Д.Загджав: Эх орны эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбар онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна
- 2020-02-21
- Эдийн засаг
- 0
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай салбарын хүрээнд тулгамдсан, шийдвэрлэж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Салбарт хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ болон хийгдэж буй ажлын талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол Улсын Засгийн газраас Уул уурхайн салбарын хэмжээнд хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, стратегийн ордын үнэ цэнийг өсгөх, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудыг тавьж ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхтэй холбогдсон харилцаа илүү ойлгомжтой, тодорхой болсноор ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотой бүх субьектүүд төлбөр төлөх эрх зүйн орчин маш сайн бүрдсэн. Олон улсын жишгийн дагуу өөрийн орны онцлогт тохирсон Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн “Үндэсний геомэдээллийн сан”, “Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулж, “Газрын ховор элемент”, “Жонш” хөтөлбөрийг боловсрууллаа. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 53.4 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 16.2 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна. Өнгөрсөн 2019 онд 191 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэлэлцэн шийдвэрлэж, 70 уурхай, уулын үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авснаар орон нутагт шинээр ажлын байр бий болох, экспорт нэмэгдэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэх мэтээр дурдвал санаачилгатай ажиллаж олон шийдлийг олсон байна.
-Энэ 2020 оны бодлогын гол зорилт юу байх вэ?
-Юуны өмнө салбарын голлох хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, газрын хэвлийн судалгаа, ашиглалтын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох дүрэм, журам, стандартыг шинэчлэх, боловсронгуй болгох, стратегийн зарим ордын хувьцааны тодорхой хувийг олон улсад нээлттэй арилжаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулна.
Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 21 аймгийн Засаг даргатай жил бүр гэрээ байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 21 аймгийн хэмжээнд 1113.4 га талбай бүхий 272 нэгж талбарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргаад байна.
АЙМАГ ОРОН НУТАГТ ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГЖ БАЙГУУЛЖ АЖЛЛАХЫГ ЦАГ ҮЕ ШААРДАЖ БАЙНА
Уг нэгжийг байгуулснаар салбарын хууль эрх зүйн орчин, салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг таниулах, орон нутгийн удирдлагыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн иргэдийн ойлголтын зөрүүг арилгах, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг ойртуулах зэрэг ач холбогдолтой.
-Уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн ажлын явц ямар байна вэ?
-Оюу толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт барихаар төлөвлөсөн “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн төслийн хүрээнд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны ерөнхий үнэлгээг боловсруулж, холбогдох байгууллагын дүгнэлтийг гаргуулсан. Тус үйлдвэр жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулан 257 мян.тонн зэс, зургаан тонн алт, 57 тонн мөнгийг ялган авч, дагалдах байдлаар 988 мян.тонн хүхрийн хүчлийг үйлдвэрлэнэ. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Сайншанд чиглэлийн 27 км урт төмөр зам, 18.2 км урт 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 16.6 км урт хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Засгийн газраар үйлдвэрийн болон ахуйн хэрэгцээнд шаардлагатай усны асуудлыг шийдвэрлүүлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн авто бензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0 тэрбум гаруй ам.доллараар буурч, мөн хэмжээгээр гадаад худалдааны орлого нэмэгдэнэ. “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан. Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, тухайлбал, цэвэр зэс үйлдвэрлэл 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл хоёр дахин өсч, нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд бий болж, эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт гарна.Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана. Таван толгойн коксжих нүүрсний бүлэг ордыг холбогдох дэд бүтцийн хамт иж бүрнээр нь ашиглахаар ажиллаж байна.
ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН ЗҮҮН ЦАНХИЙН ХЭСГИЙГ ОЛОН УЛСЫН БИРЖИД ГАРГАЖ ХӨРӨНГӨ БОСГОЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Зүүнбаян-Гашуунсухайт, Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эхлүүлсэн.
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэр их хамааралтай вэ. Өөрөөр хэлбэл, хэдэн хувийг одоогийн байдлаар эзэлж байна вэ?
-2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тонн нүүрс, 1.26 сая тонн зэсийн баяжмал, 16.25 тонн алт, 5.30 мян.тонн молибдений баяжмал, 156.15 мян.тонн хайлуур жоншны хүдэр гэх мэтээр баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь, төмрийн хүдэр 2.35 сая.тонн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тонн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна. 2019 оноос Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь”-ийг тус тус Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр байна.
-Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ хэрхэн экспортолж байна вэ. Eрьд нь Тяньжин боомтыг ашиглах нэг хувилбар яригдаж байсан талаар мэдээлэл байна. Одоо өөр хувилбар яригдаж байгаа юу.Тус төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын тавьж буй голлох нөхцөлүүд нь юу байв?
