Т.Төмөрбаатар: Монгол Улсын хоёр иргэн түр тусгаарлагдсан ч шинэ төрлийн коронавирүсээр өвчлөөгүй нь батлагдсан
- 2020-01-14
- Үнэн
- 0
БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр анх бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирүс болохыг ДЭМБ-аас /2020.01.10/ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар /2020.01.13/ 59 тохиолдлын 41 нь шинэ коронавирүсээр үүсгэгдсэн нь тогтоогдоод байна. Өвчлөгсөдөөс хоёр хүн эмчлэгдсэн ба 7 хүний биеийн байдал хүнд, 1 хүн нас баржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас боомтуудад 24 цагаар ажиллаж байгаа ба сэжиг бүхий 2 тохиолдол илрүүлжээ. МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас энэ талаар тодрууллаа.
-Шинэ төрлийн коронавирүсээр өвчилсөн иргэдээс нэг хүн нас барсан, 7 хүний биеийн байдал хүнд байгаа мэдээлэл байна. Нэмж бүртгэгдсэн тохиолдол байна уу, өнөөдрийн байдлаар?
-2020 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн МХЕГ-аас Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст уг өвчнөөс сэргийлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн албан бичгийг хүргүүлж, хяналтыг чангатган ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь олон улсын хөл хориот хүний халдварт өвчин хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа байдаг. ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр тухайн халдвар нь БНХАУ дотроо “өндөр”, бүс нутгийн хэмжээнд “дунд”, олон улсын хэмжээнд “бага” гэж үнэлэгдсэн байгаа. Үхань хот бол БНХАУ-ын үйлдвэр, худалдаа соёлын томоохон төв. Дэлхийн 28 улс руу шууд нислэг хийж байгаагийн хамгийн ойр нь Бээжин, Хонконг байна. Манай Улс Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Хонконг, УБ-Эрээн чиглэлийн нислэг үйлдэж байгаа ба Хонконгоос 7 хоногт 9 удаагийн нислэгээр 744 зорчигч, Бээжингээс 7 хоногт 14 удаагийн нислэгээр 1600, Эрээнээс 7 хоногт 10 удаагийн нислэгээр 600 орчим зорчигч хил нэвтэрч байгаа нь уг халдвар ялангуяа агаарын хилээр дамжин орж ирэх эрсдэлтэй байгааг харуулж байна. 01сарын 03-аас хойш Үхань хотод уг өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ойрын хавьтал болон эмнэлгийн ажилчдыг хяналтдаа аваад байгаа тухай мэдээлэл байна.
-Манай Улсад хоёр удаагийн сэжигтэй тохиолдол гарсан. Хариу нь тодорхой болсон уу?
-Манай улсын хувьд БНХАУ-тай хил залгаа учир уг өвчин хил дамжин орж ирэх эрсдэл өндөр. Тийм учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаас боомтуудад зорчигчдын биеийн халууныг хэмжих, асуумж судалгаа авах, ачаа, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх ажлыг эрчимжүүлсэн. Уг халдвар нь агаарын хилээр дамжин халдварлах эрсдэл их байдаг тул Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хяналт шалгалтыг өндөрсгөн ажиллаж байна. Тус олон улсын нисэх буудал дээр ажилладаг Буянт-Ухаа боомт дахь ХМХА-аас 2020 оны 01 сарын 09, 10-ны өдрүүдэд халуунтай, ханиалгасан шинж тэмдэгтэй Монгол Улсын 2 иргэнийг илрүүлж, түр тусгаарлан хариу арга хэмжээг холбогдох журмын дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн. Холбогдох газруудад мэдээлэн, ХӨСҮТ-д шилжүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээ болон эмч нарын үзлэгээр 6 настай хүүхдэд аденовирүс, 20 настай оюутанд томуугийн А хүрээний Н3N2 вирүс илэрсэн. Эдгээр вирүс нь эргэлтэд байдаг шинэ халдвар биш юм. Товчоор хэлбэл шинэ төрлийн коронавирүс биш байсан гэсэн үг. Хэдий дээрх 2 тохиолдол нь шинэ коронавирүсийн халдвар биш болох нь батлагдсан ч өвчлөлийн голомтын бүс нутгаас дээрх халдвар дамжин орж ирэх эрсдэл хэвээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж, иргэн зорчигч нэг бүр хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (0)