Улсын Их Хурал үндсэндээ 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдан, олон чухал хууль тогтоомж батлан гаргалаа

-Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг-

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны намрын отгон чуулган өндөрлөж байна. 

Улсын Их Хурал бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллалаа. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдсан байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын 3 чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна.

Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна. 

Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй. 

Төрөө төвшитгөж, улсаа цэгцэлж, засаглалаа засах, эрүүл шударга, хөгжингүй нийгмийн ирээдүйг тодорхойлох чин зорилготой энэхүү түүхэн өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, Монголынхоо нийт иргэдэд дахин талархал илэрхийлж байна.

Улсын Их Хурлын намрын чуулганаар улсын төсвөө баталж, Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум,  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа. 

Эдгээрээс онцолж заримыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.  

Эх орныхоо эрдэнэс баялгийн өгөөжөөс ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилготой “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг баталлаа. 

Монголчууд ахас ихсээ хүндэлж, ачийг нь хариулахыг хичээдэг сайхан ёс уламжлалтай. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн анхны жишиг нь энэ хууль боллоо. 

Баялгийн үр шим гагцхүү монгол хүнд, Монголын төлөө зориулагдах учиртай. Чухамхүү энэ энгийн атлаа гарцаагүй зарчмыг үндэс болгож Салхитын болон бусад ордын ирээдүйн орлогоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан юм. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврээ өөрийнхөө ахуй амьдралын хэрэгцээнд зарцуулах бүрэн боломж нээгдэнэ. 

Цаашид байгалийн баялгаас олох орлогын өгөөжөөс нийт ард түмэндээ хүртээх, санд хуримтлуулж, хөгжил дэвшлийн ирээдүйдээ зориулах зарчим тууштай хэрэгжих ёстой гэж үзэж байна.

Энэ онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас 1.0 их наяд төгрөг хуримтлагдахаар төсөвлөсөн. Одоо энэ санд 350 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Үүнийг 2030 оноос зарцуулж эхлэх бөгөөд энэ Улсын Их Хурал, Засгийн газар түүхэндээ анх удаа Ирээдүйд зориулсан өв санг нэмэх баланстай үлдээж байна. 

Мөн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөн, эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийнхээ тэтгэврийг нэмэгдүүлснийг тэмдэглэж хэлье. 

Бас Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн санал, дүгнэлтүүдэд үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан.

Гэрээг сайжруулах ёстой. Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх  нь зүйд нийцнэ. Өөрийнхөө баялгийг ашиглуулчихаад, эзэн нь болсон монголчууд хоосон төдийгүй, өр төлж байж таарахгүй. Монголын баялгийг ашиглаж байгаа бол Монголын эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой. Энэ бол Монголын ард түмний шаардлага юм. Энэ шаардлага, хүсэмжлэлийг эш үндэс болгон энэхүү тогтоолыг гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тууштай ажиллахыг Засгийн газрын Ажлын хэсэгт даалгаж байна.      

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нийт 2 их наяд 152.5 тэрбум төгрөгийн 1438 барилга байгууламж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, 2020 он Их бүтээн байгуулалтын жил байх болно. Талцаж маргаж, олсноо үрэн таран хийж, авлигын ёроолгүй сав руу асган цутгаж, цөөнх нь баяжиж, олонх нь үгүйрдэг байдалд цэг тавих цаг ирсэн. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг, арвижуулан дэлгэрүүлж, бүтээн босгож, амар жаргалтай амьдрах сайн цагийн салхи сэвэлзэх учиртай.   

Энэ чуулганаар та бид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тусгай сангууд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байжээ. Тэр их мөнгө хүрэх ёстой эзэндээ очсон уу, үр ашигтай байж чадсан уу гэж асуувал хариулахад төвөгтэй байдалд хүрсэн нь 2012-2016 оны гашуун сургамжаас үүдэлтэй нь хэнд ч ойлгомжтой билээ. 

