Өөрийгөө олсон түүх буюу Ханнагийн нөхөр А.Ганбатын тухай

Зорилго нэгтэй, үеийн голдуу залуус улирч буй оноо дурсацгаана. Зулай зулайгаа гишгэж төрсөн шаргал үст дэрсхэн ах дүүс, ширээ тойрон тухлаад үдшийг тэсэн ядан хүлээнэ. Төрсөн ам бүл наймуулаа ч төөрөлдсөн хувь заяагаар учирсан нөхдийг оруулбал эднийх гуч, дөчүүлээ. Бүр түүнээс ч олон байж мэднэ.

Энэ бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын А.Ганбатынх. Өнөө үдэш эднийх баярын ширээгээ монгол, америк идээ ундаагаар засна. Учир нь А.Ганбатын гэргий АНУ-ын Калифорни мужийнх. Ханна 2007 оноос Монголд амьдарсан болохоор монголоор сайхан ярина. Гэхдээ ярихаас илүү монгол хүн юу хүсч, юу өгүүлж байгааг үйл хөдлөл, байр байдлаар нь илүү сайн мэднэ. Анхнаасаа л алслагдсан хороолол, сум, багийн иргэдэд туслах ажил хийж байсан болохоор бусадтай харилцаж, тусалж дэмнэх тал дээр гойд. А.Ганбатын сэтгэлийг америк бүсгүйн энэ чанар гойд татсан ч юм билүү. Өнөөдөр тэднийг Хөвсгөл нутгийн олон залуус хүрээлжээ. Олонх нь эцэг эх, ах эгч шигээ санаж, ач тусыг нь магтана.

“Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ-ыг үүсгэн байгуулагч А.Ганбатын ийм гавьяаг өгүүлэхийн тулд түүний хорь гаруй жилийн өмнөх, паартай байшинд төрж, өссөн нийслэл хүүгийн тухай багахан түүхийг эхэлж яриулах хэрэгтэй болов уу. 

СОНГОЛТЫН ӨМНӨ

А.Ганбат: 1990 онд манайх хотын төвд бага тойрогт байлаа. Ааваас үлдсэн нэг өрөө байраа зараад түүхий эдийн наймаа хийж эхэллээ. Тэр үед ченж гэж ярьдаг байсан даа. Авсан түүхий эдээ хоёр, гурав нугалж зарж, ашиг хийнэ. Тэр чинээгээрээ мөнгө олж байна, болж байна, мундаг гээд өөрийгөө хөөргөчихсөн. Хамгийн чанартай, хамгийн үнэтэйг нь эдэлж хэрэглээд л, архи сархадын үнэтэйг нь ч авна. Ингэж явсаар 2007 оны есдүгээр сар гэхэд олсон цуглуулсан бүхнээ үрэн таран хийгээд орон байр ч үгүй болсон байсан. Тэр үед бодогдсон л доо. Архи гэдэг зүйлээс гарахгүй бол нэг бол үхэх, нэг бол шоронд орох хоёр л сонголт үлджээ гэж бодсон. Яг тэр үед “Өөрчлөгдсөн амьдрал” төв Улаанбаатарт байгуулагдахад анхны гишүүн болж очлоо. Энэ төв библийн сургаальд суурилагдсан дотоод эдгэрлийн сургалт ордог байсан. Тэр сургалтаар би өөрийнхөө сул дорой байдал, сул талыг олж харсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 12 жил архи уугаагүй. Өөрөө архинаас гарахаас гадна бусад хүмүүст туслах зүрх сэтгэлтэй л болдог юм байна.  

МОНГОЛ ХҮҮГЭЭС АМЕРИК ААВД...

Архинд живж, амьдралыг дууссан мэт бодож, хайртай бүхнээ чулуудан хаясан А.Ганбат ингэж л өөрчлөгджээ. 2007 оны хавар, нийслэлийн хүүхдийн асрамжийн газрын ажилтан америк бүсгүй Ханна Максим говь нутагт аялж, ажиллахаар боллоо. Энэ үед А.Ганбатад багш нь Ханнаг харж, хань болж явахыг даалгав. Ингэж л америк бүсгүй, монгол залуу хоёрын амьдралын зам нийлсэн хэрэг. Хайр сэтгэлээрээ холбогдсон өөр тивийн, ондоо улс үндэстний залуус эцэгтээ учир явдлаа дуулгах  цаг нь ч иржээ. А.Ганбат охиныг нь гуйхаар АНУ-ын Калифорни мужид амьдарч буй Ханнагийн эцэгт захидал бичлээ. 

