Аймгуудыг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулна
- 2020-01-29
- Үнэн
- 0
Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 63.2 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдэд танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэнболовсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийнсанал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг дэмжив.
Мөн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаандбүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” саналтоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршилхаргалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ.
Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна.
Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүрбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүрдээ нэг тойрог байхаар тусгажээ.
Харин Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байх аж.
Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүрэг 2 мандаттай, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 5 мандаттай, хороодоос бүрдсэн хоёр тойрог /нэг тойрог нь 2, нөгөө тойрог нь 3 мандат бүхий/-той байх юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Сэтгэгдэл (0)