С.Дэмбэрэл: Валютын ханш Засгийн газрын бодлогын үйлдлүүдээс маш их хамаардаг
- 2020-02-14
- Эдийн засаг
- 0
Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
- Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс макро эдийн засгийн чиглэлээр судалгаанууд хийн бодлого тодорхойлогчид болон олон нийтэд танилцуулсан. Хамгийн сүүлд ямар судалгаанд ажиллаж байна даа?
-Хамгийн сүүлд эдийн засаг, нийгмийн өргөн асуудлуудыг хамруулсан 2019 оны урьдчилсан байдал, 2020 оны төлөв гэсэн судалгаан дээр ажиллан бэлэн болгоод байна. Манай байгууллага Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн гэсэн нэртэй учраас үүнийг уламжлал болгох хэрэгтэй гэж бодсон. Энэ хүрээнд макро эдийн засаг, улсын төсөв, өрхийн эдийн засаг, валютын ханшийн асуудлуудад судалгаагаа төвлөрүүлж байгаа. 2020 оны судалгааны гол чиглэл эдийн засгийн гүйцэтгэлийн тоймыг улирал бүр гаргахаас гадна ханшийн бодлого, хүлээлтэд тулгуурлана. Жилийн эцсээр гаргадаг макро эдийн засгийн үндэсний тооцооныхоо тоо баримтуудыг ашиглан эдийн засгийн секторууд буюу өрхийн, бизнесийн, Засгийн газрын гэх мэт сектор бүрээр нь ангилсан судалгааг Үндэсний статистикийн хороотой хамтран хийхээр болсон. Дээр нь инфляцын судалгааг гүнзгийрүүлж хийхгүй бол үнийн системээ бүхэлд нь харж чадахгүй байна. Түүнчлэн Бидэнд хамгийн ойр мөртлөө зайтай яваад байгаа нэг ойлголт бол мөнгөний эдийн засаг. Монголбанкны сар бүрийн тоо баримт мөнгөний эдийн засгийг хэлээд байдаг. Гэтэл мөнгөний үзүүлэлтүүд бодит эдийн засагтайгаа хэрхэн уялддаг талаарх ойлголт нийгэмд алга.
-Тэгвэл эдийн засгийн өсөлт өрх бүрийн үүдээр орох ёстой гэдэг ойлголт бий. Ер нь өрхийн амьжиргаа ямар түвшинд байна вэ?
-Хоёр дахь жилдээ хийсэн Өрхийн эдийн засгийн аж байдлын судалгааг арай илүү шинэлэг байдлаар явуулахаар төлөвлөж байна. Өрхийн эдийн засгийн судалгаан дээрээ үндэслэн дундаж ангийг гүнзгийрүүлэн судална гэсэн үг. УИХ, Засгийн газрын түвшинд 2050 оны урт хугацааны төлөвлөгөөний тухай яригдаж байна. Түүнд дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэж дурдсан байна лээ. Одоо байгаа хөгжлийн баримт бичгээр бол 2030 он гэхэд дундаж давхаргаа 80 хувьд хүргэнэ гэж тусгажээ. Гэтэл өнөөдөр хүн амын хэдэн хувь нь яг дундаж ангилалдаа багтаж байгаа юм. Хэн, ямар аргачлалаар үүнийг гаргав. Ер нь хэрэглээ, орлого талаас нь тооцоод, дундаж анги гэж тодорхойлох нийтлэг хандлага бий. Тэгэхээр дундаж анги гэж хэрэглээ төдийгүй авир төрөхийн хувьд яг ямар ангийг дундаж гэж нэрлэж байгаа зэрэг асуулт нээлттэй үлддэг.
Нэг хүнд ногдох худалдан авах чадвараар харьцуулсан ам.долларын хэмжээ гэх мэт бусад оронтой жишсэн судалгаа байна л даа. Энэ аргачлалаар гаргасан судалгааны дүнгээр Монгол Улсын дундаж давхарга 53 хувьтай гарч байгаа. Улмаар 2030 он гэхэд 80 хувьд хүрнэ. Гэхдээ өнөөдрийн 53 хувьд яг ямар хүмүүс багтаж байна гэхээр миний хувьд эргэлзээтэй. Өрхүүдийн байр байдлаар жишээлбэл, дундаж өрхийн хүнсний хэрэглээ зарлагынх нь хэдэн хувийг эзэлж байгаа юм. Статистикийн тооцоогоор бол хэрэглээнийх нь 30 орчим хувьтай тэнцүү гардаг. Ядуу болон бага хэрэглээтэй өрхүүдийн хувьд 30-аас даваад явчихдаг. Өөрөөр хэлбэл, бага орлоготой өрхүүдийн зарцуулалтын дийлэнхийг хүнс эзэлж байгаа. Өндөр орлоготой өрхийн хүнсний хэрэглээ зарлагад нь их хувь эзэлдэггүй. Энэ нэг шалгуур нь байж болох юм.
