ямар гавьяа байгуулсан бол гэж ард түмэн харж байгаа. Өөрийнхөө тухай тодорхой ярьж өгнө үү?
– Би Архангай аймагт төрж өссөн. Жирийн нэгэн сэхээтэн гэр бүлээс гаралтай. Аав маань нягтлан бодогч, ээж номын сангийн эрхлэгчээр ажилладаг байсан. Анх 1989 оны 11 дүгээр сарын 28-нд тушаал маань гараад 6 сарын курс /одоогийн Ахлагчийн сургууль/-т суралцсан. Тэгээд 1990 оны 2 дугаар сараас шүхэрчин-гал сөнөөгчөөр Архангай аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбараас ажлын гараагаа эхлүүлж байв. Тэндээс 1996 онд тухайн үеийн Нийслэлийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт буюу хот руу ирж ажиллаж байсан юм.
– Шүхэр таныг энэ албанд хөтөлж тийм үү?
– Тиймээ. Шүхэр задраад онгоцноос бууж байгаа нь их л гоё харагддаг байсан. Хүүхэд байсан учраас сонирхолтой санагддаг байсан. Амьдрал дээр шүхэрчин болоод анхны буултаа хийсэн тэр үе сэтгэлээс огт гардаггүй. Тухайн үед шүхрийн зааварлагч нар маань мундаг хүмүүс байсан. Тэдний нэг нь шүхрийн зааварлагч н.Бумандорж гэж байлаа. Архангайд 6 жил ажилласан. Тэр үед эргүүлийн нислэг гэж явна. Эргүүлийн нислэгийн зорилго нь түймрийг газар авахуулахгүй унтраах. Агаараас тандалт хийж, илрүүлэн унтраах, түймрийн цэг дээр цаг алдалгүй очих. Зөвхөн Архангай биш шүү дээ. Тойрсон дөрвөн аймгийг хариуцдаг байсан.
– Та тэгэхээр хэдэн он хүртэл шүхрээр буусан юм бэ?
– 2003 он хүртэл буюу 12 жил шүхрээр буулт хийсэн байдаг. Үүнээс 10 жилийн дотор нийт 485 удаагийн буулт хийсэн. Хавар, намрын улиралд дадлага хийдэг байлаа. Ер нь агаарын ажиллагаа гэдэг хамгийн осолтой шүү дээ. Дадлага, бэлтгэл хийхгүйгээр буулт хийнэ гэж байхгүй.
– Тэгээд Улаанбаатарт ирсэн ч орон нутаг түймрийн голомт руу их явсан биз?
– Хотод шилжин ирсэн ч очиж үзээгүй аймаг, түймэрт ажиллаагүй газар гэж үгүй. Нийслэлийн ногоон бүс бол бүр тоогоо алдсан. Үнэнийг хэлэхэд би аврах ажиллагааг тоолох дургүй. Яагаад гэвэл үүрэг гүйцэтгэхээр явж байх хугацаанд амжихгүй тохиолдол байдаг. Одоо цагт амиа хорлолтын дуудлага маш их байна. Биднийг хүлээхгүй шүү дээ. Замын түгжрэл ямар байгаа билээ. Нэг захаас нөгөө зах руу ч дуудлага гарна. Энэ мэт тусламж үзүүлж, аварч чадахгүй дуудлага бүрт сэтгэл эмзэглэж явдаг. Мөн би тэдэн хүний амь аварсан гэж бахархах дургүй. Хэрвээ аварсан хүний тоо гэвэл маш их гарна. Тухайн хүнийг авраад амьдрал бэлэглэх нь л чухал. Түүндээ л баярлаж явдаг.
– Тэгвэл та 2003 оноос хойш бүх төрлийн дуудлагад явж байгаа байх тийм үү?
