Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт малчдын амьдралд

Монголын мал сүрэг хэний өмч байсан одоо хэний мэдэлд байгаа вэ гэж асуувал хэр сонин сонсогдох бол одоо. Манай малчин залуу үеийхэн энэ талаар юу гэж хариулах бол. Мал маань төрийн төмөр сүрэг байсан үе байсан юм шүү гэвэл үнэмших үү. 

Манай хөдөө нутагт 1990 оноос хойш олон өөрчлөлт болсны нэг нь тухайн үеийн нэгдэл, САА-н гишүүд, малчид малаа хувьчлан авсан үйл явц юм. 1990 онд өнөөгийн дэлхий ертөнцийн тухай, тэр дундаа чөлөөт ардчилсан, зах зээлийн нийгмийн талаархи ойлголт бидэнд тун тааруу байлаа.  Тухайн үед яагаад мал хувьчлал явагдсан талаар гайхах хүмүүс одоо үед бий болсон. Энэ явдал монголын түүхэнд хэрхэн үлдэх, хойч үе залууст ямар байдлаар тайлбарлан ойлгуулах вэ.

Энэ талаар болон орчин үеийн түүхийг баримтжуулан үлдээх талаар бодож байгаа эрдэмтэн мэргэд түүхч судлаачид байгаа л байх. Монголын үнэт баялаг мал сүрэг үеийн үед өөрсдийн өмч байсан мэтээр ойлгох залуусын үе ирсэн байна. Нийгэмчлэх гэдэг үгийн утга юу билээ. Мал сүрэг хэзээ нийтийн, нийгмийн өмч байсан юм бэ гэж асуух энүүхэнд болжээ.

Хорьдугаар зуунд монголчууд бидний зоригт өвөг дээдэс түүхийн олон нугачааг даван туулахдаа тусгаар тогтнолын чухал баталгаа болох дөрвөн үндсэн хуулийг батлан хэрэгжүүлж ирсэн билээ. Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.

1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн Ардын Их Хурлын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан. Уг комисс жил хагас ажиллаад шинэ Үндсэн хуулийн төслөө Улсын бага хуралд хүлээлгэж өгсөн. Үүнийг УБХ цааш нь Ардын Их Хуралд өргөн барьсан. Энэ тухай монголын радиогийн нэвтрүүлэг өдөр болгон явуулах ба АИХ-н депутатуудын хэлж ярьж байгааг шууд дамжуулдаг байлаа. 

АИХ нь сум, тосгон, ройан, бүрээс сонгогдсон  430 депутат, намар өвлийн 76 хоногийн турш хэлэлцээд 1992 оны 1-р сарын 13-нд баталснаар Монгол улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас нээгдсэн билээ. 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний түүхэн том хамтын бүтээл, Монголын дөрөв дэх Үндсэн хууль байлаа.   

Шинэ Үндсэн хууль бидэнд маш олон боломж, бололцоог бий болгож чадсан. Юуны түрүүнд ардчиллын суурь үндсийг тодорхойлсон. Монголын нийгэм ямар нийгэм байх, Монгол Улсад ямар нийгэм байгуулах вэ? Тэр нийгмийн мөн чанар нь юу байх вэ гэдгийг шинэ Үндсэн хууль тодорхойлж өгсөн  юм. Түүнээс гадна дэлхийн түвшинд монголчууд өөрсдийн хүний эрх, эрх чөлөө мөн өмчийн тэгш эрхийг тодорхойлсон. 

Яг үнэндээ тухайн үеийн хөдөөгийн нэгдэл, САА-н гишүүд, малчдад шинэ үндсэн хуулийн үр өгөөж, ашиг тусын талаарх мэдлэг тааруухан байсан нь нууц биш. 

Тэртээ 1959 онд малаа хүчээр шахам нийгэмчилсэн үйл явцаа нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэж үзээд  БНМАУ нь хувийн өмч гээч юм огт үгүй нийгмийн шинэ хэлбэрт орлоо хэмээн 1960 оны Монгол улсын гуравдахь үндсэн хуулиндаа тунхагласан. Нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж, малчид тариаланчдын дундаас 15 баатар цолтон бусад олон олон алдартанг төрүүлэн суртчилсан ч ардчиллын уур амьсгалаас болоод, “Нэгдэл гэдэг айл нэг л бишээ” гэж Монголын радиогоор нэвтрүүлэг хүртэл цацагдаад, нөгөө нэгдэл, САА-д мал маллаж байсан малчид маань мал хөрөнгөө буцааж, хувааж авахын хүслэн болсон. Хонин толгойд шилжүүлснээр хангайн бүсэд 50, говийн бүсэд 75 толгой малтай байх эрхтэй байсан малчид, сум САА-н төвд ажил албатай бол 6 толгой малаас илүүг өсгөх эрхгүй хүмүүс  хувийн мал сүргээ өсгөнө гэдэг зүүд байлаа.

Нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө ардын аж ахуйтан байсан ахмадууд болохоор малыг хувьд байхад сайхан байсан, өөрийн мэдлийн эд хөрөнгөтэй, дуртай үедээ шөлний хонь гаргадаг тухай ухуулга гэхэд хаашаа юм түүх гэхэд ойр зүйл ярьж залуусыг хөөрөгдөнө. Энэ уур амьсгалыг дарахын тулд гэрээ, түрээсийн арга нэвтрүүлж, төл малын тодорхой хувийг малчдад өгөх мөн малыг малчдад өгснөөр монгол улсын мал сүрэг барагдаж,  модоо барьсан ядуус болно хэмээн эсрэг суртал ухуулга хийгээд ч нэмэр болоогүй. Нэг л өдөр нэгдэл, САА-н өмч хувьчлал эхэлсэн. Энд хөрөнгийг тодорхой хувийг бүрдүүлж байсан мал сүрэг багтсан билээ.

