Б.Баттөмөр: Монгол улс ОУВС-тай цаашид хамтарч ажиллах шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталлаа. Үүнтэй холбогдуулан ОУВС-гаас өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ тэтгэврийн зээлийг тэглэснээрээ хоёр талаас хийсэн гэрээг зөрчсөн, инфляц өсөх сөрөг үр дагавар гарна гэж мэдээлсэн. Эдийн засагч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Эдийн засгийн утгаар нь аваад үзвэл зөв шийдвэр биш. Иргэддээ зориулсан арга хэмжээ гэдэг утгаар нь бид дэмжсэн. Гэхдээ Засгийн газар ийм арга хэмжээ авахаасаа өмнө ОУВС-тай тохирох ёстой байсан болов уу. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хэд хэдэн эрсдэл байна, үүний нэг нь ОУВС-тай хийсэн тохиролцоогоо нягталж, тохирох хэрэгтэй гэдгийг би хэлсэн. Бид ОУВС-гийн “аргамжаа"-нд байгаа шүү дээ. “Аргамжаа”-ны уртын хэмжээнд л явах хэрэгтэй. Үүнээс цаашаа явбал ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах эрсдэлтэй. Энэ хөтөлбөрөөс гарна гэдэг бол Монгол Улс цаашаа улс, эх орноо авч явж, чадах эсэх асуудал үүснэ. Гэтэл яг өнөөдрийн байдлаар авч явж чадахгүй байна. Яахав Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гадаад үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа нь үнэн.

Нүүрс, зэсийн үнэ харьцангүй өсч байна. Сүүлийн үед алтны үнэ нэмэгдэж байна. Мөн Сангийн яамны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өр, зээлийг барагдуулах зэрэг авах ёстой арга хэмжээг тухайн үед нь авч, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласнаар эдийн засагг эерэг үр дүн гарч байгаа.

Гэхдээ энэ үр дүнг үүрдийнх юм шиг санаж болохгүй. Тиймээс ОУВС-тай хамтарч ажиллах шаардлагатай. Монголчуудын нэг алдаа нь хүнтэй тохирчихоод түүнээсээ буцдаг явдал. Үүний нэг жишээ нь ОУВС-тай хийсэн тохиролцоогоо зөрчсөн явдал юм. УИХ-ын чуулган, байнгын хороо болон намын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засагт сөрөг өөрчлөлт гарахгүй, ханш, инфляцид нөлөөлөхгүй гэж үзсэн. Валютын ханш 15-17 төгрөгөөр, инфляц 2.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон. Миний тооцоолсноор үүнээс илүү нэмэгдэхээр байгаа юм.

 

Монгол Улсын төсөв 11.9 их наяд төгрөг. Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхэд 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр байгаа. Энэ нь Монгол Улсын төсвийн орлогын ес орчим хувьтай тэнцэнэ. Энэ хэмжээний орлого эдийн засагт нэмэгдээд ороод ирнэ гэдэг бол хүссэн ч хүсээгүй ч инфляцид нөлөөлнө гэсэн үг.

 

 

 

Монгол Улсын хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь импортыг дэмжиж байгаа. Шууд иргэдэд бус ч банкинд очиж байгаа. Нөгөө талаараа банкны чанаргүй активыг чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм. Банкны үйл ажиллагаа сайжирна гэдэг зээлийн хүүг бууруулах, улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх талтай.

 

-Улсын төсвийн есөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр тэтгэврийн зээл тэглэж, халамж хэлбэрээр тараах бус бүтээн байгуулалтад зарцуулах боломж байсан гэдгийг зарим эдийн засагч хэлж байна. Нөгөө талдаа ахмадуудад чиглэсэн дорвитой шийдэл гэж дүгнэх хэсэг ч байх шиг байна?