– Аврах ажиллагааны 30 гаруй төрлийн дуудлага байдаг. Гэтэл сүүлийн үед энэ тоо нэмэгдэж байна. Химийн дуудлага, газ гэх мэтээр нийгэм хөгжихийн хэрээр түүнийг дагасан ахуйн ослын дуудлага нэмэгдэж байна. Энэ бүхэнд бүгдэд нь л явж байна. Онцгой байдлын албанд миний хийж үзээгүй ажил гэж байхгүй. Гал сөнөөгчөөс эхлээд шүхэрчин-гал сөнөөгчөөр 10 жил, усчин аврагчаар 6 жил, тэсэлгээчин аврагчаар 5, химичин аврагчаар 4 жил, бүлгийн дарга гээд шат дараатайгаар бүгдийг хийж үзсэн.
– Бүх аврагчийн онцлогийг та биетээр мэдэрч ээ?
– Аврагч хүн гэдэг бүх төрлийн гамшиг осолд үүрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Одооны нөхцөлд бид ямар ч нөхцөлд хөрвөх чадвартай, ямар ч дуудлагад очсон үүрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой л гэж боддог.
– Энэ шагналыг зүгээр ч нэг аврагч хүртдэггүй. Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид очдог нэр хүндтэй шагнал. Таныг энэ шагналын эзэн болоход юу хамгийн их түлхэц болсон гэж та бодож байна?
– Онцгой байдлын албанд бие, сэтгэлээ зориулаад 30 дахь жилээ угтах гэж байна. Би ганц л зүйл боддог. 1990 оноос хойш тасралтгүй ажилласан аврагч хэр олон байдаг бол гэж боддог. Бараг л байхгүй болов уу. Одоо би 50 нас хүрч байна. Хэдий би 30 жил аврагч хийсэн ч, энэ ажилдаа гаршсан гэж хэзээ ч ам гардаггүй. Яагаад гэвэл, дуудлага бүрийн цаана хүний амь нас яригддаг болохоор. Тиймээс би одоо ч суралцаад явж байна гэж боддог. Тэтгэвэртээ гарсан ч би аврагчийн үүргээ амьдрал дээр гүйцэтгэнэ. Амралт зугаалгаар яваа үедээ ч хүн аварна. Зам тээврийн осол байна. Хаана аврагч хэрэгтэй байна, мэргэжлийг нь эзэмшсэн үүргийг нь хүлээсэн хүний хувьд би тэнд л байх болно. Ажиллагаа явагдаагүй, бүрэлдэхүүн ирж амжаагүй тохиолдолд цаг хугацаа хожиж чадах бүхнээ хийнэ гэж боддог юм. Ер нь аврагч бүхэн л ийм бодол тээдэг болов уу. Хүнд туслах ёстой гэсэн даалгавар бүр тархинд нь суучихсан гэх юм уу даа /инээв/.
– Шүтлэгтэн биш ч гэлээ би сэтгэлдээ ганцхан шүтээнтэй… гэсэн мөрт байдаг. Таны сэтгэлд байдаг шүтээн юу бол?
– Би гүйцэтгэсэн ажиллагаагаа аврах ажиллагаа гэж боддоггүй. Хүнд тусалсан л гэж бодно. Хүний амь нас юутай ч зүйрлэж болохгүй үнэт зүйл. Эргэн тойронгүй эрсдэл маш их байна.
Адаглаад хүүхэд автомашины хаалганд хавчуулагдах, цонхноос унах, дүүжлэгдэх гээд. Бурхан шүтдэггүй ч гэсэн би энэ мэргэжлийг сонгож, энэ албаар овоглосон учраас бусдад тусалж байгаагаа буян хийж яваа гэж боддог. Тэр ч утгаараа сэтгэл санаа сайхан өөдрөг явдаг юм.
Магадгүй миний амийг нь аварч, амьдрал бэлэглэсэн хүмүүс миний төлөө залбирдаг болов уу.
– Хүний амьдрал их тааварлашгүй юм. Энэ цаг үед та эцэг эхийнхээ ачийг хэр хариулсан гэж бодож байна?