-Манай улс хойд талаараа ОХУ, өмнөд талаараа БНХАУ-тай хил залгаа оршдог. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт гол төлөв урд хөршдөө түшиглэн явагдаж байна.Гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход зайлшгүй хөрш хоёр орноороо дамжуулан тээвэрлэх шаардлага тулгарна. Иймд зам тээврийн дотоод эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна дамжуулан тээвэрлэх нөхцөлийн хөрш орнуудтайгаа ярьж тохиолцох шаардлагатай.Уул уурхайн салбарын хөгжилд гадаад болон дотоодын шууд хөрөнгө оруулалт маш чухал ач холбогдолтой гэж бид үздэг. Манай улс газрын хэвлий болон газрын хөрсөн дээр арвин нөөц баялагтай. Газрын хэвлийн хувьд улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд ашигт малтмалын 1950 орд, 8150 илрэл бүртгэгдээд байгаагаас 300 орчим орд газрыг ашиглан 50 мянга гаруй уурхайчид ажиллаж байна. Жишээ татахад зэс, нүүрс, жоншны нөөцийн хэмжээгээрээ Монгол Улс дэлхийн эхний аравт орохоор түвшинд байна.
-Уул уурхайн салбарт байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудлууд байдаг. Монгол Улсынхувьд энэхүндрэлтэй асуудлыг хэрхэн тэнцвэржүүлж эдийн засгийн өсөлттэй уялдуулж ажиллаж байна вэ?
-Хууль зүйн үндэслэлийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/88 дугаар тушаалаар “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлөөс бүрдүүлсэн. Ажлын хэсгээс “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан. Журмын төслийг эцэслэн боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/181, А/458 дугаар хамтарсан тушаалаар батлуулж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4530 дугаарт бүртгүүлсэн.Нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг барьцаа болгож Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх тусгай дансанд байршуулдаг. Мөн жил бүрийн Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам батлан, тайланг хүлээн авч нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг.
-Бүс ба зам хөтөлбөрийн талаар та өөрийн бодлоо хуваалцахгүй юу. Мөн Монгол Улс, тэр дундаа уулуурхай, дэд бүтцийн салбарт нөлөөлснөөр Төв Ази, Орос болон БНХАУ-тай шууд холбогдсоноор ямар нөлөө үзүүлэх хүлээлт байна вэ?
-БНХАУ-ын Бүс ба зам, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж бүрдүүлэхээр яриа, хэлцлийг өрнүүлж байна. Энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойн бүтээн байгуулалтыг Монгол Улсын газар нутгаар дайруулах, Монгол Улсын төмөр зам, авто замын төслүүдийг эрчимжүүлэх, дамжин өнгөрх тээврийн холбогдох хэлэлцээрүүдийг эрчимжүүлэх ажлуудын яриа хэлцлийг эхлүүлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.Мөн 2014 онд Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурагдсанаар Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятад болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин зэрэг нийт долоон боомтыг ашиглахаар болсон. Үүнээс гадна УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан станц барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тухайлбал, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой, Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан.
ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСНЭЭР МАНАЙ УЛСЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ ӨРГӨЖИЖ, УЛМААР АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУДЫН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
-Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 орчим жилийн хугацаанд нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд газрын тосны геологийн судалгаа ажил хийгдсэн гэдэг. шинээр баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй ажиллах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн түүхий эд газрын тосны бэлтгэгдсэн үү?
-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр сайдын эрхлэх асуудлын хүрээнд өмнөх бүтцийн Ашигт малтмалын газар, Газрын тосны газар хоёр агентлагийг нэгтгэн зохион байгуулсан, “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг боловсруулан батлуулсан, геологийн судалгааны ажлын үр дүнгээр шинээр баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй ажиллах түүхий эдээр хангах газрын тосны нөөц бэлтгэгдсэн. Түүнчлэн Үндэсний геологийн алба байгуулах асуудал 1994 оноос яригдаж, салбарын хууль, бодлогын баримт бичгүүдэд 2014 онд тусгагдсан ч тодорхой ахиц муутай байсан. Энэхүү асуудал нь Засгийн газрын хуралдаанаар 2019 оны аравдугаар сард, УИХ-ын чуулганаар 2020 онд тус тус хэлэлцэгдэж, дэмжигдсэн. Геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь хайгуулын ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх хандлага бий болдог. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, төрийн бодлого төлөвлөлтөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бэлтгэх Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганаар тус тус хэлэлцүүлсэн. Салбарын онцлог, мэргэжлийн үйл ажиллагаа, төрийн, төрийн бус байгууллага, салбарын хуулийн этгээд, мэргэжлийн боловсон хүчний эрх, үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн зохицуулалт бүхий геологи, уул уурхай, кадастр бүртгэл, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зэрэг багц хуультай болох замаар салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгож, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
-Оюу толгойн зэс алтны орд, Асгатын мөнгө, Гацууртын алт, Салхитын мөнгөний орд зэрэг ордуудыг ашиглах талаар олон нийт харилцан адилгүй ойлголттой, зарим нутгийн иргэд, иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн ашиглахыг эрс эсэргүүцдэг?