 

-Аливаа асуудлын дараа юмыг цэгнэж ярьж, мэргэн болох амархан. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсны дараа маш олон санааг иргэд, судлаачид ярьж байна. 900 тэрбум төгрөгөөр эдийн засгийн өсөлт болон экспортыг дэмжих, импортыг орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  дэмжихэд зарцуулсан бол илүү үр ашигтай. Гэтэл 1990, 2000 оны эхэн үед тэтгэвэрт гарсан ахмадууд маань өнөөдөр хамгийн бага буюу 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Эдгээр ахмадуудын амьдрал хүнд байна шүү дээ. Яахав үр хүүхдүүддээ зээл авч өгсөн байх. Гэхдээ үр хүүхдэдээ өгч байна гэдэг өөрийнхөө хэрэгцээг л хангаж байна гэсэн үг. Энэ утгаараа Монголын төрөөс ийм арга хэмжээ авч байгааг буруу гэж үзэхгүй байна. Энэ бол зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаан дахь шинэ шийдэл. Гол нь зохицуулалтуудыг нь маш сайн хийх ёстой. Тиймээс нэгэнт гарсан шийдвэрийн хойноос буруу, зөв гэж ярилгүй, урагшаа харж ажиллах ёстой.

 

-ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ОУВС-тай анхнаасаа хамтрах шаардлагагүй байсан гэсэнтэй санал нийлэх үү?

 

-Улстөрчид өөр өөрийнхөөрөө мэдэгдэл хийж болно. Гэхдээ тооцоотой зөв ярих хэрэгтэй. Хариуцлагатай хүний амнаас хариуцлагатай үг гарч байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрт манай улс зургаа дахь удаагаа хамрагдсан байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс өөрийгөө авч явжчадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Тиймээс энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай.

 

-Валютын ханшийн өсөлт өндөр байна. Ялангуяа, манай иргэдийн хамгийн их хэрэглэдэг ам.доллар, юанийн ханш их өсөлттэй байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай вэ?

 

-Энэ бол хөгжлийн бодлоготой холбоотой. Монгол Улс яаж хөгжих вэ гэсэн хөгжлийн бодлого, загвар нь тодорхойгүй байна. Баялгийн менежмент ч тодррхойгүй байна. Тухайлбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжчихээд худалдааны хуульгүй байна. Хэн дуртай нь гадагшаа гарч худалдаа хийдэг. Үндэсний болон импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмждэггүй. Дээр дурдсан Монгол Улсын хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлдэг. Нэг үгээр хэлбэл, ам.доллар, юань болж байна. Тиймээс худалдааны хууль гаргах ёстой. Дотооддоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг гаднаас авахыг хориглох хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас авч болно, гэхдээ өндөр татвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо зах зээлийг хамгаалдаг, импорт дэмжсэн хэрэглээг багасгах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын 100 төгрөг тутмын 74 төгрөг нь ам.доллар, юань болоод гадагшаа гарчихаж байгаа манай улсын хувьд гадаад валютын эрэлтийг хангаж чадахгүй байгаа учраас ханш өсч байгаа юм. Мөн ченжүүдийн үйл ажиллагааг цагцлэх хэрэгтэй.

 

-Оюутолгойн гэрээний асуудал ямар шатанд явна вэ. Гэрээгээ сайжруулах хэлцэл хийж байгаа гэсэн мэдээлэл байна?

 

-Оюутолгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаад, УИХ-ын тогтоол гаргаад өгчихсөн. Оюутолгойн хувьд Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээ нь алдаатай байна гэдгийг гаргачихсан учир энэ алдааг засах шаардлагатай. Маш өндөр өртгөөр энэ том төслийг явуулж байна. Үндсэндээ гурван хувийн хүүтэй зээлийг гаднын банкуудаас босгож, есөн хувийн хүүтэйгээр бүтээн байгуулалтыг босгож байгаа юм. Тэгэхээр бидний ярьж байгаа 2048 онд үр ашгаа авах нь хойшлохоор болчихож байна гэсэн үг. Тиймээс гэрээг засаг шаардлагатай. Засч чадахгүй бол Дубайн төлөвлөгөөг дахиж авч үзэх үүрэг даалгавар өгсөн. Миний сонссоноор ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, яамдын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Ажлын үр дүнг 2-3 сар болоод УИХ, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах учиртай. Одоогоор эхний мэдээлэл ирээгүй байна. Яриа, хэлэлцээ хийж байгаа болов уу гэсэн хүлээлттэй байна. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулбал хэмжээгээрээ дэлхийн гурав дахь том төсөл болох юм. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улсад энэ ордоос хүртэх өгөөж байхгүй байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт чухал. Гэхдээ хөрөнгө оруулалт үр ашигтай байх ёстой. Тиймээс УИХ-ын тогтоолд 86 зүйл, заалттай УИХ-ын тогтоолыг өгсөн. Тиймээс Засгийн газар хэр хэмжээнд ажиллах вэ, ямар үр дүн  гарах вэ гэсэн хүлээлттэй байна.