– Хүнд гэр бүлийн хүмүүжил их чухал. Ер нь хүн амьдралынхаа 20 хувийг нийгмээс олж явдаг бол 80 хувь нь тухайн хувь хүний үндсэн араншин байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл.
Тэгэхээр миний гэр бүлийн, эцэг эхийн маань сургасан суурь хүмүүжил өдий зэрэгт хүргэсэн байх.
– Ахлах ахлагч Г.Отгонбаяр албандаа өөрийгөө бүрэн зориулж, ард түмний аюулгүй байдлыг ханган авран хамгаалж явна. Тэгвэл таны ар талыг хэн хариуцаж байна?
– Бид хоёр охинтой. Хоёул тусдаа гарсан. Гурван зээгийн өвөө, эмээ болчихсон.
Гэр бүлийн хүн маань цэцэрлэгийн багш. Бас л монгол улсынхаа ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлж, багаас нь тэдэнд мэдлэг боловсрол олгож өөрийн сайхан бүхнээ шингээж ажиллаж байгаа сайхан ажил мэргэжилийн эзэн байна даа. Гэргий маань л намайг ойлгож, ар талыг 100 хувь хариуцаж явдагийн хүчинд миний ажил үйлс бүтэж явдаг байх. Амжилт бүхний цаана гэр бүл маань байдаг. Тиймээс би өглөө ажилдаа гарахдаа ч аз жаргалтай, сэтгэл тайван, инээмсэглээд гардаг. Уур бухимдалтай, стресстэй аврах ажиллагаанд оролцож болохгүй шүү дээ. Ямар нэгэн алдаа дутагдал гарвал яана. Өөрийгөө маш их цэгнэж байх ёстой. Ямартаа л сая нэг сурвалжлагч “та ерөөсөө нүүрний хувирал байхгүй юм гэж. Баярлахгүй, инээхгүй байна” гэсэн. Ажил мэргэжилийн маань онцлог юм даа. Сандраад эхлэх л юм бол алдаа гарах эрсдэл өндөр. Тиймээс хамгийн чухал нь тайван байж, хурдан сэтгэж, асар богино хугацаанд шийдвэр гаргах. Гэхдээ тайван гэдэг нь хөдөлгөөнөө удаашруул гэсэн үг биш шүү дээ. Тархи, оюун бодлоо цэгцлэнэ. Хөдөлгөөн бол түүнээс 10 дахин илүү хурдан байх ёстой.
– 16 сая төгрөг бага мөнгө биш. Тэр дундаа амьдралын төлөө тэмцэж яваа жирийн нэгэн гэр бүлийн хувьд. Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөсөн үү?
– Би бол цалингаа аваад хамгийн эхэнд гэртээ сүү, тараг авч ордог. Цагаан замаар олдсон мөнгө учраас тэр. Би өөрөө хөлсөө дуслуулж, миний хүч хөдөлмөрөөр олдсон мөнгө учраас дээжээр нь сүү авдаг. Тэр дундаа зээ нартаа сүү тараг их авна. Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэсэн агуу үг бий. Тэгэхээр гэр бүлдээ, багахан хэсгийг нь өөртөө зарцуулна. Нууцгүй хэлэхэд энгийн хувцас ховор байдаг юм байна.
– Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
– Үүргээ гүйцэтгэчихээд, тухайн хүн над руу халуун дотноор инээмсэглээд “ёстой их баярласан шүү” гээд харах нүд нь л хамгийн сайхан байдаг даа. Асар их зүйлийг мэдрүүлдэг. Би аврах ажиллагаа бүртээ тухайн харьцаж байгаа хүнийхээ нүдтэй нь л харьцдаг. Нүд бүхнийг үнэнээр өгүүлдэг учраас. Авто осол дээр ажиллалаа гэхэд аврагч ирлээ, над руу хар л гэдэг.
