Дулаалга сайн бол халаагуур гологдохгүй

АГААРЫН БОХИРДОЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 200 гаруй мянган айл өрх гэр хороололд амьдарч жилдээ 1.2 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг. Энэ бол агаарын бохирдлын 80 хувийнх нь эх үүсвэр. Агаарын бохирдол иргэд ялангуяа бага насны хүүхэд, ахмад настнуудын эрүүл мэндэд ихээхэн хор уршигтай. Жишээлбэл, амьсгалын замын болон зүрхний өвчлөл, уушги, бөөр, давсаг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар, хүүхдийн төрөлхийн гажиг, дутуу жинтэй төрөх, дархлаа, дотоод шүүрэл, нөхөн үржихүйн системийн доголдолд хүргэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар агаарын бохирдол зүрх судас, уушгины өвчнөөс чихрийн шижин, нойргүйдэл, элэг, давсагны хорт хавдраас ясны сийрэгжилт, арьсны гэмтэл хүртэл олон өвчин эмгэгийн шалтгаан болж байна. 2013 онд дэлхийн хэмжээнд хөгжиж буй оронд амь насанд хал багатай өвчлөл болон нас баралтын 93 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Эдгээр улс орны хүн амын 90 хувь нь агаарын бохирдлын аюултай нөхцөлд амьдарч байгаагийн нэг Монгол. Бага орлоготой иргэдтэй улс орны таваас доош насны хүүхдүүдийг өндөр орлоготой улс орны энэ насны хүүхдүүдтэй харьцуулбал агаарын бохирдлын улмаас нас барах магадлал 60 дахин их аж. Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас шийдвэр гаргаж түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр “Тавантолгой түлш” компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг 60, цаашид 100 хувь бууруулж, цэвэр агаартай хотыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

Ази, Европын зарим улс орон шахмал түлшийг одоо ч хэрэглэдэг бол нэг хэсэг нь дулаанаа цахилгаан, хий зэрэг байгальд ээлтэй технологиор шийдэж байгаа.  Дэлхийн стандартад нийцсэн шийдлээр дээрх зорилтод хүрэхийн тулд иргэдийн оролцоо чухал. Мөн агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн  хамгаалах, бууруулахад хувь нэмрээ яаж оруулах тухайд мэдээлэлтэй байх ёстой.

Иргэд “ногоон зээл”-ийг илүүд үзэж байна

Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран гэр хорооллын дунд “Дэвшилтэт техник, технологийн мэдээллийн төв”-ийг хоёр, найм болон 42 дугаар хороонд ажиллуулж эхэлжээ. Тиймээс байгальд ээлтэй, эко технологийн талаарх мэдээллийг иргэдэд илүү ойртуулж буй, наймдугаар хороонд байрласан мэдээллийн төвийг зорилоо. Иргэд тус төвөөс гэр, байшингаа хэрхэн дулаалах, галлагаанаас татгалзаж дулааны өөр эх үүсвэр сонгох, ингэхдээ юуг анхаарах, мөн орчны бохирдлын эсрэг дадал хандлагын зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор эх орондоо үйлдвэрлэсэн болон гадаад улс орноос импортлон борлуулж буй цахилгаан халаагуур зэрэг халаалтын төрөл бүрийн техник технологийн тоног төхөөрөмж, дулаалгын материал, сайжруулсан түлш түлэх зориулалттай стандартын зуух зэргийг байрлуулсан байв. Мөн “Агаарын бохирдлоос эрүүл мэнддээ хамгаалах 10 туршлагыг хэвшил болгоё”, “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль бидэнд хэрэгтэй юү”, “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” зэрэг иргэдэд зориулсан төрөл бүрийн гарын авлагыг дэлгэсэн байлаа. Урд хөршид коронавирус гарч, дэлхийн бусад улс оронд хурдацтай тархаад байгаа учраас хүмүүсийн хөл хөдөлгөөн багасжээ. Гэхдээ олноороо биш ч гэлээ хүмүүс ганц нэгээр орж ирэн эко бүтээгдэхүүнтэй танилцахын зэрэгцээ хэрхэн худалдан авч болох, гэр, байшингаа яаж дулаалах зэрэг мэдээллийг авдаг байна. Биднийг очих үед нэлээд хэдэн хүн орж ирсний нэг нь тус хорооны оршин суугч Б.Отгонжаргал юм. Тэднийх байшингаа нам даралтын зуухаар халаадаг тул зардлаа хэмнэх зорилгоор цахилгаан халаагуур сонирхож байв. Ингэхдээ “Ногоон зээл”-ээр авах боломжтой эсэхийг мэдээллийн ажилтнаас тодруулж байлаа.

