Б.Дөлгөөн: Зэс, нүүрсний экспорт зогсоход Монгол Улс 2, 3 дугаар сард 800 сая ам.долларын орлогоо алдахаар байна

Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монголын эдийн засагт үүсээд буй хүндрэлийн талаар эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Урд хөршид коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн боловч эхний улиралд экспортын орлого тасрах нь тодорхой болоод байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр орныг харахад Монгол Улсын худалдаанаас хамааралтай байдал маш өндөр хувьтай байгаа. Импорт, экспортын хэмжээ нь ДНБ-ээсээ даваад гарчихсан, харин Хятад улсад гадаад худалдаа нь ДНБ-ийхээ 34 хувьтай тэнцэж байна. Тиймээс манай улсын гадаад худалдаа 10 хувиар буурахад эдийн засагт учруулах нөлөө нь Хятадынхаас гурав дахин их гэсэн үг. Энэ үед манай бараа бүтээгдэхүүний экспорт зогсонги болж байгаа нь томоохон нөлөө үзүүлнэ. 2019 оны 2, 3 дугаар сард зэс, нүүрснийхээ экспортоос өдөрт 10 сая ам.долларын орлого олж байжээ. Үүнтэй дүйцүүлж тооцвол, зөвхөн зэс, нүүрсний бүтээгдэхүүний экспорт зогсоход Монгол Улс 2,3 дугаар сард бараг 800 сая ам.долларын валютын орлогоо алдахаар байна. Энэ бол маш том тоо. Манай эдийн засгийн 7-8 хувьтай дүйх хэмжээний дүн юм.

Хоёрдугаарт, өвчний тархалт, нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхээс хамаарч бидний авах арга хэмжээ ч мөн тэр хэмжээгээр өөрчлөгдөнө. Түүнчлэн, манай улсын экспортын орлого хумигдаж байгаагаас гадна дэлхий дахинд түүхий эдийн үнэ 10-аас илүү хувиар уначихлаа. Тэгэхээр экспортын хэмжээ буурахгүй байлаа ч үнийн уналтаас шалтгаалж валютын орлого буурна гэсэн үг. Ингээд бодохоор, манай эдийн засаг ганц улсаас хамаараад зогсохгүй нэг, хоёрхон бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байна. Энэ нь өндөр эрсдэл дагуулахаас гадна эдийн засагт томоохон цохилт авчрах аюултай. Үүнийг төр засаг мэдэж байсан. Сүүлийн арван жилийн турш л нэг салбар болон нэг зах зээлээс хэт хамааралтай байдлыг хэрхэн бууруулах талаар ярилцлаа. Гэвч хэрэгжүүлсэн дорвитой ажил байсангүй.

-Одоогийн нөхцөл байдалд бид ямар арга зам эрэлхийлэх шаардлагатай вэ?

-Авах арга хэмжээг богино, дунд, урт хугацаанд ярья. Богино хугацаанд, экспорт буурч байгаа бол энэ хэмжээгээр бид импортоо багасгах хэрэгтэй. Нэн шаардлагатай биш зарим бүтээгдэхүүн дээр тарифыг нэмэх боломжтой. Дэлхийн худалдааны байгууллагад элсэн ороход гэрээндээ хамгийн дээд түвшний тарифыг бараа тус бүрээр зааж өгсөн байдаг. Тиймээс зарим нэр төрөл, тухайлбал автомашин дээр тарифыг зөвшөөрөгдсөн хэмжээнд тултал нь нэмэгдүүлж болно. Харин зарим нэн шаардлагатай бүтээгдэхүүний тухайд гаалийн таван хувь ч тавихгүй, НӨАТ-аас чөлөөлж өгөх хэрэгтэй. Уг шийдвэрийг УИХ гаргах бүрэн боломжтой. Тухайлбал, маск. Бүр нарийвчилж заагаад N95 төрлийн маск коронавирусийн халдвараас хамгаалах чадалтай учир энэ төрлийн маскийг татвараас чөлөөлөх боломжтой. Тэгж байж бид дотооддоо үүсээд байгаа маскны хомсдол, үнийн хөөрөгдлийг тогтоон барьж чадна. Өмнө нь 2000 төгрөг байсан маск 7000 төгрөг болсон жишээ бий. Үнэ нэмсэн газруудыг торгож байгаа ч эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас үүдэлтэй зах зээлийн механизм үйлчилж буй. Тэгэхээр торгоод хангалтгүй. Яг ингэж маск, эмнэлгийн хамгаалалтын хувцас, бээлий гэх зэргээр нарийвчилж тогтоох хэрэгтэй. Харин хаа хамаагүй ширээ сандал, бусад бараан дээр тарифын хөнгөлөлт үзүүлж болохгүй.

