Сошиал дахь монголчууд

Долоохон жилийн өмнө 654 мянга байсан интернэт хэрэглэгчдийн тоо 3.1 сая болтлоо огцом өсөөд байна. Монголчууд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд аравт жагсдаг. Үүнийг бидний хамтдаа бүтээсэн “амжилт” гэх үү, олноороо ороогдсон “эз” гэх үү? Харамсалтай нь хоёр дахь хариулт нь үнэнд дөхөх боллоо. Хотынхон хөдөөх нэгнээ орк гэж дооёолдог. Яг үнэндээ цахим ертөнцөд олноороо шаагилдах монголчууд бүгдээрээ оркууд болчихож. Фэйсбүүк (зарим тохиолдолд жиргээ ч багтана)-ийн оркуудыг хэд хэдэн төрөл зүйлд хуваачихаж болмоор харагдах юм.

Хүний мууд дурлагчид

Сэтгэцийн өөрчлөлттэй нэгний лайвыг хөөрхийлж, доромжилж, бахаа хангаж, уярч, өрөвдөж, харааж зүхэж үзэцгээнэ. Осоржамаа тэргүүтний лайвыг хэдэн мянгаараа сонирхохыг яана. Сүүлдээ элийрэл хүрээгээ тэлж олны танил дуучин хүртэл уйлж байгаа харагдсан. Бас л хэдэн мянгуулаа өнөө лайвыг нь үзэж хөөрхийлж, үзэн ядацгаана лээ. Тэгснэ хэр нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх гавъяат эмчийн лайвыг арав ч хүрэхгүй хүн үзнэ. Ухаантай үгсийг харамгүй урсгах хирнээ, өнөө сэтгэцийн өөрчлөлттэй нөхөртэй ач тач үзэх нь гайхаш бармаар. Монголд гурван хүний нэг нь сэтгэцийн өвчтэй гэдэгт чин сэтгэлээсээ итгэх хирнээ өөрийгөө тэр нэг нь байх вий гэж огт санаа зовдоггүй нь бас л гайхмаар. За тэгээд айл гэрийн хэрүүлийг шүүнэ, явдалтай явдалгүйгээр нь дуудна, гэмт хэрэг хийсэн нь эцэслэн тогтоогдоогүй байхад зураг хөрөгтэй нь шэйрлэж харааж зүхнэ. Хүүхдийг нь шүүмжилсэн багшийн үгэнд эмзэглэх хэр нь сошиалаар гэмтэн бологчийн үр хүүхэд, хань ижлийн нулимсанд торох ч үгүй сэлнэ. Хамгийн гол нь сошиал дахь хүний мууд дурлагчид сенсаци бүрийн доор заавал сэтгэгдлээ бичиж санаа нь амардаг.  Уг нь тэр хүний гутлыг нь өмсөөд явсан замаар нь алхаад үз гэсэн сайхан үг байдаг даа.

Хөгжил царцаагчид

Жаахан сэнтэг тодорхойлолт ч гэлээ ийм хэсэг байна. Тэд хөлс мөнгөөр эсвэл хэт автаж  Оюу толгой, мах экспорт, ер нь ямар ч гоё төсөл санааг харааж зүхэж элдэвлэдэг. Муусайн гадны шулаачид, ямар ч хэрэггүй төсөл, тэрний энэний шахаа энэ тэр гээд л авч өгнө. Голдуу тэд эдийн засагт гай болохоор жиргээ, комент үйлдвэрлэхийг нь яана. Хамгийн шог нь иймэрхүү пост, жиргээнүүдийг төрийн ордонд суугаа хэд нь шүүрээд авчихдаг. Тэгээд л эдийн засаг гацааский, өчнөөн төсөл зогсооский. Ямар сайндаа шийдвэр гаргагчдыг жиргээчид удирдаж байна гэсэн үг хэлц болтлоо яригдах вэ дээ.

Амьдралаа хүүрнэгчид

Цуйван идлээ, нөхөртөө ийм дотоож авлаа гэх мэтээр амьдралаа хүүрнэгсэд бол өчнөөн. Цаг уурын ажилтан аятай цас орлоо, бороо орлоо гэцгээнэ. Нэгнийхээ  зураг доор чи минь мундаг, хөөрхөн гэх үгсийг бараг даапаалах мэт харамгүй урсгана. Гэр бүлийн хэрүүлээ зарлахад нь бусад нь гялс сал, нийл гээд заагаад өгчихнө. Тэдний ихэнх нь дэргэд нь уйлж суугаа дүүгээ аргадахгүй хэрнээ “Хөөрхий дүү минь. Битгий бууж өгөөрэй” гээд постолчихно. Арай дөнгүүр нэг нь “Нөхрийн чинь хувцас үрчгэр байхад чиний толигор царай юу юм бэ” гэх мэт мэргэн үгс түгээх зуураа гэртээ авсан хөшиг, аяга сэлтээ сонирхуулахаа мартахгүй. Ер нь амьдралаа хүүрнэгсдийн постоос хүүхэд нь аль сургуульд сурдаг, хэдээс хичээл нь тардаг, тэднийх шинээр юу авсныг хүртэл мэдэж болно.

