Ж.Бат-Эрдэнэ: Олон жил ярьсан асуудлыг бид шийдэж чадлаа
- 2020-02-05
- Үнэн
- 0
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Завсарлагагүй, удаан хугацаанд ажилласан чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?
-Цаг хугацааны хувьд түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. Гурван чуулган тасралтгүй дараалан хуралдсан. Хэлэлцсэн асуудлын хувьд ч онцлогтой. Өөрөөр хэлбэл, урд өмнөх чуулганаас илүү олон асуудал хэлэлцэж, төлөвлөсөн хуулиудаа бүгдийг цэгцэлсэн. Намрын чуулганы үр дүнтэй салшгүй холбоотой нэг чухал зүйл нь яалт ч үгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Олон жил ярьж, хэд хэдэн парламент дамжсан асуудлыг бид нэг талд нь гаргаж чадлаа. УИХ-ын 62 гишүүн санал нэгдэн гарын үсэг зурж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа ирүүлж, АН-ын зөвлөлийнхөн ч санал бодлоо нэмэрлэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу олон талаас нь хамтдаа хэлэлцэж, зөвшилцөж байж өөрчилж чадлаа. Энэ бол цаашдаа Монгол Улсын хөгжилд томоохон ахиц дэвшил гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн том ажил. Институц хоорондын харилцааг сайжруулсан төдийгүй Ерөнхий сайдад эрх мэдлийг нь олгож, улс орноо хөгжүүлэх ажил хийх боломж бололцоог бүрэн дүүрэн олгосон. Ойрын жилүүдэд ярьж хэлсээр ирсэн шүүмжлэлтэй асуудлыг ийнхүү шийдэж, Монгол Улсынхаа хөгжлийг тэгшитгэх санаа оноог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бүрэн тусгасан. Мөн Сонгуулийн хуулиа тус тусад нь болгож, өөрчилсөн зэрэг үр дүн өндөртэй чуулган болсон гэж дүгнэж байгаа. Мөн УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчиллөө. Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөсөн. Ингэснээр манай улсад болдог гурван шатны сонгуулийн хууль эрх зүйн орчныг тодорхой болгосон буюу цаашид аливаа хүндрэл бэрхшээлгүйгээр зохион байгуулах боломжтой болголоо.
-Сонгуулийн хууль нэг байсныг гурван тусдаа болгосон нь ямар үндэслэлтэй вэ. Гурван өөр сонгуулийг нэг хуулиар зохицуулж байхад ямар хүндрэл үүсч байв ?
-УИХ-ын болон орон нутгийн функц тус тусдаа ба харилцан уялдаатай байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийнхны гаргасан санаа оноог УИХ-д багцална. Цаашлаад Засгийн газарт хүргэж, мөрийн хөтөлбөр болгодог. Гэхдээ функц бүр өөрийн гэсэн зохицуулах үйл ажиллагаа, хүрээтэй. Тийм болохоор тус тусад нь ач холбогдол өгч, анхаарал хандуулах учиртай байдаг. Гэтэл 2016 онд гурван тусдаа байсан хуулийг нэг болгоод УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулсан шүү дээ. Тэр үед зохион байгуулалт зэргээс авахуулаад хүндрэлтэй зүйл багагүй гарсан. Орон нутаг, УИХ-ын сонгуулийг нэгтгэж явуулахад орон нутгийнх нь орхигдох хандлагатай байсан. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ УИХ- ын сонгуульд анхаарчихдаг юм билээ. УИХ-д нэр дэвшиж буй гишүүн нь түлхүү ярьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байдаг. Гэтэл үүний цаана орон нутгийн дотоод нэгжид ямар хүн нэр дэвшээд, ямар бодлого чиглэлтэй ажиллах гээд байгаа нь тодорхойгүй үлдчих гээд байдаг. Жишээлбэл, миний хувьд Булган аймгийн МАН-ын даргын албатай, УИХ-д нэр дэвшсэн. Улсын хэмжээний мөрийн хөтөлбөрийг ярьж, танилцуулж байлаа. Үүний хажуугаар аймгийн намын даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчөө дагуулж, сурталчилгааны хугацаанд улсын хэмжээний мөрийн хөтөлбөрийнхөө хажуугаар орон нутагт хийх ажлаа давхар яриад явсан. Гэтэл бусад тойрогт нэр дэвшигчид зөвхөн өөрийнхөө гол ажлыг яриад явчихдаг. Ард нь орон нутаг орхигдох хандлага нийтлэг гарсан. Ерөнхийдөө энэ чинээгээр шүүлтүүр нь багассан. Нэг сонгуулийн ач холбогдол нөгөөд дарагдаж байсан гэсэн үг л дээ. Тийм болохоор бид хуучнаар нь буюу Ерөнхийлөгчийн төдийгүй УИХ, Орон нутгийн сонгуулийг тус тусад нь зохион байгуулахаар хуулиудыг нь салгаж өгсөн. Энэ бол нэр дэвшигчид төдийгүй иргэд сонгогчдод илүү ойлгомжтой, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эрхийг бүрдүүлсэн шийдэл боллоо.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх тавдугаар сараас мөрдөнө. Түүнээс өмнө дагалдах хуулиудаа батлах чухал ажил УИХ-д үлдсэн. Энэ ажлын явц хэр байгаа бол?
