Эх түүхээ үнэн мөрөөр нь сэргээн бичиж өргөнөөр сурталчлах ажлыг төр, засаг ивээлдээ авах ёстой

Эх түүхээ үнэн мөнөөр нь бичих, ойлгох, сургамж авах, түүхэн том үйл хэрэг, амжилтаар бахархах, угсаа гарлаа дээдлэх, өвөг дээдсийнхээ хэмжээ, түвшинд хүрсэн нэр алдрыг олох, нөлөө хамаарлаа тогтоох, бусдад гайхагдахуйц үнэт зүйлсээр баян бялхам байх зэрэг боломж, чадамж монгол угсаатны хувьд сүүлийн 500 жилийн туршид ихэд хумигдаж багассаар иржээ. Энэхүү уналт, доройтолд тун ч олон учир шалтгаан байлаа. Тэдгээрээс нэн их хорлолтой нь гадны дайсагнагч хүчнүүдийн зориудаар буй болгосон гажуудуулж гуйвуулсан түүх юм.

Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын түүхийг элдэв зүсмийн үндсэрхэх үзэл, хөрш их гүрнүүдийн дээрэнгүй үзэл, тэрчлэн нүүдэлчдийн ахуй, соёлыг өнгөц, гоомой таньж, ташаа, худлаа тусгасан ном, бүтээлүүд зэргийн үүднээс буруу ойлгох, гуйвуулж бичих, санаатайгаар ор үндэсгүй зохиомжлох зэрэг сөрөг үзэгдэл, хандлага нь үнэндээ бол их эрт цагаас мөр, улбаатай болно. Ийм байдал буй болж даамжрахын эхлэлийг анх Хятадын Хаадын ордны зуйрган түшмэдүүд тавьжээ. Нийтийн тооллын өмнөх зуунуудад зохиогдсон гэгдэх зарим аман түүх, домог мэтэд дулдуйдан Төв Азийн ихэнх нүүдэлчдийг Хятад угсаатнаас гарваль, сурвалжтай мэтээр үзэх, элдэв шалтгаанаар самуурч дүрвэсэн, дайжсан хулгай нараас Хойд зүгийн нүүдэлчид эх үүсвэрээ авч хожуу өсөж олширсон гэж бичих нь тэр цагийн Хятадын хаадуудын ашиг, сонирхолд нэн их нийцэж байжээ. Учир нь тэд газар нутгаа болж л өгвөл Хойд зүгт аль болохоор тэлэх, өргөжүүлэхийг бүр нийтийн тооллын өмнөх II мянганы дунд үеэс эхлэн тасралтгүй оролдож, цөхрөхийг үл мэдэн тэмцэлдсээр байсан юм. Хилийн датуух болон чанад дахь нүүдэлчдийг Хятад угсаатны тасархай, үргэлжлэл болгож үзүүлсэн түүх Их Хан үндэстний дээрэнгүй, түрэмгий бодлогын захиалга болон гурван мянганы туршид ийнхүү улиран сурталчлагдсаар байжээ. Тэр ч бүү хэл Төв Азийн нүүдэлчид хүчирхэгжиж, том эзэнт гүрэн болж, Хятадын улсуудыг хараа, нөлөөндөө авах болсон цагт ч гэсэн мөнхүү гүрнүүд нь мөн л Хятад угсааны хаадуудын захиргаанд байсан суурин болон нүүдэлчин иргэд нэгдэж нэгэн улс, гүрэн болон оршин байсан мэтээр үзүүлэх бичих болсон юм. Ийм үзэл, номлол нь яван лавширсаар Хятад орныг дэлхий дахины соёл, иргэншлийн төв, Хятад угсаатныг хүн төрөлхтний өвөг дээдэс болгож шахам харуулахад дөхөж очсон байна. Дундад иргэн улсаас л бусад нь салбарлан  тархсан мэт, соёлын үнэт зүйлүүд энэхүү төвөөс л түгэн дэлгэрдэг мэт, Хятад угсаатны ген дэлхийд давамгайлдаг мэт, Хятад арга, ухаан л хамгийн нарийн, оновчтой мэт, хятад маягийн өнгө зүс, дуу авиа, амтны тансаглал нэн яруу, давуу мэтээр тооцох сэтгэлзүй, ухамеар өнөөдөр ч гэсэн нэн түгээмэл хэвээрээ байна.