Нөгөө талаар Улаанбаатар хотын автомашины тоог харахад, 500 гаруй мянга байна. Тэдгээрийн насжилт хэдэн жил байгаа вэ. Гурав хүртэлх жилтэй нь хамгийн бага хувьтай бол 10-аас дээш насжилттай нь хамгийн өдөр хувийг эзэлж байгаа. Энэ талаас нь бодсон ч тэр. Одоо 2018 оноос хойш тооцсон орон сууцны тооллогын үр дүн удахгүй бэлэн болно. 2015 оны тооллоор хотын хүн амын 20 хувь нь л 61-81 болон түүнээс дээш ам.метр талбайтай орон сууцанд амьдарч байна. Тэгэхээр яаж ч бодсон дундаж өрхийн тоо 50 гаруй хувьтай гарах нь бодит байдалтай нийцэхгүй байна даа. Энэ мэтээр олон судалгаагаар үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бодит амьдралын баримтуудыг тусгасан байдлаар дундаж ангиа тодорхойлох шаардлагатай гэсэн үг.
Миний хувьд 530 гаруй мянган хүний цалингаар тооцоход, дундаж анги 25-26 хувьтай гардаг. Тиймээс энэ талынхаа судалгааг өргөжүүлнэ. Мөн бид инфляц талдаа дундаж үзүүлэлтүүдээ авч үзэж байгаа. Инфляц өнгөрсөн оны эцэст 5.2 хувьтай гарсан байна. Гэтэл хонь, үхрийн махны үнэ дунджаар 20 гаруй хувийн өсөлт үзүүлсэн. Бас Нарантуул, Дүнжингарав, сүлжээ дэлгүүрүүдэд орж буй иргэдийн хэрэглээний сагс өөр өөр байгаа. Иймд хэрэглээний бүлгүүдээр нь НӨАТ-ын системийг ашиглан инфляцыг илүү гүнзгий судлахаар ажиллаж байна. Инфляцыг илүү ул суурьтай гаргаж ирснээр Засгийн газрын бодлогын шийдвэрт дэмжлэг болно. Төв банк инфляцыг онилдог учраас мөнгөний бодлогыг нийгмийн бүлгүүдэд чиглэсэн байдлаар хэрэгжүүлэхэд сонирхолтой үр дүн гарч болох юм.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудаас харахад, эдийн засаг бүтцийн хувьд тэлсэн эсэх, Эдийн засгийн салбараа олшруулах чиглэлд бодлогын үр дүн гарч байна уу?
-Эдийн засгийн төрөлжилт, тэр дотроо экспортын салаалжилт бол Монгол Улсын мөнхийн асуудал. Бараг судалгаа бүр дээр нэг хэвшмэл зүйл гардаг нь эдийн засгийн төрөлжилт. Экспортоо зөвхөн уул уурхайн хамаарлаас гаргамаар байна гэдэг. Гаалийн ерөнхий газраас сүүлийн таван жилийн уул уурхайн бус экспортын мэдээллийг нарийвчлан авсан. Үүн дээр үндэслэн энэ асуудлыг хөндсөн танилцуулга бэлдээд, нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Уул уурхайн болон бусад салбарын экспортыг 90-ийг харьцах нь 10 хувийн харьцаатай байна гэж бодъё. Энэ харьцааг яаж бууруулах талаар сайн судалгаа хийгээд, шийдэл дэвшүүлж болно. Гэтэл өнөөдөр УИХ ч тэр, Засгийн газар ч тэр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг яг тодорхой бодлогоор хөндөхгүй байна. Стратегиараа гаргаад байдаг. Монгол Улс тэдэн онд тийм болно гэж стратеги баталдаг мөртлөө бодлогоор хэрэгжүүлэх тал дээр хойрго хандаж байгаа.
