Мах зарахдаа ч маскаа зүүе
- 2020-02-19
- Үнэн
- 0
Монголчууд төдийгүй дэлхий дахин бүхэлдээ коронавирусээр “амьсгалж” байна. Гэхдээ олонх нь амны хаалттай, зарим нь маскгүйгээр. Шинэ долоо хоногийн эхэнд “Хүчит шонхор” захаас сурвалжилга бэлтгэж явахад махны худалдаачин залуугийн хэлсэн болчимгүй үг гол зураад болдоггүй. “Та амны хаалтаа зүүгээд худалдаа наймаагаа хийнэ үү” гэсэн худалдан авагчийн шаардлага хүсэлтийн хариуд залуу тоомжиргүйхэн мушийж “Цаг нь болсон бол маскгүй ч өвчилнө, масктай ч үхнэ” гэж хэгжүүрхсэн юм.
Багахан хугацаанд хэдэн арван мянган хүнийг өвчлүүлж, хоёр мянга шахам эрдэнэт хүний амийг авч одоод дэлхийн өнцөг булан бүрт тархсаар байгаа энэ аюулт өвчин “Хүчит шонхор” дээр хэдэн төгрөг олохоор зогсож буй тэр эрд хамаагүй юм гэж үү. Иймэрхүү эсэн бусын бодол ажил амьдралын завсарт үе үехэн цухалзаж, сэтгэл гогдсоор байлаа.
Орой нь гэртээ харьсны хойно нийтийн цахим сүлжээнд гол сэдэв болоод байгаа Солонгосын уран сайхны “Ханиад” киног хэрэг болгон ухрааж үзлээ. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд Сөүл хотоос 15 км зайтай орших Бангун дүүрэгт шувууны халдварт өвчин Н5N1 гарч, улмаар олон мянган хүнд халдварласнаар ямар аймшигт үйл явдал болж байгаа талаар өгүүлснийг үзэж суухад үнэхээр аюултай, түгшүүртэй санагдаж байлаа. Хятадад одоо ийм л үйл явц өрнөж байгаа болов уу ч гэж бодогдсон.
Өнөөдөр бидний хаяанд байгаа аюулаас сэргийлэхийн тулд манай улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, Ерөнхийлөгч зарлиг буулган Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн нь зөв алхам гэдгийг олон нийт сайшаан дэмжиж байна. Үүнд төрийн байгууллага, албан хаагчид үүргээ сайтар гүйцэтгэж байгаагийн дээр төрийн бус болон шашин ном, хүрээ хийдийнхэн ч анхаарап хандуулж буйд талархууштай.
Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц “Хувиа бодсон үзлээс муухай зүйлс гардаг. Би гурван сая хүний нэг. Хэрвээ би өвдчихвөл монголчууддаа халдаана гэж бусдыгаа бодвол аюул зовлонгоос хол байж чадна. Нэг л хүн алдаатай хөдлөхөд энэ ханиад (коронавирус) хүрч ирэхэд ойрхон байна” гэж анхааруулсан билээ.
Энэ үг чамд ч гэсэн хамаатай шүү, залуу минь. Мах малаа худалдаж борлуул, чамд хэрэгтэй. Гэхдээ амны хаалтаа л зүүчих, бидэнд чухал байна.
Д.Мөнх
Сэтгэгдэл (0)