Ч.Баяртогтох: “Өнчин ишиг хулгайлсан ч хорих ял онооно” гэх мэдээг сонссон иргэн хэргээ хүлээн хохирогчоос сөгдөж уучлалт гуйж хохирлыг нь төлсөн

Төв аймаг дахь цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтохтой ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр,мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг илүү чангалж өглөө. Хуульд орсон нэмэлт өөрчлөлт гэмт хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг болүндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа төрийн бодлого нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар илэрч байгаа юм. Бид хэргийн араас хөөцөлдөж илрүүлэхээс дутуугүй шүүхээр хэрхэн шийдэгдэх бол гэдэгт санаа зовних болсон энэ цаг үед Эрүүгийн хуульд мал хулгайлсан хэрэгт оногдуулах ялд өөрчлөлт орлоо. Мал хулгайлсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цаг хугацаа их шаардагддаг. Ялангуяа хэд хэдэн сум, аймаг, он дамжсан олон үйлдэлтэй, бүлэг зохион байгуулалттай хэргийг бүрэн нотлох, гэмт этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих гээд хүндрэл их байдаг. Нэг үхэр хулгайлчихаад хоригдох хэрэг үү гэж гайхах хүн байхгүй байх. Малчид энэ шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дэмжиж, бид ч бас энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурна гэсэн итгэлтэй байгаа.

-Малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашиглах, хил давуулсан зэрэг тохиолдолд хүндрүүлэх зүйл заалт оруулсан байна лээ. Энэ талаар тодруулна уу?

-Хүний буруутай үйлдэл болгон гэмт хэрэг биш байдаг. Манайд гэмт хэрэгт тооцдог үйлдлийг өөр нэг улсад хэрэг биш гэж үзэх жишээтэй. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян” гэдэг шүү дээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хэн дуртай нь хулгайлж болохгүй биз дээ. Алдсан малынхаа араас эрэлд хатаж явсаар, хээлийг нь гаргаад хаячихсан байхыг, уяж сойдог хурдан хүлгийнх нь толгой шийр жалганд хэвтэж байхыг олж харах хэнд таатай байх билээ. Хулгайч нар өрөвдөх сэтгэл, чичрэх зүрхгүй мэт, малын толгой, шийрийг тасдаж арьстай нь хувааж авч явах, унаганых нь дэргэд эхийг нь нядлах, бэлчээрт нь хөөж буудах гээд хэлэхэд ч хэцүү үйлдэл гаргасан байдаг. Тэгэхээр ийм үйлдлийг гарцаагүй нийгэмд аюултай, эрүүгийн хуулиар заавал тусгайлан хориглож, хүндрүүлсэн ял шийтгэх шаардлагатай гэж төр үзсэн.

-Төв аймгийн сумууд бол малын хулгайн гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт ордог. Он гарсаар хэдэн хэрэг бүртгэгдэв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байна?

-Уяж сойх, маллаж өсгөх,махыг нь жижиглэнгээр зарахаар жинлээд зогсож байдаг хулгайч гэж байхгүй. Бүгд л хурдан түргэн борлуулж мөнгө болгох гэж Улаанбаатар хот руу зүтгэсэн байдаг. Төв аймгийн нутаг газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар хотыг тойрсон буюу махны зах зээлд ойр байгаа нь энэ гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна. Хотоос гарах, орох бүх зам манай аймгийн нутгаар дамжиж байгааг ч гэмт этгээдүүд ашигладаг. Манай аймгийн 27 суманд бүгдэд нь мал хулгайлах гэмт хэрэг гараад байна уу гэхээр тийм биш. Засмал зам дамжсан сумдын, замд ойр айлуудын мал л хулгайд хамгийн их өртөж байна. Үүнд хэдэн үеэрээ тэр нутагт амьдарч ирсэн айл ч байна, хот суурин бараадаж нутагшсан, газар орон, хүн олноо сайн танихгүй нь ч байна. Мөн Төв аймаг тавиул мал, туслах малчин хамгийн ихтэй аймаг. Малаа алдсан гомдол мэдээллийг шалгах явцад Улаанбаатар хотоос ирэх “малчин” ер нь их шүү.

2020 он гарсаар манай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 6,6 хувиар буурсан, харин мал алдсан гэх гомдол мэдээлэл 20,8 хувь өссөн байна. Бидний зүгээс малчдад “Хулгай их байна, сонор сэрэмжтэй байгаарай” гэдгийг, гэмт сэдэлтэй яваа этгээдүүдэд нь “Хулгай хийвэл баригдаж хариуцлага хүлээнэ шүү, битгий алдаж эндчихээсэй” гэсэн үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд мэдээлэл оруулдаг. Харин малчид маань “малын хулгайч баригдсан гэнэ” гэх сургаар хэдэн жилийн өмнө алдсан малаа сураглаж бөөн бөөнөөрөө өргөдөл гаргаж ирэх болсон. Хэрэв мал алдсан бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандах нь үр дүнтэй. Үгүй ядаж “Малчин лавлах 109”, “Тод сураг 1922” дугааруудад хандаж алдсан малынхаа талаар мэдээлэл өгчихсөн байхад цагдаагийн байгууллагаас малчин тань руу холбогдоно.

-Малчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга юу вэ. Хэрэгжүүлээд үр дүнд хүрсэн ямар жишээ байна?

-Яг гардан мал харж байгаа малчны хариуцлага, сонор сэрэмж өндөр байх шаардлагатай. Төв аймгийн нутагт мал маллах арга, туршлага гэдэг бол зах, холын аймаг, сумын малчны ухаанаас арай өөр байхыг шаарддаг.Хэд хоногийн өмнө Угтаалцайдам сумын нутагт өдрийн цагаар бэлчээрт мал нядалж байгаад зугтсан хэрэг гарч Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг олж тогтоосон. Тэгэхээр шөнийн цагаар гэлтгүй өдрийн цагаар ч бод малыг хариулга маллагаатай байлгах шаардлагатай. Малчдын бүлэг үүсгэж малаа гэмт халдлагаас хамгаалах, бэлчээр, усаа хамгаалах нь хамгийн зөв арга зам. Ингэж ажиллаад тухайн нутагт усандаа 2013 оноос хойш малын хулгайг таслан зогсоож чадсан аймаг, улсын аварга “Бэрх” малчдын бүлэг Төв аймгийн Лүн сумын нутагт бий. Гэтэл харамсалтай нь бүгд л мянгат малчин болох хүсэлд автаж худаг ус, бэлчээрийн маргаантай байдлаа зохицуулж чадахгүй, бие биенийхээ малыг уул гүвээ давуулан холдуулах тохиолдол байсаар байна. Мөн малчид туслах малчин, туслах уяач авч ажиллуулахдаа ямар хүнд малаа даатгаж байгаагаа бодолцохгүй бол зөвхөн малаа төдийгүй хамаг юмаа алдчихаад нэр усыг нь ч мэдэхгүй, хочноос хэтрэхгүй мэдээлэлтэй үлдэх нь их. Саяхан Аргалант сумын нутагт зарын дагуу туслах малчнаар очсон залуу хоттой хонийг нь ченж дуудаж худалдаад суудлын машин аваад уначихсан тохиолдол гарлаа. Мөн адуундаа GPS суурилуулж, тамга тэмдэгтэй болговол учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Сонор сэрэмжтэй, хариуцлагатай, саахалт айлаараа санаа нэг байж чадвал мал сүргээ хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар, өнчин ишиг туучихсан байхад л хорих ялаар шийтгэх заалттай болсон байна лээ. Үүнийг хэтэрхий хатуу заалт боллоо гэж шүүмжлэх улс байсан. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж заасан байдаг. Бусдын мал гэдэгт өнчин ишиг ч багтаж байгаа шүү дээ. Харин хулгайчид оногдуулах хариуцлага нь “240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж байсан. Өөрөөр хэлбэл баахан “эсхүл” дундаас сонгож хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсныг саяын нэмэлт өөрчлөлтөөр хааж өглөө. Энэ хүртэл хугацаанд малын олон хулгайч шүүхээр орж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн. Ямар ял оногдуулах нь шүүх, шүүгчийн асуудал учраас би нарийн тоо дурдахыноронд бидэнд учирдаг хүндрэл бэрхшээлийн талаар ярья. Төв аймгийн нутгаас адуу азарга, азаргаараа сураггүй алга болж, хэд хоногоос унаганууд нь гарч ирээд байгаа талаар гомдол ирсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгэгдсэн бүлэг этгээдүүд нийлж бусдын хурдан удмын зуу гаруй тооны адууг хулгайлан нядалж, махыг нь худалдаад мөнгөө хувааж авдаг байсан нь тогтоогдсон. Мөн мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа хоорондоо танилцан шинэ бүлэг үүсгэж, улам зохион байгуулалттайгаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ч гарсан. Ер нь бол мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн ял шийтгэл “зохихгүй”.

Нэмэлт өөрчлөлтийн үр дүнг одоо дүгнэж цэгнэх арай эрт байна. Гэхдээ малын хулгайч нар “Өнчин ишиг хулгайлсан ч хорих ял оногдуулдаг боллоо” гэх мэдээг зурагтаар үзээд үйлдсэн хэргээ хүлээж хохирогчоос нь сөгдөж залбирч байгаад уучлалт гуйж хохирлыг нь төлсөн тохиолдол гарсан. Хулгайч хуулиас эмээж байна шүү дээ. Үүнийг би хатуудсан гээд байгаа хорих ялын урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилгыг хангаж байна, өөрөөр хэлбэл хорих ял үр нөлөөгөө өгч байна аа гэж ойлгож байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.179.26.246)

    2020-02-07

    юу нь ч амархан тэгээд Хохирол оо авчихдаг юм вэ дээ, Нилээн сайн гуйлгаж тарчлааж байж алдсан малынхаа Үнийг дор хаяж нэг нугалж төлүүлэх хэрэгтэй шүү дээ, Алдсан хүн Арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг үг бий шүү дээ, тийм болохоор Малаа алдаж Сэтгэл санаагаар хохирсон Төлбөр өө хүртэл авах хэрэгтэй шүү дээ, Муусайн Хулгайч нарыг бол Өрөвдөж болохгүй, Сурсан юмыг Сураар болохгүй гэгчээр наад муусайн Хулгайчууд чинь ахиад л Мал Хулгайлна,