 

-Оюутолгойн хувьцааны үнэд өөрчлөлт орсон гэх юм. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

 

-Засгийн газар, Оюутолгой хоёрын үл ойлголцлоос хувьцааны үнэ тухайн үед унасан. Харин сүүлийн үед дахиж унаагүй, харин ч өсөлттэй байна. Ер нь Оюутолгой дээр маш сайн ажиллах шаардлагатай. "Оюутолгой” компанитай Монгол Улсын Засгийн газар есөн гэрээ байгуулсан байдаг. Үүний хоёр нь үйл ажиллагаатай нь хамаагүй. Үлдсэн долоон гэрээг аваад үзэхээр Монгол Улсын эрх ашиг хангагдаагүй байгаа юм.

 

-Монгол Улсын Үндсэн хуупийн өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ. Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын дийлэнх нь ард иргэдийн өмч байна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойтойн хувийг нэмэгдүүлэх асуудал үүсэх үү?

 

-Монгол Улсын Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын дийлэнх нь Монгол Улсын иргэдийн өмч байна гэж заасан. Ер нь 1992 онд баталсан Үндсэн хуульд ч энэ санаа байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй. 2048 онд хөрөнгө оруулалтаа нөхөөд, түүний дараа Монгол Улс 16 хувийг худалдаж авах эрхтэй үлдсэн. Тиймээс УИХ- ын тогтоолд АМНАТ-ийг нэмэх, эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлцэл хийх, гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг тавьсан байгаа. “Оюутолгой” компанитай гэрээ, хэлэлцээ байгуулж байгаа хүмүүс Үндсэн хуулийн энэ заалтыг анхаарах байх. Ер нь XXI зуунд хөрөнгө оруулалтын гэрээ ямар байх ёстой юм тэр түвшинд л хүргэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий ордоос гадна Монгол Улсад сайн төслүүд байна. Дээрээс нь XXI зууны элемент буюу ховор металь зэрэг үр ашигтай байж болох төслүүдийг төрийн өмчит компани болгох хэрэгтэй. Салхитын ордыг төрийн өмчит компани болгосноор 430 орчим мянган хүний асуудлыг шийдэж байна. Тиймээс баялгийнхаа менежментийг зөв хийж, төрийн өмчтэй компани байгуулах хэрэгтэй. Ингээд үр шимийг нь Монгол Улсыг хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, хөгжлөө дэмжих, ажлын байр бий болгох, ядуурлаас гарах чиглэлд ашиглах шаардлагатай. Ер нь Монгол Улсын хөгжлийн бодлого өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Зарим гол үзүүлэлтээрээ 1990 оны түвшингээс уначихсан байна. Монгол Улсын нэг хүнд ногдож байгаа ДНБ-ий хэмжээ 3900 ам.доллар. Сүүлийн 15 жилийн хугацаанд өссөнгүй. Тиймээс хөгжпийн зөв бодлого, Төрийн маш сайн зохицуулалттай явах ёстой. Тиймээс төрийн өмчтэй компаниуд байгуулаад хуримтлалыг нь нэмэгдүүлэх замаар ард түмнийхээ амьдарлыг өөд татах нэгдүгээр арга зам байна. Хоёрдугаарт, төрийн өмчтэй компаниудыг хөрөнгийн зах зээлд хувьцааг нь гаргах замаар дунд, урт хугацаанд олон нийтийн болгох ажлыг хийх хэрэгтэй.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zundui (64.119.18.58)

    2020-01-16

    Dotood gadaadiin niilsen luivarchdiin garaar orson n unen .