“Бяцхан сахиусан тэнгэрүүдийнхээ төлөө аюулыг илрүүлцгээе”

Эцэг, эхийн ариун хайрын баталгаа, гэгээлэг гэгээн бүхний дээд, энэ л орчинд ирэх гэж зөвхөн биднийг сонгосон сахиусан тэнгэр минь.

Аз жаргал, инээд хөөр, баяр баясал бүрийг бидэнд бэлэглэдэг бяцхан үрс бүрийг эрүүл энх, аз жаргалтай байлгах нь томчууд бидний үүрэг.

Анх удаа гишгэж буй алдрай жаахан үр газар ямар хатуу гэдгийг хэрхэн мэдэх билээ? Арван давхар байшин ямар өндөр гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ? Зуун градусын буцалж буй ус халуун гэдгийг тэд яаж мэдэх билээ? Хутга, төмөр, хайч хурцыг хэрхэн мэдэх вэ дээ? Автомашинд сууж явдаг гэдгийг мэдхээс аюултай гэдгийг тэд бас л мэдэхгүй.

Гэгээн бүхний гэрэл, гэрэлт орчлонгийн нар болсон бяцхан үрс бүрийн эрүүл энхийн төлөө бид яагаад зоригтой алхаж чаддаггүй юм бэ?

Тэд хэн нэгэнд хаягдах гэж, хэн нэгэнд орхигдох гэж, эхийн хэвлийд арван сар бүрэлдээгүй байлтай. Хүн бүрд ирдэггүй хүслийн дууль бол бяцхан үрс.

Мэргэжилтэй, мөнгөтэй үед ажил хөдөлмөр, эрх мэдэл зүгээр л олддог. Бурханаас гуйгаад ч, дэргэдэх хүмүүсээсээ ч гуйгаад олддоггүй ганцхан зүйл бол сахиусан тэнгэрүүд л байдаг.

Хүн хүнээ л хайрлах хэрэгтэй. Хөөрхөн үрсээ бүр илүү их хайрлах хэрэгтэй.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад жилд нэг удаа нэг өдрийг аюулыг илрүүлэх өдөр хэмээн нэрлэж бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилтот ажлыг зохион байгуулдаг байна.

Хүүхэд гэдэг гэнэн цайлган, гэгээн тунгалаг гэрэл цацруулагч байдаг. Танай гэрийн ус буцалгагч, хутга заазуур, халуун тогоо хаана байрлаж байна вэ? Гаднах нойлынхоо хаалгыг хаасан байна уу? хашаан дотор чинь ил цахилгааны утас байна уу? хүүхдийн дээрээс уначихаар мод, төмөр байна уу? Та яг одоо шалгаач.

Цонх, тагтандаа хаалт хийсэн эсэхээ, одоо хүртэл яагаад хийгээгүй байгаагаа нэг бодоорой. Масстай цахилгааны утсаа мөдхөн солиоч. Бид хайхрамжгүй байдлаасаа болж дэндүү олон, дэндүү сайхан бяцхан үрсээ алдсан даа.

2019 оны байдлаар 1598 хүүхэд хохирсоноос 111 хүүхэд нь амь насаа алдаж, 624 хүүхэд гэмтэж бэртсэн. Бидний ирээдүй гэж ярьдаг балчир хүүхдүүд минь хэн нэгний гарт, хэн нэгний болгоомжгүй үйлдэл, хайнга байдлаас болоод амь насаа алдсаар байх уу?

Бяцхан үрийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй нойр хоолоо хугаслан байж ажил хөдөлмөр эрхэлж, тэднийхээ ирээдүйг бодон алхдаг эцэг эхчүүд бид арай хэтэрхий хайнга байна уу? эсвэл бяцхан сахиусан тэнгэрүүдээ үл тоосоор байна уу?

Тэд алхам тутамд анхаарал, халамж хүсч байдаг.

Таны анхаараагүй хором мөч харуусал дагуулах вий...

Та яг одоо таны гэрт бяцхан үрсэд тань аюултай, эрсдэлтэй юу байгааг нягталж нэг шалгаарай. Бидний анзаараагүй өнгөрүүлсэн хормыг тэд андахгүй.

“Бяцхан сахиусан тэнгэрүүдийнхээ төлөө аюулыг илрүүлцгээе”

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)