Нар мандаж байна

- УЯНГЫН ЗУРАГЛАЛ-

Нар мандаж байна. Шинэ оны, шинэ өглөөний анхны нар мандаж байна.

Наран мандах нутгийн домогт Шилийн богдын зүмбэр хөх оргилоос эхлэн дорнын бор толгодоор өртөөлөн Монголын уудам нутагт шинэ өглөөний нар мандаж байна.

Өвлийн талд тунарсан жаврын аагийг сэмлэж, өвсний толгойд сагалдаргалсан цан хүүргийг эмтэлж нар мандаж байна. Түмэн цацраг нь уул, талыг бүхэлд нь гийгүүлж, мянган сондор нь аньсага, сормуусанд хургасан жаврын аагийг арчиж, санчигны үсэнд сортон гялтганана.

Цасан нөмрөгөө сугалдаргалсан Алтай, Хангайн сүрлэг уулс нэрмэл архи хөлддөг нялх есийн жаврыг шилгээж, мананд бүрэлзсэн сүүмгэр шар нарны илчинд бүлээцэж зүүрмэглэнэ. Нойтон сормуусаа дэрвэлзүүлсэн нойрмог борхон болжморууд мөчир дамжин шулганалдаж, нөмөр бараадаж бөндгөнөнө.

Хот айлын бараа цасан далайд орь ганцаар хөвөх хөлөг мэт торойн бараантаж, аргалын цэнхэр утаа талын цагаан манантай сүлэлдэн тэнгэрийн хээлэнд уусна. Бүртийх ч үүлгүй гүн хөх тэнгэрийг сүвлэн өмнө зүг одох агаарын хөлөг тэнгэрийн заадас мэт сүүн зам татуулан алсална. Амар амгалангийн диваажин хэмээх нь энэ ажгуу. Мөдхөн золгох цагаан хулгана жилийн өнгийг тольдох өвлийн дунд улаан хулгана сарын дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өглөөний гэрэлт шар наран найман цаг дөчин хоёр минутад ийн мандаж байна.

Учрал завшаан, билэг ерөөл гэдэг сонин. Өдгөөгөөс яг 20 жилийн тэртээ шао морин жилийн 2000 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөний буюу шинэ мянганы анхны өглөөний гэрэлт наран мандахыг тэнгэрийн уудамд, үүлсийн дээрээс харж баясах хувь тохиож билээ.

Тэр өглөө Монголын иргэний агаарын тээврийн “Боинг-727” тусгай үүргийн нисэх онгоц Буянт-Ухаагаас тэнгэрийн зулай Гималайг чиглэн бурхны орныг зорьсон юм. Энэтхэг, Балбын Вант улсад төрийн айлчлал хийх Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди дагалдан яваа албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн сурвалжлагчдын хамт мордож буй нь энэ билээ.

Шинэ мянган, шинэ зууны анхны өдрийн ургах нарнаар холын оронд, тэр дундаа монголчууд Жагар, Бумбын орон хэмээн үлгэр тууль, судар ном, түүх шастиртаа бичиж, зорьж очихын мөрөөс болгон дурсаж үлдээсэн тэрхүү ариун дагшин газар нутагт хөл тавих болсон эл завшаандаа Төрийн тэргүүнээ дагалдсан хүн бүр ихэд бэлгэшээж байв.

Онгоц газрын хээлнээс тасарч өндрөө авсны дараа Ерөнхийлөгч маань хүн бүртэй оргилуун дарстай хундага тулган шинэ мянганы анхны өдрийн, шинэ өглөөний баярын мэндчилгээ дэвшүүлснээр аялал маань эхэлж билээ.

Тээр доор үүлс зулсан хөвөн мэт хөвсийн нүүгэлтэж, дээр хөх тэнгэр цэмцийн цэнхэртэж, үүлсийн хажлага яран мэлтийсэн алтан нарны түмэн цацрагууд онгоцны далавч, цонхонд ойж буун гялтганах нь нэн гоёмсог. Тэнгэр, газрын завсар тунаран хөвөлзөх үүлэн дээр суугаад нисэж яваа мэт. Үүлсийн дээгүүр түмэн цацрагаа наадуулсан том шар нар мэлтийн тунарч, мянган сондор нь хөвөн цагаан үүлстэй сүлжилдэн наадах нь гайхам.

