Гахай жилийн онцлох 10 үйл явдал

Хэдийгээр Гахай жил улирч, Хулгана жил морилж байгаа ч дэлхий дахиныг сандаргасан халдварт өвчний улмаас энэ жил Цагаан сараа өнжүүлэхээр монголчууд шийдлээ. Гэлээ гээд өнгөрөгч Гахай жил бидэнд юу өгөв, ямар үйл явдал бэлэглэв гэдэг дээр санаа оноо болгож жагсаалт үйлдлээ. “Арав”-ын тоогоор хязгаарлалаа. Ерөөсөө “10 үйл явдал” гэдэг нь олон улсын жишиг юм. 

Энд би жагсаая гэвэл арав байтугай урт жагсаалт гаргаж чадна. “The Hu” хамтлаг Монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан нь Гахай жилийн онцлох үйл явдлын бараг эхэнд бичигдэнэ. Бүтээн байгуулалт, нээлт, тууз хайчлах, орлого зарлага, явдал суудал, зочин гийчин, эрүүл мэнд, хүн ам зүй, спортын амжилт, элдэв статистик тоо судалгаа гээд бичвэл мөн ч их юм байна санж. 

Сонин содон гэвэл монголчууд гайт вирүснээс болоод Цагаан сарын баяр, бүх нийтийн золголтоо хийхгүй хоёр он солигдох мөчид өнжиж байна. Сонин содон гэвэл Зөвлөлтийн цэрэг Монголоос 1992 онд гарч дууссанаас хойш анх удаа оросын агаарын цэргийн байлдааны онгоцууд Монголд нисэн ирж Улаанбаатарын тэнгэрт уран жолоодлогын ид шидийг үзүүллээ. Оросын цэргийн дуу бүжгийн их чуулга Сүхбаатарын талбайд тоглолт хийлээ. Манай агаарын цэргийн зэвсэглэлд “Миг-29” сөнөөгч хоёр онгоц Оросоос бэлгэнд ирлээ. Бас нэг сонин содон гэвэл Улсын баяр наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрч, цолоо хураалгасан хэрэг мандууллаа. Муугаар дуурсагдах сонин содон гэвэл Үндсэн хуулийн цэцийн дарга нь солонгосын онгоцонд факталж огцорсныг нэрлэж болно. Хууль шүүхийнхний маапаантай хэргүүдийг мэдэхгүй учраас би хөндсөнгүй. Сонин содон, этгээд, онцлох гэдгээр орж л таарна.

Гэхдээ энэ бүгдийг азнаад “Арав” дотроо баригдахаас аргагүй байна. Энэ “Арав” бол судлаач-нийтлэлч миний үзэл бодол болохоос биш би бусдад тулгах гээгүй. Хүн хүнд өөр өөр үзэл бодол байдгийг хүндэтгээд хар толгойгоороо энд бичсэнээ хүлээхэд бэлэн байна. Уншсан хүмүүс “тэр нь ч яачив”, “энэ нь ч яачив” гэх орхигдуулсан тийм явдал үлдсэн бол уншигчид өөрсдөө бичицгээнэ биз. Цахим ертөнц Та бүхэнд бэлэн байж байна.

Гэгээлэг гэгээтэй, бас хар бараан, саарал, үл бүтэх явдлын мэдээ энд холилдож таарна. Би гэгээтэй ба хар барааныг хольж бичсэн ухаантай юм. Сайн муу гэж хуваавал хоёр дахь нь (муу нь) давчихна. Ингээд миний нягталсан “Арав”-ыг хүлээн авна уу. Монголын улс төр ёстой буцаллаа. Ямагт буцалж байдаг даа. Түүнээс эхлэе.

