Хаврын чуулганыг хүлээж буй намуудын "Үндсэн хууль"

Улсын их Хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад гурван сар болж байна, Дахиад гурван сарын дараа буюу энэ оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдийг орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Хорин жилийн өмнөөс  ярьж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлж, зургаан өөр төсөл өргөн барьж байсан ч эцэслэж чадалгүй орхисон Үндсэн хуулийн өөрчлөлтийг зориглон хийж чадсанаараа энэ удаагийн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бизээ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт “Эцэг” хуульд сүүлчийн цэг хатгаж, спикер алх цохисноор дуусаагүй. Харин ч гол ажлууд нь хууль тогтоогчдыг хүлээж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, олон хууль, тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлага гарсан. Энэ ажлыг УИХ тодорхой хуваарийн дагуу хийж гүйцэтгэхээр болоод буй юм. Ирэх дөрөвдүгээр сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас үүнийг харж болно. УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн нь яах аргагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хоёр хуулийн төслийг энд онцлох ёстой, Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зэрэгцэн мөн л сүүлийн 10 жил гурван парламент дамжин хэлэлцэгдэж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулийг 1990 онд анх баталж, 2005 онд шинэчлэн найруулснаас хойш 15 жил “гар хүрээгүй” байгаа.

 

Хууль санаачлах эрх бүхий субьектүүд 2011 оноос хойш дөрвөн ч төсөл боловсруулан, өргөн барьж байсан ч УИХ-ын босго давж чадаагүй. Харин 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар энэ ажил гацаанаас гарсан юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулсан уг ажлын хэсэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд идэвхтэй ажиллаж, улс төрийн нам, судлаачид, олон нийтийн санал бодлыг тусган улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг боловсруулж байгаа ажээ. Хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэгт туршлагатай эрдэмтэн, судлаачид ажиллаж, шинжлэх ухааны судалгаанууд хийж, хэд хэдэн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ бүхэнд тулгуурлан хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахаас гадна Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан аж.

 

 

 

Өөрөөр хэлбэл, 1990 онд олон намын тогтолцоо бий болсноос хойших 30 жилд улс төрийн намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой бүхий л харилцааг ганцхан Улс төрийн намын тухай хуулиар л зохицуулж ирсэн бол энэ удаа намуудын санхүүжилтийг тусгай хуулиар зохицуулахаар болж байгаа нь шинэлэг зүйл юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын талаарх заалтуудыг анх удаа тусган баталсан нь эрх зүйн хувьд томоохон ахиц дэвшил гэж болно.

 

 

 

Дэлхийн 121 улс Үндсэн хуулиар улс төрийн намыг байгуулах болон зарчмын чиг үүрэг, зохион байгуулалтыг нь зохицуулсан байдаг аж. Тухайлбал, 94 улс, улс төрийн намд тавих хязгаарлалтыг, 38 улс намуудын санхүүжилтийг Үндсэн хуулиар зохицуулдаг байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр намуудын эрх зүйн орчны зохицуулалтыг дэлхий нийтийн энэ жишигт нийцүүлсэн ажээ. Тодруулбал, улс төрийн намыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар хуульчилсан. Намыг Монгол Упсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн Үндсэн хуулийн 19.2 дахь заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 801-ээс доошгүй гишүүнтэй л бол уг намыг Улсын дээд шүүх бүртгэх боломжтой. Харин Үндсэн хуулийн дээрх шинэ заалтыг мөрдөж эхэлснээр энэ босго хэд дахин өндөрсөнө. 2016 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын хэмжээнд нэг сая 932 мянган сонгуулийн насны иргэнийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэж байж. Эдгээр сонгогчийн нэг хувийнх нь дэмжлэгийг авч байж нам байгуулна гэвэл дор хаяж 19300 хүн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй болно гэсэн үг. Найман жилийн дараа хүн ам тодорхой хэмжээгээр өсч сонгогчдын тоо нэмэгдэнэ гэж тооцоход 2028 оноос хойш нам байгуулах гишүүнчлэлийн босго өнөөгийнхөөс наад зах нь 2.5 дахин нэмэгдэх нь. Энэ бол намууд борооны дараах мөөг шиг олширч, зарим хүн 2-3 намын батлах, тамга зэрэг өвөртлөөд явж байдаг болсон энэ үед яах аргагүй амьдралаас урган гарсан зохицуулалт гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулсан саналд нам байгуулах гишүүнчлэлийн босгыг 50 мянгаас дээш байхаар тусгасныг хэлэлцүүлгийн явцад сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэж шалгуур, босгыг харьцангүй зөөлрүүлсэн гэдгийг тодотгоё.