-Дагалдах хуулиудад анхаарах зүйл маш их бий. Эдгээр хуулийг хаврын чуулганы эхэнд батлах шаардлагатай. Ингэж байж Үндсэн хуулийн “хөл”, “гар” бүрдэж, амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн болох юм. Энэ УИХ-ын гишүүдийн олонхын санаачилгаар төслийг оруулж ирж, баталсан учраас дагалдах хуулиудыг ч энэ удаагийн парламент эцэслэх учиртай. Ингэхгүй бол цаашид бүрдэх парламент Үндсэн хуулийг өөрчилсөн үндсэн үзэл санааг алдагдуулах, улмаар өөрчлөлтийг мөрдөн хэрэгжүүлэх боломжгүйд хүргэхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Үндсэн хуулийн дагалдах хуулиуд байх болно.
-Намрын чуулганы төгсгөлд МАН дахин нэг гишүүнээ УИХ-аас явуулах шийдвэр гаргалаа. Хууль хяналтын байгууллагаас гэм буруугийн асуудлыг эцэслээгүй байхад УИХ шийдвэр гаргасан нь хэр оновчтой байсан бэ?
-Энэ парламентын үед хоёр ч гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар боллоо. Таны хэлсэнчлэн хууль, хяналтын байгууллагаас эцэслэн шийдвэр гаргаагүй байхад УИХ шийдчихлээ гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ өнөөгийн бидний улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, учраа олохгүй, тодорхой хэмжээнд ёс зүй алдагдсан байдалтай байна. Мэдээж танхим анх 76-уулаа ажлаа эхлүүлсэн, түүгээрээ л хугацаагаа дуусгах ёстой. Хийхээр төлөвлөсөн ажлаа ч амжуулах учиртай. Дөрвөн жилийн хугацаанд энэ парламент болон гишүүд багагүй хэл аманд өртлөө. Тиймээс цаашдаа улстөрчдийн ёс зүй, УИХ-ын гишүүний босгыг өндөрсгөх зэрэгт маш их анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүний тулд Улс төрийн намын тухай хуулиа өөрчлөх, улс төрийн намуудын дотоод бүтцэд өөрчлөлт хийх, аливаа эрх мэдлийн хуваарилалтыг тэнцүүлэх зэргийг зайлшгүй оруулах шаардлагатай байна. Ингэж байж улс төрийн нам цэвэршинэ, улмаар тэндээс гарч ирж буй УИХ-ын гишүүдийн босго өндөрсөж, ёс зүйтэй болох нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн ийм нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл буурч байна. Ард иргэд ингэж итгэл алдарсан байдлыг далимдуулж, бусдаас итгэл олох гэсэн хэсэг бүлэг бий болчихлоо. Бидний ярьдгаар поп нөхөд гарч ирчихээд байгаа нь харамсалтай. Тиймээс парламентын гишүүдийн мэдлэг боловсрол, туршлага ямар байх ёстой юм. Тэр чинээнд тэднийг бэлтгэх шаардлага үүсчихээд байна.
-УИХ хуулийн хугацаандаа сонгуулийн тойрог, мандатыг хуваарилж баталлаа. Өнгөрсөн сонгуулиар гарсан алдаа завхралыг засах үүднээс гэдэг тайлбартайгаар нийслэлийн мандатын тооноос орон нутагт шилжүүлсэн. Нийслэлийн гишүүд үүнд сэтгэл дундуур үлдэх шиг боллоо?
-Мандатынх нь тоог хасчихаар инээгээд хүлээж авах хэн байхав. Гэхдээ бид хуульд нийцүүлэх үүднээс л ийм сонголт хийсэн. Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймаг хэзээнээсээ л тус бүртээ хоёр мандаттай байж ирсэн. Таны хэлснээр АН-ынхан 2016 онд хуулийг өөрчлөөд нийслэл рүү татаад оруулаад ирсэн юм шүү дээ. Хүн амын тоо, нутаг орны байршлыг нь харгалзаад хоёр мандаттай байх нь хуульд нийцнэ гэж үзсэн байдаг. Түүнээс хэн нэгэн санааныхаа зоргоор хоёр хоёр мандаттай болгочихсон юм биш. Тиймээс нийслэлийн мандатын тоог хаслаа гэхээсээ илүү буцаагаад зохистой байранд нь орууллаа гэж харах нь зүйтэй. Нөгөө талаас, Улаанбаатар хотын хувьд аливаа хийдэл гарах, иргэдийн саналаа өгөх боломжийг хаах асуудал нь харьцангуй бага гэж үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл төвлөрөл сайтай, дээрээс нь нэр дэвшигчийн төдийгүй сонгуультай холбоотой аливаа мэдээлэл авах боломж нь орон нутгийнхнаас хавигүй илүү байдаг. Цаашлаад саналаа өгөх хэсгийн хороо, байрнаас авахуулаад тийш хүрч очих унаа тэрэг зэрэг шаардлагатай зүйлсийг нь бүрэн хангасан байдаг гэж үзсэн. Тийм болохоор саналаа өгөхөд аливаа хийдэл гарахгүй. Харин орон нутгийн иргэдийн олонх нь малчид. Гэтэл өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд тэд тархан суурьшсан байдаг. Хөдөөнийхөн сонгуульд санал өгөх үйл явцыг нийслэлийнхэнтэй харьцуулах аргагүй. Мал ахуйгаа зохицуулахаас авахуулаад уулын мухраас явж очих зэргээр хүндрэлтэй асуудал олон гардаг учраас орон нутгийн төлөөллийг тэгшитгэх учиртай юм. Тиймээс эрх зүйн талаасаа харьцаа алдсан, орон нутагт шаардлагагүйгээр мандатын тоо нэмсэн гэж хэлэх үндэслэл болохгүй байх. Бид гол зарчмаа л баримтлах ёстой. Мандат хуваарилж буйн гол ач холбогдол нь иргэдэд тэгш, шударга зарчмаар саналаа өгөх боломжийг бүрдүүлэх явдал юм.
