Эко хорооллыг бүтээгчид

“Хүүхээ дээшээ суу” гэх зуураа өврөөсөө хөөрөг гарган бидэнтэй тамхилав. Тэрбээр “Ойрд их дулаахан байна шүү. Би өнөө өглөө эмнэлгээс гарлаа. Гэртээ ирээд сайхан байна” гэж инээмсэглэн, аягатай цайгаа оочлов. Тэр налгар намрыг санагдуулам бор шаргал дээлээр гоёжээ. Тушаал авсан мэт цэгцтэй,  цэмцийн суух энэ эрхмийг Б.Дагва гэдэг. Түүний эхнэр Ж.Лида хоёр хоногийн өмнө санаа нь зовсон янзтай, дуу муутайхан “Хөгшин цөсний хагалгаанд орох гээд эмнэлэгт хэвтчихсэн” гэж ярьж байсныг бодоход одоо ч сэтгэл нь уужирсан харагдав. Тэдний уриалгахан байдал, яриа хөөрөө “Эмнэлгийн ажилтай байхад нь төвөг удаж байна даа” гэх бодлыг минь зөөллөв. Тэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, хотын суугуул иргэд болоод 20 жилийн нүүрийг үзэж буй нь энэ. Улаанбаатар хотод амьдарч буй эл хугацааныхаа 19 жилд нь түүхий нүүрс түлж, хөө тортогтой зууралдсан тухай гэрийн эзэгтэй ярилаа. Харин нэг жилд нь буюу энэ онд дулаанаа өөр аргаар  шийдэхэд танилынх нь ихээхэн нөлөөлжээ.  Учир юу гэвэл, өнгөрсөн жилийн Цагаан сараар хуучин танилындаа зочлоход тэднийх ийм төрлийн цахилгаан зуух тавьсан байж. Айлын хүмүүсийн хэлж, ярьсан бүхэн тэдний сэтгэлд ихэд нийцсэн тул гэртээ тавиулахаар шийджээ. Гэхдээ тэтгэврийн хүмүүст шөнө  цахилгаан хуримтлуулж, түүнийгээ өдөр нь зарцуулдаг энэ төрлийн төхөөрөмжийг шууд худалдан авахад амаргүй. Иймд боломжит нөхцөлийг судалсны эцэст, урьдчилгаа 500 мянган төгрөг өгч, сард 208 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр “Монватт” компанитай арван сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулан худалдан авчээ. Ингэснээр дулаанаа хуримтлуулдаг цахилгаан зуухыг өнгөрсөн оны тавдугаар сард гэртээ тавиулснаар галлах үед тулгардаг хүндрэл бэрхшээлээс салж чаджээ. Ингэж л тэднийх Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны утаа “үйлдвэрлэдэг” 250 орчим айлын тооноос хасагдаж, цэвэр агаар “үйлдвэрлэгч” 30 өрхийн нэг болсон байна. 

Дулаанаа цахилгаанаар шийдэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ

Цахилгаан болон бусад эко аргаар дулаанаа шийдэхээр төлөвлөж буй хүмүүсийн хамгийн түрүүнд асуух ёстой асуулт бол энэ. Танил болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр тэд эхний ээлжид гэрийнхээ дулаан алдагдлыг багас­гахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тэтгэврийнхээ мөнгөнөөс 350 мянган төгрөгийг зарцуулж,  ханаа дээвэртэйгээ адил гурван давхар болгохын зэрэгцээ цементэн шалаа мөн зориулалтын материалаар дулаалсан байна. Ингэснээр  цахилгаан зуух тавиулсан  цагаас буюу өнгөрсөн оны тавдугаар сараас хойш цахилгааны төлбөрт  40-60 мянган төгрөг төлж байгаа аж. Цахилгаанаар дулаанаа шийдсэн бусад айлтай харьцуулахад төлбөр нь харьцангуй бага гарч буй нь дулаан алдагдлыг өмнөхөөсөө хэд дахин бууруулсантай холбоотой гэж тэд тайлбарлаж байлаа. Харин идэр есийн хүйтэн эхэлснээс хойш өнгөрсөн сард цахилгааны төлбөр  хамгийн өндөр буюу 239 мянган төгрөг гарсан ч хөнгөлөлтөд хамрагдаж, 139 мянгыг тушаасан байна. Энэхүү зардлыг илүү багасгахын тулд ирэх жил хаалгаа сольж, хаяаныхаа манаасанд илүү анхаарахаар төлөвлөжээ.

Хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэсэн нь тэдэнд том дэмжлэг болж буйг гэрийн эзэд онцолж байлаа. Хэрэв ийм шийдвэр гаргаагүй бол цахилгааны төлбөрт халаасаа хоослох байсан тухай ярилаа. Б.Дагвынхтай ижил төстэй зуухаар дулаанаа шийдсэн ч цахилгааны төлбөр нь өндөр гарч буй айлууд хоёр зүйлд анхаарал хандуулахыг зөвлөсөн юм. Нэгдүгээрт, гэр, байшингаа зориулалтын материалаар стандартын дагуу сайтар дулаалах ёстой. Хоёрдугаарт, ийм төрлийн зуухны халууны хэмийг тохируулах боломжтой байдаг тул шаардлагагүй үед хэрэглээгээ хязгаарлаж сурахыг сануулсан юм. Ердөө л энэ. Үүнийг хүн бүр мэддэг, хэн нэгнээс сонссон хэрнээ амьдралдаа хэрэгжүүлдэггүй учраас цахилгааны төлбөр эсвэл халаагуурын төхөөрөмжид бурууг өгдөг тухай Б.Дагва хуучилсан юм. Тэрбээр “Бид нар шиг өндөр настай хүмүүст гал түлэх хүнд ажил. Мод, нүүрсээ авахаас өгсүүлээд асуудал бишгүй л гардаг байлаа. Манайх өдөрт хамгийн багадаа дөрөв, таван удаа галладаг учраас дөрвөн портер нүүрсээр өвөлждөг. Хөгшин минь одоо өдөр бүр үнс,  хөө, тортогтой зуух, яндантай зууралдахгүй амар болсон. Бидний мөрөөдөл биелсэн шүү” хэмээн сэтгэл нь тайвширсан байдалтай өгүүлэв.

Б.Дагвынх ам бүл арвуулаа. Долоон хүү, нэг охинтой. Тэд хашаандаа нэг хүүгийнхтэйгээ хамт амьдардаг. Хүүгийнхээ бай­шингийн дулааныг өөрийнх­тэйгөө адил аргаар шийдэх гэсэн боловч “цахилгааны хүчин чадал дийлэхгүй” гэсэн тул хүүхдүүд нь сайжруулсан шахмал түлш түлж байгаа аж.  Нийслэлчүүдийн 30, 40 жил хэрэглэж хэвшсэн түүхий нүүрсийг халж, шинэ төрлийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, бодит үр дүнд хүрсэнд настнууд ихэд олзуурхаж, “Ажил хийж болдгийг харууллаа” хэмээн тодотгож байв. Б.Дагва гуай “Цагааныг хараар будчих гээд байдаг нь л хэцүү юм. Сайжруулсан шахмал түлш үнс ихтэй болохоос шаталт, элч дулаантай  нь маргах юмгүй шүү” хэмээв. 

