Б.Батсайхан: 996 иргэний 2,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг хянаж байна

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, и баримт системийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Хүрэлчулуун, Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг нар оролцлоо.

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна. Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189,9 тэрбум төгрөг буюу 21,1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530,0 тэрбум төгрөг буюу 94,3 хувиар тус тус нэмэгдсэн байна.  НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3’279.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.

Монголын татварын алба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд / энэ удаа 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуучин хуулийн дагуу жилд нэг удаа олгохоор ажиллаж байна/ албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох ажлыг дөрөв дэхь удаагаа зохион байгуулж байна. Цаашдаа НӨАТ-ын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр улирал тутам олгодог болно .

Ийнхүү буцаан олголтыг олгохдоо НӨАТ-ын тухай хуулийн 15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно гэсэн заалтад үндэслэдэг. Үүнд:

15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Мөн энэ хуулинд албан татвар төлөгчийг  НӨАТ-ын тухай хуулийн “5 дугаар зүйлийн 5.1-д Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.” хэмээн тодорхойлсон байдаг.

НӨАТ-ын тухай хуулийн дээрхи зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг  Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан байдаг. Энэхүү журмын 3.2-т “Татварын ерөнхий газар: Татвар төлөгч-н худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлага хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьна.” гэж заасан байдаг. Түүнчлэн 3.2.1-т НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд албан татварын буцаан олголтыг хүчингүй болгоно  гэж заасан байдаг.

Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний  буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.  Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу  346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна.

Хянагдах төлөвт байгаа иргэдийн буцаан олголтын дүн шалгагдаад, шалгуур хангаж байгаа тохиолдолд хуучин үнийн дүнгээр олгогдох тул иргэд системийн ачааллыг тооцон хүлээж байхыг сануулая.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)