Д.Нямхүү: ДЭМБ-ын зөвлөмжинд багтсан оношлуурыг ашиглаж байна

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж, ДЭМБ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхийг улс орнуудад уриалсан гэдгийг мэдэгдлээ. Өчигдрийн 10.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 75182, нас баралт 2009-д хүрчээ. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол 1851, нас барсан хүний тоо 137-гоор нэмэгдсэн байна. Иймд Монгол Улсад нөхцөл байдал ямар байгаа болон оношлуур найдвартай эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮГЭЭС тодрууллаа.

-Нийслэл болон орон нутагт энэ сарын 17-нд тусгаарласан иргэдийн шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан.

-Одоогоор тусгаарласан сэжигтэй тохиолдол бий юү?

-Энэ сарын 18-ны байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, тусгаарласан хүн байхгүй. 

-Япон улсаас авсан оношлуураар шинэ коронавирусээр халдварласныг тогтоох боломжгүй талаар ярих болсон. Үүнд хариулт өгнө үү?

-ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай.

 

Мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай бий. ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос оношлуурыг хүлээн авч, сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байна. 

 

ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой адилхан тоног төхөөрөмж, урвалж, оношлуур ашиглаж байгаа.

-Иргэдийн шинжилгээний хариуг хэрхэн баталгаажуулдаг вэ?

 

-Шинжилгээний дүнг Япон улс руу илгээж, баталгаажуулдаг. Манай төв коронавирусээс гадна амьсгалын замын цочмог халдварын бүх төрлийн вирусийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр илрүүлдэг. 

 

-Коронавирусийн оношлуурыг Японоос гадна хэд хэдэн улс орон үйлдвэрлэсэн. Тухайн улс орнуудаас авч, ашиглах боломжгүй юу?

 

-Нэгдүгээр сарын 13-нд коронавирусийн генийн дэс дарааллыг дэлхий нийтэд зарласнаас хойш  Хятад, Өмнөд Солонгос болон бусад хэд хэдэн улс орон оношлуур гаргасан байдаг. Гэхдээ тэдгээр улс орны үйлдвэрлэсэн оношлуур ДЭМБ-ын зөвлөмжид ороогүй учраас авч хэрэглэх боломжгүй.

 

С.Аз

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)