Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал: Мөрдөн байцаах албаны Ахмадын зөвлөл соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж байна
- 2020-02-08
- Үнэн
- 0
Цагдаагийн байгууллагаас “Ахмад, дунд, залуу үеийг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мөрдөн байцаах албанаас ямар ажлууд зохион байгуулж байгаа талаар тус албаны Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай уулзаж ярилцлаа.
Амрыг эрье. Мөрдөн байцаах албаны Ахмады зөвлөл өнгөрсөн жил багагүй ажил зохион байгууллаа. Ямар томоохон ажлууд зохион байгуулсан бэ?
Цагдаагийн байгууллагаас ахмад, дунд, залуу үеийнхээ хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар олон шинэлэг ажлууд зохион байгуулагдаж байна. Би Мөрдөн байцаах албандаа жирийн мөрдөн байцаагчаас эхлээд удирдах алба олон жил хашиж байсан. Манайх том алба. Харин Ахмадын зөвлөлийн ажлыг хариуцаж аваад цөөнгүй ажил хийхээр төлөвлөн, эхнээсээ хэрэгжүүлээд явж байна. Шинэ оны өмнөхөн бид Мөрдөн байцаах албаны ахмадын өрөөгөө өргөжүүлэн танхим байгуулаад, одоо хэдэн ахмадууд маань эндээ ирээд бужигнаж байна. Энэ танхимыг байгуулахад манай албаны удирдлагын зүгээс болон ахмадууд маань өөрсдөө их сэтгэл гарган чадах бүтэх зүйлээрээ тусласан үр дүнтэй ажил боллоо.
Танхимтай болсноор манай ахмадууд албан дээрээ ирээд тав тухтай ярилцаж, санаа бодлоо хуваалцан Ахмадын зөвлөлөөсөө зохион байгуулж байгаа ажлуудаа хийнэ. Үүний үр дүнд манай ахмадын холбооны ажил тогтмолжих, удирдлагууд, залуу мөрдөн байцаагч нартайгаа холбоотой байх боломж илүү өргөн болж байна гэсэн үг. Мөн албаны даргынхаа санаачилгаар ахмадуудынхаа дунд “Сургамж, туршлага, аргачилал” нэртэй эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм. Алба ажлаа хийж байхдаа мөрдөж шалгаж байсан хэргүүдээсээ залуу алба хаагч нартаа сургамж болох талаас нь бичсэн. Мөн мөрдөн байцаах ажлын төлөвлөгөө, хэрэг шалгах төлөвлөгөөг хэрхэн хийж, хэрэгжүүлдэг чиглэлээ бичиж, уралдаанд манай ахмадууд идэвхтэй оролцсон. Удахгүй бид байраа эзлүүлэн шагналаа гардуулна.
Баримтат кино, сургалтын кино хийж байгаа ажил эхлүүлсэн талаар та ярьж байсан. Ямар чиглэлээр хийж байгаа вэ?
Манай албанаас Монгол улсын гавьяат хуульч цолтой 7 мөрдөн байцаагч төрөн гарсан. Яахын аргагүй бидний бахархал. Гавьяатуудынхаа ажлын арга барил, туршлага, тэдний амьдрал, ажил үйлсийн талаар бид нар 30-40 минутын баримтат кино хийсэн юм Энэ баримтат киногоор дамжуулан гавьяат хуульч цолтой ахмадуудынхаа ажил амьдрал, арга туршлага, амжилт, нутаг ус, гэр бүлийнх нь талаар илүү ярилцсан. Мөн Мөрдөн байцаах албатайгаа хэрхэн холбогдсон, ямар ямар хэрэг илрүүлэн, хэрхэн ажиллаж байв гээд маш сонирхолтой болсон. Одоо бидний дунд байхгүй, бурхны оронд явсан гавьяатуудынхаа талаар хамт ажиллаж байсан шавь нар,мөрдэс нэгтэй нөхөд, хань ижил, үр хүүхдүүд нь дурссан. Сургалтад хэрэглэх байдлаар арга, туршлагыг нь илүү онцолсон 45 минутын кино ч мөн хийсэн. Энэ нь цаашид Цагдаагийн байгууллагын архивт үнэтэй өв болно.
Мөрдөн байцаах албаны ахмадуудын тухай ном бүтээж байгаа гэсэн. Ямар ном бүтээж байна вэ?
Ахмадуудынхаа алдар гавьяа, түүх намтрыг нь мөнхөлсөн ном хийх ажил эхлээд байна. Энэ номоо бид Мөрдөн байцаах албаны түүхт 75 жилийн ой, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулан бүтээж байгаа юм. Албанд маань үйлчилэгчээс эхлээд газрын дарга, албаны дарга, хэлтэс тасгийн дарга, жирийн цагдаа мөрдөн байцаагчийн ажил үйлсийг тусгасан сайхан ном бүтээхээр бэлтгэж байна. Энэ номыг цаашид 3-5 жил тутам шинэчлэн цаашид цуврал болгон бүтээх зорилт тавин хэрэгжүүлэх зорилго тавиад байна.
Залуучуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ?
Залуу үеэ халамжлан хүмүүжүүлэх зорилгоор сургалт соён гэгээрэл, спорт, эрүүл мэнд, сургалтын бүлэг ажиллуулж байна. Алба хаагч нарынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх дэлхийгээ хайрлах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр гэрэл зургийн уралдаан зохион байгуулахад 60 гаруй бүтээл ирсэн. Эхний уралдааныг бид өнгөрсөн намар Мөрдөн байцаах албаныхаа ойгоор зохион байгуулж, алба хаагчид маш идэвхтэй оролцсон. Бүх төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаах нэгж тасаг, хэлтсүүдийн алба хаагч нар оролцож, шагналыг манай Ахмадын зөвлөл гаргаж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа төлөвлөөд байна. Дэлхий даяар эко бодлого хэрэгжүүлж, байгалиа хамгаалахад чиглэгдсэн олон ажлууд хийгдэж байгаа энэ цаг үед бага ч болов хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд мартагдах шахаад байгаа ахмад үеийн хөдөлмөр, алдарыг тэмдэглэх ажил эхлүүлэхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)