Б.Хувьтавилан: Цахим орчны зараар, гар дээр эм худалдан авах нь эрсдэлтэй

-ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЭМИЙН 30 ХУВЬ НЬ ХУУРАМЧ-

Хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмжийг олон улсын “Меркс” байгууллагаас МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторид хүлээлгэн өгөөд удаагүй байна. Манай улс хуурамч эмийг хэрхэн илрүүлж буй талаар тус лабораторийн менежер Б.ХУВЬТАВИЛАНТАЙ ярилцлаа.

-Олон улсын байгууллагаас хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжөөр ямар төрлийн шинжилгээг хийх вэ?

-Хуурамч эмийг илрүүлэх стратеги төлөвлөгөөг манай улс 2009 онд анх боловсруулж байсан. Эмийн дээжийг лабораторид бүх талын үзүүлэлтээр нь шинжилж, хуурамч эсэхийг нь тогтоодог. Шинээр хүлээлгэн өгсөн багаж хэрэгслээр тооны бус чанарын шинжилгээ хийнэ. Тодруулбал, хуурамч эмийг илрүүлэхэд хамгийн түрүүнд чанарын буюу найрлага дахь бүх агууламж байгаа эсэхийг шалгадаг. Тухайлбал, онцгой нөхцөлд буюу хил, гаалиар оруулж ирж буй эмийн агууламжийг шинжилж, эргэлзээтэй гарсан тохиолдолд манай лаборатори руу илгээж, нарийн шинжилгээ бүрэн хийж, хуурамч эсэхийг нь тодорхойлно. Тухайн эмийг лабораторийн шинжилгээнд өгөх эсэхийг шинэ багаж хэрэгслээр түргэн шуурхай шийдэж, цаг хэмнэх юм. Ингэснээр бид сэжигтэй дээжид чанарын шинжилгээг хурдан шуурхай хийж, хуурамч, чанарын шаардлага хангасан эсэхийг шийднэ.

-Манай улс анх удаа эмийн чанар буюу найрлага дахь бүх агууламж байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмжтэй болсон гэсэн үг үү?

-Ийм төрлийн багаж манай лабораторид бий. Харин энэ удаагийнх зөөврийнх гэдгээрээ давуу талтай. Зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаанд олон давуу талыг бий болгоно.

Мөн энэхүү тоног төхөөрөмжөөр хаана ч шинжилгээ хийхэд хялбараас гадна ундны ус ашиглан шинжилж болдгоороо онцлогтой. Зөөвөрлөж хэрэглэх боломжтой нэг багажийг дагалдуулж, тус бүр нь 1-3 сая төгрөгийн үнэтэй, 86 нэр төрлийн стандарт, цэвэр бодис нийлүүлсэн. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Стандарт нь шинжилгээ хийж буй эмийн найрлагад орсон цэвэр бодис. Өөрөөр хэлбэл, тухайн эмийг стандарт бодистой нь харьцуулж, шинжилнэ гэсэн үг. Одоогоор манайд стандарт 4000 орчим нэр төрлийн бодис бий.

 

 

 

-Зөөврийн багаж хэрэгсэлтэй болохоос өмнө хил гаалиар оруулж ирж буй эмэнд хэрхэн хяналт тавьж байсан юм бэ?

 

-Мэргэжлийн хяналтын эмийн байцаагч нар хяналт тавьж, эрсдэл өндөртэй тохиолдолд дээжийг нь манайх руу явуулж, шинжлүүлдэг. Мөн МХЕГ-аас удирдамж гарган шалгалт зохион байгуулсан, ямар нэгэн хордлого гарвал, түүнчлэн иргэний гомдол, цагдаа, тагнуулын байгууллагын хүсэлтын дагуу ирүүлсэн дээжид шинжилгээ хийдэг. Манайх улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ганц лаборатори учраас импортоор оруулж ирж буй бүх эм болон үндэсний эмийн үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүний стандартад шинжилгээ хийдэг. Мөн 300 орчим эм ханган нийлүүлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу бид чанарын хяналт хийдэг.

 

-Ер нь танай байгууллагын хувьд хуурамч эмийг илрүүлэх тоног төхөөрөмж хүртээмжтэй байж чаддаг уу?

 

-Тоног төхөөрөмжийн тухайд хангалттай. “Эрүүл мэндийн хөгжил- IV” төслийг хэрэгжүүлж, Азийн хөгжлийн банкнаас стандартын шаардлага хангасан бүх тоног төхөөрөмжөөр 2013 онд бүрэн хангасан. Гэхдээ техник, технологи хурдацтай хөгжиж буй учраас илүү сайжруулах шаардлага бол бий.

 

-Нэг эмийн хуурамч эсэхийг тогтооход хэд хоногийн хугацаа зарцуулдаг вэ?

 

-Чанарын хяналтын журамд зааснаар эмийн дээжийн хэлбэрээс хамаарч ажлын 5-16 хоногт тодорхой болгодог. Тухайн эмийг ганцхан үзүүлэлтээр нь чанарын шаардлага хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй. Бүх талаас нь буюу 14-15 үзүүлэлтээр шинжилж байж, чанарыг нь гаргадаг. Нэрмэл болон усан эмийн химийн үзүүлэлтийг нэг өдрийн дотор гаргах боломжтой. Гэхдээ микро биологийн буюу нян бактерийн тоог үзэхэд 5-7 хоног шаардлагатай.