  1. Гахай жилийн онцлог гэвэл УИХ эрхэм хоёр гишүүнээ “Аавын хаалга” татуулж, ам бүлээ хоёроор цөөллөө. 2016 онд 65-уулаа ялж гарч ирсэн МАН 63-уулаа боллоо. Бүлэг дотроо тэхий голоороо хоёр хуваагдлаа. ЖДҮ, 60 тэрбумын гэх тодотголтой хэргүүд бүтэн жилжингээ МАН-ыг тойрч ээрлээ. МАН-ын дарга, Ерөнхийсайдын рейтинг өсч, намынх нь рейтинг уналаа. МАН-ыг их ялалт лав хүлээгээгүй. Харин их аянга их ниргэлт хүлээж байна уу гэдэгт 2020 онд ард түмнээрээ дүн тавиулна. 
  2. Хэнтий аймагт онгойсон гишүүний суудалд өрсөлдөөн зарласангүй. Өрсөлдүүлсэн бол санаанд багтамгүй хачин дүн гарах байснаас сонгууль явуулахгүй нь дээр гэж үзжээ. Тэр тойргийн хөөрхий сонгогчид төлөөлөлгүй нэг жилийг авч, дараагийнхаа УИХ-ын сонгуулийг үзэх болжээ. 
  3. УИХ дахь АН-ын бүлэг задарч, дотроос нь хоёр гишүүн нь салж гаран ШИНЭ хэмээх нам байгуулан улс төрийн халуун тогоо руу орж явчихлаа. ШИНЭ намыг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан тасарсангүй. Сайн юманд садаа мундах биш хэмээн энэ намынхан өөрсдөө үзэн урагш давшсаар. АН-аас салъя, үгүйдээ л намаа цэвэрлэегэх үзэл бодол, хөдөлгөөн нийгэмд тэнүүчлэн явна. Энэ намын дарга асан, Ерөнхий сайд асан нэг нөхөр, Ардчиллын тугч явсан алдартай бас нэг нөхөр өөр өөр нам байгуулах гэж явцгаалаа. АН-д хэдэн фракц үүрлэн буйг мэдэх юм алга. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монголын улс төрийг сонирхолтой хөдөлгөсөн, ЕТГ-ыг толгойлж явсан нөхөр АН-д ахлах зөвлөхөөр морилон очсон нь энэ хаврын улс төрийг ёстой нэг мөлжүүртэй болгох нь хэмээн хүмүүс жиг жуг хийнэ. 
  4. Монголын улс төрийн түүхнээ анх удаа гурвын гурван Ерөнхий сайдаа (С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан) шоронд суулгасан явдал тохиолоо. Олон улсад интерполоор эрэн сурвалжлагдаж буй нэг Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайдтай улс болоод авлаа. Ерөнхий сайд асан тэр нөхөр гадаад улсын харьяат болохоор өргөдөл хүсэлтээ гаргасан, гадаадаас өндөр өртгөөр өмгөөлөгч хөлслөн авсан гэх мэдээ түглээ. Үнэн худал нь тодрох болтугай! Цаана нь энэ улсын чинь олон улсын нэр хүнд тун хүнд боллоо гэдгийг ухаарах улс төрч байна уу?
  5. Хэдийгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг урагшлуулсан, маш олон хууль санаачилсан гээд байгаа ч УИХ-ын нэр хүнд шалдаа буулаа. “Улсын их хулгайчид” гэсэн цуврал нэвтрүүлэг зурагтаар цензургүй явж байна. Хэн дуртай нь амны зоргоор УИХ ба гишүүдийг нь айж ичихгүйгээр муулна. УИХ-д суудалгүй намууд, иргэний элдэв хөдөлгөөн, өс хонзон санасан, атаархаж яваа үй олон хүмүүсийн бөөн хэлэлцүүлэг нийгэм даяар үл тасарна. УИХ-ыг хүчээр тараалгах гэсэн, сүүлдээ Төрийн ордон руу дайралт хийлгэх гэсэн оролдлого ч гарлаа.
  6. Монголын улс төр ямагт буцалж дэвэрч байдаг, ард иргэд нь төрдөө ямагт сэтгэл дундуур байдаг, төр засагт ажиллаж байгаад албаа өгвөл дараа нь хэцүү нэрт рүү морилчих гээд байдгийн гол учир шалтгаан бол УИХ-ын сонгууль гэдгийг иргэд ойлгохын цаагуур ойлгож нэр цэвэр, сэтгэл цэвэр, шударга, ариун хүн дэвшүүлж гаргаж ирэхийг шаардаж, тийм хүний эрэлд гарч, тэр шаардлагыг тусгасан, сонгогчдыг гэгээрүүлэх, Зөв хүнийг дэмжих Электорат хөдөлгөөн байгуулагдан ажиллаж байгаа нь Гахай жилийн улс төрийн онцлох үйл явдлын нэг мөнөөсөө мөн. Хойшлох тусам түүх нь тодорно.