– Аврагчид итгэж болно гэсэн илэрхийлэл учраас уу?
– Тийм. Би таныг аварна. Та санаа зоволтгүй шүү гэсэн үгийг уриа шиг хэлээд өнгөрөх биш тэр итгэлийг харцаараа төрүүлдэг. Баярласнаа илэрхийлж зорьж утасдаж хэлэх хүн ч их байдаг. Сурагласаар байгаад олж ирээд баярлаж, талархсанаа хэлэх хүн ч байдаг.
– Энэ жилийн хувьд таны үүрэг гүйцэтгэсэн томоохон дуудлага юу байв?
– Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчиж явсан 45 хүний суудалтай том оврын автобусны осол байсан. Маш хүнд ажиллагаа байсан.
– Та их даруухан биз. Учир нь олон жил ажилласан, чадварлаг аврагчдаас ярилцлага авч байсан ч таны нэрийг анх удаа сонсож байна?
– Алба маань намайг ингэж төлөвшүүлсэн. Юмны түрүүнд би тэгчихлээ, би ингэчихлээ гэдэг зүйлд ясны дургүй хүн дээ. Зурагтаар гарах ч дургүй. Зүгээр л ард түмэн дундаа энгийн иргэнээрээ байх нь л хамгийн сайхан. Миний хийсэн сайн үйлийг маш олон хүн мэдэж байгаа, түүнд минь баярлаж байгаа тэгээд л бол оо. Түүнээс гадна аливаад нухацтай хандах хэрэгтэй. Монгол ардын зүйл үг байна даа. “Долоо хэмжиж, нэг огтол”. Би зөв үйлдэл хийж байна уу гэж дандаа өөрийгөө хянаж байх ёстой. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл зүйг маш сайн удирдсан хүн сайн аврагч болж чадна. Ярилцлагын тухайд магадгүй тантай ярилцах гээд энэ өдрийг хүлээж байсан бололтой.
– Та төлөвлөгөө гаргадаг уу. 2020 онд амьдралдаа оруулах томоохон өөрчлөлт, зорьсон зорилго байгаа л биз?
– Төлөвлөгөө гэхээс илүү би суралцах дуртай. Амьдрал өөрөө сургууль. Хүн төгс суралцана гэж үгүй. Мөнхөд суралцсаар байгаад л дуусна.
– Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Та он гарахад гэртээ байх нь хэр элбэг вэ?
– Залуу байхад гэртээ он гаргаж амждаггүй байлаа. Эхний таван жил шинэ цэрэг учраас ажил дээр, дуудлагатай үед он гаргана. Хүн ер нь даруулгатай, зарчимтай байх л хамгийн зөв. Манай 105-д мундаг офицерууд их байна. Г.Отгонбаяр ахаа таныг харахад итгэл найдвар төрж байна, хамт ажиллагаанд явахад айх зүйл алга гэдэг. Би тэгж хэлэхэд нь их урамшдаг. Надад ч тэднээс суралцах олон зүйл байна. Тиймээс би залуучуудаа дэмжээд ажиллахыг л боддог.
– Танд маш их баярлалаа. Танд, таны гэр бүлд шинэ оны мэнд хүргэе?
– 2020 он гарах гэж байна. Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд, тэр дундаа дэд хурандаа Ш.Мэндсайхан захирагчтай Нийслэлийн аврах анги 105-ын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн, хийсэн зүйл нь цагаан мөртэй байж, энэ цаг үед та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баярлаж явдагаа илэрхийлье. Бүгдэд нь, гэр бүлд нь аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Ажил албанаас нь хөндийрүүлэх гэж хичээвч хариулт бүртээ алба, хамт олноо бахархан дурдах юм. Арга ч үгүй биз ээ. Түүний зүрх 30 жил онцгой албаны төлөө цохилж байгаа учраас… Цог заль төгс, хоймор өөдрөг яваарай “аврагч ах аа.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)