Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулжээ

 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос баасан гарагт хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ.

Хэвлэлийн хурлын үеэр Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулагадаа тэрээр:

Сүүлийн 20-иод жил Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, тодорхой асуудлыг тусгах шаардлагатай гэж ярьсан. 2010 оноос хойш гурван парламент дамжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж ажилласан ч тухай бүрт амжилтад хүрч чадаагүй бол энэ удаагийн Улсын Их Хурал гурван чуулган дамнуулан хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийснийг С.Бямбацогт гишүүн онцоллоо. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилго нь өнөөг хүртэл төлөвшин тогтсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

    Нэгдүгээрт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 болгон нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгож, хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, нууц санал хураалт явуулах зарчмыг Үндсэн хуульд тусгасан. Улсын Их Хурал болон гишүүний хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн нь Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор, Улсын Их Хурал тарах болон тараах нөхцөлийг нарийвчлан тусгасан. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодотгож, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын  хэмжээг нэмэгдүүлж үл болохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг тодорхой болгож, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн баталгааг бий болгох чиглэлээр томоохон өөрчлөлт орсон. Мөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх оролдого бүхий ард нийтийн санал асуулгыг хориглож, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангаж, улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, тавигдах шаардлага, нам байгуулах шалгуурыг тусгасан болно гэж байлаа. 

    Хоёрдугаарт: Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан. Засгийн газар нь танхимын зарчмын дагуу ажилладаг байх, Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах заалтыг оруулж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор хугацжуулсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмэгдүүлж, түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг тусгав.Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг хуулиар олгохоор тусгаж өгсөн байна. 

    Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт өөрчлөлтийг оруулсан. Мөн Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг тогтоож, орон нутгийн хөгжлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг  чадавхжуулах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. 

    Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нийт 46 хуулийг шинээр болон шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тул ирэх хаврын чуулганаар ачаалалтай ажиллана гэдгээ тодотгов.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)