Яагаад малыг малчдад өгөх болсон талаар зарим хүмүүс тухайн үедээ ойлгоогүй, 1959 онд эцэг өвгөд, аав ээжээс нь хурааж аван төрийн төмөр сүрэг болгосон малаа буцааж өгч байгаа гэж ярих хүмүүс ч байсан. 

ХАА-н нэгдэл, сангийн аж ахуйн мал сүргийг тухайн үеийн нэгдлийг гишүүд, анхны гишүүдэд буцаан хувь хөрөнгө хуваах үйл явц хоёр ч үе шаттай явагдсан. Эхний удаа мал сүргийн тодорхой хувийг малчдад хувь болгон өгөөд, нөгөө нэгдэл, САА-н суурин дээр байгуулагдсан хувийн өмчийн оролцоотой шинэ тутам компаниуд үйл ажиллагаагаа явуулах гэж үзсэн. Гэвч шинэ аж ахуйн хөрөнгө, шинэ нударган баяны хөрөнгө холилдоод, хажуугаар нь компанийн захирлаасаа, өөрөөр хэлбэл нэрээ сольсон нэгдэл, САА-н даргаасаа малчид нь цалин пүнлүүгээ нэхээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь үлдсэн хэдэн малаа дахин хувьчлал хийгээд тарааж өгөөд амар сайхандаа жаргасан. Амар сайхандаа жаргасан гэдэг нь нэгдэл, САА-н буурин дээр байгуулагдсан компаниуд бүгд дампуурч хаалгаа барьсан явдал юм. Энэ нь шинэ нөхцөлд аж ахуй эрхлэн явуулах туршлага хомс байсных буйзаа.

Анх энэ хувьчлал явагдаж эхлэх үед маргаантай гэхээр юмуу хөгжилтэй гэмээр зүйл болж л байсан. Хашир туршлагатай ахмадууд маань 1950-аад оны сүүлээр малаа нийгэмчлэхдээ тухайн үед нялх балчир хүүхдийнхээ нэр дээр мал тоолуулж, нэгдэлд өгсөн нь хэдэн жилийн дараа ил болж, дөнгөж 30 гарч яваа залуус нэгдэл, САА-н анхны гишүүд болон тодорч ёстой л насаараа мал дагасан зарим ахмад малчид, дарга удирдлагын уур цухалыг хүргэж байлаа. Тэглээ  гээд яахав цагаан цаасан дээр хар бэхээр дурайтал бичсэн зүйлийг баллуурдалтай нь биш мал хөрөнгийн тодорхой хувийг өгч  байж л салсан. Мөн нэгдэл, САА-н гишүүдийн хүүхдүүд гэж хавар, зун, намрын амралтаараа сааль сүү, төл бойжуулах, хадлан тарианы ажилд тусалж ирсэн нэргүй ажилчид гарч ирээд хувь хөрөнгө нэхээд сандаргасан. Тэдэнд эцэг эхийнх нь нэр дээр төлөг, борлон атугай өгсөн. Төрийн хишиг 

Энэ хувьчлалын үйл явц хийгээд үр дүнг урьдчилан харах боломж байгаагүй ч хашир туршлагатай ахмадууд, хөдөлмөрч малчид маань төрийн хуулийн хишгийг хүндэтгэн хүлээж авсан. Цас, зуд ган гачиг болдгоороо болсон, мал сүрэг маань өсдөгөөрөө өсөж байна.

Гэхдээ 1990 онд байсан 25 сая (25,856.88) толгой мал сүрэг маань одоо 70 саяын босгыг даван өсчээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн чухал заалт нь хөдөөгийн малчдын амьдралыг үндсээр өөрчилсөн билээ Энэ бол дээр дурьдсан ардчилсан шинэ үндсэн хуулийн ач гавьяа байсан юм.

Монгол Улс шинэ нийгэмд шилжин орсон тэр цаг үед нийгмийн харилцааг шинээр зохицуулах тийм шаардлага нэгэнт бий болсон. Тэгэхлээр шинэ Үндсэн хууль бол энэ нийгмийн шинэ харилцааг зохицуулах үндсэн дээр хийгдсэн хууль. Энэ шаардлагаа ч хангасан. 1992 оны Үндсэн хуулийг дэлхийн жишигт харьцуулах юм бол энэ бол яалт ч байхгүй сайн хууль. Тийм учраас шинэ Үндсэн хууль Монголын нийгмийн хөгжил дэвшлийн үүдийг нээсэн хууль. Өмч хөрөнгөтэй холбоотой заалтад өөрчлөлт ороогүй, орохгүй хэвээр хадгалагдах болноо. Цаашдаа малчид маань энэ аж ахуйн хэлбэрийг хадгалан байх уу, шинэ хоршоо хамтын хөдөлмөрийн үр шимийг бий болгосон, орчин үеийн хөгжилд хөл  нийлүүлсэн фермерүүд болох уу гэсэн асуулт үлдэж байна. Боломж бололцоог Ардчилсан шинэ Үндсэн хуулиар бий болгосон, хамгаалж байгаа.

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн багш П. Баярхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)