Ван И: Дэлхий ертөнц бол олон үнэт зүйлийн нийлбэр юм
- 2020-02-17
- Үнэн
- 3
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Ройтерс” агентлагийн редактор Александра Галлонитой Берлинд ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Хятадын гадаад бодлого, Хонконгийн асуудал, коронавирусийн эсрэг тэмцлийн тухай ярьжээ.
-Коронавирусийн тархалт дэлхий нийтийг түгшээж байна. Халдварт тахал танай улсын хүн ам төдийгүй эдийн засагт ноцтой хохирол учрууллаа. Та энэ талаар үзэл бодлоо илэрхийлнэ үү?
-Коронавирусийн дэгдэлт Хятад төдийгүй дэлхийн хэмжээнд хүнд сорилт боллоо. Ши Жиньлин даргын удирдлага дор Хятадын Засгийн газар, ард түмэн энэхүү хүнд үеийг даван туулж байна. Бид өөрсдийн хүчин чармайлт, тэр ч байтугай амь биеэ золиослон энэхүү тахалтай тэмцэж байгаа. Дэгдэлтийн дараа Хятадын Засгийн газар нэн даруй дотоод чөөц боломжоо дайчлах үндэсний механизм боловсруулсан. Бид урьдчилан сэргийлэх, хянах хамгийн өргөн хүрээтэй, нарийвчилсан арга хэмжээг авсан бөгөөд Олон улсын эрүүл мэндийн дүрэм журам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг ханган ажиллаж байна. Манай эмч нар өвчтөн бүрийн амь насыг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ийнхүү шаргуу хүчин чармайлтын үр дүнд тархалтыг ерөнхийд нь хяналтдаа авсан. Жишээлбэл, Хубэйгээс бусад мужид тархалтын тоо өдрөөс өдөрт буурч байна. Эдгэрэлтийн хурд огцом нэмэгдэж байгаа бөгөөд 8000 хүн эмнэлгээс гарсан. Тоо баримтаас харахад Хятад улсын хэрэгжүүлсэн шийдвэрлэх арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Ши Жиньпин даргын хэлснээр вирусийг даван туулах итгэл, боломж, шийдэмгий байдал бидэнд хэрэгтэй. БНХАУ хариуцлагатай их гүрний хувьд холбогдох мэдээллийг нээлттэй, ил тодоор цацаж, дэлхий даяар вирус тархахаас урьдчилан сэргийлж байгааг дурдах нь зүйтэй. Дэлхийн 160 гаруй улс, олон улсын байгууллагаас манай улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Тусламжийн гараа сунгасан улс орнуудад бид талархаж байна. “Шижир алт галын сорилыг давдаг” гэсэн хятад үг бий. Энэхүү сорилтыг давснаар манай ард түмэн илүү эв нэгдэлтэй болж, Хятадын эдийн засаг илүү хатуу, тогтвортой өсөлтөд хүрнэ. Улс орнууд харилцан уялдаатай, нэгэн дэлхийд амьдарч байгаагаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ухаарлаа. "Жаргах цагт нөхрийн чанар танигдана” гэдэг шиг коронавирусийн эсрэг тэмцэл зарим оронтой найрамдалт харилцаа, ит- гэлцлээ бэхжүүлэхэд нөлөөлсөн.
-Энэ бол Ши Жиньпин даргын хувьд том сорилт. Засгийн газар үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Ши Жиньпин дарга корона вирустэй тэмцэх ажлыг биечлэн удирдаж байна. Бид 9.4 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 1.4 тэрбум хүн амтай. Тархалтыг бууруулахын тулд бид чадах бүхнээ хийж байна. Энэ бол шинэ вирус. Тиймээс судалж, танихад хугацаа шаардлагатай. Богино хугацаанд энэ шинэ вирус болохыг бид олж тогтоосон. Энэ шийдвэрийг гаргасны дараа улс орон даяар агентлаг хоорондын ажлын хэсгийг байгуулж, цаг алдалгүй шуурхай ажиллалаа. Голомтот нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, тусгаарласан ч Ухань хотоос иргэдээ нүүлгэх бусад орны шийдвэрийг хүндэтгэж, саад болоогүй. Гэнэтийн, хурдан тархалттай өвчний эсрэг Ши Жиньпин даргын удирдлага дор л ийм үр дүнтэй арга хэмжээ авах боломжтой. Бидний хийж байгаа зүйл бол Хятадын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, энэхүү тахал дэлхийн бусад хэсэгт тархахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Цагаан сар бол Хятадын хамгийн чухал баяр. Гэтэл шинийн нэгний өглөө Ши Жиньпин дарга Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааныг зарлан хуралдуулж, хариу арга хэмжээ авах талаар цогц төлөвлөгөө боловсруулсан. Улмаар коронавирусийн эсрэг үндэсний тэмцлийг эхлүүлсэн. Улс төрийн товчоо хэзээ ч шинийн нэгэнд хуралдаж байгаагүй.
