Бизнесийнхэн хөрөнгийн зах зээлээ ашиглахгүй байна

Манай улс банк давамгайлсан эдийн засаг, санхүүгийн  бүтэцтэй.  Хөрөнгийн зах зээлээ ашиглавал манай эдийн засгийн өсөлтөд нөлөөлж ДНБ эзлэх харьцаа зохистой болно гэдэг.Хөрөнгийн зах зээлийг хэмжихдээ  ДНБ-ээ нийт зах зээлийн үнэлгээтэй харьцуулдаг. Эдийн засаг дахь ДНБ-ий харьцаа 2019 оны байдлаар зах зээлийн нийт үнэлгээ 2.7 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, зах зээлийг бүрдүүлэгч ТОП 20 компанийн нийт хөрөнгө ийм хэмжээтэй. Эдгээрээс “АПУ”, “Тавантолгой”, “МИК Холдинг”,”Говь” компанийн үнэлгээ хамгийн өндөр юм.Энэ үнэлгээг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 7.4 хувьтай байна. Эдийн засаг 13.3 тэрбум ам.долларт хүрсэн. 2014 онд 12 хувь байсан бодлогын хүү өссөөр 2016 онд 14 хувьд хүрсэн бол  2017 онд 11 хувь болж буурсан. Одоо энэ хэвээр хадгалагдаж байна. Бодлогын хүүг дагаад  хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буурч буй нь хөрөнгийн зах зээлд сайн  үзүүлэлт. Хөрөнгө татах гэж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт татах өртөг дагаад буурах юм. Эх үүсвэрийн өртөг буурснаар компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах сонирхол нэмэгддэг ажээ. Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч  О.Мөнхжаргал Монголын бизнесийн зөвлөлөөс эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр “ Эдийн засаг дахь хөрөнгийн зах зээлийн нөлөө” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Манай  банкны  салбарын нийт актив 2019 онд 35 тэрбум төгрөг болсон. Энэ нь ДНБ-ий 98.2 хувь болжээ. Тэгэхээр манай дийлэнх бизнесүүд санхүүжилтээ арилжааны банкнаас зээл байдлаар авч байна гэсэн үг. Эдийн засаг дахь санхүүгийн салбарын үнэлгээг ДНБ-д харьцуулсан харьцаа 2017 онд 8.7, 2018 онд 7.8, 2019 онд 7.4 хувь болж буурчээ.Үүнийг банкны салбартай харьцуулбал хөрөнгийн зах зээл маш өчүүхэн хэсгийг эзэлж байна” гэсэн юм.

Түүнчлэн зах зээлийн арилжаа хэр явагдсаныг шинжилбэл 2011, 2012 онд арилжаа 16.5 хувьд хүрч явагдсан хамгийн өндөр үзүүлэлт байв. Тухайн үед гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь хөрөнгийн зах зээл рүү хөрвөсний зэрэгцээ өндөр үнэлгээтэй цөөн тооны компани байсантай холбоотой. Тухайн үед “АПУ” “Хайнекен”-тэй нэгдэж хөрөнгө татснаар үнэлгээ нь өссөн. Тэр хэрээр нэгж хувьцааны үнэ анх 622 төгрөг байсан бол өдгөө 100 дахин өсч 54 мянган төгрөг болсон байх жишээтэй. Тэгэхээр эдийн засаг  буурахын хэрээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тэр хэрээр буурч эргээд 2017, 2018 онд өсөхөд нь дагаад өссөн.

Энэ бүгдээс харахад үнэлгээ өсөхийн хэрээр арилжаа өсчээ. Идэвхгүй зах зээлд арилжаа муу явагддаг. Харин тогтмол өсч байвал эрүүл өсөлт бөгөөд хүмүүс илүү их бизнес хийж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.6 тэрбум ам.доллар. Үнэлгээг задалбал, “АПУ” 55, “Тавантолгой”, “МИК холдинг” 11.55, “Говь” 13 сүүлд IPO хийсэн “Инвескор” ББСБ 5.86  хувийг  эзэлж байна.

Үлдсэн хэсгийг 200 орчим компани бүрдүүлж байна. Эндээс харвал хөрөнгийн зах зээл өсөх боломжтой харагдаж байгаа юм. Харин эдийн засагтай харицуулхад бага. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгийн зах зээлээ ашиглахгүй байна гэж судлаач, эдийн засагчид онцолсон.  Хувьцааны арилжаа  2015-2017 онд өндөр хувьтай байгаа юм. Энэ нь Засгийн газраас бонд гаргаж Хөрөнгийн биржээр арилжсантай холбоотой. Хөрөнгийн зах зээлээс компанийн хувьцаа аваад тодорхой хэмжээгээр өгөөж хүртэж зарж байна. Компаниуд мөн өөрийнхөө хувьцааг худалдан авч болно. Ингэснээр арилжаа өндөр байснаар компанийн үнэ цэнэ өснө. Арилжаа хийж буй үнээр нэгж хувьцааны  үнэ тогтоно. Зах зээлийн хөгжлийн индикаторын  дэлхийн дундаж нь 72.4, хөгжингүй орных 110, хөгжиж буй орны дундаж 44.8 хувьтай байгаа бол манайх 7.4 хувьтай байна. 110 хувьтай байгаа нь нийт зах зээлийн үнэлгээ нь ДНБ-ээсээ давсан байна. Энэ нь хөрөнгийн зах зээлээ иргэд нь ашиглаж байна гэсэн үг юм.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)