-Ашигт малтмалын ордыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах хүртэл зураглал, эрэл, хайгуул гэсэн геологийн үе шаталсан судалгааны ажилд 20-30 жилийн хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулж, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад ажилтай, цалин орлоготой байдаг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, техник эдийн засгийн тооцоо хийгдсэн ордуудыг ашиглан олборлож борлуулсан төлбөр зэрэг нь улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн дийлэнх хувийг эзэлдэг. Улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг өндөр настны тэтгэвэр, нийгмийн эмзэг бүлгийн тэтгэмж, багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын цалин, улс орны бүтээн байгуулалтад зарцуулдаг ач холбогдолтой. Эгэл нэгэн геологич, уурхайчинд их хэмжээний мөнгө хөрөнгө байхгүй, улсын төсвөөс мөнгө хуваарилж өгдөггүй тул гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн мөнгөөр геологийн судалгааны ажил, уул уурхайн олборлолт, боловсруулалтын ажлыг гүйцэтгэж байна. Зарцуулсан хөрөнгө, тогтоогдсон нөөцийн зөрүүгээр цэвэр ашиг гарч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Эдгээр асуудлуудад тооцоо судалгаа, дүн шинжилгээний үндсэн дээр хандах шаардлага байна.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны талаар мэдээлэл өгнө үү?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Иргэддээ ногдол ашиг өгч эхлэх сайхан мэдээтэй байна.
-Та Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ юу болсон бэ?
-Өнөөдөр ч Оюу толгойн баялаг хорио цээрийн дэглэмийн энэ үед зогсолтгүй ачигдсаар байна. Харамсалтай нь харилцан ашигтай бус дан ганц талын ашиг сонирхолд чиглэгдсэн гадны менежмэнт үйлчилж байгаад ард түмэн ихэд дургүйцэн хүлээн авч байгаа. Эцэг өвгөдийнхөө үлдээсэн эх орон эд баялгаа бусдаар мэдүүлж тэдний үйлдэл үйл ажиллагааг харж байгаа монголчуудын тэвчээрт хязгаар бий. Монгол Улсын Засгийн газрын улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөжийг нь нэмэгдүүлж хүн ардынхаа аз жаргалтай сайн сайхан амьдралын зорилтыг хангах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж харилцан эрх ашгийг хангах шаардлага байгаа юм. Гэтэл “Рио тинто” компани цааргалсаар удаж байна. Ийм нөхцөл байдалд бид тусгаар улсынхаа давуу талыг харуулж үйл ажиллагааг нь зогсоож байж хэлэлцээрийн ширээний ард суух боломж бүрдэнэ. ”Рио тинто” компанийн манай улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт, тэдний олон улсын зах зээл, уул уурхай тэр тусмаа гүний уурхайн бүтээн байгуулалт мэргэжилтэй ажилчдын арвин баялаг туршлагаас манайд суралцаж дадлагажих зүйл их бий. Ер нь харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллах боломж их энгийн. Нэгдүгээрт, тэд уурхайн менежмэнтийг манай талд шилжүүлж өөрсдийн хөрөнгө оруулалт техник тоног төхөөрөмж мэргэжилтэй боловсон хүчний давуу талаа түшиглэн оператор компанийн үүрэг гүйцэтгэн тодорхой хугацааны дараа өөрсдийн 66 хувьд ногдох ашиг гаргасан зардлаа олж авах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, манай талд 20 хувийн рояалти төлөхөөр тохирч өөрсдөө менежмэнтээ зохион байгуулж манай 34 хувийг авч болно.Энэ тохиолдолд уурхайн бүх зардал санхүүжилт бидэнд хамаагүй болж манай 34 хувьд ногдох өр тэглэгдсэн байх ёстой.
Сэтгэгдэл (0)