Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан
- 2020-02-21
- Үнэн
- 2
Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцууллаа. Тус яам 2020 оныг “Эрчим хүчний салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрүүлэх суурийг анхаарсан байна. Үүний хүрээнд энэ жилээс эрчим хүчний салбарт осол аваар гарахаас өмнө мэдээлэх, урьдчилан сэргийлэх автомат системд шилжихээр төлөвлөжээ. Салбарын сайдын мэдээлснээр ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхотгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцуудыг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, мянган ажилтнаас 200-г нь ажиллуулах боломжтой болох аж. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Манай улс эрчим хүчний багагүй хувийг импортоор авдаг. Үүнийг бууруулах талаар ямар аргахэмжээ авч ажиллах вэ?
-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 19 хувийг импортоор авдаг. Үүний гол хэрэглэгч нь “Оюутолгой” компани. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай жил гаруйн өмнө Цахилгаан станц барих тухай гэрээ байгуулсан. Гэвч тэд элдэв шалтаг тоочиж, энэ ажлыг цааш нь явуулахгүй удаашруулж байна. Өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ээ боловсруулаагүй.
Дэлхийн зах зээл дээр хамгийн орчин үеийн, бүрэн автоматжуулсан, евро стандартын эрчим хүчний станцын нэг мВт-ын өртөг нэг сая евро байгаа. Гэтэл “Оюутолгой” компани гурав дахин өндөр үнээр станц барих санал оруулж ирж байна. Энэ саналыг бид хүлээж авах боломжгүй. “Оюутолгой”-д 300 мВт- ын станц барих гэрээ байгуулсан.
-“Оюутолгой”-д цахилгаан станц байгуулах ажил энэ янзаараа удаашраад байх юм уу?
-“Оюутолгой” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие багтсан. Бидний ярих ёстой чухал зүйлийн нэг нь эрчим хүч. Энэ асуудлаар бид байнга санал солилцож байгаа. Уг нь “Оюутолгой” компани 2019 онд Монголоос эрчим хүч авах гэрээ байгуулсан ч одоо хүртэл аваагүй байна. Нуулгүй хэлэхэд, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалтыг зарчиж байгаа. Тус заалтад “Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол Улсаас эрчим хүчээ авна гэж тусгасан. Уг заалтаар бол 2017 оны долоодугаар сарын 1-нээс эрчим хүчээ авах ёстой байсан.
-Энэ оныг салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил болгон зарласан гэлээ. Хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Эрчим хүчний салбар хүний нөөцийн хувьд хэт данхайсан бүтэцтэй байна. Тухайлбал, манайд 100-200 хүн ажиллах станцад 1000 хүртэлх ажилчин ажиллаж байна. Үүнийг өөрчлөхдөө иж бүрэн автоматжуулсан систем, мэдээллийн зэрэг орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ технологийг оруулж ирэхийн тулд үүнийг ажиллуулах мэдлэг бүхий боловсон хүчинтэй байх ёстой. Тиймээс инженер, техникийн ажилтнуудаа энэ түвшний хэмжээнд бэлтгэж байж дээрх ажлыг хийх хэрэгтэй. Тиймээс энэ онд боловсон хүчнээ сургалтад хамруулах, мөн өндөр технолгийн мэргэжил эзэмшсэн залуусыг салбартаа ажиллах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм.
-Аливаа салбарт мэргэжлийн бус хүн ажилладаг гэх шүүмжлэл гардаг. Танай салбарын хувьд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юу?
-Тийм зүйл удирдлагын түвшинд байсныг нэлээд цэгцэлсэн. Мэдээж инженерийн ажилд эдийн засагч хүнийг ажиллуулах боломжгүй. Гэхдээ мэргэжлийн бус хүн ажиллах боломж бүхий орон тоог олон болгосон зүйл мэр сэр бий. Тиймээс компаниудад үе шаттайгаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
-Эрчим хүчний алдагдал хэдий хэмжээнд хүрээд байна вэ?
-Үнэ, тарифаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. 2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад оны эцсийн байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Техникийн шинэчлэлээ хийхийн тулд инфляцтай уялдуулан үнэ тарифаа нэмье гэвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Өнгөрсөн жил үнэ нэмж хөдөлгөөнд оруулсан. Гэхдээ энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцад голдуу хамааралтай байсан. Бид гаднаас тоног техөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун авч байгаа. Гэтэл энэ хэмжээгээр тарифыг нэмэхгүй байгаа учир эрчим хүчний систем алдагдалтай байна. Үйл ажиллагааны зардалтай холбоотой тарифын асуудлыг хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Тодруулбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, компаниудын эрх ашгийг хамгаалах болон Засгийн газрын гэсэн гурван төлөөлөл бий. Эдгээр төлөөлөл ярилцаж байж эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийддэг. Харин бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байгаадаа гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, манай салбар өөрсдийн орлогоороо шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.
150 мВт-ын станцад нэг хүн ажиллаж болоод байхад Монголд 300-400 хүн ажилладаг. Үүнээс харахад цалингийн зардал маш өндөр байгаа юм. Манай улсын хувьд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой.
Цаашдаа автоматжуулсан станцтай болох ёстой. Ингэснээрээ найдвартай, тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай систем бий болох юм гэж үзэж байгаа. Ер нь инфляцын өсөлттэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын зохицуулалтыг хийх, нөгөө талаас эрчим хүчний системийг оновчтой бүтэцтэй болгох гэсэн хосолмол аргаар явуулах ёстой.
-Эрчим хүчний нүүрсний олборлолт нэгдүгээр сараас багассан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Манай нүүрсний уурхайн компаниуд маш хүнд нөхцөлтэй байна. Үүний шалтгаан нь үнэ тарифтай л холбоотой. Учир нь. эрчим хүчний үнийг нэг хэмжээнд барьснаас болж бид уурхайд мөнгөө төлж чадахгүй байгаа юм Тиймээс уурхай техник, технологио шинэчлэх, засвар үйлчилгзэгээ хийж чадахгүй болчихоод байна.
-Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудал ямар шатандаа явна вэ. ОХУ-ын талаас ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл байна?
-Хийн хоолой байгуулах ажил Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын оролцоотой. ОХУ-тай хамтран ажлын хэсгээ байгуулсан. Хоёр улсын Эрчим хүчний дэд сайд нар ахалж, тодорхой баримт бичгүүдээ боловсруулж, мэдээлэл цуглуулах ажилдаа ороод байна. БНХАУ-ын талд хийн хоолой байгуулах чиглэлээр тодорхой саналуудаа ярилцаж эхэлье гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бид очиж, тэд ирж чадахгүй байгаа. Энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (2)
Зочин (66.181.161.114)
Таван толгойн цахилгаан станцаа хурдан барьчихаач.
(182.160.38.198)
Оюутолгой ингэж бидэнд маш өндөр үнээр юм шахаж хэт их ашиг олж шулж байна. Тийм учраас ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