-Сонгуулийн жил учраас бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн. УИХ хоёр сар орчим амрах хугацаанд улс төрийн намууд нэр дэвшигчдээ эхний байдлаар тодруулах байх. Танай намын хувьд нэр дэвшигчдэдээ хэд хэдэн шаардлага тавина гэж зарласан. Намын даргын санаачилгыг та хувьдаа хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Зөв шаардлага. Өмнө нь бид УИХ төдийгүй орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд албан тушаалын болон авлигын хэрэгт холбогдсоныг нь хууль шүүхийнхэн баталсан бол нэр дэвшүүлэхгүй гэсэн том шалгуурыг тавьсан. Энэ бол өнөө үед бидний тавьж буй хамгийн том шалгуур. Хэрвээ тухайн хүн намаасаа албан тушаал авсан, түүнийхээ шалгуурыг хангаагүй, улмаар авлига болон албан тушаалын асуудалд нэр холбогдсон бол дахиад төрийн үйл ажиллагаанд битгий оролц гэсэн шаардлага тавьсан. Үүнийг дагалдаад намын дотоод журамд заасанчлан тухайн нутаг оронд хэн рейтинг өндөртэй байна, туршлага, мэдлэг, чадвараараа хэн илүү үнэлэгдэж байна гэдгийг хардаг. Дээрээс нь ёс зүйн талдаа доголдолгүй хүн байх учиртай гэж байгаа нь намын шинэчлэлийн томоохон алхам гэж харж байгаа.
-Үүний зэрэгцээ нэр дэвшигчдээсээ дэнчин авахгүй гэж зарласан.Гэтэл сонгуулийг мөнгөгүйгээр яаж хийх вэ, санхүүжилтээ хэрхэн шийдэх гэж байгаа юм бэ гэх шүүмжлэл гарч байна. Энэ тухайд ямар байдлаар шийдэх гэж байна вэ?
-Мэдээж хандивын асуудлыг ярих байх. Гагцхүү намынхаа нэр дэвшигч гишүүдээс мөнгө авахгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвших эрх авахын тулд хөрөнгө мөнгөөр лоббиддог байдлыг больё гэсэн үг.
Хэн мөнгө, хөрөнгөтэй нь эхэнд алхдаг байдлыг таслан зогсоох үүднээс дээр дурдсанаар тодорхой шалгуур, шаардлага тавьж байна. Энэ бол улстөрийн нам цэвэршихийн нэг хэлбэр. Хуульд тэртэй тэргүй хандив, хөрөнгийг хэрхэн цуглуулах тухайд нарийвчлан заачихсан байгаа. Тиймээс санхүүжилтийг хуулийнхаа дагуу шийднэ л гэсэн үг.
Нэгэнт намын дарга нэр дэвшигчдэдээ ийм шаардлага тавина гээд зарлачихсан үед хаана, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Өмнө нь бид хэнийг дэвшүүлбэл суудал авах вэ гэдэг байдлаар хандаж ирсэн нь нууц биш.
Суудал авчирч л байвал хэнийг ч хамаагүй дэвшүүлдэг, үүний тулд бүхий л боломж бололцоогоо дайчилдаг байлаа. Улс төрийн бүх нам ийм л байсан. Тиймээс манай нам энэ тухайд шийдэл гаргаж байгаа юм.
Сонгуульд өрсөлдүүлэхээр явуулж буй хүн нь хэр боломжтой, ямар боловсрол, мэдлэг, ёс зүйтэй вэ гэдэгт илүү анхаарахаар болсон гэсэн үг.
-Чуулганы завсарлагаанаар та ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?
-УИХ-ын чуулган завсарласан үед гишүүд тойрогтоо ажиллах учиртай. Үүний дагуу орон нутагт ажиллана. Хуулийн дагуу намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг сонгогчдодоо тавина. Чуулганаар эцэслэн баталсан хуулиудыг хэзээнээс, хэрхэн мөрдөх, энэ нь иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг ард иргэдэд ярьж, таниулах ажлаа л хийнэ дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)