Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ
- 2020-02-19
- Үнэн
- 0
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга М.Баярмагнай, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, 6.0 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1.0 сая төгрөгийн, зээлийн үлдэгдэл нь 1.000.000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг уулзалтын үеэр албаны хүмүүс танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны 1, 2-р сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудад арилжихад бэлэн болгоод байгаа аж.
“Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын ордтой холбоотой шүүхийн асуудлыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-г хийгээд байгаа бөгөөд татвараа тооцсон дүнгээр 569.0 тэрбумын цэвэр ашигтай байх урьчилсан тооцоо гараад байгааг гүйцэтгэх захиарл Т.Мөнхбаяр хэлэв. Энэ тооцоо орд газрын 1/3 буюу бага хэсэгт түшиглэн хийсэн тооцоо бөгөөд цаашид батлагдсан нөөц нэмэгдэх юм байна.
Уулзалтаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг 5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй “Эрдэнэс” бондоор солиход үүсэх хүүгийн зөрөөний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн шийдвэр, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай, шуурхай зохион байгуулж байгаа Ажлын хэсэг (ажлын хэсгийн ахлагч Сайд С.Чинзориг), банкны удирдлагуудад талархал илэрхийлж, банкны системийн тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч, хуулийг чанд баримтлан ажиллах, энэхүү үйл ажиллагааг Цагаан сарын өмнө хэрэгжүүлж дуусгахыг чиглэл болголоо.
Сэтгэгдэл (0)