Цагаан цахирын уурхайд дэлбэрэлт болж, гурван залуугийн нүд, хуруу гар гэмтжээ
- 2020-01-30
- Орон нутаг
- 0
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” компанид дэлбэрэлт болж, ажилтнууд нь хүнд гэмтжээ. Тодруулбал, тус компанид тэсэлгээний ажил хийдэг н.Гантулга, н.Ганболд, н.Дөлгөөн нарын залуус “Наран мандал” компанийн ашиглалтын талбайд тэсэлгээ хийхээр бэлтгэж байх үедээ дэлбэрэлтэд өртөж, үе мөч, нүдэндээ хүнд гэмтэл авсан байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр залуусын заримынх нь гар хуруу тасарч, хоёр нь нүдгүй болсон бөгөөд тэднийг аймгийн нэгдсэн эмнэлгээс компанийн хөлсөлсөн онгоцоор нийслэл рүү авч иржээ. Одоогийн байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох албаныхны шийдвэрээр компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод буй юм байна.
Мэдээллийг нягтлах үүднээс тус компанийн ажилтнаас дээрх үйл явдлын талаар тодруулахад, “Манайд ямар ч хамаагүй” гэсэн хариу өгсөн бөгөөд фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөсөн юм. Харин фэйсбүүк хуудаст нь “Осолд өртсөн залуус манай компанийн ажилчид биш, туслан гүйцэтгэгч компанийнх. Болсон явдал манай компанитай шууд хамааралгүй” гэсэн агуулга бүхий мэдэгдэл байлаа.
Ташрамд дурдахад, “Наран мандал” компани техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас хоёр жилийн өмнө баяжуулах үйлдвэртээ цианид алдаж, ажилчид нь цианидад хордон, эмчлүүлж байсан юм. Уг компани тухайн үед “Спэйшл майнз” нэртэй байсан бөгөөд ажилчдаа химийн бодист бус, өөр зүйл, тухайлбал хоолонд хордсон гэсэн дүгнэлт мэргэжлийн байгууллагаар гаргуулахаар хөөцөлдөж байсныг уншигчид санаж буй биз ээ. Сүүлдээ мөн л туслан гүйцэтгэгч компани гэх хоосон нэр рүү бурууг чихэж байсан билээ. Энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Сэтгэгдэл (0)