Тэнгэр мэднэ

/Эсээ шинжлэл/ 

“Жүжиг бичих нэг хэрэг. Харин түүнийг чинь тайзан дээр босгох бол асар том урлаг. Бас дэндүү ухааны ажил гэж хэлээд багш хэсэг чимээгүй суулаа. Хо. Нацагдорж бол ухаантай найруулагч байсан юм. Би түүнээс их ч зүйлийг ойлгож авсан. Хашир хүн. Харин Доржсамбуу дэндүү ухаантайгаас гадна эр зоригтой. Эр зориг ухаан хоёр нэгэн биед ховор тохиолдох хослол шүү. Миний “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг Доржсамбуу яаж найруулсан гэж чи санана. Ухаан эр зориг хоёрын шугам л нэг тайзан дээр зөрөлдөөд байсан юм. Тэгээд ганц хоёрхон тоглоод л хаагдсан. Өнөө “мэрэгчид” шууд л үзэл сурталд харш, ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгалаа гээд л шаагилдаж эхэлсэн дээ” гэснээ үрчлээ дүүрэн духаараа над руу их сонин харж билээ. Үнэндээ ухаан, эр зориг хоёрыг нэг шугаманд зөрөлдүүлж жүжиг найруулах тухай энэ хугацаанд уншсан театрын онолын номнуудаас би нэг ч үгүүлбэр олж уншаагүй. Алсдаа ч олж уншихгүй байж мэднэ. Учир нь ухааны шугам найруулгын уран сайхны хэм хэмжээний дээс илүү алхчихаар зүрх сэтгэлийн хөг алдагдаад, зүрх сэтгэлийн шугам нь хэтрэхээрээ ухааны тал нь бүдгэрсэн бишгүй олон “тэнцвэргүй” найруулга тайзан дээр тавигдаж байна. Тийм тэнцвэрийг олж харж, ойлгож ухаарсан нь манай театрын урлагт Г.Доржсамбуугаас хойш ховор төрж л дээ. Хүний ухаан, эр зориг бол жингийн тавцан дээр эсрэгцэн байгаа хоёр туухай юм. Түүнийг урлагт тэнцүүлэх нь ердөө авьяас. Харин “Тэнцвэр нь өөрөө эцсийн зорилт бус харин зорилгод хүрэх арга зам юм” гэсэн судлаачийн үгийг сайтар бодно биз.

Дэмбээгийн Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийн Ханджав авгай эх зохиолыг уншихад ердөө л ашиг завшаан хайсан хэв шинжит дүр. Гэтэл хөшиг нээгдээд жүжиг тайзнаа амилахад л тэр дүр огт ондоо, бүр эмгэнэлт инээдмийн өвөрмөц жигшүүр төрүүлэхүйц нэгэн болж орхидог. Тийм уран сайхны хувирлын дунд л жинхэнэ найруулагч оршиж байх ёстой болдог учраас жүжгийн хувь заяа тэднээс шууд шалтгаалдаг. Гэхдээ тэгж хувиргаж, мөн ОРШИЖ чаддаг нь хуруу дарам цөөхөн төрдөг ажээ. Зүйрлэж хэлбэл найруулагчид театрын бүтээлийн яг тэхий голд нь зогсож байдаг. Бас л тэнцвэр. Зохиолч ба жүжигчдийн яг голд нь. Тэгээд өөрийгөө давхар бүтээдэг. Энэ л зарчим бас л тэнцвэр. Тэнцвэрийг хадгалахын тулд тэдэнд нийгэм- цаг үе, хүний мөн чанар, амьдралын тухай том үзэл санаа, философи хэрэгтэй. Үзэл санаагүй найруулагч бэлэн бичигдсэн жүжгийн бүлэг үзэгдлийг тайзан дээр тоосго шиг өрдөг. Өөрөө тэндээ оршиж, амьдарч чаддаггүй. Жүжгийг чухамдаа арга барилаар гэхээсээ илүү үзэл санаагаар л найруулдаг болохыг тэр бидэнд ойлгуулаад байжээ. Тэр гэдэг нь Гүрсэдийн Доржсамбуу. 
Зөвхөн тайзны урлагийн найруулга ч биш жүжиглэх ч бас ур чадвараас гадна үзэл санааны тоглолт юм. “Гарын таван хуруу”/1983/ киноны хөрш бүдүүн эр, Шагдараас хойш эхийгээ алдчихаад нүүн одсон таван хүүхдийн амьдарч байсан хашааны банзыг хангинуур сүхээр нэг нэгээр нь хэмх цохино. Тэр хувьдаа бол амьдрах орон зайгаа тэлж байгаа ухаантай. Хашаа нь томорч байна. Гэтэл энэ үйлдэл цаанаа юу томорч байгааг ёгтолно гээч. Өөдгүй өтөл бэртэгчний хашаа төдий ч биш. Тэд хашаагаа томруулсаар байгаа ч юм биш. Харин хүмүүсийн амьдралд бэртэгчин үзэл улам бүр орон зайгаа тэлж байгааг илэрхийлсэн үзэл санаа. Нэг л мэдэхэд бидний эргэн тойрон бэртэгчдээр дүүрчээ. Эхлээд тэр тийм дүр бүтээж, дараа нь “Найрын ширээний ууц” жүжгийг яг л тэр үзэл санаагаар найруулжээ. Дахиад л тэнцвэр. Бэртэгчид насны ойгоо тэмдэглэхээр шийдэж байгааг соргогоор өлгөж аваад л тэр жүжгийн найруулгын далд шугам босгожээ. Хэн бүхэнд тодорхой эр хонь, эцэг малаа ялгахгүй хөглөж байгаа хотын залуучууд, хөдөөх амьдралаас тасарсан инээдэмт байдал мөн боловч цаана нь бэртэгчид улам бүр олширсоор, найр наадмаа тэмдэглэж, хүрээ хязгаараа тэлсээр буйг харуулсан найруулагчийн үзэл санааны ёгт утга.  
Одоо ч бидэнд итгэл үнэмшлээ алдаагүй “жүжгийн нэвтрэн гарах шугам” гэдэг тогтсон хуучин ойлголт лав энэ удаа балран унаж байна. Сайн жүжигт хэдэн ч нэвтрэн гарах шугам байж болно. Нэг биш шүү. Гагцхүү түүнийг сэтгэдэг найруулагч л хэдэн янзаар нь нээж харуулна. Түүнийг нь үзсэн бүхэн өөр өөрийнхөө савны хэмжээ, ухааны цараар барьж тэмтэрч болох зүйл. Гогцоо үйлдэл гэдэг шиг эхний сэдэл, дараа дараагийн сэдэл санааны үүтгэл болж “гогцоорох” тусмаа найруулагч үзэл санааны нэг том далайлтыг буулгаж байдаг ажээ. Найруулагч хэр хэмжээтэй сэтгэнэ, тийм хэмжээтэй хүчтэй цохилт үзэгчдэд очиж байдаг. “Найрын ширээний ууц” жүжгийн найруулга их сонин. Гижигдээд байгаа атлаа гэнэдүүлээд толгой дүндуур татаад авдаг юм. Яг ийм арга барил одоо манай театрын “орчлонд” үгүйлэгдэнэ. Инээх, ухаарахын тэнцвэрийг танигч үгүйлэгдэнэ.

“Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн мангасын амьдардаг ордны хана хэрэм. Мангас өөрийгөө тойруулсан бас нэг хашаа татжээ. Хэрмийн орой алтан Москвагийн улаан Кремлийнхтэй яг адилхан байсан гэж тэр үед жүжгийг үзсэн доктор Ч.Билигсайхан бичсэн байж билээ. Жүжгийн төгсгөлд хэрэм нуран унана. Ирэх цагийг урьдчилан харж, өмнө нь мэдэрсэн уран бүтээлчийн дохио санамж. Муу муухайгаар босгосон ямар ч хашаа хэсэг тогтоод төдхөн нуран унах тавилантай. Тэр цаг айсуй гэсэн зөн совин, үзэл санаа. Энэ үзэл санаа эхнэртээ хүүхдээ тэврүүлээд өмнө нь цүнхээ савчин алхаж явдаг” Ирэх хаврын цэцэг”/1986/ киноны албан хаагчаас эхэлсэн ч байж мэднэ. Эр нөхөр биш албан хаагч. Албан хаагч л байх нь бүхэлдээ амьдрал нь болчихжээ. Туйлын зорилго, сэтгэл ханамж, таашаал, үйл хэрэг нь албан хаагч л байх. Гэр бүл үр хүүхэд нь албан хаагч байхынх нь дэргэд чухамдаа юу биш. Адилтгавал “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийн Хаан сохордогтой адил тэр бас зэрэг тушаалдаа сохорсон этгээд шүү дээ. Том нүд, харах хараатай, сайхан бие хаа мариатай боловч сэтгэл сохорсон. Тэр цагт тийм харалганууд олон байжээ. Одоо ч цөөдөөгүй. Тэднийг эхлээд” Ирэх хаврын цэцэг” /1986/ киноны бүдүүлэг харалган эрээр харуулжээ. Дараа нь мэдээж үзэл санаагаа улам гүнзгийрүүлж, ”Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн “үлгэрийн” гэсэн халхавчийн цаана нийгэм- сэтгэлзүйн драм болгон хувиргажээ. Нэгэн суутан” асаж байгаа галын дүрэлзэж байгаа хөх дөл хамгийн халуун цэг” гэж хэлсэн юм. Тийм дүрэлзэж байгаа халуун цэгт байж, нийгэм-цаг үеийн халуун хүйтний тэнцвэрийг мэдэрч жүжгийг найруулжээ. Тэнцвэрийг хадгалжээ. Цагийг дагах уу? үнэнийг олох уу? гэсэн асуулт л энэ жүжгийн найруулгын үзэл санаа. Түүнээс бус Хөхөлдэй хүү ард түмний төлөөлөл, Хаан бол дарлагч ангийн төлөөлөгч гэж ойлговоос чихрийг нь хаячихаад алаг цаасыг нь амтархан зажилсантай адил болно.

