Аймгийн Онцгой комисс хуралдав
- 2020-01-30
- Үнэн
- 0
Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Говь-Сүмбэр аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түр хаах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан аймгийн онцгой комиссын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
• Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж аймгийн удирдлага болон иргэдийг үнэн бодит мэдээлэл, зөвлөмжөөр ханган ажиллах,
• Олон нийтэд хандсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэг цэгээс, бодитой, хүртээмжтэй хүргэх,
• Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах,
• Амны хаалт, спиртэн суурьтай гар ариутгагч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх,
• Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хаах.
• Тогтоосон хугацаанд суралцагчдад сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг олгох ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авах,
• Олныг хамарсан дугуйлан, сургалт, тэмцээн уралдаан, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хяналт тавьж ажиллах,
• Номын сангийн үйл ажиллагааг зогсоож, гэрээр үйлчлэх боломжийг судлан ажиллах,
• Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ахуйн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах,
• Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хүний гоц халдварт өвчний үед ажиллах хэсгийг тодотгож, үүрэг чиглэлээр хангаж ажиллах,
• Ажилтан алба хаагчдыг хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байх нөхцлийг бүрдүүлэх, ахуйн болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах,
• Байгууллага бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа ариун цэвэр, халдвар хамгаалалыг сахих,
• Иргэдийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, мэдээллийн нэг удирдлагатай байх цахим орчинд байгаа мэдээлэлд автахгүй байх арга хэмжээ авч ажиллах,
• Онцын шаардлаггүй тохиолдолд аймаг орон нутгаас гадагш гарахгүй, олон нийтийн газраар хүүхдүүдээ дагуулан явахгүй байхыг тус тус үүрэг болголоо.
Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлхэд шаардлагатай хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахаар шийдвэрлэв.
Говь-Сүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)