Хоёрдугаарт, экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого хумигдаж байна. Ялангуяа, АМНАТ-ийн орлого эхний улиралд маш хүнд байх нь ээ. Магадгүй хоёр дахин буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Иймээс наана нь шийдвэр гаргаж, орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа хэрхэн танах тухай бодох хэрэгтэй. Зарлагын байж болох хамгийн дээд хязгаар бол 5.1 хувь. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага орлогоосоо 2 их наядаас дээш хэтэрч болохгүй гээд заачихсан. Иймээс хойшлуулж болох зардлуудаа эрэмбэлэх ёстой. Тухайлбал, олон соёлын төв, музей зэргийн санхүүжилтийг дараа жилүүдэд шилжүүлж болно.

-Төсөвт зайлшгүй тодотгол хийх нь ээ?

-Хийж таарна. Гуравдугаарт, эдийн засгийн олон механизм хоорондоо уялдаатай. Жишээ нь, худалдааны их хэмжээний алдагдал нь төсвийн өндөр алдагдалтай нийлээд ирэхээр эдийн засгийг маш хүнд байдалд оруулдаг. Үүнийг хос алдагдал гэдэг. Уг алдагдлыг бага ч гэсэн бууруулахын тулд Монголбанкнаас валютын зах зээл дээр интервенц хийхгүй байх нь зөв. Ингэхээр ханшийг зах зээлийнх нь жамаар тогтооно гэсэн үг. Ингэж валютын ханшаар дамжуулж импортын хэмжээг бууруулах боломжтой гэж харж байна. Ойрын хоёр сарын хугацаанд зах зээл дээр нь валютын ханшийг даатгаж өгөх нь зөв шийдвэр. Мэдээж энэ бол улс төрийн хувьд маргаантай сэдэв. Сонгууль дөхсөн тул ард түмэнд таалагдахын тулд Засгийн газарт энэ хувилбар таалагдахгүй байх. Гэхдээ бодит нөхцөл байдалтай нүүр тулбал энэ нь хамгийн зөв хувилбар.

-Дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх механизмын тухайд?

-Дунд, урт хугацаанд гэвэл нэг улсаас хэт хараат байдлыг арилгах ёстой. Экспортынхоо бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зэргээр өнгөрсөн хугацаанд олон удаа ярьсан ч хийж хэрэгжүүлээгүй бүхнийг системтэйгээр хийх учиртай.

-Коронавирусээс үүдэлтэйгээр богино хугацаанд эдийн засагт өмнө нь төлөвлөж, төсөөлөөгүй том өөрчлөлт бий боллоо. Үүнийг давж гарах нь чухал. Тэгвэл урт хугацаанд бидний шийдвэрлэхийг зорьж буй томоохон хүндрэлүүд дээр дахин нэмж ямар дарамт үүсгэх магадлалтай вэ. 2021 оноос бондын өр төлбөрүүд хүлээгдэж байна. Гэтэл валютын орлого буурч эхэллээ. Төв банкны дөрвөн тэрбум гаруй ам.долларын нөөц хаана ч хүрэхгүй шүү дээ?

-2020-2024 онд төлж барагдуулах бүх зээлийг төлөх ямар ч боломж байхгүй. 2016 оноос хойш Засгийн газар нэмээд 4.8 тэрбум ам.долларын зээл авчихсан. Нэг ёсондоо,Засгийн газрын хувьд 2016 оноосоо илүү өртэй байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг байдлаар дахин санхүүжилт хийх нь тодорхой. Мөн хэдий хэмжээний өрийг өөрсдөө барагдуулах талаар өнөөдрөөс санаа зовниж, анхаарал хандуулж байж 10, эсвэл 20 хувь ч юм уу төлөх байх. Огт төлөхгүй байна гэж байхгүй. 100 хувь дахин санхүүжилт хийнэ гэвэл хүүгийн дарамт нь 2024 он хүртэл маш өндөр байна. Тодорхой хувийг төлсөн тохиолдолд арай боломжийн хүүгээр дахин санхүүжилт хийж болох байх гэж харж байна. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас хамаарч 10-20 хувийг нь өөрсдөө төлнө гэсэн ч уг нөхцөл байдал улам бүрхэг болоод байна. Яагаад гэхээр ганц орлого олж байгаа компани нь ихэнх ашгаа төмөр зам, ногдол ашигт тараах зэрэгт зарцуулах төлөвтэй болчихлоо. Гэтэл ногдол ашиг тараахын оронд тэр мөнгөө хуримтлуулж байгаад өрөө дарахад хэрэглэж яагаад болоогүй юм.Ногдол ашиг тараасан явдал нь төр засаг өр төлбөрөө барагдуулах талаар юу ч хийхгүй байгааг тод томруун харуулж байна.

-Олон улсад энэ мэт хүндрэл тохиолдсоны дараа эдийн засгаа тэтгэж, учирч болох гамшгаас хамгаалах менежмэнт гэж бий юү?

