Зээлийн хүсэлтийг бусдаар дамжуулах шаардлагaгүй
- 2020-01-27
- Үнэн
- 0
Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Санхүүжилт болон Зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржавтай ярилцлаа.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл, санхүүжилт авах хүсэлт их ирж байна уу?
-Танд ч мөн шинэ оны мэнд хүргэе. Манай банк экспортыг дэмжсэн импортыг орлох төсөл хөтөлбөрийн хүсэлтийг жилийн турш хүлээн авдаг. 2020 он гарсаар Засгийн газраас баталсан Ноолуур хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүсэлтүүд түлхүү ирж байна.
-Танай банкнаас зээл авахад ямар шалгуур тавьдаг вэ? Засгийн газраас тодорхой аж ахуйн нэгжийн жагсаалт гаргаж зээл олгох асуудал байдаг уу? Төслөө яг ямар шалгуураар сонгодог вэ?
-МУХБ-ны тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд УИХ, Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй гэсэн заалттай. Үүний дагуу 2017 оноос хойш экспортыг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрт оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандах эрхтэй болсон. Өнгөрсөн оны хавар МУЗГ-аас Хөгжлийн банкинд шалгалт хийсний дараа зээлийн бодлого, журмандаа зарим өөрчлөлтүүдийг оруулсан.
Тухайлбал, 20.0 тэрбум төгрөгнөөс дээш санхүүжилтийг Хөгжлийн банкнаас шийддэг болсон. Учир нь Засгийн газрын шалгалтын дүгнэлтээр 20.0 тэрбумаас доош төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож байгаа нь арилжааны банктай өрсөлдөж байна гэж үзсэн.
Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд тодорхой шалгууруудыг зааж өгсөн байдаг. Эдийн засаг санхүүгийн үр ашигтай, зээлээ төлөх чадвартай, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, барьцаа баталгаагаар хангагдсан байх, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл хийгдсэн байх гэх мэтчилэн шалгуур тавьсан. Хуулиас гадна бид зээлийн бодлогодоо нарийвчилсан шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк аливаа төслийн 85 хүртэл хувьд оролцоно. Үлдсэн хувьд нь тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрөө хөрөнгөө гаргах эсвэл өөр банк болон санхүүгийн байгууллагуудаас хөрөнгөө босгох гэсэн олон хувилбараар шийдэх боломжтой. Ямар ч аж ахуйн нэгж эдгээр шаардлагыг хангасан, экспортыг дэмжсэн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол Хөгжлийн банкинд хандах эрх бүрэн нээлттэй. Манай цахим хаяг дээр ямар материалууд шаарддаг нь нээлттэй байгаа.
-Зээл хүссэн этгээл хүсэлтээ яаж өгдөг вэ? Зээлдэгч заавал өөрийн биеэр танайд хандах уу?
-Хөгжлийн банк 2017 оноос зээл санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авах цахим системийг нэвтрүүлсэн. Манай цахим системийн онцлог нь Хөгжлийн банкны шаардлагад нийцсэн төсөл мөн эсэхийг шалгуур асуулгуудаар нарийвчлан тодруулах, харилцагчаас шаардлагатай материалуудаа цахимаар илгээх боломжтойгоос гадна ирүүлсэн хүсэлтийг судлах, дүгнэлт гаргах зэрэг банкны үйл ажиллагаанд оролцогч ажилтнууд ч систем дээрээ ажиллаад явахаар цогц байдлаар нэвтрүүлсэн хийгдсэн юм.
Системийн давуу талыг их хэмжээний бичиг цаас бариад манай банкыг зорих шаардлагагүй болсноос харж болно. Гэхдээ хамгийн чухал нь үнэхээр манай шалгуур шаардлагыг хангасан компанийн хувьд зээл, санхүүжилтийн хүсэлт гаргахын тулд хэн нэгэн танил талаа хайгаад байх шаардлага байхгүй болсонд оршиж байна. Шууд системээр дамжуулаад хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Харин шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхээ сайтар дүгнэх, бичиг баримтуудаа бүрэн бүрдсэн эсэхийг сайн нягтласны эцэст л хүсэлтээ илгээх нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар дутуу, буруу материалтай хүсэлт илгээвэл банк хүсэлтэд татгалзах ба 6 сарын хугацаанд дахин зээлийн хүсэлт илгээх боломжгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хөгжлийн банкнаас зээл авахад туслалцаа үзүүлнэ, хүсэлт гаргахад зуучилна гэдэг асуудал сонсогдож байсан. Танайхаас хэн нэгэн хүнээр дамжуулаад зээл авах боломж байдаг юм уу?
-Манай банкинд ирж, зөвөлгөө мэдээлэл авч байгаа зарим хүмүүс танай банкинд хүсэлт өгөх гээд хүнээр дамжуулсан юм, тэр хүн надад хөөцөлдөж өгч байгаа гэсэн утгатай зүйл ярихыг сонсож л байсан. Бүр танайхаас зээл олгох зөвшөөрөл олгогдсон жагсаалтад манай байгууллага багтчихсан гэнэ, одоо материалаа яаж өгөх вэ гэж утасдсан тохиолдол ч гарсан. Гэтэл манай банкнаас зээл олгох жагсаалт батлах нь бүү хэл хуульд нь Засгийн газраас ч ийм тийм төсөлд зээл олго гэсэн тухайлсан шийдвэр гаргахгүйгээр зохицуулагдсан гэдгийг би дээр дурдсан. Тиймээс, зээл санхүүжилтийн хүсэлт гаргахад бусдаар зуучлуулах, дамжуулах, хөөцөлдүүлэх, болсон болоогүй зөвөлгөө авах ямар ч шаардлага байхгүй.
Тухайн компанийн хэрэгжүүлэх төсөл нь банкны зорилго, шалгуурт нийцсэн эсэхээ манай систем дэх асуулгуудад хариулах замаар тодорхойлчихно, веб сайтад тодорхой заачихсан бүрдүүлэх бичиг баримтуудыг хавсаргаад хүсэлтээ илгээхэд л болох юм.
Хэрэв хүсвэл манай банкинд биеэр ирээд зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Манай ажилтнууд ирсэн хэн бүхэнд мэдээллийг нээлттэй өгөөд хэвшчихсэн.
-Тэгэхээр танай банкнаас 20.0 тэрбум төгрөгөөс доошхи зээл авах боломжгүй гэж ойлгох уу?
-Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэх төсөлд тийм. Харин үүнээс доош хэмжээний зээл авах зээлдэгч, үйлдвэрлэл эрхлэгчид тус банкнаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрт оролцох боломж бий. Сүүлийн үед хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хамгийн үр дүн сайтай байгаа нь дээр дурьдсан, Ноолуур хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа санхүүжилтийн хөтөлбөрийг дурьдаж болох юм.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд өөрийн харилцагч банкаараа дамжуулж хөтөлбөрт оролцож, өөрийн хүчин чадал, боломждоо тохирсон хэмжээний зээл авах боломжтой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Хөгжийн банкнаас шууд олгож байгаа зээлүүдтэй хугацаа, хүү зэрэг нөхцөл нь адилхан байгаа.
Цаашид уул уурхайн бус экспортыг дэмжсэн санхүүжилт, гэр хороололын дахин төлөвлөлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавиад, эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор энэ чиглэлээр хүсэлт хүлээн аваагүй байгаа бөгөөд хөтөлбөр зарлагдсан даруйд нийтэд мэдээлэл өгөөд явна байхаа.
Ярилцсанд баярлалаа, Таны ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)