Нөхөр А.Ганбат: Улаанбаатар хотын гуравдугаар хороололд “Манна” гээд хүүхдийн асрамжийн газарт манай эхнэр ажилладаг байсан. Тэр үед Монголын говь руу хамт явж замдаа танилцаад, сайхан найзалсан. Жил гаруй үерхээд аавд нь захиа бичсэн. “Би танай охинд хайртай болж, бид хоёр амьдрахаар шийдлээ. Таны зөвшөөрөл хэрэгтэй байна” гэж захиа бичиж гуйдаг юм билээ. Ааваас нь нэлээн удаж байж хариу ирсэн.

Гэргий М.Ханна: Танилцсаны дараа би “Хамт амьдаръя гэж бодож байвал эхлээд манай аавд захиа бичиж зөвшөөрөл гуйх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд манай хүн захиа бичиж явуулсан. Нэг сарын дараа ааваас захиа ирсэн.

Нөхөр А.Ганбат: Нэлээн удаж байж хариу ирсэн л дээ. Аав нь “Би олон өдөр бодлоо. Залбирлаа. Ямар ч байсан 100 хувь дэмжиж байна” гэсэн хариу ирүүлсэн. Бид хоёр ханилж суугаад арваад жил болж байна. Зургаан хүүхэдтэй. Хөвсгөл аймагт суурьшаад найман жил болох гэж байна. Манай гурван бага хүүхэд Хөвсгөл аймагт төрсөн. Эхнэр маань хүүхдүүдэд зун англи хэл, компьютерийн сургалт явуулж, зуслан ажиллуулдаг.

Гэргий М.ХаннаБи энд байхад их дуртай. Зун зусланд гарч хүүхдүүдэд англи хэл, зан чанарын сургалт явуулдаг. Хөөрхөн хүүхдүүдтэй ажиллах их гоё байдаг. Хичээл заагаад арваад жил болж байна. Тэр үед хичээл заалгаж байсан хүүхдүүд их том болж, хэл ус нь сайжирсан байна билээ. 

“БИ ЭНД Л ХЭРЭГТЭЙ”

2010 онд А.Ганбат гэргий Ханна Максимынхаа хамт Хөвсгөл аймагт хүмүүнлэгийн ажлаар ирчихээд “энд л бид хэрэгтэй юм байна” гэж бодсон гэдэг. Мөрөн сумын худалдааны захаар явж байхдаа архины мөнгө нэхсэн, найгасан,  хөлчүүрхсэн залуусыг хараад эдэнд л туслах ёстой гэж шийджээ.

Нөхөр А.Ганбат: Миний зүрх сэтгэлийг юу дуудсан бэ? ...  Хөвсгөл далай ч юм уу, сайхан байгаль ч юм уу, эсвэл янз бүрийн боломж нөхцөл биш л дээ. Зүгээр л энэ хүмүүүстэй ажиллая гэж бодсон. Зах дээр нь явж байгаад архи уудаг олон залуусыг хараад энд би хэрэгтэй юм байна, энэ газарт би байх ёстой юм байна гэж бодсон.

Гэргий М.Ханна: Би өөрийгөө дэлхийн хамгийн гоё газар амьдарч байгаа гэж боддог. Монголд ирэхдээ Улаанбаатарт ажиллана л гэж бодож байсан. Бурхан намайг хамгийн гоё газар нутаг руу илгээсэн гэж талархаж явдаг.    

 “ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ БАЙГУУЛАХ”

Шугамдсан мэт тэгш цагаан гудамж, дүнхийсэн тоосгон, дүнзэн байшингууд нь яах аргагүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дүр төрх. Тэдний дунд А.Ганбатынх, А.Ганбатын гэр бүлийн байгуулсан “Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ нь бий. 2010 онд хүүхдүүдээ хөтлөөд, цүнхтэй хувцсаа үүрээд Дэлгэрмөрөнгийн хөвөөнд ирж байсан тэд айлын байшин түрээслэн нааш, цааш нүүсээр нэг л мэдэхэд дөрвөн жил болсон байлаа. Ингэж байж өөрийн гэсэн хашаа байшинтай болжээ.

Хүнд амьдрах тохитой орон байр чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь өөрийгөө босгож, бүтээх явдал” хэмээн А.Ганбат хуучилж байсан нь түүний амьдралын үзэл нь юм. 