Сенсаци хөөгчид

Сенсаци хөөгчдийн гол шинж юу гээч. Ганцхан хоногийн ой санамж. Сошиал орчны ой санамж ер нь тэр чигтээ иймэрхүү. Уул уурхайн ослоор амиа алдсан хүмүүсийн хэрэг яаж шийдэгдсэн бэ, бага насны охидууд алга болсон хэргийн учир тайлагдсан уу? гэж хэн ч асуухгүй. Хэн ч хариулт хайхгүй. Сүүлдээ эрх баригчид нэг сенсацийг нөгөө сенсациар дардаг аргад гаршлаа. Харамсалтай нь тэдний дэглэсэн сенсацид сошиал орчны сенсаци  хөөгчид тэр дороо автана. Тэгээд өмнөх сенсаци ор тас мартагдаж орхино.

Атаархагчид

Энэ төрлийн хүмүүс муусайн баячууд гэж амаа олохгүй зүхэх хэрнээ өөрсдөө баяжихыг нууцхан мөрөөдөж, могой, түрийвч, долларын зураг хэдэн мянгаар нь шэйрлэнэ. Бизнес эрхлэгчдийн хөлс хүчээ шингээн байж босгосон хөрөнгийг хураан авч энгийн ардуудад хувааж өгвөл зхилтой хэмээн тэд алга ташицгаана. Тэмцээнд улсаа төлөөлж оролцох гэж яваа тамирчинд амжилт хүсэхийн оронд өөр хүн явуулах байсан юм гэж гоочилно. Ингэхэд бид ер нь хэн болоод байна вэ? Яагаад өөртөө хүсдэг  жаргалыг бусдад ерөөж болдоггүй юм бэ? Хүн шиг, утга учиртай амьдарьцгаая л даа, хэдүүлээ. Ядаж хүний мууд дурлахгүй аж төрж, халуун дулаан инээмсэглэж суръя. Бусдыг орк гэж шоолохоосоо сая дурдсан орк зангуудаа засъя, цугаараа.

Сэтгүүлчид

Уг нь сэтгүүлч хүн нийгмээ сайн сайхан гэрэл гэгээ рүү хөтлөгчид, бараан нийгэмд гэрэл тусгагчид баймаар. Гэтэл сошиалд идэвхтэй ихэнх сэтгүүлчид шүүмжил, шүүмжил бас дахин шүүмжил гэсэн уриатай сэлэм эргүүлэгчид байх нь бий. Дандаа хар барааныг сурвалжилж, үргэлж сенсаци хөөнө. Улстөржиж талцахыг бүр үзүүлж өгнө.

Сахиусан тэнгэрүүд

Сахиусан тэнгэрүүдийн пост  их гоё. Архийг үзэн ядна. Биеэ үнэлэлтийг жигшиж зэвүүцнэ. Пост, жиргээгээр нь дүгнэвэл муу муухайгаас хол, амьдралдаа секс хийж үзээгүй, архи амсаж, луйвар хийгээгүй нөхөд. Хамгийн шог нь архи уусныг нь биш шилтэйгээ цэнхэртэх архинд хамаг бурууг тохно. Цаашилбал архи үйлдвэрлэгчийг зүхнэ. Архи үйлдвэрлэхээ больчихвол гаднаас импортолчих ундаа, өнөөх нь. Дажгүй хүн байсан юм, архи л эвдлээ гэцгээнэ. Сахиусан тэнгэрүүд асуудал архиндаа биш хүндээ байна гэдгийг олж хардаггүй. Сахиусан тэнгэрүүд их өрөвч. Осоржамаагийн постон доор “Миний дүү сэтгэцээ үзүүл”, гэх мэт арай эрүүл сэтгэгдлүүдийг үзэж чадахгүй. “Хөөрхий өнчин хүү, тайвширч л байг” гэцгээн хошуу цорвойлгоно.

Мояачууд

Ерөнхийлөгчийн сонгуулиар моодонд орсон үг. Зүй нь “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлсэн хүн сонгуульд ялсан нь монголчуудын боловсролын төвшинг харуулж байгаа хэрэг л дээ. Монгол дотроо хэнийг ялах гэсэн юм бол? Ямар Америктай байлдаад Монгол ялах гэж байгаа биш дээ. Гэхдээ мояачуудад ийм үг хэлээд нэмэргүй. Тусгаар Монголын эвийг сахиулах учиртай ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн ийм уриа дэвшүүлсэн нь яг үнэндээ монголчуудын хагарлын эхлэлийг тавьчихсаныг манай сошиалын оркуудаас анзаарсан нь хэд бол?