 

-Танай байгууллага жилд дунджаар хэдэн нэр төрлийн эмийн дээжийг шинжилдэг вэ?

 

-Бид МХЕГ болон АШУҮИС-тай хамтарч хуурамч эмийн тандалтыг тогтмол зохион байгуулдаг. Жилд дунджаар 2500 нэр төрлийн дээжид шинжилгээ хийдэг. Гэхдээ эдгээр нь зөвхөн хилээр оруулж ирсэн дээж биш. Байцаагч нар үнэлж, эрсдэлтэй тохиолдолд манай лаборатори руу явуулдаг.

 

-Эм үйлдвэрлэдэг үндэсний компаниудын бүтээгдэхүүнд хэр зэрэг зөрчил гардаг вэ?

 

-Дотоодын эмийн үйлдвэр 30- аад байдаг. Эдгээр үйлдвэрийн тухайд хуурамч эм үйлдвэрлээгүй ч стандартын шаардлага хангахгүй тохиолдол гардаг. Гэхдээ энэ төрлийн зөрчил жил бүр багасч байгаа. Манай улс хэрэгцээт эмийнхээ 70-аад хувийг импортоор оруулж ирж, үлдсэнийг нь дотооддоо хангадаг. Тиймээс цаашид үндэсний үйдвэрлэлээ дэмжиж, импортын тоо хэмжээг бууруулах нь зүйтэй.

 

-Жилд дунджаар 2500 нэр төрлийн дээжинд шинжилгээ хийхэд түүнээс хэдэн хувь нь зөрчилтэй гардаг вэ?

 

-Манайх АШУҮИС-тай хамтарч хамгийн сүүлд 2017 онд хуурамч эмийн тандалт судалгааг хийсэн. Энэхүү судалгаагаар хуурамч эмийн илрүүлэлт 0.8, стандартын шаардлага хангаагүй нь 11 хувьтай байсан. Манай лабораторийн өнгөрсөн оны тайлангаар хуурамч эмийн илрүүлэлт 0.6, стандартын шаардлага хангаагүй нь 6.4 хувьтай гарсан.

 

-Байцаагч нарын явуулсан эрсдэлтэй дээжүүдэд шинжилгээ хийхэд ихэвчлэн ямар зөрчил гардаг вэ?

 

-Тухайн эмийн найрлагад орох ёстой бодис нь байхгүй, өөр бодис орлуулсан, эсвэл байх ёстой хэмжээнээсээ хэд дахин бага, нянгийн бохирдолтой, стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил гардаг. 2017 онд хуурамч эмийн тандалт судалгааг хийсэн бол 2018 онд зах зээлд худалдаалж буй биологийн идэвхт бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хугацаа нь дууссан эсэхийг шалгасан.

 

-Он гарснаас хойш хэдэн дээжид шинжилгээ хийгээд байна вэ?

 

-300 орчим дээжид шинжилгээ хийгээд байна. Тандалтын дээж 21 аймаг, есөн дүүргээс ирсэн.

 

-Зах зээлд худалдаалж буй биологийн идэвхт бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд ихэвчлэн ямар төрлийн зөрчил гарсан бэ?

 

-Зах зээлд худалдаалж байгаа биологийн идэвхт бүх бүтээгдэхүүний зөвхөн дөрвөн хувьд буюу 306 дээжийг 3034 үзүүлэлтээр шинжлэхэд 8.6 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэж гарсан.

 

-Хэрэглэгчид хуурамч эмийг хэрхэн таньж болох вэ. Анхааруулж хэлэх зүйл бий юү?

 

-Хамгийн түрүүнд хаяг, шошгоос нь таньж болно. Үйлдвэрлэгчийн хаяг„ шошго, орц, найрлагыг дуурайж, хуурамчаар үйлддэг. Мөн үйлчлэгч бодис нь найрлагадаа байхгүй, стандартын шаардлага хангахгүй тохиолдолд хуурамч эм гэж үзнэ. Үүнийг лабораторийн хэмжээнд тодорхойлно. Цахим орчинд тавьсан зарын дагуу болон иргэдийн гар дээрээс эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авах нь маш их эрсдэлтэйг энд онцгойлон анхааруулъя.

 

Хуурамч, чанаргүй эм худалдаалж байх магадлал өндөр байдаг. Хэрэв худалдан авалт хийхээр шийдсэн тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамрагдсан, стандартын шаардлага хангаж буй эсэхийг заавал шалгахыг зөвлөж байна. Дэлхийн зах зээлд худалдаалж буй эмийн 30 хувь нь хуурамч гэж үздэг тул манайд оруулж ирэх эрсдэл маш өндөр.

Сүүлийн үед тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээж, тамиржуулах тариаг хуурамчаар оруулж ирэх тохиолдол гарах болсон.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)