Тиймээс тусгай сангуудад бугшсан бусармаг байдлыг халах санаачилгыг Улсын Их Хурал, Засгийн газар өөрөө гаргасан. Сангуудыг цэгцэлсэн. Заримыг нь татан буулгасан. Журмыг нь тодорхой болгосон. Одоо сангийн хөрөнгө хяналттай, ил тод болж, жинхэнэ шаардлагатай газар, эздэдээ хүрч, үр ашигтай байх боломж бүрдсэн. 

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ.

Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцэн баталсан нь улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд  чухал ач холбогдолтой боллоо. Ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаар бүх шатны сонгуулийн эрх зүйн тогтолцоо бүрэн шинэчлэгдэнэ.

Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж огт олгохгүй байх нь шударга ёсонд нийцнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр гэмтнүүд гэсгээлийн гадна үлдэх ёсгүй. Энэ зарчмыг дээрх хуулиудад тусгаж чадсан нь хууль хэнд ч алагчлалгүй, тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна.

Монголчууд мал сүргээ “Таван эрдэнэ” гэдэг. Мал дагавал ам тосдож, малын буянаар өөдлөн дэгжинэ гэдэгт итгэдэг. Малчин заяат монгол түмний амьдралын чухал хэрэгсэл болсон мал сүргийг гэмт халдлага, хулгайгаас сэргийлэх нь төрийн нэг үүрэг юм. Мал хулгайлах нь Монголоо хулгайлж байгаатай ялгаагүй гэж малчид маань хэлж байна. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг дээрх хуулиудаар чангатгаж чадлаа.       

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг  шинэчлэн баталсан. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Парламентын судалгааны хүрээлэнг байгуулан, ажилд нь орууллаа. Ингэснээр Улсын Их Хурлын  хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр дүн дээшилж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоо бүрдэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Энэ бол Их Хурлын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэд нь итгэдэг, хяналттай, үр ашигтай болгох парламентын шинэчлэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.  

Эрхэм гишүүд ээ,

Дөрөвдүгээр сард Та бидний бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ.  

Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байгаа. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал байна. Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр бидний баталсан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах болно.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага үүсэж байгааг сануулж хэлье. 

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлсон баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх нэг томоохон алхам, санаачилга юм. 

Эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулах, хэлэлцэх бэлтгэлийг хангах чиглэлээр чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг Засгийн газар, холбогдох яамд, Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгож байна. 

Эрхэм гишүүд ээ,

Титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн, халдварын аюул заналхийлсэн  онцгой цаг үед Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаж байна. Аюулт өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах, улсын эдийн засаг, ард олны ахуй, хэрэглээнд доголдол гацаа үүсгэхгүй байлгах талаар түмнээ төлөөлсөн түшээд Та бид ч үүрэг хариуцлага хүлээж, шаардлагатай тохиолдолд зөв, оновчтой шийдвэр гаргахад бэлэн байх учиртай. 

Энэ дашрамд иргэддээ хандан гэр бүл, орчин тойрноо хайрлан хамгаалж, журам дүрэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар биелүүлэн, элдэв хоосон таамаг, цуу ярианд авталгүй, бат цул нэгдэлтэй байхыг уриалъя. 

Хэдхэн хоногийн дараа XVII жарны  шороон гахай жил  шувтарч, хулгана жил эхлэх гэж байна. Хувьтай хүний үздэг хулгана жилд өнө мөнхийн эх орон минь дэлгэрэн дэвжихийн өлзийт ерөөл бэлгэдье. 

Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЧИНГИС (103.212.119.69)

    2020-02-01

    ЭНЭ БУЛАЙ МӨН ИЧИХ НҮҮРГҮЙ БУРЖ БАЙНА АА ХӨӨ. ДАРГА БОЛОХ ГЭЖ 2-3 САР ХУРАЛ ТАСАЛДУУЛЖ БАЙСНАА АЖИЛЛАСАН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ?