ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл хүргэж байгаа. Энэ удаагийн хуралд ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд захирал С.Батсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Мэдээллийн эхэнд  ОНХТШУХ- ын дарга Д.Нарангэрэл "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" болохыг мэдэгдлээ. Түүнчлэн тус төвд өчигдөр зургаан иргэн тусгаарлагдаж, хяналтад орсон байна. Одоогийн байдлаар Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа юм.
Энд нэг зүйлийг онцлоход, ДЭМБ-аас шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.
ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна.
Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай цахим хурал хийж, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна" хэмээв.  

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "Хоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбуолторийн 97333 үзлэгийг хийсэн байна. Үүнээс томуу, томуу төст өвчтэй 11 мянган хүүхэд оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 11.3 байгаа. Өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлт. Одоогийн байдлаар орны ачаалал нэмэгдээгүй. Хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо багассан байна. Энэ нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосонтой холоотой.  Бид шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс хамгаалж, аль болох олон хүн нэг дор цугларуулахгүй байх үүднээс өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Мөн өнөөдрөөс эхлээд хотын гаднах замуудад ЭМБ-аас тандалт хийх цэг ажиллуулж эхэлсэн" хэмээн мэдээлэв. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд захирал  С.Батсайхан "Мал эмнэлгийн ерөнхий газраас өндөр хорвуу чанартай шувууны томуу өвчин хөрш оронд гарсан тухай мэдээллийг үүгээр хүргэж байна.  Нэгдүгээр сарын сүүлчээр шувууны томуу гарсан талаар батлагдаагүй мэдээлэл гарч эхэлсэн. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаар 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр энэ мэдээлэл батлагдсан. Ухань хотын залгаа Хунань гэдэг хотод нэг тахианы аж ахуйд 7850 тахианы 4500 нь гэнэт үхсэн. Шинжилгээгээр өндөр хорвуу чанартай шувууны томуу байна гэсэн. Улмаар тэр фермерийн болон өвчний голомтод байгаа 17 мянга гаруй тахиаг утсгасан. Өвчлөл гарсан бүс нутагт шувуунаас хүнд томуу халдсан тохиолдол гараагүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор тахиа, гахайны ферм эрхэлдэг хүмүүст зөвлөмж хүргүүлсэн. Өвчлөл гарсан бүс нутгаас тахиа, амьтны гаралтай мах экспортлохыг хориглосон. Шаардлагатай тохиолдолд ариутгалын бодис хангалттай байгаа" гэдгийг тодрууллаа. 

 

Мөн энэ хурлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 2003 оноос хойш 800 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 50 гаруй хувьтай байгаа юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулсан. Ингэхдээ 21 аймгийн бүх Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байгаа бөгөөд халдвар дамжих эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (202.179.24.79)

    2020-02-07

    МАЛУУД ХУЖААГААСАА АЙГААД ДУУГҮЙ БГААД БНА

  • ИРГЭН (202.179.24.79)

    2020-02-07

    ШИНЖИЛЖ ИЛРҮҮЛЖ чадахгүй бна гээд шууд хэлчихээч, ОдОО хүмүүс тайвшраад амны маск зүүхгүй тэнэх нь ИХСЭЭД БНА

    ИРГЭН (202.179.24.79)

    2020-02-07

    МАЛУУД ХУЖААГААСАА АЙГААД ДУУГҮЙ БГААД БНА