  7. Корона гэх вирүс өмнөд хөршид дэгдсэнээр 2020 оны эхний хагас жилийн Монголын ажил амьдрал орвонгоороо эргэдэггүй юм аа гэхэд унтаа, зогсонги, эсвэл ихээхэн будлиантай, caвлагaатай өрнөх болов уу. Монголчууд туйлшрамтгай учраас би хоёр туйлыг нь бичиж байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй, байнга бэлэнчлүүлдэг төртэй учраас монголчууд одоохондоо мэдрэхгүй байна. Өмнөд хөршөөс хэт хамааралтай Монголын эдийн засаг, өрхийн аж амьдралд энэ вирүс лав сайн зүйл авчрахгүй. Хил хаалттай, худалдаа зогссон, хүмүүс айдастай хэр уддаг юм бол? Энэ хооронд мөнгөний ханш хэдэн хувиар унах, өрхийн орлого ба байдал хэрхэн доройтох, улсын сан хөмрөг хэдээр хорогдох, эсрэг талд нь санаж сэрж хөл дээрээ босч бие даах зориг зүрх хэр буцлахыг харах л үлджээ. 
  8. Нийслэлийн хар утааг Гахай жилд бага ч болов гэтэлгэж чадсан өнөөгийн төр засагтаа ард түмэн алд цэнхэр хадгаа өргөн мэхийн ёслож байгааг гэгээтэй үйлс гэхээс аргагүй. Олон жилийн сэтгэлийн буг болсон хар явдлыг өөрчилж чаддаг юм байна гэдгийн нотлогоо юм. Утааны эсрэг, утаа тарьж буй өрх, хүмүүсийн эсрэг дайралтаа огтхон ч сааруулалгүй үргэлжлүүлээсэй! Утааг ялж буй улаанбаатарчууд одоо замын түгжрэл, хөрсний ба орчны бохирдлын эсрэг дайрагтун!
  9. Эх орны эдийн засаг тун сулхан, тун эмзэг байна. Саарал жагсаалт гээч рүү яваад орчихлоо. Гахай жилд өсөлт төдөн хувь гарсан гээд байгаа чинь өмнөд хөрш рүү цуваагаар яваа нүүрс ачсан шалаанз машины тоо өссөнийг хэлээд байгаа юм. Өмнөх жилд нь 13 мянга байсан жолооч нарын тоо Гахай жилд 14 мянга болжээ. Түүнийг эдийн засгийн өсөлт гэх үү? Гэхдээ эдийн засгийн гэгээтэй мэдээ байнаа. Хийн хоолойг Монголоор дайруулж тавих асуудлыг судална хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч амлаж, амлалтын дагуу анхны яриа хэлэлцээ явагдлаа. Эцсийн шийдвэр Монголд ашигтай гараасай хэмээн ерөөе! Дорноговьд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт явагдаж байна. Төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна. Бусдыг нь эдийн засагчид нэмж хариулаарай!
  10. Гадаад харилцааны салбарт Гахай жилд өсөлт байх нь байна. Иж бүрэн стратегийн ба стратегийн түнш хоёр хөрш ба гуравдагч хөрш орнууд болох Орос, Хятад, АНУ, Япон, Энэтхэгтэй харилцаа хамтын ажиллагаагаа ямагт урагшлуулж, шат ахиулж, тэнцвэрийг ханган ажиллаж чаджээ. Төр засгийн ба Дипломат албаны гавьяа гэж би шууд нэрлэж байна. Гадаад харилцааны салбарт бодлогын амжилт ялалт олон буй ч сахилга бат, томилгооны алдаа завхрал Монголын Дипломат албыг Гахай жилд ёстой нэг алмайрууллаа. Ард түмний дунд дипломатчдын нэр хүнд (цаана нь ГХЯ) тун тааруу байна. Дотор нь явсан би мэт нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж явна. Монголын дипломат ажилтнууд харийн улсад шоронгийн хаалга татаж, шүүхээр хэргээ хэлэлцүүлж ял сонсох дээрээ туллаа. Хийсэн хэрэг нь хар тамхи ба мансууруулах бодисын хууль бус наймаа, гэхдээ бүр удаа дараагийнх. Эрхт улсаа төлөөлөн суугаа Элчин сайд, консул нар Монголдоо дуудагдан ирж шоронгийн хаалга татах, гэр бүл нь эрэн сурвалжлагдах зэргээр Дипломат албаны нэр хүндийг сэвтээлээ. Дипломат албаны томилгоо, ялангуяа Төрөө төлөөлөн суух Элчин сайдын томилгоо байнга будилж буцаж, дэлхийг биш юм аа гэхэд харилцагч нөгөө улсаа ёстой нэг гайхшруулж дууслаа. Бүх шат дамжлагыг даван агреман асуулгасан Элчин сайдад цаад улс нь агреманы хариу өгөлгүй чив чимээгүй өнгөрсөн тохиолдол Монголын дипломатын түүхэнд анх удаа гарлаа. Засгийн газрын хурлаасаа шийдчихснийг буцаах, болиулах, нэрсийг нь татан авах, намын бүлгээр хэлэлцүүлж “шүд сугалах” зэргээр Элчин сайд нарын томилгоог будлиуллаа. Хилийн чанадад хамгийн ихээр эрхэмлэж явах албан тушаал шүү дээ. Цаад улсдаа Төрөө төлөөлөн очих гол хүн (нэр хүнд нь маш чухал!) гэдгийг өнөөгийн улс төрчид огтоос хэрэгсэхгүй (хэн ч байсан яадаг юм?) байгаад л гол эмгэнэл орших биз ээ. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.20)

    2020-02-24

    Сайханбилэг оргон зайлсан урвасан