Иргэдэд ойр эко мэдээллийн төв

Энэ үеэр МБОИЗ-ийн “Дэвшил­тэт техник, технологийн мэ­дээл­лийн төв”-ийн ажилтан Б.Мөнх­батаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мэдээлэл авч буй иргэд ямар төрлийн бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байна вэ?

-Цахилгаан халаагуурыг л нэлээд сонирхдог. Иргэд хамгийн түрүүнд бүтээгдэхүүний үнэ болон хэрэглээний зардлыг асуудаг. Тиймээс бид бодит тооцооллыг хийж гаргасан.  Жишээлбэл, иргэдийн хамгийн их сонирхдог 20-24 ам метр талбай халаах хүчин чадалтай, хүйтэн, дулаанаа  мэдэрч, унтарч, асдаг 125 мянган төгрөгийн үнэтэй халаагуурыг цагт 2.3 кВт-аар тооцож, тасралтгүй 15 цаг ажиллуулахад цахилгааны төлбөр нь 132 мянган төгрөг гардаг. Тухайн төхөөрөмж өөр дээрээ удирдлагатай учраас тодорхой хэмд хүрээд унтардаг. Тиймээс айл өрхийн хэрэглээнээс хамаарч,  бидний тооцоолсноос ч бага зардал гарах боломжтой. Энэхүү цахилгаан халаагуурын зардлыг сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй харьцуулахад нэг их зөрүү гараагүй ч, бусад давуу талуудыг бодолцох нь зүйтэй.  Нэг айл долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш, нэг шуудай мод түлдэг гэж бодоход тээврийн зардалтайгаа нийлээд сард 139 мянган төгрөг болдог.  Цахилгаан халаагуур эдийн засгийн хувьд зардал багатайгаас гадна цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зэрэг олон давуу талтай.  Ялангуяа өндөр настнууд,  бага насны хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд сайжруулсан шахмал түлш тээвэрлэж авч ирэх хүндрэлээс өгсүүлээд галлахад хүртэл их цаг хугацаа зарцуулдаг. Тиймээс бид аль болох “Ногоон зээл”-ээр олгох боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулж, зөвлөдөг.

-Байгальд ээлтэй, эко техник технологийн талаарх мэдээллийг иргэдэд ойртуулснаар үр дүн гарч байна уу?

-Хамгийн түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах ёстой гэдгийг л хүмүүст маш сайн ойлгуулдаг. Дулаалаагүй тохиолдолд хэчнээн сайн, өндөр үнэтэй тоног төхөөрөмж тавиад ямар ч үр дүнгүй. Харин ч эдийн засгийн хувьд алдагдалтай. Хүмүүс “Тийм төхөрөөмж чинь аль вэ. Манай тэднийх авч тавьсан байна” гэж онцгойлон сурдаг. Энэ бол мэдээлэл хүмүүст хүрч байна гэсэн үг. Мэдээллийн төвөөр орж ирсэн хүн бүрт эко бүтээгдэхүүн,  худалдан авах арга, боломж нөхцөлийг нь хэлж, танилцуулах материал, гарын авлага, зөвлөгөө зөвлөмж өгдөг. Нэг хүний цаана хамгийн багадаа хоёр болон түүнээс дээш хүн энэ талаарх мэдээллийг давхар авч байдаг. Мэдээлэл авсан хүмүүсийн олонх нь галлагаанаас ялангуяа нам даралтын зуухнаас татгалзах хүсэлтэй байдаг ч хүндрэлтэй зүйл бас бий.

-Тухайлбал?