 

 

 

Нүүдэлчдийн түүх, соёлыг баллах, бүдгэрүүлэх, мартуулах далд зорилготой ажил, арга хэмжээ төрийн бодлогын хэмжээнд тавигдаж, нүүдэлчдийн үлдээсэн бичмэл сурвалжуудыг хураан авах, шатаах, өөр хуурамч ном, бичгээр солих, тэдгээрийг хүчлэн сурталчлах зэрэг бурангуй үйлдлүүдийг Хятадын хаадууд, Манж-Хятадын түшмэдүүд хэдэн зууныг дамнуулан хийсээр иржээ. Угсаа, гарвальтай нь холбоотой баримт, сурвалжуудыг эцэг А.Эйнштейн ч гэсэн энэ баримтыг тайлбарлахаас зайлсхийх л байсан болов уу...

 

 

 

Орос, Зөвлөлтийн монгол судлаачид монгол угсаатныг "цэл залуу" гэж оношлоод, тэдний хүй нэгдлийн байгууллыг "танин" үзүүлж феодалжих явцыг нь зураглаж, "анхны" төр улсыг шинжилжээ. Шинжлэхэд зориулж олж, цуглуулсан материал нь 1931 оны үесэд чухам юу юу байсан нь одоо хэр тодорхой биш байна. Зөвлөлтийн монгол судлаачдаар багшаа хийсэн социалист байгуулалтын үеийн монгол түүхчид ерөнхийдөө Орос, Зөвлөлтийн монгол судлаачдын үзэл онол, дүгнэлт, гаргалгааг л онол, аргазүй болгон мөрдсөөр байжээ... Октябрийн хувьсгалын өмнөхөн болон дараахан үед (1915-1929 он) Оросын монгол судлалд академич В.В.Бартольд нэр, нөлөө ихтэй байв. Бартольд болон түүний үеийнхний судалгааны бүтээлд "Чингисээс өмнө монголчууд овгийн байгуулалд байсан. Хөрөнгө чинээний ялгаа нь аажмаар ихсэж элдэв тэмцэлд хүргэж эхэлсэн боловч монголчууд төрийн байгууламжгүй байсан, түүний тухай ойлголтгүй байсан. Ангийн тэмцэл хурцдаж хүчтэй төр, засаг гарч ирэх тохироо бүрдээгүй. Нүүдэлчдээс гадагшаа хийдэг дайн тулалдааны шалтгаан нь гол төлөв суурин ард түмний бүтээсэн баялгийг  булааж авах, дайны олзоор дутуугаа дүүргэх явдал байлаа... Том эзэнт гүрэн болсныхоо дараа ч гэсэн нүүдэлчид тийм шинж, зорилго бүхий дайн хийж олзолсон зүйлээ дотроо хийгээд холбоотнуудтайгаа хувааж авах байдлаар эзэнт гүрнээ бэхжүүлж байв." гэсэн үнэлгээ, дүгнэлт хэвшиж тогтсон байлаа. Тэдний ихэнх ном, бүтээлд "Соёлтой суурин улсууд ба бүдүүлэг нүүдэлчид" гэсэн ойворгон зэрэгцүүлэлт, нүүдэлчдийн аливаа соёлыг ганцхүү гадны хэн нэгний нөлөө, жишээний үр дүн болгож үзүүлэх гэсэн оролдлого, мөн хүчтэй төр засаг, хүчтэй нөлөөтэй шашингүй улмаас нүүдэлчдийн хувьд иргэншлийн тухай ярих боломжгүй гэх мэтийн өрөөсгөл, ташаа арга, хандлага, үнэлгээ зонхилж, давамгайлж байжээ.