Гэтэл тэртээ алсад үүлс нэвтэлсэн цасан дуулгат уулсын дун цагаан оргил гялталзан цайвалзаж харагдах нь үнэхээр сүр жавхлан төгөлдөр, үзэмж төгс ажгуу. Нумлаж татсан сумын зэв, харваж одсон тэнгэрийн солир гэлтэй.

Уулс, үүлс нийлэлдэн тэнгэрийн хээлэнд наадаж, энгэрт нь эрхэлж, элгэнд нь бүлээцэх мэт ийм гайхам агшинд нүд, сэтгэл баясахаас аргагүй юм билээ. Ийм л нэгэн шинэ өглөөтэй бид уулс, үүлсийн дээр тэнгэрийн уудамд золгосон удаатай.

Өглөө бүрийн нар өөр өөрийн өнгө жавхаа, айзам хэмнэл, баясал хөөртэй. Өвлийн, хаврын, зуны, намрын өглөөний нар мандах нь ч өөр өөр. Өвлийн өглөө уулс, нар хоёр их ойрхон юм шиг байдаг. Дов толгодыг бүрхэж тогтсон хөвсгөр зөөлөн, нялх цагаан хяруу өглөөний нарны туяанд улам цав цагаахан, улам зөөлөн нялхамсуу, улам ариухан ч юм шиг, гишгэхээс ч халгам санагдана. Нарны цацрагууд цас, хярууны талст бүрийг гоёж гоодон улам туяаруулж гялтгануулах шиг.

Хаврын өглөөний нар ханзарсан цасан доороос яргуй цэцэглэхийг харж баясан, нялх төлийн дуунд уярч догдолно. Зуны өглөө зүлэг ширэг нялхарч, цэцэгсээр гоёсон нуга, тал хөхөмдөг униар дунд зүүрмэглэн, навчсанд тогтсон шүүдрийн дусал нарны туяанд тольдон гоодох нь соньхон. Намрын өглөө бас л өөрийн өнгө төрх, өөрийн эгшиглэнтэй. Тариан түрүү нарны цацрагтай сүлжилдэн наадаж, холыг зорих шувууд нисэж нэг, бууж нэг нуур усандаа хоргодох нь уйтай, болдогсон бол намрын нарыг аргамжчихмаар. Цаг цагийн аяс гэж ийм ажгуу.

Харин нар гэж чухам юу юм бол оо? Нэвтэрхий тольд бичсэнээр нар нь Нарны аймгийн бүрэлдэхүүн хэсгүүд тойрч эргэдэг од юм. Нар нь таван тэрбум жилийн настай агаад Нарны аймгийн нийт жингийн 90 гаруй хувийг агуулдаг. Үлдсэн багахан хэсгийг нь гарагууд хуваан эзэлдэг байна. Нарны аймаг гэдэг нь нар, түүний таталцлын нөлөөнд орших найман гараг, бас одой гарагууд, жижиг биетүүд, гараг хоорондын тоосонцор, хий бүхий нэгдэл ажээ.

Тэгвэл нар яагаад илч ивгээж, гэрэл түгээдэг юм бол оо? Нарны цөмд явагддаг цөмийн нэгдлийн үр дүнд нарны цацраг, нейтрино үүсч, секунд тутамд таван сая бодисыг энерги болгож хувиргадаг гэнэ. Энэ энергийн жаахан хэсэг нь л дэлхийн агаар мандлыг нэвтлэн ирж гэрэл гэгээ, дулаан үүсгэж, амьдралыг тэтгэдэг аж. Тиймээс бид цельсийн хасах 20 хэм хүрэхээр хөлдөж үхэх нь ээ гээд, нэмэх 30 хэмд дөхөхөөр нь шатааж алах нь ээ гээд үглээд байх хэрэггүй юм байна шүү дээ.

Бас нэг сонирхолтой баримт дурдахад нарны гэрэлтэгч хийн бөмбөрцгийн диаметр нь 1.392.000 км, жин нь дэлхийн жингээс 330 мянга дахин их байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ их галт бөмбөрцгийн төвд болж буй цөмийн температур нь цельсийн 15 сая хэмд дөхөж очдог бол гадаргын температур нь цельсийн 6000 орчим хэм байдаг гэнэ. Энэ мэтийн олон сонирхолтой тоо баримтыг эрдэмтэд тооцож гаргажээ.