-АНУ коронавирустэй тэмцэхэд тусламж үзүүлсэн үү?
-Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д дэгдсэн тахалтай тэмцэхийг дэмжсэн. Тэрбээр Ши Жиньпин даргад хандан Хятадад мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Эдгээр тусламжийг Ухань хотод янз бүрийн багцаар хүргэж байна. АНУ Хятад болон яаралтай тусламж хэрэгтэй байгаа бусад улсад 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ сайхан сэтгэлд бид талархаж байна. АНУ тусламж шаардпагатай байгаа улс, орнуудад яаралтай туслахыг санал болгож байгаа юм.
-Вирусийн дэгдэлт АНУ-тай хийх худалдааны ээлжит хэлэлцээрт нөлөөлсөн үү. Хятад улс худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээрээс юу хүлээж байна вэ?
-Хятадын ард түмэн бидний өгсөн үүргийг үргэлж хүндэтгэдэг. Амласан бүхнийхээ төлөө бид үүнийг хэрэгжүүлнэ. Бээжин, Вашингтоны худалдааны нэгдүгээр шатны харилцан хүндэтгэлд суурилсан. Хятадын зах зээл вирусийн тархалтыг тэсвэрлэх чадвартай. Эпидемийн үе дуусахад хэрэглээний эрэлт буурч, Хятадын эдийн засгийн динамик байдал огцом сэргэж, зах зээл улам бүр хөгжинө. Эпидемийн эсрэг тэмцэж байхдаа ДЭМБ-ын мэргэжлийн зөвлөгөөг хүндэтгэж, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд худалдаа, аяллын хязгаарлалт хийхээс зайлсхийсэн. Хоёр тал хамтарч ажиллаж байгаа тул дараагийн шатны хэлэлцээр амжилттай болно. Хэлэлцээр зөвхөн худалдааны талаар төдийгүй валютын ханш, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад сэдвийг хамарна. Тиймээс энэ бол өргөн цар хүрээтэй гэрээ юм. Бид бодит үр дүнг харахыг хүсч байгаа бөгөөд энэ нь Хятад, Америкийн худалдааг эрүүл, хөгжлийн зөв замд хүргэж дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус болно.
-Вашингтон “Хуавэй”-г АНУ-ын компаниудын худалдааны нууцыг хулгайлсан хэрэгт буруутгалаа, Үүнд Хятадын Засгийн газар ямар хариу өгөх вэ?
-АНУ их гүрэн атлаа төрийн сүр хүчээ яагаад холбоотныхоо хувийн компанид гаргаж байгааг ойлгохгүй байна. “Хуавэй” бол зуун хувь хувийн компани бөгөөд бизнесийн салбарт АНУ-ын компаниудын гаргаагүй амжилтад хүрсэнтэй холбоотой байх. АНУ заримдаа бусдын хөгжлийг тэвчдэггүй. “Хуавэй” компанийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдгийг одоо ч баттай нотлоогүй. Их Британи, Герман зэрэг улс харилцаа холбооны дэд бүтцийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд “Хуавэй” компанитай хамтран ажилладаг. Энэ бол зах зээлийн дүрмийг дагаж мөрдөх практик. Эдгээр улс бие даасан тусгаар тогтносон орны хувьд ухаалаг, зөв шийдвэр гаргасан.
-Тэгэхээр Хятад, АНУ хоёр соёл иргэншлийн мөргөлдөөнд зайлшгуй оролцох уу?
-Соёл иргэншлийн мөргөлдөөн гэдэг нь хуурамч аргумент юм. Бид XXI зуунд хэдийнэ хөл тавьсан бөгөөд хүн төрөлхтөний соёл иргэншил дэвшилттэй байна. Хэрэв хэн нэгэн соёл иргэншлийн сөргөлдөөнийг бий болгохыг уриалж байгаа бол тэр нь түүхийг эргүүлэх болно. Бүх соёл иргэншил тэгш, хэн ч бусдаас давуу биш. Аливаа улсын өвөрмөц түүх, соёл иргэншил бүр өөр өөрийн өвөрмөц үнэт зүйлтэй байдаг. Дэлхий бол олон үнэт зүйлийн нийлбэр. Соёл иргэншлийн сөргөлдөөнийг зарлагчид барууны соёл иргэншлийн давуу талд итгэдэг. Тэд Европын бус соёл иргэншлийн хөгжил, сэргэлтийгхүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна.
-Хятад улс АНУ-д аюул занал учруулдаггүй гэдэгт яаж итгэх вэ?