 

Бартольдын үеийнхний залгамж халааны нэгэн гол төлөөлөгч бол академич Владимирцов (1884-1931 он) юм. Энэ хүн 1930-1931 онд "Монголчуудын нийгмийн байгуулал" гэсэн ном бичсэн ба уг ном 1934 онд хэвлэгджээ. Судлаач уг номонд "Чингисийг төрөхөөс өмнө монголчууд хүй нэгддийн нийгэмд амьдарч байв. XI-XIII зуунд феодализм Монголд эхэлж хөгжжээ. Харин ХIV-ХVIII зуун бол Монгол дахь феодализмын хөгжлийн оргил үе болно. ХVII-ХVIII зуунд Монголын феодализм уналтад орсон" гэж дүгнэжээ. Владимирцовын энэ үзэл санааг зөвлөлтийн олон судлаач хуваалцаж, бас дэмжжээ. Жишээ нь: А.Ю.Якубовский "Монголчуудыг судалсан түүхээс" хэмээх номонд "Хүй нэгдлийн байгууллын задралын сүүлчийн өдрүүд монголчуудын хувьд XII зуунд тохиожээ" гэж бичжээ. Хожуухан нь Л.Н.Гумилёв "Хүннүчүүд бол түрэг хэлтэн байсан бөгөөд монголчууд нь XII зуунд үүссэн шинэ угсаатан юм" гэж үзжээ. Гумилёвынхаар бол монгол угсаатан ердөө л 900 жилийн түүхтэй ажээ. Монгол хүн, монгол угсаатан, монголчуудын нийгмийн байгууллын талаарх ерөнхий үзэл, онолд хол явах сөрөг үр дагавар бүхий ноцтой ташаарал ийнхүү 1934 оноос буй болжээ. Мөнхүү ташаарал нь дорхноо л монголын түүхчдийн албан ёсны гэгдэх үзэл баримтлал болж хувирчээ. Онол, танин мэдэхүйн шинж, гарваль бүхий энэ алдаа, ташаарал нь цааш цаашдаа монголын түүхчдийг, мөн бусад орны монгол судлаачдыг олон олон төөрөгдөл рүү хөтөлжээ. Энэ ташаарлын сөрөг үр дагавар одоо түүх бичлэгт, угсаатны судлалд, шинэ үеийн уран зохиолд, кино урлагт, төр ба эрхийн судалгаанд зэрэг нийгмийн ухамсрын бараг бүх хэлбэрт сүүдрээ тусгасаар байна.

 

Дээр дурдсан ташаарал нь цаад шинжээрээ, гүнийн утгаараа, философи холбогдлоороо бол монгол хүний гарал, үүсэл, монгол угсаатны гарал, үүсэл, Монголын төр, эрхийн гарал, үүслийг ноцтойгоор гуйвуулахад хүргэх хортой үр дагавар үүджээ. Чингэснээр монголчуудын төр ёсны бодит түүхийн 70 гаруй хувь нь орхигдож байна.

Монгол хүн, монгол угсаатан, монгол төрийн гарал, түүхийг элдвээр гуйвуулж ирсэн Өрнийн болон Дорнын их гүрний үндсэрхэх дээрэнгүй үзэлтнүүдэд мөнхүү ташаарал нь тэдний гуйвуулга цаашид төлжих, өргөжих аятай боломжийг мөн олгосон гэж хэлж болно. Албан ёсны гэгдэх үзэл, үнэлгээ болж хувирсан мөнхүү ташаарал нь монголын түүхчдийг даруй 73 жилийн туршид онол, танин мэдэхүйн өрөөсгөл, хязгаарлагдмал байдалд чандлан барьсаар иржээ. Үнэндээ бол зөвхөн түүхчдийг ч биш, мөн нийгмийн ухамсрын бусад хэлбэрийг судалдаг хүмүүсийг, бас уран бүтээлчдийг мөнхүү ташаарал атгандаа хийж, үг ба үйлдлийг нь чиглүүлсээр байсан юм. Энэ ташаарал нь XI, XII зууны үеийн монголчуудын нийгмийн байгууллын талаарх буруу үнэлгээ, мөнхүү буруу үнэлгээнээс шууд улбаалсан монгол хүний хөгжлийн түвшин, нийгмийн сэтгэлзүй, төр ёсны уламжлал, онол сэтгэлгээний талаарх алдаатай үнэлгээнүүд, үнэт зүйлсийнх нь талаарх олон олон төөрөгдлийг цааш цаашдаа төрүүлжээ. Орос улс, ЗСБНХОУ нь Монголын эзэн гүрэн, тодорхой утгаар донор орон байсан, ЗХУ-ын эрдэмтэд нь тэр цагийн монголын нийгэм судлаачдын эрдмийн багш нар байсан нь дурдсан ташаарлыг дорхноо л албан ёсны үзэл баримтлал, шинжлэх ухааны хэвшиж тогтсон үнэн болгож хувиргажээ. Энэ нь монголчуудын түүхийн ухамсар, үндэсний ухамсрыг ихэд булингартуулжээ. Энэ бол ихээхэн хор хөнөөлтэй үзэгдэл билээ.