Дэд бүтцийнхээ асуудлыг анхнаас нь шийдсэн залуу гэр бүл

Улаанбаатар хотын гэр хорооллынхон эхнээсээ Б.Дагвынх шиг өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө эко шийдлийг сонгож байна. Харин зарим нь гэр, байшингийнхаа дэд бүтцийг анхнаас нь төлөвлөж, байгальд ээлтэй байдлаар шийддэг. Үүний нэг Сонгинохайрхан дүүргийн V хорооны оршин суугч П.Билгүүнжавхлангийнх. Тэр долоон жилийн өмнө хуримаа хийж, мөрөөдлийн байшингаа барихын тулд 0.7 га газар худалдан авчээ. Хэдхэн сарын дотор 64 ам метр талбайтай, орчин үеийн загвартай яг л орон сууц шиг барилгыг сүндэрлүүлжээ. Орон сууц шиг гэдэг нь гэр хороолол дунд хэрнээ байшингаа галаар бус паараар халааж, модон биш паалантай нойлд бие засч, хананаасаа халуун, хүйтэн усаа авдаг учраас ийн тодотгов. Мөн халуун усанд дугаарлахгүй хажуу угаалгынхаа өрөөнд шүршүүрт орно. Ингэж дэд бүтцээ анхнаас нь бүрэн шийдэж, мөрөөдлийн байшиндаа амьдрахад түүнд барилгын салбарт ажилладаг нь давуу тал болжээ. Жишээлбэл, байшин дулаан алдагдалгүй байх ёстойг мэдэж байсан учраас энэ талд илүү анхаарал хандуулсан байна.  Мөн ариун цэврийн байгууламжийнхаа харал­даа гадна талд гурван сав цувуулан суулгаж, бохир нь түүгээр дамжин саарал ус болж хөрсөнд шингэх, лагийг нь жилд нэг удаа соруулах байдлаар асуудлыг шийджээ. Ийм байдлаар байшингаа барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдэхэд тухайн үед 20 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Хашаандаа гүний худаг гаргуулахаар мэргэжлийн хүмүүст хандсан боловч хөрсний бохирдол ихтэй тул боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс 600 литрийн багтаамжтай зориулалтын саванд ус хийж, түүнийгээ нарны эрчим хүчээр халаадаг байна. Ингэж нийслэлчүүдийн өмнө тулгарч байгаа орчны бохирдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан бол ойр орчмын айлууд нь гал түлж буй нь хүндрэлтэй байдаг тухай гэрийн эзэн ярилаа. Тэрбээр “Ойролцоо айлууд маань дэд бүтцийнхээ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдчихээсэй” хэмээн хүсч байлаа.  

Дулааны улиралд цахилгаан огт хэрэглэдэггүй

П.Билгүүнжавхлангийнх цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаад сард 100 гаруй мянган төгрөг төлдөг байсан бол нарны эрчим хүчийг ашиглаж эхэлснээс хойш үүнээс ч багыг тушаах болжээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэг­жүүлж буй төслийн хүрээнд нарны эрчим хүч ашиглах боломжтой тоног төхөөрөмжийг өнгөрсөн зун туршилтаар суурилуулж өгчээ. Ингэснээр хүйтний улиралд цахилгаанаар бай­шингаа халааж, нарны эрчим хүчээ ахуйн хэрэглээндээ буюу хоол, цай хийх зэрэгт зарцуулдаг байна. Харин дулаан цагт буюу нарны илч сайтай үед бүх хэрэглээнд хангалттай хүрэлцдэг учраас цахилгаан огт хэрэглэдэггүй байна. Өөрөөр хэлбэл, зуны улиралд ямар ч зарлагагүйгээр байшингаа халааж, хоол, цайгаа хийдэг гэсэн үг. П.Билгүүнжавхлангийнх ам бүл тавуулаа. Бага насны гурван хүүхэдтэй тул цаашид хашаагаа тохижуулж, тоглоомын талбай, цэцэр­лэгжүүлэлт хийхээр төлөвлөжээ.

П.Билгүүнжавхлан ба­рил­­гын салбарт ажилладаг учраас байшин барихаар төлөвлөж буй хүмүүст хандан “Хамгийн гол нь дулаалга сайн байх ёстой шүү” хэмээн сануулж, зөвлөгөө өгсөн юм. Түүний хэлснээр байшинг шилэн хөвөн, хөөс зэрэг зориулалтын материал ашиглан дотор болон гадна талаас нь дулаалах ёстой аж. Гадна талыг нь дулаалаагүй тохиолдолд дотогшоо цантдаг байна. Мөн үнс, үртэс зэргийг ашиглан дээврээ дулаалахыг сануулсан юм. Тэр иргэдийн захиалгын дагуу өнгөрсөн жил зургаан хаус барьжээ. 

Агаар, орчны бохирдлыг бууруулж, “эко” орчныг бүтээхэд иргэдийн идэвх санаачилга, бодит оролцоо маш чухал гэдгийг олон айл өрх үлгэрлэж буйн жишээ дээрх хоёр гэр бүл юм. Хүн амьдралынхаа инхэнх хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчныхтой нэгэн адил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

С.ЮМСҮРЭН

"Монголын Үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)