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг хайх олон улсын аргачлал гэж бий. Төр засгаас юу хийвэл тухайн орны эдийн засгийн өсөлт нэмэгдэх вэ гэсэн аргачлал. Үүгээр аваад үзвэл өнөөдөр манайд хийх хэд хэдэн зайлшгүй шаардлагатай зүйлс байна. Нэгдүгээрт, газрын харилцааг тодорхойлох юм. Ямар газрыг бид экспортод чиглэсэн аж үйлдвэрлэлд зориулах вэ. Хоёрдугаарт, дэд бүтэц болох цахилгаан, дулаан, эрчим хүчний хангамж хангалттай биш байна. Гуравдугаарт, тээвэр ложистик дээр бусад төв Азийн улсуудтай харьцуулахад манайх хоёр дахин өртөгтэй байна. Энэ нөхцөлийг хангаж чадахгүй бол гадны хөрөнгө оруулалт аж үйлдвэр, үйлчилгээ рүү орж ирээд экспортыг солонгоруулна гэсэн мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Нэг жишээ ярья. Хятадын компани орж ирээд Монголд хуурай сүүний үйлдвэр байгуулахаар явсан. 100 сая ам.доллараас илүү хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Тэд Дархан хотод очсон. Цахилгаан, дулаан нь хангалтгүй гэсэн. Эрдэнэт мөн ийм байсан. Ингээд Улаанбаатарт ирээд судлахад үйлдвэрийнх нь хүчин чадлыг хангахаар хэмжээнд дулаан, эрчим хүчний хангамж байсан. Гэтэл Улаанбаатарт газар олдоогүй. Уг нь Монгол Улсад газраас их зүйл алга. Гэвч яг цахилгаан, дулаантай холбогдсон газар байхгүй. Байсан ч зөвхөн орон сууцны барилга барьж байж тухайн газрыг авдаг жишигтэй. Өөрөөр хэлбэл, арван хэдэн давхар орон сууц барьж нэг метр квадратыг нь 2 сая төгрөгөөр ч юм уу борлуулж байж орлогоосоо газрын төлбөрийг гаргаж ирж байна. Үйлдвэрийн барилга барихаар дулаан, эрчим хүчинд ойр газрын төлбөр дийлдэхгүй үнэтэй. Үүнээс болж газар олдоогүй тул хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэтэл тэр үйлдвэр 100 хувь экспортынх байсан. Нэг ёсондоо Монголд хуурай сүү үйлдвэрлээд Хятад руу экспортлох байв. Үүнийг дагаж олон ажлын байр нэмэгдээд зогсохгүй төсвийн орлогод нэмэртэй байх байлаа.

Ер нь монголчууд эдийн засаг, экспортоо төрөлжүүлэх ажлыг бие дааж гүйцэтгэнэ гэвэл худлаа. Магадгүй энэ ажлын талыг бид, үлдсэнийг нь мэргэшсэн мэргэжилтнүүдээр хийлгэнэ. Тэгэхээр бид соёлын төв барьж, музейгээ нурааж мөнгө үрж байхаар дээрх чиглэл рүү хөрөнгө оруулалт хийх юм бол эдийн засаг илүү бат бөх болно. Мөн бүх дүүрэг, аймгийг зэрэг хөгжүүлнэ гэж байхгүй. Төсөв ч хүрэлцэхгүй. Иймд байгаа нөөц боломжид тулгуурлаж тодорхой хэсгийг түрүүлж хөгжүүлээд, бусад бүс нутгаа татаж авах зарчмаар явах хэрэгтэй.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хаах зэргээр төрөөс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Эцсийн дүнд хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чадвал болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэх болов уу?

-Тэгэлгүй яахав. Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, зарим зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хил хаах зэргээр төр засгийн гаргаж байгаа шийдвэр зөв. Мэдээж хил хааснаар эдийн засагт сөрөг нөлөө үүсч байгаа. Гэхдээ огт хаагаагүй байж байгаад коронавирусийн халдвар гарвал гарах үр дагавар нь асар их. Нэг үгээр хэлбэл, хил хаах болон хаахгүй байснаас үүдэх үр дагавруудыг дүйцүүлж үзвэл одоо авч байгаа арга хэмжээ тун зөв, хохирол маш багатай харагдаж байна. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд байх хэрэгтэй. Үүнээс гадна вирусийн тархалт аюулын харанга дэлдэж байгаа боловч шахмал түлш хэрэглэж байгаа энгийн зуух, ханан пийшинтэй айлуудад угаарын хий өндөр байх эрсдэл их хэвээр байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг төр зөвхөн коронавирус гэлтгүй бидний өмнө тулгамдсан цаг үеийн бусад бэрхшээлүүд рүү ч бодлогоо чиглүүлж ажиллаж байх учиртай. Коронавирус манайхаас холуур тойрч өнгөрсөн ч хүмүүс шахмал түлшнээс болж угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байвал бидний хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилго биелэгдэхгүй шүү дээ.

Г.БАТЗОРИГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)