Өсөж өндийсөн орчин, ахуй, нийгмийн нөхцөл нь хүй нэгдлийн үеийнх гэж нэрлэж заншсан хэм хэмжээ, түвшинд байх аваас  тэндээс  тодорсон хаан, жанжид нь хувь хүний хувьд, түүхэн бие хүний хувьд, үзэл баримтлал, мэдлэг чадавхаараа хэнд ч гайхагдахааргүй, энгийн л нэг зоримогдуухан эрчүүд байж болох талтай. Харин улс үндэстэн нь түүхэн хөгжлийн ээдрээтэй урт замыг нэгэнт  туулчихсан, ард түмний нь ухамсар санах, сэргийлэх зүйлээр арвин их, дотоод ба гадаад улстөрийн харилцаандаа тооцох, харгалзах зүйл олонтой, дээр нь ухаалаг, хүчтэй өрсөлдөгчидтэй, нийгмйн ахуй, орчин нь хөгжингүй тийм улс орны төрийн зүтгэлтнүүд бол хувь хүний хувьд мэдлэг чадвар сайтай, зохих боловсролтой, өөрийн хичээл зүтгэлээр олж авсан бодит нэр, төр бүхий, хань хамсаатан олонтой, түүхэн бие хүний хувьд тод томруунаар бүрэлдэж гүйцсэн тийм хүмүүс байдаг. Ингэхлээр төрж, өсөж өндийсөн нийгмийг нь буруугаар тодорхойлсон нөхцөлд тухайн тодорхой хаан ба жанжны байдал, зорилго, тэмүүлэл, бүтээсэн, буй болгосон зүйлүүд, явж өнгөрсөн зам мөрийг нь зөв таних, зөв үнэлэх аргагүй юм. Төрж өссөн нийгмийг нь доошлуулж үнэлсэн бол тухайн хаан, жанжныг мөн л доошлуулж үнэлдэг, нийгмийг нь дээшлүүлж үнэлсэн аваас мөнхүү хаан, жанжныг мөн л дээшлүүлж үнэддэг, дүрсэлдэг байна. Ингэхлээр ХI-XII зууны монголчуудыг хаанаас гарч ирсэн, хэн бэ? гэдгийг нь зөв тодорхойлоогүй нөхцөлд Чингис хаан гэж хэн байв аа? гэдгийг яагаад ч үнэн мөнөөр үнэлэх аргагүй юм.

 

Монгол улсын удаа дараа хэвлэгдэн гарсан түүхүүдээс үзэхэд Чингис хаан маань чухам ямар нийгэм, нийгэм-улстөр, угсаатны ямар орчин, нөхцөлийн бүтээгдэхүүн юм бэ? гэдэг асуулт олон хариулттай хэвээрээ л байна. 2003 онд хэвлэгдсэн Монголын түүхийн 5 боть ном ч энэ асуултанд нэг мөр хариулж чадсангүй. Чингис хаан бол угтаа, наад зах нь 2800 орчим жилийн (МЭӨ II мянганы дундаас НТ-ын II мянганы II зуун хүртэлх) төр ёсны их түүх бүхий, уламжлал арвинтай ард түмний нэгэн суут төлөөлөгч, улстөрийн том зүтгэлтэн, гарамгай жанжин, дэлхий дахины хэмжээ, түвшинд товойж тодорсон түүхэн бие хүн билээ. Энэ хүнийг зөвхөн тэр цагийн монголын нийгэм биш, харин тухайн үеийн дэлхий дахины нийгэм-улстөрийн орчин, нөхцөл бүрэлдүүлж, тодруулсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ихэнх түүхчид Чингисийг X, XI зуун гэхэд хүй нэгдлийн гэгдэх хөгжлийн түвшинд байсан тийм дорой, буурай нийгмийн бүтээгдэхүүн мэтээр үзэж үнэлж, дүрслэн харуулж ирсэн болно.