-АНУ-ын систем, улстөрийн загвар бол ард түмнийх нь сонголт юм. Бид АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй. Ташрамд дурдахад, Хятадын онцлог шинжтэй социализм бол манай ард тумний сонголт. АНУ Хятадын ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой. Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх нь НҮБ-ын зарчим. Хятад улсын хувьд энхтайван, найрамдлын урт удаан, тогтвортой харилцааг бий болгох, хөгжүүлэхийн тулд АНУ-тай найрамдлын таван зарчмын үндсэн дээр хамтран ажиллахад бэлэн. Гэтэл АНУ эсрэгээрээ ажилладаг. Бидэнд дарамт шахалт үзүүлж Хятадыг доромжилж байна. АНУ тэнгисийн усан болон нисэх онгоцуудаа Хятадын үүдэнд байрлуулсан. Тэд Хятадын компаниудыг шахахын тулд бүхий л боломж, аргаа туршсан. Аюулын тухай ярихад, Хятад АНУ-д биш, АНУ Хятадад заналхийлж байна.
-Бид Европт байна. Хятад, Европын холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд ирэх есдүгээр сард чухал дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Германы Гадаад хэргийн сайд Маастай энэ талаар ярилцсан. Европын холбооны шинэ удирдлагууд энэхүү амбицтай “ногоон” хэлэлцээрийг нэвтрүүлж байгаа. Үнэхээр дэлхийн өнөөгийн чиг хандлагыг харгалзан үзэхэд энэ нь бидэнд хэрэгтэй зүйл юм. Европын холбоо нь хөгжингүй орнуудаас бүрддэг тул дэлхийн “ногоон” хөгжлийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэх ёстой. Үүний зэрэгцээ Хятад улс “ногоон”, тогтвортой хөгжлийг дэмжиж байна. Бид үүнийг төрийн бодлого болгосон. Хятад, Европын холбоо нь олон талт үзэл, чөлөөт худалдаа, олон улсын эрх зүй, шударга ёсыг дэмжих чиглэлээр хамтарсан мессеж илгээж, Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эрсдэл, бэрхшээлийг арилгана. Үүний зэрэгцээ бид “ногоон” эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг судлахаар Брюссельтэй хамтран ажиллахад бэлэн.
-Барууны зарим улс Хонконгийн жагсагчдыг далдуур дэмждэг гэсэн таамаглалыг хэрхэн тайлбарлах вэ?
-Бидний харж байгаагаар барууны зарим орны дипломат ажилтнууд, ТББ-ууд үймээн самуун дэгдээгчидтэй олонтаа уулзжээ. Мөн зарим радикал үзэлтнүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүмжлэхийн оронд Хонконг дахь цагдаагийн байгууллагыг буруутгаж байна. Зарим орны хууль тогтоогчид Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог хуулийн төслүүд хүртэл баталсан. Энэ бол үгүйсгэх аргагүй тодорхой баримт юм. Хятадын нэг хэсэг Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн хоёрдмол стандарт, практикууд амжилтад хүрсэнгүй. Хонконгт хууль, дэг журам сэргэж байна. Мөн "Нэг улс, хоёр систем" -ийг тууштай хэрэгжүүлсээр байх болно. Хонконгийн залуусыг төөрөлдүүлэхээ боль. Тэд өөрсдийгөө тодорхой улс орны иргэн гэж төсөөлж, харийн улс орнууд ирж тэднийг аврах болно гэж найдаж, гадаадын далбааг мандууллаа. Ингэснээрээ тэд үндэстнээсээ урваж, хятад хүн гэдгээ мартжээ. Энэ бол гутамшиг. Мөн гадаадынхан Хонконгт асуудал үүсгэхийн тулд чадах бүхнээ хийж байгааг харуулж байна. Тэдний зорилго бол Хятадын хөгжлийг тасалдуулах юм.
-Сүүлийн асуулт. Хятад коронавирусээс ямар сургамж авч байгаа вэ?
-Хүний нийгэм янз бүрийн тахал өвчинтэй тэмцэхэд хувьсан өөрчлөгдсөн. Энэ бол бүх улс орон төдийгүй Хятад улсад ч тохиолддог. Вирусийн халдвар өнөөдөр нэг улсад, маргааш өөр аль ч улсад тохиолдож магадгүй. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал нь дэлхийн нийтлэг тулгамдсан асуудал болоод байна. Бусад улс ч үүнд оролцох ёстой. Н1 N1 ханиад АНУ-д 2009 онд гарч эхпэхэд вирус нь олон улс орон, бүс нутагт ихээхэн хохирол учруулсан АНУ энэ түүхийг эргэн харж, туршлага, сургамжаас суралцах хэрэгтэй. Бүх нийтийн эрүүл мэнд бол дэлхий нийтийн түгээмэл сэдэв юм. Бид хүч чадлаа нэгтгэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (3)
(202.9.40.185)
дэлхийг тодорхойлдог энэ одоо хэн бэ..ямар сократ платон байгаа биш..
Bold o (121.163.70.184)
Kommunist yariltslaga boljee
zochin (103.212.117.43)
Uneheer mundag yariltslaga ugchee. Ikh gurnui said iim l baidag bh. Coroavirus ni hurdan daragdaasain.