“Санаа нэгт нөхдийн үйлс” ТББ-ыг үүсгэн байгуулагч А.Ганбат: Машин техник, орон байр, байшин барилга энэ бүхэн хүний зүгээр л дагавар эд зүйл. Хүний амьдралд хэрэгтэй дагавар эд. Харин хамгийн чухал нь хүн эхлээд өөрийгөө барьж байгуулах ёстой. Өөрийнхөө үндэс суурийг, өөрийнхөө итгэл үнэмшлийг барьж байгуулах явдал гэж би боддог.

Нөхөр А.Ганбат, гэргий М.Ханна нар одоо “Санаа нэгт нөхдийн үйлс” төвийнхөө гишүүдтэй хамтран хүнсний ногоо тариалдаг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын захиргаанаас өгсөн, өөрсдөө хуримтлуулсан мөнгөөрөө худалдаж авсан газар нь нийлээд 10 гаруй га давжээ. Энэ л талбайгаас хураадаг ургац нь жил бүр өссөөр. Архины хамааралтай залуусыг эмчлэх А.Ганбатын 10 жилийн хөдөлмөр ч ургацаа өгсөөр.

А.Ганбат: Манай төвд вакумжуулсан хөтөлбөр бий. Жил бүр 11 дүгээр сараас дараа жилийн тавдугаар сар хүртэл архины хамааралтай хүмүүсийг орчноос нь тусгаарлаж байрлуулаад, дотоод эдгэрлийн сургалт ордог. Энэ сургалтад одоогоор 160 орчим хүн хамрагдаад байна. Санаа нэгт нөхдийн үйлс” төвийн архинаас гаргасан үзүүлэлт 60 хувь байдаг. Бусад газрын эмчилгээтэй харьцуулахад өндөр, сайн үзүүлэлт гэсэн үг. Өдрийн сургалтад одоо 20 гаруй хүн хамрагдаж байна. Залуус маань архинаас гарч гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байна. Зарим нь Хөвсгөл аймагтаа удирдах түвшний ажил ч хийж байна. Тэдэнд хайрламаар сайхан зан чанар, их хүч, олон авьяас байдаг. Түүнийг л олж харж зүлгэж өнгөлж, өөрийгөө олоход нь туслах нь чухал.

“ХАЯГДСАН ТЭДНИЙГ ОЛОХ НЬ МИНИЙ АЖИЛ”

“Хаягдсан хүмүүсийг буцааж олох нь миний ажил. Тэдэнтэйгээ энэ насаараа хамт байна” хэмээсэн А.Ганбатын үг ажилдаа зүрх сэтгэлээ хэрхэн зориулсныг нь хэлэх болов уу.  

А.Ганбат: Бүх юмтайгаа холилдчихсон, өөрийгөө хаячихсан, гутрал цөхрөлд автчихсан хүмүүсийг угааж цэвэрлэж, засч залруулаад, дахиад гэр бүлтэй болгож, амьдрал ахуйгаа өөд нь татах хүртэл нь засна гэдэг миний хувьд урт  хугацааны ажил. Хоёр, гурван жилийнх ч биш. Би энэ хүмүүстэй арваад жил ажиллах болов уу. Ер нь бидний нөхөрлөл үхэн үхтлээ л хамт байна даа. Тэдний төлөө ч амьдарна гэж бодож байгаа.

Энэ үдэш А.Ганбатын зочид гийчид америк идээ ундаагаар ч бас дайлуулна. Учир нь гэргий Ханна нь АНУ-ын Калифорни мужийнх. Харин одоо Монголд, Монголдоо Хөвсгөлд, Хөвсгөлдөө Мөрөн суманд нөхөр, зургаан хүүхэдтэйгээ сайхан амьдарч буй.

Ирж буй онд М.Ханна өөрийн төрсөн нутагтаа гэр бүлээрээ хэрхэн айлчлахаа ч энэ үдэш ярина. 

Нэвтрүүлгийг ЭНД-ээс сонсох боломжтой.  

                                                       Сэтгүүлч Давааажавын Даваадулам  

                                Балдангийн Бат-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ud (202.126.88.202)

    2020-01-14

    Unshsan hund amidrah itgel ugsun saihan bodit amidral bna.Az jargal saihan buhniig eruue.Hun hunee olj hamt amidarna gedeg saihan yum.