 

 

 

"БНМАУ-ын түүх" гэсэн нэртэй сурах бичгүүдэд мөнхүү ташаарал дахин давтагдан өгүүлэгдэж, нэр хүнд бүхий судлаачдын бүтээлд ч тэр л янзаараа дурдагдсаар өнөөдрийг хүрлээ. Жишээ нь: 1966 онд хэвлэгдсэн "БНМАУ-ын түүх" гэсэн 3 боть номын тэргүүн дэвтэрт "Чингис хаан 1206 онд Монголын тулгар буюу анхны улсыг байгуулсан" (214 дэх тал) гэжээ. Мөн 1984 онд хэвлэгдсэн "БНМАУ-ын түүх" гэсэн нэгэн боть зохиолын нэмж засварласан гурав дахь хэвлэлийн 664 дэх талд "800 гаруй жилийн тэртээ цагт Монгол угсаатан бүрэлдэн хөгжөөд XIII зууны эхэнд улс төрөө байгуулжээ" хэмээжээ. 

 

 

 

Өмнө өгүүлсэн алдаа, эндэгдэлд ташуур өгч хүч нэмдэг үнэлгээ, дүгнэлт 1990 оноос хойш хэвлэгдсэн бүтээлүүдэд ч олонтой тохиож байна. Жишээ нь: 1990 онд Улсын хэвлэлийн газарт хэвлэсэн "Монголын нууц товчоо" номонд (Редактор нь Ш.Гаадамба) академич Ц.Дамдинсүрэнгийн бичсэн удиртгал хэсэгт "Монголын нууц товчооны 10 дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ" гэсэн нь бусдыг төөрөлдүүлж болох дүгнэлт мөн байна.

Түүхч, академич Ш.Нацагдорж 1991 онд бичиж нийтлүүлсэн "Чингис хааны цадиг" номонд "Монголын ард түмний түүх Чингис хаанаас эхэлнэ" (номын 298 дахь тал) хэмээсэн нь бас л гайхал төрүүлэх эндүү үнэлгээ болжээ. Түүхч, академич  Ч.Далай 1996 онд нийтлүүлсэн "Хамаг Монгол улс (1101-1206 он)" хэмээх номондоо "X зууны монголчуудын гол шинж бол ... овгийн байгуулал задарч, ангит нийгмийн үр хөврөл боловсорч эхэлж байв" (номын 10 дахь тал) гэснээр мөн л дурдсан ташааралд бүрэн захирагджээ. X, XI, XII, XIII зууны монголчууд нь Хүннү, Сүмбэ, Нирун улсыг башуулж явсан тэр л өвөг монголчуудын удам судар, тарж бутарсан хэсгүүдийн нь үр хойчис, язгуурын монголчууд, судсанд нь монголын баатарлаг эрсийн цус урсаж байдаг  "Монгол эх орончдын нийгэм- улстөрийн генийг" залгамжлагчид мөн байжээ гэж үзэх юм бол асуудал өөрөөр эргэж, олон зүйл огт өөрөөр ухаарагдах болно. Чухам тийм болох учир XIII зууны монголчууд нэгдэж, хүчирхэгжиж чадаад, эрт дээр үеэс удамшиж үлдсэн их энерги, чадамжаа дөрөв дэх удаагаа дайчлан гаргаж идэрмэг их хүчийг олоод Ази, Европыг эзэлж Их эзэнт улсаа байгуулсан билээ. Түүхэн үнэн болбоос зөвхөн ийм юм. Ингэхлээр нэн эртнээс XXI зууны эх хүртэлх эх түүхээ үнэн мөнөөр нь сэргээн бичих зорилт бол эдүгээ цагийн тулгамдсан асуудал мөн болно. 

Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын түүхийг өмнө дурдсан хийгээд эс дурдсан ташаарал, гуйвуулгаас ангижруулж түүхэн үнэний дагуу залруулж бичих ажлыг Монголын өнөөгийн төр, Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч богино хугацаанд хийж дуусгах хэрэгтэй байна. Эх түүх маань үнэн, зөв байх аваас монгол угсаатнуудын түүхийн ухамсар, үндэсний бахархал, тэмүүлэл нэгэн янзаар зангидагдан төлөвшиж, бүгдээрээ нэгэн чигт зорьцгоож, монгол үндэстний нас уртсаж, дархлаа бэхжиж, бусад үндэстнүүдийн дунд нэгэн тод од болон мөнх гэрэлтэж байх болно.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)