Зохиолч С.Дашдооровын хангалттай хайчлуулж байж дэлгэцэнд гарсан Д.Нацагдоржийн тухай “Саруул талын ерөөл”/1984/ киноны уран зохиолч Балбар бол үгсийн цэцэрлэгт өөрийн хашаатай болохыг санаархагч. Бүр давраад уран зохиолын хашаанд эзэн суух санаатай. Даанч хашааны эзэн байх авьяас заяасангүй. Тэгэхээр нь хов заль хоёроор хашаатай болохоор шийднэ. Товчхондоо авьяас билэгтнүүдийг хөөн зайлуулаад уран үгсийн цэцэрлэгт хашаа хатгаж, түүн дотроо” донгодох” хүсэлтэй. Нэг л танил дүр. “Гарын таван хуруу”/1983/ киноны хашаагаа томруулахаар сүх далайж зогсдог үг дуугүй эртэй адилхан санагдана. Аль ч цагт тийм амин хувиа сахин хамгаалж, ар хударгаар үгийн сүх далайгчид байсныг хэлнэ. Цаг өөрчлөгдсөн ч чухамдаа юу ч өөрчлөгдөөгүйг ойлгосон ухааны тэнцвэр. Тэрхүү тэнцвэрийг таньж, тэнцвэрийг л таниулсан дүр. Тэнцвэр гэдэг нь чанарын ялгаагүйг, цагийн зөрөөнд хадгалж чадахыг хэлнэ. Тэгвэл энэ цагийнхаа хашаа, хана хэрмийг даван харж чадсан найруулагч хэд вэ? Тэгээд ч орчлон хийгээд ертөнц авхайн жам, зам бүхэнд ухааны тэнцвэр чухлыг танин мэдсэн нь хэн бэ? 

Бод л доо? бэртэгчдийн муу муухайгаар бүтээгдсэн хана хэрэм, өөртөө дурлаад өөрийгөө тойруулж татсан хүйтэн сэтгэлийн хашаанууд түүнийг нураах, эрх чөлөөтэй сэтгэх хүсэл, эр зориг Генрих Ибсений” Нора” жүжгийн тайзан дээр бас цогцолжээ. Зүгээр нэг хана туурга бус үзэл санааны хана туурга босгожээ. Тэр талаар “Шинэ драм”-ын гол санаа бол “дөрөв дэх хана”-ны шинэчлэл юм. Тайзны тусгаарлагдсан орчин дахь жүжигчний тоглолтыг үзэгчид рүү ойртуулж, дундын алслалтын ханыг нураах шинэ төлөв” жүжигтээ ашигласан гэж бичсэнийг уншиж байснаа санаж байна. Харин хэдэн жилийн өмнө сэргээн тоглосон” Нора” жүжгийг үзээд үзэл санааны “хана” яаж хэрхэн нуран унах бол гэж төсөөлсөөр сууж билээ. Баян тансаг өмгөөлөгч Хельмерийн гэр хана туургаар хүрээлүүлжээ. Нора тэнд нь хоригдоно. Харин найруулагч Хельмер, Нора хоёрын үйлийн үрийн тэнцвэрийг бодож жүжгээ дэглэжээ. Өмгөөлөгч Хельмер ердөө “ Ирэх хаврын цэцэг” /1986/ киноны эхнэртээ хүүхдээ тэврүүлчихээд өөрөө өмнө нь алхаж явдаг албан хаагчаас ялгаагүй хүйтэн этгээд. Сэтгэлдээ муу үйлийн хана туургатай. Дотоод сэтгэлийн тэнцвэрээ алдчихсан байдаг. Киноны дүр, “Нора” жүжгийн найруулга бүхэлдээ хайр сэтгэл, эд хөрөнгө хоёрын тэнцвэрийн тухай үзэл санаа. 

“Говийн зэрэглээ”/1980/ киноны Номинд алгадуулчихаад дэргэдээ хэвтээ хувинг хийстэл өшиглөх Арслан алдаа, хайр хоёрын тэнцвэр. “Тунгалаг тамир”/1973/ киноны Тариатын хүрээний эсэргүү лам залуу ч бас тэнцвэрийг сануулна. “Амьд буулгавал өвлийн чинь идшийг даана шүү” гэж хашгирах” Би нисэх дуртай”/1987/ киноны олон хүүхдийн аав ч бас тэнцвэрийг ойлгуулна. Амьдрал тэнцвэр дээр л оршино. Түүнийг хэн ухаарч бүтээснийг” ТЭНГЭР МЭДНЭ”. 

 

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 

2020-02-15

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)