 

Үндсэн хуульд тусгасан намтай холбоотой гурав дахь заалт нь “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэн томьёололтой. Энэ заалтад нийцүүлэн Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж буй болов уу. Болов уу гэсний учир нь одоогоор хуулийн төслүүдийг өргөн бариагүй, олон нийтэд танилцуулаагүй байгаа юм. Улс төрийн намын эрх зүйн орчныг сайжруулах зорилго бүхий хуулийн төслүүд УИХ-ын гал тогоонд бэлэн болсон ч өргөн барилгүй өнөөг хүрсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээснийх гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж буй. Юутай ч Монгол Улсын байнгын ажиллагаатай долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган намуудын төлөвшил, хөгжилд чухал нөлөө үзүүлэх хуулиудыг хэлэлцэн батлах гэж байна. Эдгээр хуулийн төслийг баталснаар улс төрийн намууд судалгаанд тулгуурласан бодлогын институц болон хөгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж улс төр судлаач, ажиглагчид үзэж байгаа. Учир нь, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах уураг тархи, урагш тэмүүлэх түүчээ нь болж байдаг улс төрийн хүчнүүдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий дээрх хуулиуд нь нэг ёсондоо намуудын “Үндсэн хууль” юм. Улс орныхоо Үндсэн хуулийг амжилттай баталсан эдүгээгийн УИХ намуудын “Үндсэн хууль”-ийг ирэх хаврын чуулганаараа батлах гэж байна. Улс төрийн намын тухай хууль яагаад ийм чухал вэ, улс орны хөгжилд Үндсэн хуулиас дутахгүй үүрэгтэй вэ гэдэгт эцэст нь хариулъя. Монголд улс төрийн нам анх үүсэн байгуулагдаад 100 дахь жилийнхээ босгыг давах гэж байна. Харин дэлхий нийтэд улс төрийн нам гэдэг зүйл үүсээд 150 гаруй жйл болж байгаа ажээ. Хүн төрөлхтний түүхэнд нам харьцангуй хожуу үүсч бий болсон гэсэн үг. Төрийн эрх мэдэл нь хэмжээгүй эрх хааны гарт байдаг Йордан, Кувейт, Бутан, Оман зэрэг цөөхөн хэдэн улс орон, мөн 20-30 мянган хүн амтай жижиг арлын улсуудыг эс тооцвол дэлхийн бүх улс орон улс төрийн намтай.

Учир нь нам гэдэг хүн төрөлхтний дэвшилтэт ойлголт, үзэгдэл. Сонгодог утгаараа нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, төрийн эрх авах зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага. Ардчилсан улс орны төрийг ард олны үнэмлэхүй олонхын саналыг авч сонгогдсон улс төрийн хүчин буюу нам удирдан жолооддог нь жишиг болон тогтжээ. Үүнээс аливаа улс орон гажих арга үгүй. Бас үүнээс илүү оновчтой засаглалын хэлбэрийг олсон нь ч үгүй. Намаас татгалзах аваас хэн нэг дарангуйлагчийн хэмжээгүй эрх мэдэл хийгээд хугацаагүй хаанчлалд л төрийн жолоог атгуулахаас өөр сонголт байхгүй учир улс төрийн намтай байж л ардчилсан төр засаг бий болдог ажээ.

 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)