Гашуун сухайтын авто замд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна
- 2020-02-16
- Орон нутаг
- 0
БНХАУ-д гарсан шинэ короновирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зөвхөн зэсийн баяжмал болон нүүрс ачсан машинуудыг тодорхой хяналт, зохицуулалттайгаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар уртын тээвэр буюу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх чиглэлд 1800 орчим жолооч нүүрс тээвэр хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан “Эрдэнэс Монгол” компани, түүний охин компани болох “Гашуун сухайт авто зам” ХХК –ийн зүгээс тээврийн жолооч болон ажилтнуудын эрүүл мэндэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт амны хаалт, гар ариутгагч шингэн, резинэн бээлийн үнэ төлбөргүй тараан, эмч мэргэжилтнүүд халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгч байгаа аж. Энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Шуурхай зарлан мэдээлэх хэсэг” байгуулж, цаг тутам иргэдийг мэдээллээр хангаж эхэлсэн байна. Гашуун сухайт боомтоос 120 км зайд БНХАУ-ын Халиут хотод короновирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол шуурхай авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх зорилгоор тус хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өгсөн өнөөдрийн /2020.02.16/ мэдээллээр коронавирусийн халдварын тоо 68,584 болж, нас барсан хүний тоо 1666-д хүрчээ. Харин эдгэрсэн хүний тоо 1,324 тохиолдлоор нэмэгдэж, 9,425 болсон байна. Манай улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй ч, анхаарал сэрэмж алдалгүй, иргэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хариуцлагатай байхыг Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (0)