Нар бол спектрийн G буюу шар ангиллын од агаад уртрагийнхаа дагуу өөр өөр хурдтай эргэдэг байна. Туйл нь нэг бүтэн эргэхэд 36 өдөр болдог бол экватор нь 25 өдөрт нэг эргэдэг аж. Нарны үзэгдэх гадарга буюу гэрэлт мандал нь тогтмол хөдөлгөөнд оршдог байна. Хэдийгээр идэвхжилтэй холбоотой үзэгдлүүд нарны гадарга, орчин тойронд байнга болж байдаг ч гэлээ нарыг хэдэн тэрбум жил харьцангуй өөрчлөлтгүй байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. Тиймээс нар шүтээн маань мөнхөд биднийгээ гийгүүлж, гэрэлтүүлсээр байх нь ээ.

Намайг, чамайг, биднийг бүгдийг нь алагчлалгүй ивээж илч, гэрэлээ харамгүй хайрладаг Нар хэмээх шүтээн маань ийм утга учиртай ажээ. Гималайн цаст оргил, Алтай, Хангайн хөх уулс, Сибирийн нуруу, Сахарын цөл, Африкийн шугуй, Арабын хойг, их дөлгөөн далай, Байгаль, Хөвсгөл нуур, Нил, Ижил мөрөн, хойт, өмнөд туйл гээд ертөнцийн хаана чиг нар илч, гэрэлээ адилхан түгээнэ. Далайн аварга халим, халуун орны хүчит заан, аймшигт матар, говийн бяцхан гүрвэл, уулын тагтад хосоороо ургадаг үзэсгэлэнт вансэмбэрүү, баян бүрдийн түмэн наст тоорой, Тасман, өмнөд Африкийн ширэнгэн ой гээд амьтан, ургамал адилхан л нарны илч, гэрлийг хүртдэг. Тэр байтугай хад чулуу, даваан дээрх овоо, өвгөд өтгөсийн шарил бунхан адилхан л наранд ивээгдэж, он цагийг элээнэ.

Нар шүтээн маань ийн энэ дэлхийн амьд бодгаль, эд эс бүхнийг, эх болсон байгаль, газар шороо, хад, чулуу, хайрга элстэй нь цуг ав адилхан гийгүүлж, илч ивээлээ хайрладаг билээ.

Найман давхрын цонхоор туссан шинэ өглөөний нар дэвтрийн хуудаснаа, номын хавтаснаа, дэргэд суугаа сөөсгөр жаахан ачийн маань энхэр зөөлөн зулайг төөнөн мандаж байна. Нар шүтээн намайг, чамайг ав адилхан гийгүүлж, гэрэлтүүлж байна. Тиймээс шүтээн бол түшээн болой.

Өглөө болгон эртлэн босож

Өндөр тэнгэрийг бүрэн харж бай

Огторгуй хурмаст уужмын хутгаа

Оюун ухаанд чинь хайрлах болно…

Алтан нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар

Эрдэнэт бөмбөлөг гийх болно…хэмээсэн нэрт яруу найрагч Зундуйн Доржийн “Өглөөний санамж” хэмээх алдарт мөрүүд энэ мөчид сэтгэлд бууж, санаж сэрэхийн ухааныг дэнслүүлэх нь бас л учир жанцантай. Ноён хутагт Дулдуйтын Равжаагийн цэцэлсэн сургаал номлолын шастирууд мэт энэ хэдэн мөртийг хэн боловч цээжний мухартаа хадгалж, сэтгэлийн тольтдоо цэгнэж, ухаарч мэдэрч явах нь зөв мэт санагдана.

Нар мандах сайхан. Ертөнцийг гийгүүлж, ерөөл учралыг ивгээж нар мандах сайхан, наран мандахыг харах сайхан. Энэ бол амьдралын баясал, амьд бодгалийн баяр жаргал, маргааш, өнө мөнх ирээдүйн төлөөх итгэл юм.

Сэтгүүлч Шаравын СОДНОМЖАМЦ

2020 оны 01 дүгээр сарын 01.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)