Говьсүмбэр аймгийн коллежид хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил эзэмшиж байна
- 2020-01-15
- Орон нутаг
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Политехникийн коллежийн ажилтай танилцлаа. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч суралцаж байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч байна. Тэд “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хүнд машин, механизмын оператор болон засварчны мэргэжил эзэмших юм. Дээрх хөтөлбөрийн эхний ээлжийн 100 цэрэг өнгөрсөн жил тус коллежид суралцаж төгсөж бүгд байнгын ажлын байртай болжээ. Хүнд машин механизмын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цэргүүдийг авч ажиллуулах захиалга ирсээр байгаа тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэв.
Уул уурхайн жишиг сургууль гэсэн тодотголтой Политехникийн коллеж сургалтын бааз сайтай. 800 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн найман лабораторитай юм. Энд уул уурхайн ухах, ачих, тэгшлэх, тээвэрлэх зэрэг дадлагыг компьютерын удирдлагатай симулятор дээр хийдэг байна. Хүнд машин, механизмын оператор, засварчнаас гадна гагнуурчин, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр сургалт явуулдаг. Коллеж Говьсүмбэр аймгаас гадна бүс нутгийн аймгуудаас суралцагч хүлээн авдаг юм байна. Зүүнбаянгийн шинэ төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжиж, орон нутаг дахь төвүүдийг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нарт сар бүр олгодог мөнгөн урамшууллын хэмжээг өнгөрсөн жилээс сэргээж, 100 мянган төгрөг олгож эхэлсэн. Энэ жилээс 200 мянган төгрөг болгоод байна.
Сэтгэгдэл (0)