Сэрэмжлүүлэг
- 2020-02-26
- Дэлхий
- 0
Шинэ коронавирусний COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын бүх нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн. Дээрх хугацаанд захиалсан тийзийг үнэгүй буцаах буюу хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлсний дараа тийзээ ашиглах бололцоог хангах чиглэлийг Улсын онцгой комиссоос ЗТХЯ, Авиакомпаниудад өгсөн болно.
Онцын шаардлагагүй бол Өмнөд Солонгост (ялангуяа Daegu, Gyeongsang хотууд болон ойр орчмын газар нутаг) аялахгүй байхыг анхааруулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг 4-р сарын 12 хүртэл сунгах хандлагатай байгаа юм байна.
Хонконгийн Аюулгүй байдлын газраас нь Өмнөд Солонгосыг “Аяллын улаан сэрэмжлүүлэг”-т оруулжээ. Ингэснээр 2-р сарын 25-ны өдрөөс эхлэн Өмнөд Солонгосоос ирэх хонконгчуудаас бусад орны иргэдийг Хонконгт нэвтрүүлэхгүй, тэндээс ирсэн хонконгчуудыг 14 хоног тусгаарлах ажээ.
Түүнчлэн 2020.02.25-ны өдөр Тегеранаас Истанбул руу нисч явсан Туркиш Эйрлайнс зорчигч тээврийн TK879 онгоцонд Covid19 сэжигтэй тохиолдол гарсан учир Анкара хотын Esenboğa нисэх буудалд яаралтай горимоор газардаж зорчигч, хөлгийн багийн нийт 132 хүнийг 14 хоног тусгаарлахаар болсон байна.
Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна. Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусний халдвар хамгийн их байгаа тул Та бүхэн орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөсөн байна.
Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараахтусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:
1. Пиемонте- 800.333.444
2. Валле Д’Аоста - 800.122.121
3. Ломбарди - 800.894.545
4. Алто Адиже - 800.751.751
5. Венето - 800.462.340
6. Фриули Венеция Жулия - 800.500.300
7. Тоскана - 800.556.060
8. Умбрия - 800.636.363
9. Марке - 800.936.677
10. Эмилия Романя - 800033033.
11. Кампания - 800909699.
Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Ром дахь Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Франц Улс Италитай хиллэж буй хэсгээр хамгаалалтаа чангатгаж цаашид шаардлагатай нөхцөлд уг хэсгээр хилээ хаах магадлалтай байна. Түүнчлэн иргэдээ Итали улсад онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөсөн байна.
Франц Улсад халдварын дахин 2 тохиолдол илэрсэн талаар тус улсын ЭМЯ-наас мэдэгджээ.Нэг нь хятад иргэн бөгөөд 2 сарын 7-нд Хятадаас ирсэн, 2 дахь нь франц иргэн бөгөөд Италиас ирсэн хүн ажээ.
Швейцарын Холбооны Улсад шинэ коронавирусний халдварт хатгалгаагаар өвчилсөн анхны тохиолдол 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгджээ.
Мөн Австри Улсын Тирол мужийн Иннсбрүк хотод COVID-19 халдварт вирусээр халдварласан 2 тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн тул тус улсад оршин суугаа монгол иргэд, ялангуяа Тирол, Форарлберг, Залцбүрг мужид байгаа иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сайтар мөрдөж, ЭСЯ-ны +43-1-5352807 дугаартай утсаар холбогдож зөвлөгөө авах, бүртгүүлэх боломжтой юм.
Румынд одоогоор шинэ коронавирус (covid19)-ын халдвар авсан тохиолдол байхгүй ч шинэ коронавирусний халдварын бүсээс ирсэн 17 иргэдийг тусгаарлаад байна. Мөн 1000 орчим иргэдийг гэрт нь тусгаарласан гэж мэдээлсэн байна.
Иргэд та бүхэн хувийн ариун цэвэр чанд сахих, онц шаардлагагүй тохиолдолд гуравдагч орон руу явахгүй байх, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явахгүй байж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)