Жаран тэрбум буюу үлгэрт итгэгсэд

Жаран тэрбумын хэрэгтнүүд гэж сошиалд чичлэгдсэн хэсэг улстөрч бий. Нэг нь бүр ял аваад явчихав уу яав, саяхан. Уг нь эрүүл ухаанаар бодоод үзвэл хэн ч улсаас жаран тэрбум төгрөг хулгайлаагүй. Тэр мөнгө хувь хүний халааснаас л гарвал гарах байсан байх. Гэтэл өмнөх сонгуулиар АН яалаа? Дүүрэгт дэвшихэд 10 сая, нийслэлд дэвшихэд 40 сая төгрөг намын хандивт өг гэсэн, хэн ч юу ч гээгүй. Дэд сайдын үнэлгээ 500 сая. Бас л шуугиагүй. Үүнийг нэмээд үзвэл юун жаран тэрбум. Ганцхан хүн төмөр зам барина гээд 270 сая ам.доллар завшсаныг ярих хүн алга. Үүнийг төгрөгт шилжүүлбэл төсвөөс хулгайлаагүй жаран тэрбумын хажууд нүд бүлтийлгэмээр тоо гарна. Хамгийн гол нь улсаас хулгайлчихсан мөнгө гээд бод доо. Харамсалтай нь сошиалын үлгэрт итгэгчид жинхэнэ үнэнд итгэхийг хүсдэггүй.

Хятадыг эсэргүүцэгчид

Хятадад үйлдвэрлэсэн хувцас өмсөж,  хятад хүнс хэрэглэж, хятадад нүүрс, зэсээ зарж олсон мөнгөөр барьсан сургуульд хүүхдээ сургадаг монголчууд яагаад ч юм хятадад маш дургүй. Сошиалын оркуудын нэг том хэсэг нь хятадыг эсэргүүцэгчид. Тэд болохгүй бүтэхгүй бүхнийг хятадтай холбоно. Хятад нь нэг өдөр хилээ хаахад л зутрах хэрнээ яагаад ч юм хятадад дургүй. Гайхмаар нь үнэн бодит байдал ямар байгааг энэ мэтээр тайлбарлаж хэлсэн ч хүлээж авахгүй нөхөд “Хятадыг эсэргүүцэгчид” гэсэн ангилалд багтдаг.

Үл мэдэх цэцэгхэн хотхоныхон

Монголчуудын ихэнх нь нэгнийгээ хардаж, араас нь матах хирнээ нүүр тулахаараа долоох шахах дүр зургийг сошиалын “Үл мэдэх цэцэгхэн хотхон”-оос харж болно. Олонх нь аливаа мэдээллийг олон талаас нь харж, дүгнэлт хийх чадваргүйгээр массыг дагаж намирдаг.  Тэднийг таних тун амархан. Өөрсдөө ч учрыг нь ухаж үл мэдэх мэргэн үгс шэйрлэж, уншаад ч ойлгохгүй номын зураг тавина. Ихэнх мэдэмхийрэгчид гоё зурагтай профайлын ард нуугдчихаад хийж бүтээж байгаа нэгнийгээ муулж, амжилтад нь атаархан, шээс алдах шахам хавчиганана. Үнэндээ  мэдлэггүй, боловсролгүй, нүднийх нь хор гараагүй хүн л хамгийн их “Би чадаж” аархаж омогшдог нь илт. Тиймээс л Би Монгол гэж хий хоосон цээжээ дэлдэн, ямар гавъяа байгуулсныг нь ч сайн мэдэхгүй хирнээ их хааныхаа нэрийг барьж том ярьдаг хүмүүс эхнээсээ өөрийгөө Хаанд өргөмжилж, өөртэйгээ ижил хүмүүсээс 9 өрлөг жанжнаа тодруулахаар “Сэр” хэмээн дуудах нь инээдтэй.

Тусламж хүсэгчид

Фэйсбүүк, сошиал орчноор дүүрэн өвчин зовлонтой хүүхэд, хөгшид, эр, эм хүмүүсийн тусламж гуйсан пост хөврөхийг харахаар монгол улс тэр чигтээ өвчин зовлонгийн үүр, өнчин ядуусын орон болоо юу даа гэсэн бодол төрнө. Үнэн худал нь үл мэдэгдэх зарим тусламж гуйсан постоор залилан хийж баяжигсад цөөнгүй. За тэгээд хүмүүст тусалчихаад зургийг нь оруулж лайк цуглуулж кайф авдаг нөхөд гээд үргэлжлүүлбэл сошиалд өчнөөн өнгө, түмэн янзын орк байна. Бүгдийг нь тоочвол барагдахгүй учраас ингэсгээд өндөрлөе.

Болдогсон бол:

Бурхан мэт бусдын амьдралыг шүүж, буруу зөвийг нь дэнсэлдэг хүмүүс минь болж өгвөл сошиалд гаргадаг ухаалаг, энэрэнгүй, боловсон, тусч, өгөөмөр, найрсаг зангуудаа гадуур явахдаа, адаглаад өөрийнхөө амьдралд өөрийн “биедээ” авч явцгаая гэж уриалъя даа.
 

Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Г.Жаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)