Бодлогоор хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр хоосон цаас байх ёсгүй. Нийт экспортын 10 хувийг эзэлж буй уул уурхайн бус экспортын бүтцээ задлаад харахаар, 90 хувьд ноос, ноолуур, мах гэх мэтийн уламжлалт бүтээгдэхүүн зонхилж байна. Тиймээс ноос, ноолуур, махаа хасаад үлдсэн хэсгийг нь бидний барьж авах ёстой асуудал байгаа гэж хардаг. Тэр нь бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр экспортод гаргадаг, эсвэл туршилтын экспортоо хийгээд зогссон компаниудаа дэмжих асуудал юм. Монголд ийм компани маш олон байна. Хувийн хэвшилд бүтээгдэхүүнээ экспортлох сонирхол байна. Тэр сэдлийг нь өдөөсөн, дэмжсэн төрийн бодлого алга. Урьд өмнө нь уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр төрийн бодлого байсан уу гэвэл, байсан. Гэхдээ ихэнх нь цаасан дээрээ үлдсэн. Гол дутагдал нь зорилтод шинж чанар байхгүй, хувийн хэвшлийг оролцуулаагүй. Тодорхой бүтээгдэхүүний бүлэг дээр суурилагдаагүй. Экспортын бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх тогтолцоо байхгүй зэргээс шалтгаалж ирсэн. Төрийн банк гэхэд л гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусгай болзолтой зээл олгоно гэж байна. Тэгэхээр арилжааны голлох банкуудыг экспортыг дэмжихэд чиглүүлэхэд Төв банк ямар үүрэгтэй байх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бодлого нь бүтээгдэхүүний бүлэг дээр суурилсан, хувийн хэвшлийн оролцоотой экспортын хөтөлбөр гаргалаа гэхэд үүнийг санхүүжүүлэх эс үүсвэрийг мөнгөний бодлогын хүрээнд дэмжинэ гэсэн Төв банкны бодлого гарах ёстой.
-Экспортоо бодлогоор дэмжих нь төгрөгийн бодит ханшид чухал нөлөөтэй. Нөгөө талаар төгрөгийн ханшийн тогтвортой байдал экспортын орлогоо дэмждэг. Валютын ханшийн хэлбэлзлийг өнөөгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулан харж байна вэ?
-Ханшийн асуудлаар хүмүүсийн бодол санааг сонсоод байхад, их энгийн буруу ойлголт давамгайлдаг. Жишээлбэл, Монголбанк ханшийг тогтоох ёстой мэт ярьдаг УИХ-ын гишүүд ч байна. Гэтэл ханш гэж яг юу юм. Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг болон гадаад валют хоёрын солилцооны харьцааг ханш гэдэг. Олон валютын сагсан дотроос улсуудын инфляцыг харьцуулаад, нэрлэсэн болон бодит ханш гэж гаргадаг. Энгийнээр жишээлэхэд, АНУ-ын инфляцыг Монголынхтой харьцуулан бодит ханшаа гаргаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд Монголын валютын захын ханшийг хиймлээр тогтоон барьж болохгүй л дээ. Бид бол үнэ тогтоогч бус үнэ хүлээн авагч. Тиймээс ханшийн зах зээл дээрх хэт их хэлбэлзлээс л сэргийлэх боломжтой. Тэр хэлбэлзэл нь бодит бус шалтгаантайгаар гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх нь Монголбанкны үндсэн үүрэг.
Валютын зохицуулалтын тухай гээд бүр эртний хуулийг одоо яриад байгаа. Валютын ханш Засгийн газрын бодлогын үйлдлүүдээс маш их хамаардаг. Энэ талаас нь бодсон хууль эрх зүйн орчин одоо л үүсэх гэж байна. Гэхдээ өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын ханшийг энэ оныхтой харьцуулаад, том зургаар нь авч үзэхэд ханш зарим үед л өндөр хэлбэлзэлтэй гарсан болохоос тогтвортой байгаа гэж үзэж болно. Сүүлийн үед үүсээд байгаа өөрчлөлт нь голлон спекуляци буюу баталгаатай бус мэдээлэл дээр үндэслэж зах зээлд оролцох, улирлын шинжтэй баярын нөлөө гэх мэт зүйлсээс гаралтай. Мөн төсвийн бодлого нь өөрөө ханшид нөлөөлж байна. Төсөв энэ оны эхний 3 улиралд сахилга баттай байсан ч төгсгөл рүү зарлага огцом нэмэгдсэн. 2019 онд 11.4 их наяд орчим төгрөгийн зарлага гарснаас 4-р улиралд 4 их наядыг зарцуулжээ. Иргэд ханшийг мөнгөний бодлоготой л холбож ойлгоод байдаг. Гэтэл Засгийн газрын төсвийн бодлого нь маш хүчтэй нөлөөтэй. Манайд хийсэн судалгаанаас үзэхэд төсвийн нийт зардал 1% өсөхөд тэр нь 2 сарын дараа төгрөгийн ханшийг 0.2% бууруулах нөлөөтэй. Тиймээс засгийн газар төсвийн сахилга батаа үргэлжлүүлэн сахих хэрэгтэй.
