“Монголын компаниуд Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт авах боломжтой”

АНУ-ын зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээний талаар Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгтэй ярилцлаа.

– АНУ-д болох “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Бид АНУ-ын зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдээ дэмжих, “Монгол Экспорт” хөтөлбөртэй уялдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа ирэх сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн 189 орны төлөөлөл байрладаг Дэлхийн банкны Үндсэн цогцолборт Монголын өв соёлын өдрүүд,  “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээг Дэлхийн банк болон бусад дэмжигч байгууллагуудтай  хамтран зохион байгуулах гэж байна.

– АНУ-ын Худалдааны яам, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Дэлхийн банк гээд олон байгууллага хамтран ажиллаж байгаа гэж сонссон юм байна?

– АНУ-ын Худалдааны яамны Азийн газар нь Америк-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж зөвлөгөө өгөх, санал солилцох, сургалт хийх зэргээр дэмжин ажилладаг. Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар дэмжин ажиллаж АНУ-д бараа бүтээгдэхүүн импортлох боломжууд, хууль эрх зүйн орчин, татвар тариф, тавигдах стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх сургалт хийх, хоёр орны бизнесүүдийг холбох В2В бизнес уулзалтыг зохион байгуулж өгөхөөр ажиллаж байна.

Мөн “Дэлхийн банк” групптэй хамтран Монгол Улсыг сурталчлах, Монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, соёлын өв, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготойгоор “Монголд үйлдвэрлэв 2020” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл танилцуулах VIP уулзалтыг зохион байгуулах гэж байгаа нь хамгийн онцлог байна.

– Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацид төслөө танилцуулж хөрөнгө оруулалт авах боломжтой гэсэн үг үү?

– Хэрэв хэрэгжих боломж өндөр, судалгааны ажлууд нь хийгдсэн бизнес төсөлтэй бол энэ арга хэмжээнд оролцож, төслөө Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн зорилтот хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой гэсэн үг. Эдгээр байгууллагууд хувийн секторт хөрөнгө оруулалт хийдэг, шууд хөрөнгө  оруулалтыг хийх боломжийг олгодог байгууллага. Өнгөрсөн онд “Дэлхийн банк” группээс биднийг дэмжиж, гурван төсөл танилцуулснаас нэг нь санхүүжилт авах боломжтой болсон. Энэ боломжийг ашиглахад төр хувийн хэвшлийнхэн маань идэвхитэй хамтран ажиллаж бэлтгэлээ сайн базааж оролцвол шууд үр дүн гаргах боломжтой байдаг.

– Бизнес эрхлэгчид энэ арга хэмжээнд оролцохын тулд хаана хандах вэ?

– Экспорт олон улсын худалдааны төв нь 2015 оноос хойш Монгол Улсыг гадаадад сурталчлах, Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбох чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг. Манай Export Mongolia фэйсбүүк хуудас, www.exportmongolia.mn цахим хуудас 95033019 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

– Сүүлийн үед экспорт, гадаад худалдааг дэмжих, үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар хуваалцвал?

 

– Экспорт олон улсын худалдааны төв нь экспортын нэгдсэн сүлжээг бий болгох, гадаад зах зээлд монгол брэндийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор цогц арга хэмжээг хийж ирсэн. Бид сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд импортын зөвшөөрөлтэйгээр экспортлох, чанар стандартыг нийцүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Энэ хүрээнд 2015 оноос эхлэн АНУ-ын Чикаго хотноо Монгол ложистикийн төв “Made in Mongolia” дэлгүүрийг нээн үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллаж, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, борлуулж байна. Энэ сарын 15-аас эхлэн “Made in Mongolia”  нэрийн дэлгүүр дээр монголчууддаа зориулсан “Цагаан сар” экспог мөн зохион байгуулж 10 гаруй компанийн бүтээгдэхүүнийг экспортлон худалдаалж байна. Мөн АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвд Монгол брэндийн дэлгүүрийг байнгын үйл ажиллагаатайгаар нээж байна. Эдгээр дэлгүүр нь Монголын брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын 325 сая хүн ам бүхий 2.4 их наяд ам.долларын зах зээлд нэвтрүүлэх, таниулах, сурталчлах, худалдаалах боломжийг олгож байна. Шууд худалдааны эдгээр дэлгүүрүүдээс гадна агуулахаас цахимаар АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, худалдаалах томоохон боломжийг бид олгож байна. Бараа бүтээгдэхүүний тээвэр, агуулахын асуудлыг бүрэн шийдсэн, олон улсын онлайн худалдааны amazon, ebay, shoppyfy системд нэгдсэн, АНУ доторх дотоодын тээврийн асуудлыг FEDEX компанитай гэрээ хийж, дэд бүтцийн асуудлаа цогцоор нь шийдсэн www.mongolianexports.com онлайн худалдааны сувгийг нээхэд бэлэн болоод байна. Одоогоор Монголын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээс гадна хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-д FDA зөвшөөрөлтэйгээр экспортлож байна. Үүнд, гурил, гурилан бүтээгдэхүүн, ундаа, жүүс мөн айраг, шар тос гэх мэт бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр экспортлож байлаа.

М.Саранцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)