Залилах гэмт хэрэг 2019 онд огцом нэмэгджээ
- 2020-01-13
- Үнэн
- 0
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, Монголын банкны холбоо болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба (МБА)хамтран зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал" аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зассан залилах гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2,996 бүртгэгдэж байсан бол 2018 онд 5,372, 2019 онд 7,821 болж огцом нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж байгаа аж.
Залилах гэмт хэргийг судлахад дийлэнх хувийг:
- Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах түрээслэх нэрийн дор бусдыг залилах,
- Гадаадад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилах,
- Иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач хэмээн залилах,
- Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр гар утсыг нь залилах
- Хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийг залилах,
- Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргүүд эзэлж байгаа аж.
ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Ш.Баянмөнх: “Энэхүү аяны хүрээнд бид иргэдийн хандлагыг өөрчилж, тэдэнд эрх зүйн мэдээлэл өгөх зорилготой. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна.
Нөгөө талаар аливаа гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө сэрэмжлүүлэх нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл. Иймд "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлж, иргэдээ гэмт хэргээс сэргийлэхийг зорьж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Дэлхий нийтээр сүлжээний гэмт хэрэгт залилуулдаг байдал зогссон. Гэтэл манай иргэд залилах гэмт хэргийн үйлдлийг мэддэггүйгээс болж, богино хугацаанд мөнгө өсгөх боломжтой гэж итгэн, санхүүгээрээ хохирдог тохиолдол буурахгүй байгаа. Залилах төрлийн гэмт хэргийг үйлдэгдэх явцад нь хяналт тавих боломж төдийлөн хомс. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь хоёр хүний эсвэл хоёр байгууллагын харилцааны явцад үйлдэгддэг. Тиймээс тухайн иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой.
Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.
Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой" гэдгийг нэмж хэлэв.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Санхүүгийн үйлчилгээ дижитал, онлайн хэлбэр лүү орсон. Иймд бид харилцагчдыг өөрийнхөө интернэт банкны нууц аюулгүй байдлыг хангах шаардлагыг өндөр тавьж байгаа.
Банкны харилцагчийн мэдээлэл зөвхөн тухайн иргэнд өөрт нь байх ёстой бөгөөд байнга шинэчлэх хэрэгтэй” гэв.
Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан крипто валютын талаар “Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм.
Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг.
Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй” гэж анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)