Дээр нь зах зээл дээр үймээн гарахаас сэргийлэхэд анхаармаар байна. Засгийн газрын нэг сайд гарч ирээд, “Валютын ханшийг бид бус Төв банкнаас асуу” гэдэг ч юм уу. Гэнэн бөгөөд явцуу дүгнэлт мэдэгдэл хийх нь хортой. Эсвэл их мэдэгчийн дүрд ороод, тэдэд хүрнэ гэж нэг тоо хэлдэг. Энэ бүхэн нь ханшид маш хүчтэй нөлөөлдөг. Ханш бол маш эмзэг зүйл учраас валютын нийлүүлэлт буюу интервенц хийх гэдэг арга хэмжээ авдаг. Сүүлийн арваад жилийн дунджаас харахад, Монголбанк валютын нийт эрэлтийн 30 хувийг хангаж байна. Энэ бол бодлого. Валютын бүх нөөцөө тавиад туучиж болохгүй шүү дээ.
-Манайд ханшийг төр хүчээр барьж байх ёстой мэт ойлголт давамгайлдаг л даа. Та үүнийг эрс үгүйсгэлээ. Ер нь төр зах зээлд яаж оролцох ёстой юм бэ?
-Төр хэт их хамгаалалт хийгээд байвал нөхцөл байдал бүр л буруугаараа эргэнэ. Монгол шиг жижигхэн эдийн засагт худалдаа чөлөөт байх тусмаа сайн. Худалдааг аль болох хөнгөвчлөх нь Монголд хамгийн их дэмтэй. Жишээлбэл, гадаад худалдаа эрхэлдэг компаниудаас хил дээр шаарддаг бичиг баримтыг 2015 онд тав болгон цөөлж өгч байсан бол одоо эргээд 10 болсон. Хилийн алба бидэнд хэрэгтэй юм уу. Эсвэл дарга нь оймсондоо мөнгө нууж байгаад баригдаад байх ёстой юм уу. Хэтэрхий их хамгаалалт зах зээлээ гажуудуулаад байгаа юм. Түүн дотроо экспорт импортоор дамжин ханшийг хүртэл гажуудуулж байна. Гаалийн үнэлгээг ч бодолцох ёстой. Өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний гаалийн үнэлгээ ямар зарчмаар хийгдэж байна. Яг зах зээлийн үнэлгээндээ уялдаж чадаж байна уу. Цаашдаа үүнийг анхаарах ёстой. Гаалийн татвар өндөр байхын хэрээр улсын төсөвт их мөнгө орж ирнэ. Гэтэл яг бодит зах зээлийн үнээрээ орж ирсэн бараа хэрэглэгчийн гар дээр хямд хүрнэ. Энэ мэтээр төрийн зохицуулалт зах зээлийг гажуудуулж байгаа шигээ ханшид ч нөлөөлнө.
-Тэгэхээр бодит байдал төрийн бодлого маань хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирдэг л дээ. Ер нь төрийн бодлого яг хөрсөн дээрээ хэрэгжиж байна уу?
-Би бодлогын шийдвэр гаргагч байж үзсэн. Шийдвэр гаргахад нөлөөлдөг ч хүн байсан. Одоо бодлогын судалгаа хийж байна. Бодлого гаргахын тулд судалгаан дээр үндэслэх ёстой. Судалгааг хайхрахгүй байвал, бас зүгээр суугаад байж болохгүй. Идэвхтэй хандлага чухал юм. Монголын бодлого боловсруулах урлаг ерөнхийдөө доогуур түвшинд байгаа. Нийтээрээ эдийн засгийн боловсрол муу байгаа нь үүгээр ил болдог л доо. Түүнээс биш харанхуйгаар 2050 онд нэг төгрөг нэг ам.доллартай тэнцэнэ гээд бичиж болохгүй. Манайхны хэт холын хараа их сайн байна. Харин ойрын хараа огт юм үзэхгүй байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл (0)