-Мэдээлэл авч буй хүмүүсээс санал хүсэлт авдаг. Тухайн айл өрх монгол гэр, байшингийн алинд нь амьдардаг, дулаалсан эсэх, дулаанаа ямар байдлаар шийдэхийг хүсдэг, тулгарч буй саад бэрхшээл гэх мэт олон зүйлийг тодруулдаг. Иргэдийн хэлж буй саналаас харахад гэр хорооллын зарим газарт цахилгааны хүчдэл бага байдаг учраас цахилгаан халаагуур хэрэглэж чаддаггүй юм билээ. Мөн цахилгааны монтаж нь асуудалтай, гал гарахгүй гэх баталгаагүй байдаг. Тиймээс энэ мэт асуудлаас болж гал түлэхээс өөр сонголтгүй болдог тухай иргэд ярьдаг.

-Манай орны онцлог нөхцөлд гэр хорооллын айлуудад хамгийн тохиромж­той шийдэл юу вэ? 

-Гэр хорооллын айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлбэл бүх төрлийн эко техник, технологи тохиромжтой. Бид хүсэлт гаргасан айлд очиж, дулаан алдагдлыг нь хэмжиж, зөвлөгөө өгдөг. Дулаалгын материалууд өндөр өртөгтэй учраас иргэд төдийлөн авч чадахгүй байна.

-Айл өрхүүд “Ногоон зээл”-д хамрагдах хүсэлтэй байдаг юм билээ. Хэчнээн компани иргэдэд ийм боломж олгож байна вэ?

-14 компани бий. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос арилжааны гурван банкаар дамжуулан иргэдэд жилийн есөн хувийн хүүтэй 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа. Энэ бол айл өрх, аж ахуйн нэгжүүдэд олгож буй маш том боломж. Гэхдээ  “Ногоон зээл”-ээр авах боломжтой гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаагуур, эко ариун цэврийн байгууламжийг бүгдийг нь худалдаалдаг аж ахуйн нэгж ч бий. Иргэд маш олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой ч банкны шаардлага, шалгуурыг хангаж чаддаггүй. Тиймээс зарим компани банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм билээ. Иргэд байгальд ээлтэй, эко, том талбай халаах хүчин чадалтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй зээлээр л авахгүй бол халааснаасаа шууд гаргаж, худалдан авах боломжгүй. Тухайлбал, хүмүүсийн хамгийн их сонирхдог, шөнө цахилгаан хуримтлуулж, өдөр нь түүгээрээ гэрээ халаах боломжтой “Эко тулгат” зуух 2.5 сая, агаар хуурайшуулдаггүй, хэт ягаан туяагаар халдаг цахилгаан халаагуур хүчин чадлаасаа шалтгаалаад 190-420 мянган төгрөгийн үнэтэй байдаг.  

Улаанбаатар хотын гэр хорооллын дунд агаар, орчны бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай дэвшилтэт техник, технологийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дадал хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах нь мэдээллийн төвийн гол зорилго. Түүнчлэн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, асуумж судалгаа авах, хяналт мониторинг хийх арга зүйн удирдамжаар хангах зэрэг ажлыг хийж байгаа аж.

Сарын хугацаанд 300 орчим иргэн мэдээллийн төвд ханджээ

Сонгинохайрхан дүүргийн хувьд Толгойт, Зүүнсалаа, Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой гардаг учраас эхний ээлжид дээрх бүсийн гурван хороог сонгожээ. Иргэд эко тоног төхөөрөмж худалдаалж буй байгууллага, аж ахуйн нэгж бүр дээр очиж үзэхэд хүндрэлтэй. Тиймээс нэг дор төвлөрүүлж, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах байдлаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар МБОИЗ тус төвийг өнгөрсөн оны есдүгээр сараас нээж, дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран ажиллаж буй нь энэ. Үүнээс өмнө Баянзүрх дүүрэгт ажилласан бөгөөд төвөөр үйлчлүүлсэн иргэдийн олонх нь мөн л галлагаанаас татгалзах хүсэлтэй ч хэрхэн, яаж гэдгээ шийдэж чадахгүй байсан тул шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр хангасан байна. Он гарснаас хойш ийн Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд ажиллахад сарын хугацаанд 300 орчим иргэн ирж мэдээлэл авсан гэнэ. Цаашид Хан-Уул дүүрэгт мэдээллийн төвөө ажиллуулахаар төлөвлөжээ. 

С.Юмсүрэн

“Монголын Үнэн” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)